Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил Ерөнхий сайд байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байна

15 цаг 14 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.БАЯР

 

Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жилийн өмнөх яг энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхий сайдаар томилж байв. Тэрээр үүнээс хоёр хоногийн дараа 2021 оны нэгдүгээр сарын 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж тангараг өргүүлснээр үүрэгт ажилдаа орж байжээ. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран томилогдсон.

Ингээд тэрээр Ерөнхий сайдаар тасралтгүй ажиллаад өнөөдөр дөрвөн жилтэйгээ золгож буй аж.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жил илүү засаглаж буй Ерөнхий сайд байгаа нь тэр сайндаа, эсвэл муудаа байгаа юм биш л дээ. Түүнд нь УИХ-аас 2019, 2023 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нөлөөлж байна.

Ингэхгүй бол Ерөнхий сайд нь 1.5 жилээс дээш хугацаагаар ажиллаж чаддаггүй тийм тогтолцоотой байсан хэрэг. Жишвэл, Үндэсний бөхөд олон жил үйлчилж ад үзэгдсэн нэг дүрэм байсан даа. Барьц сонгох дүрэм гэхээр олонх нь мэднэ. Үндэсний бөхийн дүрмээр тогтоосон цагт хаялцаагүй, мэх хийж оноо аваагүй тохиолдолд хоёр бөхийг шодож, хожсоноор нь эсрэг бөхийн араар тойруулж, цээж тэврүүлэх зэргээр хангалттай мэх өгүүлдэг “мэх” байсан юм. Тэр мэх үйлчилж байхад Үндэсний бөх гэж тэр чигтээ жин ихтэй, тарган бөхчүүдтэй байлаа. Харин энэ заалтыг Үндэсний бөхийн дүрмээс 2021 онд хассан. Тэгээд цагаар оноо тооцдог болсон. Түүнээс хойш бөхчүүдийн жин багасаж, тарган бөх ховордож, бие хаандаа онцгой анхаарах болсон доо. 

Өөрөөр хэлбэл, ингэж Ерөнхий сайд нарын олонх нь бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд хүрэлгүй огцордог нь тухайн Ерөнхий сайдаас, эсвэл дөрвөн улирлаас, бас монголчуудын уйддаг сэтгэлгээнээс болоогүй байдаг.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө яг өдийд “Өнгөрсөн 30 жил дотор их олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их бий. Хувийн өмчтэй болсон. Олон намын одоо тогтолцоотой, парламентын засаглалтай болсон. Чөлөөт хэвлэлтэй болсон. Эдийн засаг бараг 17 дахин тэлсэн.Бас өнгөрсөн хугацаанд саар зүйлүүд ч байна. Тэр нь юу вэ гэхээр манай экспортын 93 хувь нь уул уурхай учраас түүнд түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Тэр нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг. Энэ маш ойлгомжтой болсон. Далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ордог. Тэгээд энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон л байхгүй юу.

Өнгөрсөн 30 жилийн туршид дандаа л манай гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж явсан. Хэрвээ хүч мөхөсдөөгүй байсан бол юу боллоо гэж Засгийн газрын дундаж нас 1.5 жил байх юм бэ. Манай Засгийн газрын хувьд энэ асуудлуудыг гаргаж тавихгүйгээр улс маань цаашаа явахгүй. Тийм учраас бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал болсон. Ер нь, Ерөнхий сайд нар маань дандаа огцрохгүйн тулд явсаар байгаад нөгөө нэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихдог. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад ингэж ярьдаг гэж байгаа юм. “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой” гэдэг. Тэр нь юу вэ гэхээр “Хэнийг сонгохоо ард түмэн сонгуулиар шийдэхгүй байна” гэсэн үг. Тэд нар юу гэж боддог вэ гэхээр “Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна. Тийм учраас тэд нарыг өөрчлөх амархан, бид мөнх” гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байв. Үнэхээр ч, 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш П.Жасрай гурван жил 364 хоног, М.Энхсайхан нэг жил 278 хоног, Ц.Элбэгдорж 230 хоног, Ж.Наранцацралт 225 хоног, Н.Туяа найм хоног, Р.Амаржаргал 362 хоног, Н.Энхбаяр дөрвөн жил 25 хоног, Ц.Элбэгдорж нэг жил 146 хоног, М.Энхболд нэг жил 301 хоног, С.Баяр нэг жил 341 хоног, Сү.Батболд хоёр жил 286 хоног, Н.Алтанхуяг хоёр жил 87 хоног, Д.Тэрбишдагва 16 хоног, Ч.Сайханбилэг нэг жил 229 хоног, Ж.Эрдэнэбат нэг жил 89 хоног, У.Хүрэлсүх гурван жил 115 хоног Ерөнхий сайдаар ажиллажээ.

Тэгвэл, тоглоомын дүрэм өөрчлөгджээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг том зорилго нь гүйцэтгэх эрх мэдлийг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдэл болон хууль тогтоох эрх мэдлийн хяналт тэнцлийг сайжруулахад чиглэсэн байв. Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол бодлогыг тодорхойлдог, хэрэгжүүлдэг гол төрийн институт нь Засгийн газар байдаг. Тийм учраас Засгийн газар тогтвортой байх ёстой. Харин Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд УИХ хяналт тавих үндсэн зарчимтай. Энэ нь өнгөрсөн жилүүдэд алдагдаад байсан юм. Тиймээс эдгээрийг тэнцвэржүүлж, сайжруулах зорилгоор 2019 онд УИХ-аас Үндсэн хуулийн 39.1-т Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаар тогтоосон. Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг болсон. Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцордог болгосон. Ерөнхий сайд огцорсон тохиолдолд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох заалт оруулсан. Мөн Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. “Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах байдал зогсоно” гэж хууль тогтоогчид үзсэн.

Түүнчлэн Үндсэн хуульд 2023 онд “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Эдгээр өөрчлөлтөөс улбаатайгаар өмнөх Ерөнхий сайд нарын болон Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа үеийг харьцуулбал гурван зүйл өөр байна.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нараа өөрөө томилох эрхтэй. Өмнө нь сайд нар барьцдаг. УИХ-аар томилогддог. Мөн тэгж огцруулдаг байв. Одоо бол Ерөнхий сайд өөрөө огцруулна. Хүсвэл бүтэн кабинетыг хэдхэн цагийн дотор сэлгэж болно. Ийм эрх өмнө нь ямар ч Ерөнхий сайдад байгаагүй юм.

Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулах асуудал УИХ-ын гишүүдийн олонхоор шийдэгддэг болсон. Энэ нь Ерөнхий сайдыг “кноп”-оор унагах магадлалыг багасгасан. Бараг боломжгүй болгосон. Өмнө нь огцорсон Ерөнхий сайд нар дандаа чуулганд ирсэн гишүүдийн олонхын саналаар шийдэгдэж байв. Одоо 126 гишүүний олонх гэдэг пропорциональ тогтолцоотой үед бүрдэх магадлал маш бага юм.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болсон. Хуучнаар бол энэ жил Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох байв. Сонгууль болохоор манайд яадаг билээ дээ. Ядахад өмнөх жилд нь том сонгууль болчихсон байдаг. Одоо бол тийм зүйл байхгүй байна. Гэхдээ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг эв түнжин муутай байгаа талаар байсгээд л яриад, бичээд л байгаа юм. Гэвч ингэж янз бүрээр ярьсан ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хамгийн эвтэй ажиллаж байгааг төрийн бүх түвшинд гарч буй олон шийдвэрээс харж болно. Тэр байтугай, энэ нь дээрх хоёр албан тушаалтан эвтэй ажиллаж байгаа сүүлийн 34 жил дэх цорын ганц “кэйс” гэж хэлж болох юм. Тиймээс л энэ бүхнээс Ерөнхий сайдаар ажиллаад дөрвөн жил гарч байгаа нь Л.Оюун-Эрдэнэдээ биш тогтолцоондоо байгааг тодорхой харж болно.

Ер нь бол, олон улсад Засгийн газрын дундаж “наслалт” 8-12 жил байдаг. Тэгж байж бүтээмж нь өндөрсдөг байгаа юм. Тухайлбал, Англи улс гэхэд XVIII зууны эхнээс хойш 58 дахь ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэж байна. Тэднээс Уинстон Черчилийг дэлхий нийт, англичууд ч өөрсдөө онцолдог. Тэрээр Английн ерөнхий сайдаар 1940-1945, 1951-1955 онд хоёр удаа ажилласан. Уинстон Черчиль “Англичуудад цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй” хэмээн парламентад хэлж байжээ. Тэрээр Батлан хамгаалах сайдын үүргийг хүлээж усан флот, арми, яамдын ажлын холбоонд анхаарал тавин ажиллажээ. Түүний рейтинг дунджаар 84 хувь байсан. Энэ үзүүлэлт нь дайн дуустал хадгалагдсан. Уинстон Черчиль дайны халуун цэг, бөмбөгдөлтөд өртсөн газруудаар явж 1940 оны тавдугаар сараас 1941 оны арванхоёрдугаар сарын хооронд нийт 21 удаа радиогоор үг хэлжээ. Англичуудын 70 хувь нь түүнийг сонсдог байсан байна. 1951 оны аравдугаар сард Уинстон Черчиль дахин ерөнхий сайдаар томилогдож 1955 оны дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг.

Бусад олон улс орны Засгийн газар ч тогтвортой ажиллаж, Ерөнхий сайд нар нь хоёроос дээш бүрэн эрхийн хугацаанд ажилладаг. Ингэж л манай одоо хөдөлгөж байгаа шиг хөгжлийн том төслүүдээ хөдөлгөөд, явуулаад, үр дүнд хүргэдэг байгаа юм. Тэгэхээр нэгэнт Үндсэн хуулиар хийгдсэн тогтолцооны дагуу ийм жишиг цаашдаа Монголд хэвийн үзэгдэл болох нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, хэн Ерөнхий сайд байхаас үл хамаарч, Засгийн газар нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 16 (7512)

 

Байгууллагууд ч ажилчдын цалингаар юмаа засаж янзалдаг Төр засаг нь ч цалин орлогыг татвар нэрээр эсвэл ток цахилгааны үнээ нэмэх гэх мэтээр арчаагүй аргаар мөнгө хуримтлуулж иргэдийнхээ халаасыг хоосолдог Энэ бодлого биш юм аа Ядууралд автсаны шинж
Цэдэнбалыг гүйцэх бодлого баригч 1989 оноос хойш төрд гарч чадсангүй
Татвараа нээснээрээ метро барих гээд байгаа юм уу? Иргэдийн татвар хандив хуримтлал мэт санагдаж байна шүү Арай гэж хандив хуримтлалаар аргацаадаг арчаагүй үйлдвэргүй энэ байдал бариад байгаа бодлого чинь огт буруу Нэг ашигтай ордоор нээж метро юмаа бариач Эсвэл МАК гэх мэтийн орлогыг бүрэн татаач Цэдэгбалаас сул дорой бодлог баримталсаар ирлээ 89 оноос хойш
Фридрих Шеллингийн 7 афоризм

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 27-нд төрсөн өдөр

4 цаг 51 мин
П.Батчулуун эмчийн бие муудаж, III эмнэлэгт хүргэгджээ

П.Батчулуун эмчийн бие муудаж, III эмнэлэгт хүргэгджээ

5 цаг 57 мин
Эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэн асуудлаа шийдүүлэхийг хүслээ

Эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэн асуудлаа шийдүүлэхийг хүслээ

7 цаг 44 мин
Утааны сонсгол ирэх даваа, мягмар гарагт болно

Утааны сонсгол ирэх даваа, мягмар гарагт болно

7 цаг 48 мин
Ц.Гансүлд: Ажнай Д.Бат-Эрдэнэд холбогдох нүүрсний хэргийг шалгаж дуусаагүй байна

Ц.Гансүлд: Ажнай Д.Бат-Эрдэнэд холбогдох нүүрсний хэргийг шалгаж дуусаагүй байна

7 цаг 54 мин
Прокурор: УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа

Прокурор: УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа

8 цаг 2 мин
"Дүнжингарав"-ын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

"Дүнжингарав"-ын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

8 цаг 9 мин
Х.Баасанжаргал: 15-хан жилийн түүхтэй хаврын уралдааныг өв соёл гэж андуурч болохгүй

Х.Баасанжаргал: 15-хан жилийн түүхтэй хаврын уралдааныг өв соёл мэт андуурч болохгүй

9 цаг 18 мин
Э.Бат-Үүл: Хуцав аа, Х.Нямбаатар аа, би илчилнэ

Э.Бат-Үүл: Хуцав аа, Х.Нямбаатар аа, би илчилнэ

9 цаг 27 мин
Б.Батзаяа: ААН-ийн орлогын албан татварын шинэчлэл боловсролд хөрөнгө оруулах боломжийг бий болгож байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж

15 цаг 14 мин