
Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: - Баялгийн сан чинь амилах юм уу. Баялгийн сан гэхээр нэр бүхий орд заагаад яриад байх юм. Бусад стратегийн орд чинь яригдах юм уу. Хэлэлцээр хийх юм уу, ямар байдалтай яваад байгаа юм бэ. Сайдаасаа даваад БЭТ гээд нэг нөхөр орилоод байна. Жагсана ч гэнэ үү. Хэн гэдэг сайд ахалж байгаа юм бэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. 39 ордыг стратегийн ордод бүртгэ гэдгийг УИХ шийдчихээд байхад 18 жил хав дарсан. Энэ хугацаанд энэ ордуудыг гадаадын иргэдэд зарсан, ашиг хонжоо олсон. Энэ асуудал дээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл, тулган шаардалт биш. Төрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн. Адилхан ярина.
Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Бид өнгөрсөн хугацааны бурууг нэг рүүгээ чихэж болохгүй. Сая Н.Учрал сайд алдаа гаргаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч бол хөдөөгүүр яваад Баялгийн санг хэрхэн амилуулах талаар хэлэлцүүлэг хийж байгаа. Гэтэл тэрийг улстөржүүлээд, бүгдэд хамаатай энэ тэр гээд л. Ингээд Монголыг хуваадаг, дайсагнуулдаг юмаа аль аль түвшиндээ болох хэрэгтэй.
Эх сурвалж:www.polit.mn