У.Хүрэлсүх: Монгол орныхоо 50 хувьд нь тэрбумаар тоологдох мод тарина

2024-10-22
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улс “Алт 1, 2” хөтөлбөрийг хэрэгжүүлсний нөлөөгөөр нийт газар нутгийнхаа 30.7 мянган га талбайг уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хөрсний эвдрэлд оруулсан байдаг. Тухайлбал, 2012 оны тооллогоор 4320 га талбай сүйтгэгдсэн байсан бол 2020 оны тооллогоор нийтдээ 30790 га эвдрэлд орсон нь тогтоогджээ. Үүний 28.9 га нь уул уурхайн ашиглалтаас эвдэгдсэн. Үүнээс нэн түрүүнд нөхөн сэргээх шаардлагатай 8000 га талбай байгаа гэж үзжээ. Эвдэрсэн газрыг байгалийн унаган төрхөд нь оруулах, хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх нь Монгол орны хувьд тулгамдсан асуудлын нэг. Өмнө нь улсын хэмжээнд жилдээ 1000 хүрэхгүй га газрыг нөхөн сэргээж түүнд төсөвлөсөн нэг ч төгрөг байдаггүй байв. Нөхөн сэргээх талаар шийдвэр гаргадаг мөнгө захиран зарцуулах эрхтэй хэн ч үүнийг үл ойшоож хойш нь тавьдаг байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хүссэн хүсээгүй эдгээр газруудыг нөхөн сэргээхгүй бол дэлхий нийтийн өмнө хүлээсэн хүлэмжийн хий ялгарлыг бууруулах амлалтад хүрч чадахааргүй нөхцөл үүссэн юм.

 

Нөхөн сэргээгдсэн Нарийны ам өнгөтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уул уурхайн олборлолтын  улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон 8000 га газрыг 2020-2024 онд нөхөн сэргээх үүргийг Ерөнхий сайд байхдаа өгч байсан. Энэ үүргийн дагуу 2020 онд  холбогдох дөрвөн яамны хамтарсан тогтоол гарч улмаар нэн шаардлагатай найман мянган га газрыг нөхөн сэргээх ажил эхэлсэн аж. Одоогоор дээрх хөтөлбөрийн хүрээнд 10 мянга орчим га талбайг нөхөн сэргээгээд байна. Эдгээр газруудын нэг болох  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, Нарийны ам хэмээх газарт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 19-ны өдөр ажиллаж, тухайн үед өгч байсан үүрэг, даалгаврынхаа хэрэгжилттэй газар дээр нь танилцсан юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхдаа өгсөн үүрэг даалгаврын явцтай танилцаж буй нь төрийн бодлого шийдвэрийн залгамж холбоо сайн байгааг илтгэхийн зэрэгцээ цаашид энэ мэтээр уялдаатай байхыг өөрийн биеэр үлгэрлэсэн үйл явдал боллоо. Нарийны амны нөхөн сэргээсэн талбайг танилцуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Энх-Амгалан,Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, “Эрдэнэт” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөхөн сэргээлт хийхэд хичээл зүтгэл гаргаж ажилласан төрийн болон хувийн хэвшлийнхэн болон Нарийны амд цугларсан олонд хандаж үг хэлсэн юм.

Тэрээр “Тогтвортой хөгжлийн гол  суурь асуудал нь байгаль орчин. Дэлхийн ертөнц өнгө төрхөө хувиргаж цаг уурын өөрчлөлтөөс  дэлхийн дулаарал нэмэгдэж байна. Байгаль орчны яамыг БОУАӨЯ гэж нэрлэсэн нь үүнтэй уялдсан хэрэг. Дэлхий даяр үүнд анхаарал хандуулж байна. Тэр тусмаа ой мод багатай манайх шиг улс ой модоо хамгаалж, ойгоо сэргээж, тэрбум, тэрбумаар нь  мод тарих шаардлагатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай ард түмэн, иргэд аж ахуйн нэгж идэвхтэй оролцож улс, эх орондоо мод тарих хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар 85 сая орчим мод тарьж ургуулсан байна. Энэ мэдээг БОУАӨЯ бидэнд өгсөн. Ирэх жилээс мод тарих ажил улам эрчимжинэ. Ялангуяа хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй эвдэрсэн газруудын нөхөн сэргээлтийг цаг хугацаанд нь сайн явуулах нь хамгийн чухал. Үүний тод жишээ “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг амжилттай сайн хийсэнд баяртай байна. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд оролцсон компанийн нийт ажилчдад ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ нь ард түмний ажил, амьдралыг тэтгэдэг байгаль дэлхийд үзүүлж буй эерэг сайн үйл явдал юм. Та бүгдээр бахархаж байна. Цаашид бид зуу, зуун жилд  тэрбум, тэрбумаар нь мод тарина. Ганц тэрбумаар мод тариад зогсох биш. Бид нийт нутаг дэвсгэрийнхээ 50 хувьд мод тарих ёстой ард түмэн. Ингэснээр манай улс сайхан хөгжинө. Манай ард түмний хэлсэн сайхан үг бий. Амьдралын эх ус, усны эх мод гэж. Хаана мод тарина тэнд устай, ургамалтай. Хаана мод тарина тэнд бороо орно. Тиймээс амьдралын их булаг болсон байгаль дэлхийгээ арчлах хамгаалах ажилд оролцсонд баярлалаа” гэсэн юм. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 938 тусгай зөвшөөрлийг цуцлан, эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээхийг салбарын яам, ажилтнуудад үүрэг болгож байсан юм.

 

Дөрвөн гол нөхөн сэргээлтийн  үр дүнд сэргэжээ

 

  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу уул уурхайн олборлолтын дараа орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх ажлын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны хэрэгжилтийн газрын дарга Б.Буяннэмэх танилцуулсан юм.

“Улсын хэмжээнд 2018 онд энэ  хүрээнд 197 сумын 1700 нэгж талбарт 30 мянган га талбай эвдэрсэн нь тогтоогдсон. Үүний 7789 га нь хариуцах эзэнгүй байв. Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсэг  байгуулагдаж Нөхөн сэргэлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бус алт олборлогч иргэн, аж ахуйн нэгжийг тогтоож хяналт шалгалт хийсэн.Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 34 техник эргүүл гаргаж 54 техникийг татан төвлөрүүлж Экологийн Цагдаад шилжүүлж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж зөрчлийг арилгасан. Түүнчлэн найман аймгийн 11 байршилд хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн хамгаалалт бий болгосноор 2020 онд гарч байсан зөрчлийн тоо 2024 онтой хариуцуулахад 31.5 хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар 9774 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2549 га-д биологийн  нөхөн сэргээлт хийсэн. Харин эзэнгүй сүйтгэгдэж орхигдсон нийт талбайгаас 4481 га талбайд мөн техникийн нөхөн сэргээлт хийлээ. Одоо нөхөн сэргээгдээгүй 2800 га талбай байна” гэсэн юм.  

 Нөхөн сэргээлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт ТӨҮГ” одоогоор 1676 га, “Оюу толгой” 615 га талбайг нөхөн сэргээж хүлээлгэн өгөөд байна.  Мөн эдгээр талбайнуудаас гадна Төв аймгийн Заамар суманд 16 аж ахуйн нэгж 142 га талбайд түүнчлэн Өвөрхангай аймагт нийгмийн хариуцлагын хүрээнд 50 га-д техникийн нөхөн сэргээлт тус тус хийсэн аж. 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хэмээх газарт нөхөн сэргээлт хийснээр биологийн олон янз байдлын амьдрах орчин сайжирч одоогоор дөрвөн гол сэргэсэн үр дүнтэй. Эдгээр мэдээллийг БОУАӨЯ-ны цахим мэдээллээс харж болно. 2020 оноос өмнө улсын хэмжээнд жилдээ 1000 хүрэхгүй га талбайд нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 оноос эрс нэмэгдэж, жил бүр 2000 га-аас дээш талбайг нөхөн сэргээж иржээ. Өөрөөр хэлбэл, 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 912 га талбайд, 2020 онд 1973 га, 2021 онд 2123 га, 2022 онд 2189 га, 2023 онд 3488 га талбайг нөхөн сэргээсэн байна.

 

Нарийны ам, Ялбагат эхэлж нөхөн сэргээлт хийсэн нь учиртай

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарихын зэрэгцээ хариуцлагагүй уул уурхайн үүднээс эвдэрч сүйтгэгдэн эзэнгүй орхигдсон олон мянган га талбайг нөхөн сэргээж улмаар байгалийн унаган төрхөд буцааж оруулах нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод илүү хурдан дөхөх ач холбогдолтой. Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний аж ахуйн зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалан нийлбэр ууршлын хэмжээ өндөр уулын бүслүүр, ойт хээрийн бүсэд 10.2-15 хувиар ихсэж, XXI зууны эхний хагас дахь нийлбэр ууршлын өөрчлөлт нь хур тунадасны өсөлтөөс 6-10 дахин давах төлөвтэй байгаа бөгөөд газар нутгийн 77.8 хувь нь эвдрэлд орж доройтон, олон арван гол горхи ширгэх үндэслэлтэй. Ойт хээрийн бүсэд хүний үйл ажиллагаанаас сүйдсэн талбайг нэн түрүүнд нөхөн сэргээх нь илүү үр дүнтэй аж. Тиймээс Сэлэнгийн Ерөө сумын Нарийны ам, Ялбагат нэн түрүүнд нөхөн сэргээж эхэлсэн нь энэ юм. Учир нь уул ус, ургамал мод чулуулаг ихтэй газар хөрсний ялзмаг сайн учраас техникээр нөхөн сэргээсний дараа 3-5 жилийн дотор  мод, ургамал, бут нь хурдан сэргэж ургадгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, өмнө ямар байсан яг тэр байгалийн онгон төрхдөө эргэж сэргэдэг гэж  Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа онцолсон.

Мөн тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ойн салбарыг шинэ шатанд гаргахад чухал үүрэгтэй. Хүн бүр ойчин болох албагүй ч хүн болгон мод тарих боломжтой. Харин тарьсан модоо ургуулна гэдэг нь чухал хариуцлага. Энэ талаар манай иргэд тодорхой ойлголт авсан нь бас хөдөлгөөний үр дүн" гэлээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол зүтгэх хүч, ханган нийлүүлэгч Сэлэнгэ аймаг. Тэр дундаа Ерөө сумын Бугант багийн Нарийны ам  уул, мод, ус ургамал жимс нь жигдэрсэн баян бүрд болсон газар. Нөхөн сэргэсний дараагаар зөвхөн энд ойролцоогоор /нэг га талбайд 2500 мод тарих боломжтой гэж үздэг/таван сая мод ургах боломжтой аж. Түүнчлэн 8000-10000 га талбайд 20-25 сая мод ургах боломж бүрдсэн гэсэн үг юм. Энэ нь манай улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой хэмжээгээр оруулж буй хувь нэмэр.

 

4-5 давхар байшинтай  зүйрлэх хэдэн зуун шороон овоолгыг тэгшилсэн

Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос цааш 30 орчим км-т  орших Нарийны амны нөхөн сэргээсэн талбайг харахад одоо л нэг газрын шарх аньж гэж хэн хүнд бодогдохоор байв. Урдуур нь урсах Ерөө гол зайрмагтаж өглөөний наранд солонгорон харагдах нь үзэсгэлэнтэй.  Энд социализмын үед буюу 1974 онд энд Оросын хөрөнгө оруулалттай Толгойтын алтны уурхай ажиллаж байсан түүхтэй. Тухайн үед ойролцоогоор 3000 орчим тонн алт авсан гэх. 2000 орчим га талбай тэр чигтээ эвдрэлд орж сүйтгэгдсэн. Улмаар алтны гарц муудахтай зэрэгцэн гүн рүү ухаж авахад зардал их гарах учраас уг газраас алт олборлогч гарч явсан аж. 1990 оноос шороон овоолго ихтэй учраас 21 аймгаас ирсэн 2000 бичил уурхайчид гар аргаар алт олборлож амьжиргаагаа залгуулж байжээ. Гэвч хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа олон зөрчлийг дагуулж байсан учраас 2019 оноос эхлэн тухайн үеийн Ерөнхий сайд дорвитой арга хэмжээ авах шийдвэр гаргасан нь өнөөдөр ийнхүү биеллээ олж байна. “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн ууланд нуусан, манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон нийт 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин, техник хэрэгслийг журамлаж, хяналтад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулжээ. Эрдэнэт үйлдвэрийн нөхөн сэргээлтийн тендерт шалгарсан “Жинжий Майнинг" компанийн Уулын мастер Д.Дэлгэрцогттой энэ үер цөөн хором ярилцав.

Тэрээр "Талбайг анх хүлээн авч байхад хиймэл нуур тогтоол ус ихтэй. Зам харгуйгүй, 4-5 давхар байшинтай тэнцэх хэмжээний шороон овоолго ихтэй байсан. Өнөөдрийн байдлаар нийт нөхөн сэргээх талбайнхаа 75 хувьд ажилласан. Манай компани хоёр дахь жилдээ нөхөн сэргээлтээр дагнан ажиллаж байна. Өнгөрсөн жил Харганы гол, Могойн гол зэрэг 806 га талбайд нөхөн сэргээлт хийж амжилттай хүлээлгэн өгсөн. Ерөнхийдөө овоолсон шороог техникийн хүчээр намсгаж, хонхойсон хэсгийг дүүргэж байгалийн өмнөх төрхөд дөхүүлэх зорилготой. Манайх 8-10 трактор, техник хэрэгслээр 50 орчим ажилтантайгаар стандартын дагуу гүйцэтгэсэн” гэв. 

Бугант сумын иргэн Б.Оюун-Ундрах хэлэхдээ “Нарийны ам алт олборлолтод сүйдэж маш олон мал хиймэл нуур руу нь орж үхсэн. Мөн явах замгүй, овоолго шороо ихтэй. Зам харгуй байхгүй хэцүү байсан. Өнөөдөр нөхөн сэргэлтээр ийм сайхан болгосонд нутгийн иргэд бид баяртай байна. Энд хэдхэн жилийн дараа мод ихээр ургаж жимс түүнэ гэхээр бахархах сэтгэл төрж байна” гэсэн.

Харин тус багийн өндөр настан Б.Эрдэнэхүү гуайтай уулзахад “Би энд 60 жил амьдарч байна. Анх Өвөрхангай аймгаас 20 настай ирж байлаа. Тэр үед машиныхаа цонхоор  мойл түүж иддэг байсан гэв. Жимс түүж, модоор бүтээгдэхүүн хийж амьжиргаагаа залгуулдаг байсан. Бидний үед нэг мод огтолбол  хоёр мод тарь гэдэг байсан. Сүүлийн үед алтанд явж амьжиргаагаа нэг хэсэг нь их л залгуулсан. Харин сүйтгэсэн энэ газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилгаар нөхөн сэргээж буйд маш их баяртай байна. Мөн “Тэрбум мод” тарих хөдөлгөөн эхлүүлсэн нь маш үр дүнгээ өгсөн. Манай Бугантын найман настайгаас наян настан бүгд мод тарьж ургуулах чадвартай мэдлэгтэй, сэтгэлтэй. Гагцхүү бидний тарьж  ургуулж буй мод, суулгацыг авч байгаарай гэж хэлье. Тэгэхгүй бол модоороо амьдардаг хүмүүсийн амьжиргаа алдагдвал уул руугаа дайрдаг юм шүү дээ” гэсэн юм. 

 

“Эрдэнэт” үйлдвэр нөхөн сэргээлтэд 42 тэрбум төгрөг  зарцуулсан

 

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 2021-2024 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгийн эвдрэлд орсон 2000 гаруй га талбайг нөхөн сэргээхэд 42 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна. Тодруулбал, 2022-2023 онд 1230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2024 онд 777 га талбайн 480 га-г нь нөхөн сэргээгээд байна. Энэ үеэр “Эрдэнэт” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ “Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсан найман мянган га газрыг нөхөн сэргээх энэ ажилд идэвхийлэн оролцож хоёр мянган га газрыг нь нөхөн сэргээлээ. Нийт найман байршилд нөхөн сэргээх ажлыг хийсэн. Эдгээрээс хамгийн  их уулын  ажил ихтэй, нэгж га талбайд өндөр зардлаар газар шорооны ажил хийгдэх 777 га талбай нь бидний одоо зогсож байгаа Нарийны ам байсан. 2023 онд долоон байршилд 1229 гад нөхөн сэргээлт хийсэн. Үүний 800 га- д Жинжий Майнинг, 429 га-д стандартын дагуу нөхөн сэргэлтээ хийж БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн БОАЖГ”-т хүлээлгэн өгсөн. Ингэснээр одоогоор  талбайн 75 хувьд нөхөн сэргээлт хийлээ. Ирэх арваннэгдүгээр сард үлдсэн газрыг гүйцээж өгөх юм. Ингэснээр дүйцүүлэх нөхөн сэргээлтэд 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулаад дуусаж байна” гэсэн юм. Ямартаа ч саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд  ирсний нэг давуу тал энэ юм. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 100 сая мод тарьж, ургуулахаа амласан “Оюу толгой” ХХК дүйцүүлэх хэлбэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 400 га талбайг, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт 215 га талбайг нөхөн сэргээжээ. “Жинжий Майнинг” ХХК өнгөрсөн жил Ерөө сумын нутагт 800 га талбайг нөхөн сэргээжээ.

 

Цар тахалтай зэрэгцэн нөхөн сэргээх шийдвэрүүд гаргасан нь үр дүнгээ өгчээ

 

2020 оны аравдугаар сарын 30-ны  өдөр тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖЯ-ны үйл ажиллагаатай танилцаж уул уурхайн олборлолтоос эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон найман мянган га талбайг нөхөн сэргээх үүрэг өгч байжээ. Ингэснээр  2020 оны БОАЖЯ-аас Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” хамтарсан тушаал батлуулж, “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. БОАЖЯ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлахдаа эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудад техникийн нөхөн сэргээлт хийх талаар тусгаж байсан нь үр дүнгээ өгчээ. Тухайн үед цар тахалтай хүнд хэцүү үед нөхөн сэргээлтийн энэ асуудлыг хойш тавилгүй алсаа харж зэрэгцүүлэн шийдвэр гаргаж байсан нь өнөөдөр үр дүнгээ өгч байгаа нь энэ. Ийнхүү алтны төлөөх дайны уршгаар сүйтгэсэн газраа олон жилийн дараа нөхөн сэргээж газрын шархыг эдгээж буй нь байгальдаа хийсэн их буян гэлтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

48 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

5 цаг 7 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

5 цаг 12 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

5 цаг 20 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

5 цаг 25 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

5 цаг 37 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

5 цаг 39 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

6 цаг 0 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

6 цаг 2 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

14 цаг 16 мин