Б.ОД
Засгийн газрын энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах ажил Эрүүл мэндийн яаманд шилжсэн юм.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Төрөх эмнэлгүүдэд нэг анзаарагддаг зүйл нь хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмж хоцрогдсон байдаг. Үүнд салбарын сайдын хувьд анхаарч үе шаттайгаар шийдвэрлэж шинэчлэлт хийх болно. Нэн тэргүүнд 4d эхо аппарат, суурин рентген аппаратыг Өргөө амаржих газарт ирэх долоо хоногт өгнө. Мөн эмч нар ажлаа хийхэд дэмжлэг болгож 30 ширхэг компьютерыг хуваарилна.Салбараа цахимжуулах бодлогыг барьж ажиллаж байна” гэв.
Харин Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг “Манай амаржих газар 487 эмч ажилтантай, долоон тасаг нэгж, 12 алба, 10 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2016 оноос 2020 онд жилд дунджаар 11500 эх эсэн мэнд амаржжээ.Харин 2021 оны эхний аравдугаар сарын байдлаар 8107 эх эсэн мэнд амаржаад байна. Жилдээ 34000 хүн манай эмнэлгээр үйлчлүүлдэг. Өдөрт 350 орчим хүн үйлчлүүлдэг. Одоогоор дөрвөн өөр хаалга дээр яаралтай тусламж үзүүлж байгаа. Энэ асуудлыг цэгцлэн нэгдсэн яаралтай тусламжийн хэсэгтэй болохоор тэргүүлэх чиглэлээ болгон эмнэлгийн удирдлага ажлаа эхлүүлсэн” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn