
Т.САЙХАН
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний бялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд мэдээллийнхээ үеэр "… Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн бүлэг орд одоогоос 250-300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг. Монгол Улсын хувьд Орос, Бельги, Франц улсын хувь нийлүүлсэн Монголын хамтарсан нийгэмлэг 1890-ээд оны үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэ цаг үеэс геологийн хайгуул судалгаа эрчимжиж 1924 онд Сангийн яаманд Баялгийг бадруулах хэлтэс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор симстемтэйгээр ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны суурь болсон түүхтэй.
Дэлхийд тэргүүлэгч Норвегийн сан 1990 оны үед байгуулагдсан бол өнөөдөр дэлхий дахинд нийт 100 гаруй Баялгийн сан нийтдээ 13 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулж байна.
Монгол Улс уул уурхайн орлогоос бүрдсэн байгалийн баялгийн сан байгуулах алхам хийж 2009 онд Хүний хөгжлийн сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэж байхаар хуульчилсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлан, хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил өнгөрч байна.
Үндэсний баялгийн сангийн иргэдийн Хуримтлалын санд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр И Монголиа системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах боломж бүрдсэн нь Үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй амжилт юм" хэмээлээ.
Эх сурвалж:wwww.polt.mn