
Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачлан өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа юм.
Ингэснээр Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна.
УИХ-аас дээрх төслийг баталснаар зээлдэгчийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжтой болсноор банкууд эрсдлээ тооцох бүрэн боломжтой болохын зэрэгцээ сайн түүхтэй зээлдэгч илүү хурдан шуурхай зээл авдаг боломжтой болно. Нөгөө талдаа зээлийн хүү буурах сайн талтай гэж үзэж буй.
Мөн зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана.
Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг 10 хувиар бууруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай нөхцөлүүд бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзэж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn