
Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн хэдэн сарыг бөөн давлагаа, савлагаа дунд өнгөрөөсөн. Өөрөө ч ховхрох шахсан. Ингүүлэн барин 2024 оны арваннэгдүгээр сард Шанхайд тохироод, 2025 оны хоёрдугаар сард Харбинд үзэглэсэн Гашуунсухайтын гэрээг УИХ өнгөрсөн долоо хоногт соёрхон баталсан.
Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээг УИХ баталсны дараахан тайлангаа тавьж УИХ-д үг хэлсэн. Тэгэхдээ “Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулснаас хойш хагас жилийн хугацаанд 21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа. 1997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, 1964 оноос судалгааг эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээг байгууллаа. Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхээр боллоо. Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төслүүд нь Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын УЦС, Орос-Хятадтай хамтран хэрэгжүүлэх гурван улсын хийн газын төсөл, төмөр замын баруун, зүүн коридорын төслүүд байх болно” гэв.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гацаад байсан Гашуунсухайтын хил холбоолтын төслийг хөдөлгөчихлөө” гээд тайван суухгүй юм байна.
Хэд хэдэн төсөлд фокус хийж, төвлөрөхөө хэлжээ. Эдгээр нь ерөнхийдөө хоёр хөршөөс шууд болон дам байдлаар хамааралтай төслүүд байна. Энэ нь дотоодын зодоон ихтэй л байхыг хэлж байгаа юм. Баялгийн сан тойрсон зөрчил, тэмцлийн хажуугаар дээрх төслүүд, ялангуяа газын хоолойн төслийг дагасан томоохон бөгөөд ширүүхэн “үйл явдал”-ууд өрнөх бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сард Харбинд Хятадын ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Монгол, Хятад, Оросын Засгийн Ерөнхий сайд нарын гурвалсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулъя” гэсэн саналыг тавьжээ. Ингэж уулзахдаа Монгол Улсаар дамжин өнгөрөх газын хоолойн төслийг эхлүүлэх саналтай байгаагаа хэлсэн байна. Түүний энэ саналыг Хятадын ерөнхий сайд Ли Чян хүлээж авчээ. Оросын ерөнхий сайд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Гэхдээ тэд анх удаа гурвуулаа уулзах гэж байгаа биш юм. 2024 оны аравдугаар сарны 16-нд Исламабадад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол, Хятад, Оросын Ерөнхий сайд нар уулзсан байдаг. Тэгэхэд тэд гурван улсын Төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн коридорын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлцгээж байсан юм.
Ер нь бол газын хоолойг Монголоор дайруулах гэж манай төр, засгийн удирдлагууд чадлаараа хичээж ирсэн. Нөгөөтэйгүүр, “Монголын төр яагаад Орос, Хятадын газын хоолойг газар нутгаараа дамжуулах гээд байна вэ” гэдэг дээр хааяа сөрөг мэдээллүүд түгж харагддаг. Хаанаас шиддэг нь мэдэгддэггүй тэдгээр мэдээллийнщг няцаах маш товч үнэн байдаг юм. Хэрвээ хоёр хөршийн газын хоолой манайхаар дамжвал наад зах нь энэ “дамжуулалт”-аас жил бүр 4-5 тэрбум ам.доллар олно. Цаашлаад, орон сууцны үнэ шууд 30-50 хувь буурна. Дулаан үнийн хэмнэлт ойлгомжтой болно. Улаанбаатарын утаа байхгүй болно. Жаахан томруулаад харвал Монголд шинэ аж үйлдвэр хөгжих боломж бүрэн нээгдэнэ. Ийм хэрэгцээтэй төсөл л дөө. Гэвч яг одоо болж буй дэлхийн геополитикийн хөдөлгөөн хаашаа яваад, хаана зогсох нь тодорхойгүй байгаа нь шууд нөлөөлөл үзүүлж байна. Хоёр хөрш өнөөдөртөө Америкийн “улс төр”-ийг харж энэ төслийг түр азнаад байгаа юм.
Гэхдээ л оросууд Төв Азийн орнуудад болон Хятадад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ ихээхэн нэмэгдүүлэхээр төлөвлөчихсөн. Хэвлэлийн экспертүүд “Орос улс Төв Азийн орнуудад нийлүүлэх газын хэмжээ нь өмнөх онд 10-15 тэрбум шоометрт хүрсэн. 2025 онд “Сибирийн хүч” газын хоолойгоор дамжуулан Хятад руу нийлүүлэх экспорт нь 38 тэрбум шоометр төслийнхөө хүчин чадлаас давж магадгүй” гэж мэдээлжээ.
Хамгийн сонирхолтой нь “Орос улс Хятадад байгалийн газ нийлүүлэх хоёр боломжит замыг авч үзэж байна. Эхнийх нь, жилд 50 тэрбум шоометр газ нийлүүлэх эзлэхүүнтэй “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулна гэж үзвэл энэ проекц нь Сибирийн хотуудыг хийжүүлэх төдийгүй Хятадын нийслэлийг бусад бүс нутгуудтай нь холбож газаар хангах боломжтой. Нөгөө хувилбар нь Казакстанаар дамжин өнгөрөх 45 тэрбум шоометр газ дамжуулах хүчин чадалтай хоолойн 35 тэрбум газ нь Хятад улсыг, үлдсэн 10 тэрбум шоометр газ нь Казакстаны зүүн хойд бүс нутгийг газаар хангана” гэжээ. Энэ мэтээр хөндлөнгийн “задлан”-гууд их гарч байна. Гэвч хоёр хөршийн тухайд “Америкийн улс төр”-өөс гадна, төслийн үнэ дээр хараахан тохиролцож чадаагүй байгаа аж. Хятадын үнэ Оросод багадаад, Оросын үнэ Хятадад ихдээд байгаа аж. Тэд тохирсны дараа Монгол оролцоно. Тэр үед манай дотоод дахиад “дайтаж” эхэлнэ. Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг товчхондоо ийм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 60 (7557)