Б.БАЯР
2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав. Он гараад л тулалдаж эхлэв. Угаасаа, алив газрын улс төр ингэж л баялгийн авдар, мөнгөний урсгалыг дагаж хөвж байдаг аж. Манайд яг тийм байна. Наана нь төсөв, том төсөл, шударга ёс ярьцгааж байна. Цаана нь, Тавантолгойн орд хэнийх нь болох вэ гэдэг булаалдаан болж байх жишээтэй. Хэн нь “...Тавантолгойн “толгой”-г мэдэх вэ” гэдэг нь Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээ зурагдах эсэхээс шалтгаална. Жаахан тодруулъя. Гашуунсухайтын төмөр замын хил холболтынт төслийг Тавантолгойн ордыг олборлох асуудал дагаж байгаа юм. Тэгэхгүй бол манайх төлбөрөө яаж хийх вэ дээ. 2003 онд энэ төслийг хэлэлцэж эхлэхэд л ингэж яригдсан. 2014 онд 20 жилийн хугацаатай олборлолт яригдаж л байсан. Одоо бол 16 жилийн хугацаагаар ярьж байгаа аж.
Хоёр талын дундах асуудал нь энэ. Харин хэн хэн ингэж үзэлцээд байна вэ. Нэг нь Засгийн газар, нөгөө нь “Энержи ресурс” гэдэг яриа улс төрийн хүрээ, нийгмийн идэвхтэй хэсгийн дунд битүү таржээ. “...Засгийн газар Хятадын Засгийн газартай шууд гэрээлэхээр болж, үүнд нь “Энержи ресурс” дургүй байгаа” гэсэн яриа л даа.
Ер нь бол Гашуунсухайтын хилийн холболтын гэрээ зурагдвал Засгийн газар нь, тэр гэрээ гацвал “Энержи ресурс” яллаа” гэсэн үг бололтой юм.
Энэ мэдээллийн үнэн бодит байдал үүгээр удахгүй нотлогдоно.
Гэхдээ түүнээс өмнө, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “...Ухаа худагийн ордыг Үндэсний баялгийн санд авах тухай албаны хүмүүс яриад эхэлсэн” гэх мэдээлэл бас түглээ. Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн ордууд 100 хувь төрийн мэдэлд ирэх ёстой. Тиймээс Тавантолгойн нэг “толгой” болох Ухаа худагийн ордыг Үндэсний баялгийн санд авах гэнэ. Ийм зүүлттэй мэдээллээс улбаатай бололтой, “...Ухаа худагийн уурхайг хэн нэгний “ургуулсан” орд уу, аль эсвэл Тавантолгойнх уу” гэдэг асуулттай асуудал бас яригдаад унав.
Тэндээс үүдээд, Ухаа худагийн ордын талаарх үүх түүхийг сонирхож үзлээ.
Ухаа худагт уурхай ажиллуулж буй “Энержи ресурс” анх 2005 онд 14 компанийн хамтарсан консерциум нэртэйгээр байгуулагджээ. Тэр 14 компанийг улс төр, бизнесийн нөлөө бүхий 11 хүн эзэмшиж байжээ. Улмаар 2008 онд Тавантолгой ордын 86 хувийг төрд буцаан авсан. Тэгэхдээ буюу 2008 оны гуравдугаар сарын 21-нд Тавантолгой ордын дөрвөн хувьтай тэнцэхүйц талбайтай Ухаа худагийг “Энержи ресурс”-т “өр барагдуулах хэлбэрээр өгчээ. Тухайн үед Ухаа худагийн 11952А лиценз нь 2959 га талбайтай тус компанид очиж байжээ.
Гэхдээ Тавантолгойн ордыг төрд буцаан өгөхөөс өмнө, Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны хоёрдугаар сарын 9-ний 17 дугаар тушаалаар солбицлын талбайг хагас жилийн хугацаагаар нөөцөд авсан байдаг. Энэхүү нөөцөд авсан талбайд “Энержи ресурс” ХХК ашиглалтын лиценз авахаар 2006 оны долдугаар сарын 8-нд өргөдөл гаргасан. ГУУКА-ны өргөдлийн бүртгэлийн мэргэжилтнүүд “…хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байна” гэсэн боловч ГУУКА-ны даргын 2006 оны долдугаар сарын 20-ны 7-3194 тоот албан бичгээр “. . . Дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержи ресурс” ХХК-д өгсөн байдаг. Ухаа худаг ингэж “Энержи ресурс”-т очжээ.
Ер нь бол Ухаа худагийн уурхайн тухай ярих гэвэл заавал Тавантолгойн ордын асуудал хөндөгдөнө. Товчхондоо, энэ хоёр хоёр талтай асуудал юм. Нэг талаас, Тавантолгойн ордыг эзэмшиж байсан компани ордоо төрд өгөхдөө авч үлдсэн “өчүүхэн” талбай байдаг. Нөгөө талаас, “…Орд өгөөд авч үлдсэн Ухаа худаг талбайн хувьд багахан ч өрөм нь байсан” гээд байдаг. Янз бүрийн л мэдээлэл бий.
Баримт хайхад УИХ-ын 2010 зургадугаар сарын 10-ны чуулганаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тэгэхэд Сү.Батболд Ерөнхий сайд байв.
Түүнд хэд хэдэн гишүүн “Энержи ресурс” болон Ухаа худагийн лицензтэй холбоотой асуултыг тавьсан. Тэр хариулсан. Тэндээс тоймлоход, УИХ-ын гишүүн А.Тлейхан “…Нэгдүгээрт нь, Тавантолгойн орд хуучин “Энержи ресурс” гэдэг компаний мэдэлд байж байгаад тэр компани 96 хувийг нь төрд өгөөд, дөрвөн хувийг нь өөрсдөө авч үлдсэн. Ингэж хоёр хуваагдсан байна. Хажууд нь бас жижиг “Тавантолгой” мэтийн уурхай байна. Тэгэхээр энэ хэвээр байх юм уу. Ер нь хуваагдсан хэсгүүдийг яаж ашиглах ёстой юм бэ. Тэр Тавантолгойн нэг хэсгийг төрд авах ёстой юм биш үү” гэхэд ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт “…2007 онд энэ Тавантолгой орд газрын 70 мянган га г “Энержи ресурс” гэдэг компаний мэдэлд байсан хэсгийг төрийн мэдэлд авах яриа хэлэлцээр явагдаад албайн 96 хувийг авсан байгаа юм. “Тэр утгаараа бол “…Стратегийн ач холбогдолтой орд газрын 50 хүртэл хувь нь төрийн мэдэлд байна” гэсэн ийм үзэл баримтлал “Энержи ресурс”-ийн талбай дээр бүрэн хэрэгжсэн юм” гэж хариулж байв. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “…Ерөнхий сайдаас асуумаар байна. Таныг Тавантолгой буюу “Энержи ресурс”-ийн хувьцаа эзэмшигч байсан гэж сонссон. Энэ асуудал чинь хэрхэн яаж шийдэгдсэн талаар би мэдээлэл сонсоогүй. Танд энэ ордтой холбоотой эрх ашгийн зөрчил, оролцоо байгаа юу” гэхэд Ерөнхий сайд Сү.Батболд “…“Энержи ресурс”-ийн хувьд надад сонирхлын зөрчил байхгүй. Үүнийг зориуд хэлье. Нэгдүгээрт, би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999-2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм, манай компанийн оролцсон компани. Орос, Хятад, Япон, Солонгосын компаниуд “…Өндөр үнээр авъя” гэхэд нь зараагүй. Монголчууддаа хадгалж ирсэн. Хоёрдугаарт, эндээс ямар нэгэн нүүрс олборлоогүй байсан. Нэг ч хүрз нүүрс аваагүй. Зөвхөн хадгалж ирээд, энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. “Энержи ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худагийн ордыг авсан. “Энержи ресурс” компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье” гэж байсан юм.
Эхний үеийн түүхийнх нь тухайд ийм зүйл яригддаг. Тэгвэл одоо Ухаа худагийн уурхайг Үндэсний баялгийн санд авах тухай албан бусаар яригдаад эхэллээ. Тэгэхтэй зэрэгцээд “…Болно, болохгүй” гэх хуваагдмал байр сууриуд ч гарч байна. Тиймээс “…Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу” гэгдээд эхэлж байх шиг байна. Нээрэн Ухаа худаг ургуулсан орд уу, эсвэл нэг толгой нь уу. Үүнээс л Үндэсний баялгийн санд хамаарах үгүй нь тодорхой болно. Тавантолгойн нэг толгой бол Үндэсний баялгийн санд үг дуугүй авах ёстой. Ургуулсан орд бол авч болохгүй. Хувийн өмч учраас хууль зөрчинө. Учир жанцан нь ийм л байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 21 (7517)