Ч.Олдох
Бүгд Найрамдах Казахстан Улс тунхагласны 27 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Тусгаар тогтнолын өдрийг угтан энэ сарын 12-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, казах үндэстний төлөөлөл, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын төлөөлөл болон Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцов.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэр Казахстан нь тусгаар тогтносон орны хувьд дэлхийн хөгжингүй орнуудын тоонд багтахаар шийдэмгий алхмууд хийж байгааг онцлон, тус улсын ололт амжилтыг өндрөөр үнэлэсний зэрэгцээ хоёр улсын түүхэн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх хэрэгтэйг дурдав. Мөн тэрээр өнгөрсөн зун Монголд болсон үерийн гамшигтай холбогдуулан Казахстаны Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн явдалд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.
Элчин сайд К.Кобландин хэлсэн үгэндээ Казахстаны тусгаар тогтнолын он жилүүдэд бүтээсэн ололт, амжилтууд түүний дотор Төрийн тэргүүний “Казахстан-2050”, “Нурлы жол (Саруул зам)”, Үндэсний хөтөлбөр болох “100 тодорхой алхам” болон Үндэсний эх оронч санаачилга “Мангилик Ел” хөтөлбөрийн хүрээнд стратеги, улс төр, эдийн засаг болон нийгмийн салбарын шинэчлэлийн талаар онцлов. Түүнчлэн Казахстаны 2017-2018 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнчлэлийн тухай, олон улсын тавцан дахь гол амжилтуудын талаарх мэдээллийг хүргэв.
Энэ онд Казахстан болон Монгол Улсын хооронд байгуулагдсан Найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ой тохиож буй. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа холбоо бүх чиглэлд ялангуяа улс төр, эдийн засаг болон соёл-хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж ирсэн юм. Хүлээн авалт, хүндэтгэлийн ёслолын үеэр түүхэн болон архитектурын хөшөө дурсгалууд, Казахын ард түмний соёл, ёс заншил, нийслэл Астана хотын архитектурын онцлогийг харуулсан видео-танилцуулга, ард түмний уламжлалт соёлыг хамруулсан үзэсгэлэн зохион байгуулагдав. Монгол Улсын Үндэсний консерваторийн цохиур хөгжмийн чуулга болон “Алаш хамтлаг”-ийн домборчид хамтран урлагийн тоглолт үзүүлэв.
Эх сурвалж: polit.mn
Бүгд Найрамдах Казахстан Улс тунхагласны 27 жилийн ойг тэмдэглэв
2018-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин