Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн баримтыг нягтлан шалгаж байна

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан.  Тус түр хорооноос өчигдөр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. Сонсголыг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдан явуулж, хянан шалгах хорооны гишүүд оролцов. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж буй анхны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. 

 

121 гэрч дуудсанаас 82 нь ирсэн байв

 

Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн зээлийн зарцуулалттай холбоотой нотлох баримтын жагсаалтыг өчигдөр хэлэлцсэн. Үүнд:
1. "Бэрэн групп" ХХК /арматур, барилга/
2. "Зэст өндөр" ХХК
3. "Монгол мах экспо" ХХК
4. "Монгол эм импекс концерн" ХХК
5. "Монгол драй милк" ХХК
6. "Газ импорт" ХХК
7. "Мон лаа" ХХК
8. "Вертекс майнинг партнер" ХХК
9. "Эйч энд эйч ремикон" ХХК
10. "Энсада-Истерн" ХХК
11. "Империал гоулд майнинг" ХХК-ууд багтсан байв. 
Тус компаниудтай холбоотой 121 гэрчийн 82 нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоор ирсэн байв. Мөн долоон оролцогч өмгөөлөгч, төлөөлөгчийн хамтаар оролцож байгааг сонсголын үеэр онцолсон.  Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкнаас авсан зээл нь төлөгдсөн эсэхээс үл хамааран зарцуулалт нь зориулалтын дагуу эсэхийг данс хөөх аргаар шалгасан гэдгийг сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулаад “Урьд өмнө ийм том хэмжээний данс хөөх шалгалт хийж байгаагүй. Сар хагасын өмнө сая гаруй дансны гүйлгээ шалгасан бол өчигдрийн байдлаар гурван сая гүйлгээ шалгаад байна.  Данс хөөх шалгалт ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ.  Өнөөдрийн сонсголд ирсэн гэрчүүдийг буруутай гэж ойлгож болохгүй гэдгийг зориуд онцолж хэлье” гэв. 

 

Гэрчүүдийн тайлбар 

 

-“Монгол мах экспо” ХХК мах боловсруулах цогцолбор төв барих зорилгоор Хөгжлийн  банкнаас 31.9 тэрбум төгрөгийг авчээ. Авсан нийт зээлийнхээ 29.05 тэрбум төгрөгийг Капитал банкны өөрийн хөрөнгөд оруулж, үлдэгдэл 2.7 тэрбум төгрөгөөр “Монгол-Анар трейд” ХХК-ийн Капитал банк дахь зээлийг хаасан гэдгийг сонсгол зохион байгуулагчдын зүгээс онцолсон.  Тэгвэл  “Монгол мах экспо” компанийн гүйцэтгэх захирал н.Ганзориг “Шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мах экспортын зориулалтаар 2001 онд үүсгэн байгуулагдсан компани. Түүнээс хойш Хятад, Иран, ОХУ руу монгол махыг экспортолж байсан. Тухайн зээлийг авахын тулд бид Хөгжлийн банканд 20 гаруй удаа хүсэлт гаргаж процесс удаан үргэлжилсэн. 2007 онд анхны зээл олгогдсон. Монгол мах экспо компани Капитал банканд данстай байсан. Тухайн банкны дансанд байсан 21 тэрбум төгрөгийг зарцуулж болохгүй. Хамаарал бүхий этгээд хэмээн тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч манай компанийн зээлийг гаргахыг зогсоосон. Сүүлийн зээлийг 2018 онд авч зургаа орчим тэрбум төгрөг авсан. Манай төслийн хувьд энэ бол хаана ч хүрэхгүй мөнгө” гэлээ. Тэгвэл уг асуудлаар  УИХ-ын гишүүн Э.Батшугар “Монгол мах экспо”-гийн захирал та өөрөө төөрөгдөөд байна уу, эсвэл буруу хариулаад байна уу. Зээлээ авч чадсан бол бид төслөө хэрэгжүүлэх байсан юм гэж яриад суух юм. Танай толгой компани чинь авсан санхүүжилтээ зориулалт бусаар зарцуулчихсан нь шинжээчийн дүгнэлтээр гарчихсан байна. Цэвэр луйврын чанартай зүйл яригдаж байгааг ойлгож байна уу. Тухайн үед эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг алга болсонтой холбоотойгоор Монголбанк Капитал банктай холбоотой бүх зээл олголтыг зогсоосон. Капитал банкны энэ хэргээс болж хэчнээн олон хүн хохирсныг мэдэж байгаа биз дээ. Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээрээ хууль бусаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй бол танай “Монгол мах экспо” компани ч бизнесээ явуулах боломжтой байсан” гэлээ.


-“Зэст өндөр" ХХК-ийн данс хөөх аргаар шалгахад Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 61 хувийг зориулалтын дагуу, 39 хувийг зориулалтын бусаар ашигласан байжээ.   Тухайлбал, 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр "Заг инженеринг" компани руу гурван тэрбум 113.7 сая төгрөгийг “Гэрээний дагуу хадгаламж хаав” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч, хадгаламж барьцаалсан зээлээ хаасан байна. Энэ талаар "Зэст өндөр" ХХК-ийн захирал Ц.Эрдэмжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батболд "Манай дэд бүтцийн ажлыг "Заг инженеринг" 3.4 тэрбум төгрөгөөр хийнэ гэдгийг Хөгжлийн банканд тайлбар мэдүүлж, гэрээгээ хийсэн. Үүний дагуу уг мөнгийг тухайн компанийн данс руу шилжүүлсэн. Гэвч Дорнод бүсийн ЦТС-аас цахилгааны техник нөхцөлөө авч чадаагүй. Энэ хооронд шилжүүлсэн мөнгөө яах вэ гэдэг асуудал гарсан учраас хадгаламждаа байршуулаад буцаагаад авсан” гэлээ. 


-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Хөгжлийн банкны зээлийн асуудал тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаар ямар байдлаар танилцуулагдаж, шийдвэрүүд гарч байсан талаар тайлбар өглээ.  Тэрбээр "Засгийн газар 2013 оны долдугаар сарын 6-ны өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэдэг тогтоол гаргасан. Уг тогтоолд төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр, барилгын арматурын үйлдвэр барьж байгуулахад шаардлагатай байгаа 50 сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг хавсралт ёсоор баталсугай гэж байгаа юм.  Ингээд "Монголиан метал майнинг холдинг" ХХК, "Мон лаа" ХХК, Монголросцветмент, "Бэрэн" групп гэх дөрвөн компани хөрөнгө оруулалт гэж 152 сая ам.доллар шаардлагатай гэж оруулж ирсэн. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 30 хүртэлх хувийг өгнө. Бондыг буцааж төлөх учир эрсдэлээ багасгах ёстой буюу 50 сая ам.долларын тухай ярьдаг. Гэхдээ Засгийн газрын тогтоол 50 сая ам.доллар өг гэж гараагүй. 50 сая ам.доллар олго, 50 сая хүртэл ам.доллар олго гэдэг чинь ялгаатай. 50 саяыг олгохгүй ч байж болно гэсэн үг.  Бодлогын хувьд дэмжиж байна гэж Засгийн газар шийдвэр гаргасан. Гэрчийн зүгээс хэлэхэд дөрвөн компанийн хоёр нь зээл авсан байдаг” гэлээ. 

Нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилж, шинжээчдийн дүгнэлтийг сонсч холбогдох гэрчүүдээс асуулт асуух хэлбэрээр зохион байгуулагдах юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

41 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 0 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 5 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 8 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 13 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 17 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 26 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 26 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 26 мин