Б.БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Edu Plus” төслийг санаачлагч, “Тэтгэлэг апп”-ийг үүсгэн байгуулагч Б.Батзаяаг урьж ярилцлаа.
Боловсролд хөрөнгө оруулдаг улс орнуудын ДНБ 2-2.5 хувиар өсдөг
Блиц:
-2009-2013 Кино Урлагийн Дээд Сургууль Сэтгүүл зүй (Сэтгүүлзүй ба иргэний оролцоо).
-2015-2016 Монгол Улсын Боловсролын Их Сургууль Боловсролын удирдлагын магистр.
-2018-2020 Providence University Taichung, Taiwan Бизнесийн удирлагын магистр.
-Аливаа улс орны хөгжил нь боловсролтой холбоотой байдаг. Иргэд нь боловсролтой, мэдээлэлтэй, шүүмжлэх сэтгэлгээтэй, аливаа асуудалд ул суурьтай ханддаг болж буй нь боловсролтой болж буйн илрэл юм. Энэ нь тухайн улс хөгжих нөхцөл болдог. Тухайлбал, UNESCO-гийн судалгаагаар боловсролд хөрөнгө оруулдаг улс орнуудын ДНБ өсөлт 2-2.5 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд 1990 оноос хойш боловсролын салбартаа хэрхэн анхаарч, ямар ахиц дэвшил гарсан бэ гэвэл тийм ч эерэг үзүүлэлт гарахгүй. Учир нь боловсролын ялгаа, тэгш бус байдал жил ирэх тусам нэмэгдэж байна. Уг нь манай улсад гадны болон дотоодын олон тэтгэлэг, дэмжлэгүүд зарлагддаг. Гэвч мэдээллийн тэгш бус байдлаас болж залуус тухайн тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй. Тухайлбал, Аль нэг байгууллага тэтгэлэг зарлаж, өөрийн цахим хаяг дээрээ мэдээллээ байршууллаа гэхэд хүртээмж нь харилцан адилгүй байдаг. Миний хувьд ч мөн адил оюутан байхдаа хаана, ямар боломж байна вэ гэдгийг эрэлхийлдэг байсан. Тиймээс өөр шигээ адил боломж хайж буй залууст зориулж зарын самбар, байгууллагын цахим хаяг дээр байршсан тэтгэлгийн мэдээллийг хайж явах бус нэг дороос авах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд “Тэтгэлэг” аппликейшнаа үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл, боловсролын мэдээллийг нэгдсэн байдлаар нэг платформоос авах боломжийг бүрдүүлэхээр эхэлж байсан.
Сүүлийн жилүүдэд залуучууд гадны улсад сурах хүсэл сонирхолтой болсон. Судалгаагаар 10 оюутны зургаа нь гадаадад сурах хүсэлтэй байгаа юм. Ихэвчлэн АНУ, Австрали, Ирланд, Солонгос, Хятадад сурах сонирхолтой байна. Тэгвэл манай “Тэтгэлэг” аппликейшн дээр дотоодын болон гадны тэтгэлгүүд байршсан байдаг. Залууст зориулсан тэтгэлгийн аппликейшн бий болсноор боловсролын салбарт өрсөлдөөн бий болж байна гэж хардаг. Мэдээлэл хүртээмжтэй байх тусмаа оролцоо нэмэгдэж, тэр дундаас шилдгүүд нь тухайн тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байгаа нь ажиглагддаг. Нэг үгээр, онц сурдаг хэр нь сургалтын төлбөр төлөх боломжгүй хүүхэд байлаа гэхэд өөрийн ур чадвараараа тэтгэлэгт хамрагдан суралцах боломжийг бий болгож байна гэсэн үг.
Жилд 100 гаруй тэтгэлэгт 1000 хүүхэд хамрагддаг
-Манай улсад жил бүр гадна, дотны нийлсэн 100 гаруй тэтгэлэг зарлагддаг. Энэ нь Англи, Австрали, БНХАУ, Япон болон "Оюутолгой" ХХК, банкны зэрэг бүхий л байгууллагын тэтгэлэг юм. Ойролцоогоор 1000 гаруй хүүхэд тэтгэлэгт хамрагдаж, 2.5-3.0 тэрбум төгрөг эргэлддэг. Тэгвэл тэтгэлэг гэдэг ойлголтыг хөгжүүлэх шаардлагатай байна.Учир нь боловсролын түвшин нь амьдралын чанарт хамгийн ихээр нөлөөлдөг гэдгийг дэлхий нийтээр мэдэж байна шүү дээ. Тиймээс энэ тоог нэмэгдүүлэх нь бидний зорилго болсон.
Залуучуудын хувьд суралцах нөөц, потенциал байгаа хэр нь санхүүгийн бэрхшээлтэй хүн нь олон байна. Үүнийг хэн ч анзаардаггүй. Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн үнэлгээтэй өгч, цаашид сайн суралцах боломжтой хэр нь сургалтын төлбөрөөс болж суралцаж чадахгүй байгаа хүүхэд олон байна. Энэ нь улс орны хувьд ч маш том алдагдал. Тухайлбал, манай улс хүний нөөц, тэр дундаа чадварлаг боловсон хүчний дутагдалд орж буй нэг шалтгаан нь энэ. Тиймээс оюуны нөөцтэй хүүхдүүдийг тэтгэлэгтэй сургах боломжийг бий болгох нь чухал. Ингэснээр хүний нөөцийн дутагдал багасах боломжтой.
ААН-үүд албан татварынхаа нэг хувийг боловсролд зориулах боломжтой
-2017 оноос хойш тэтгэлэгтэй нилээн ойр ажиллалаа. Тэгвэл бидэнтэй хамааралтай нэг хууль батлагдсан нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт. Ямар ч аж ахуй нэгж 10 хувийн орлогын албан татвар төлдөг. Тэгвэл түүнийхээ нэг хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах боломжтой болсон. Энэ нь дотоодын тэтгэлгийг нэмэгдүүлэх боломж гэж харж байна. Тодруулбал, аж ахуй нэгжүүд татварын нэг хувиа маш олон төрлөөр зарцуулдаг. Олимпод оролцож байгаа баг тамирчдыг дэмжих, тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр зарцуулдаг. Тэгвэл дээрх хуулиар боловсролд хөрөнгө оруулах буюу Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн мэргэжил эзэмшиж буй оюутнуудад тэтгэлэг олговол нэг хувиасаа чөлөөлөгдөх боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор бид “Edu Plus” төслийг санаачилсан. Энэ хүрээнд Боловсролын яаманд саналаа хүргүүлсан. Мөн Уул уурхайн ассоциацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Тухайлбал, Уул уурхайн компаниудыг тэтгэлэг зарлуулахад хамтарч ажиллахаар болсон. Ингэснээр өнөөдөр олгогдож буй тэтгэлгийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 1000 хүүхэд тэтгэлэгт хамрагддаг байсан бол энэ тоо 4000 болж өсөж, чадварлаг боловсон хүчний тоо нэмэгдэх боломжтой гэж харж байна.
Төр засгийн зүгээс боловсролд хөрөнгө оруулах нь чухал гэдгийг ойлгож, энэ чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Хэдийгээр бид хуультай холбогдуулан төсөл санаачлаад явж байгаа ч гэсэн аж ахуй нэгжийн татварын хуультай холбоотой буюу төрийн үйл ажиллагаатай уялдуулж байна шүү дээ. Тиймээс Боловсролын яам, Татварын газар энэ хуулийг боловсролын салбар буюу тэтгэлэг рүү чиглүүлэх бүрэн боломж байна. Мөн аж ахуй нэгжүүдийг боловсролыг салбарт хөрөнгө оруулалт хийхийг уриалах нь чухал байна. Үүнд төрийн оролцоо тодорхой хэмжээнд байх хэрэгтэй байна.
ААН-үүд хуулийн өөрчлөлтийг мэдэхгүй байна
-Тогтвортой хөгжлийн зорилтын дөрөв нь боловсролын чанарыг сайжруулах гэсэн байдаг. Боловсролын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэсэн 10 зүйл, заалтын гурав нь хүрэх арга зам, үлдсэн долоо нь хүлээгдэж буй үр дүн байдаг. Дээрх гурван хүрэх арга замын нэгдүгээрт, багшлах боловсон хүчнийг сайжруулах. Хоёрдугаарт, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, дэлхий дахинаа тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх гэсэн байдаг. Бидний хувьд “Edu Plus” төслөө боловсруулаад эхний хэлцлүүдээ хийгээд явж байгаа ч гэсэн аж ахуй нэгжүүд дээрх хуулийн талаар мэдээлэлгүй байна. Тиймээс бид аж ахуй нэгж, албан байгууллагуудад татварын нэг хувийг боловсролд зарцуулах нь яагаад чухал вэ гэдэг талын мэдээлэл хомс байна. Харин хуультай уялдуулж боловсролд хөрөнгө оруулах нь яагаад чухал байгааг тайлбарлаж ойлгуулснаар, мэдээлэлтэй болж дэмжих нь их байна. Хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх гэдэг нь боловсролын чанарыг нэмэгдүүлэхийн тулд потенциалтай буюу нөөцтэй хүүхдүүдэд илүү боломж олгох нь чухал юм.
Сургалтын төлбөрийг хувь хүн өөрөө төлөөд сурах ёстой боловч боломжгүй хэр нь потенциалтай хэсэгтээ боломж олгох хэрэгтэй. Боловсролын хүртээмжийн тайланд хөдөө орон нутгийн залуусын 60 хувь нь дээд боловсролд хамрагдахад санхүүгийн асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байна.
Тэтгэлэг гэдэг урт хугацааны өөрөөс шалтгаалсан аялал байдаг. Бид мэдээллийг урсгалын нээлттэй болгож өгдөг болохоос зуучилдаггүй. Гэхдээ мэдээлэл олгохоос гадна уулзалтууд зохион байгуулж байна. Тодруулбал, БНХАУ руу суралцах ямар боломж байна вэ гэдэг уулзалтыг зарласан. Энэ мэтчилэн ямар боломж байгааг хүүхдүүдэд таниулж, үүнд хүрэх итгэл үнэмшлийг бий болгосноор хүүхдүүд өөрсдөө хичээдэг.
Жил ирэх тусам хувийн болон улсын сургуулийн ялгаа их болж байна. Тухайлбал, хувийн сургуульд тухайн хүүхдийн онцлогийг харгалзан мэргэжил сонголт болон гадны улсад суралцах, тэтгэлэгт хамрагдахад нь зөвлөдөг зөвлөх ажилладаг. Харин улсын сургууль болон орон нутагт энэ талын мэдээлэл өгдөг хүн байдаггүй. Өөрөөр хэлбэл, мэдээллийн дутагдалтай байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Start” гэдэг цэсийг тэтгэлэг аппликейшн дээрээ шинээр байршуулсан. Энэ цэс нь мэргэжил сонголт, тэтгэлгээс авах арга зам, очоод ямар бэрхшээлүүд тулгарах, ямар ажил хийж болох, визээ хэрхэн сунгуулах талаарх мэдээллийг энэ цэсдээ суулгасан. 2022 онд Монгол Улсаас гадны улсад суралцагчдын тоо 12 мянгаас давсан байсан. Гэхдээ гадаад сурч буй хүмүүсийн хувьд сургуулиа төгсөөд эх орондоо эргэж ирж ажиллахгүй байх чиг хандлага их байна. Тиймээс бид цаашид гадны улсад суралцаж төгссөн хүмүүсээ яаж эх оронд нь авчрах вэ гэдэгт бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 16 (7512)