С.САРУУЛ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн (2023.01.16) сонсгол хянан шалгах түр хорооны 8 гишүүний ирцтэйгээр 9:19 минутад Төрийн ордонд эхэллээ.
Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу байгуулагдсан анхны хянан шалгах түр хороо гэдгийг тэрбээр тэмдэглэв. Хянан шалгах түр хороо нь хуулийн дагуу зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулах бөгөөд шаардлагатай бол нэг удаа дээрх хугацааг сунгах боломжтой байдаг бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд тайлангаа танилцуулснаар дуусгавар болох юм байна. Тус хянан шалгах түр хороо өмнө нь 2-3 хяналтын болон ерөнхий сонсголуудыг зохион байгуулсан болохыг Б.Энхбаяр гишүүн дурдаад өнөөдрийн сонсгол нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж буй анхны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гэдгийг онцоллоо. Үүгээрээ Монгол Улсын парламентын түүхэнд шинэ хуудас нээж байгааг цохон тэмдэглэв.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд болох эхний сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтыг нэгбүрчлэн сонсож, энэ хүрээнд гаргасан хянан шалгагч, шинжээчийн дүгнэлттэй танилцан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авна. Хоёр дахь үе шат буюу 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар сонсох юм байна. Гурав дахь үе шат 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох бөгөөд энэ удаа Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2550 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсох юм. Энэ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дүнг нэгтгэн, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганд танилцуулна гэдгийг Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өнөөдрийн сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан 11 компанийн зээлийн зарцуулалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явагдана гээд, жагсаалтыг танилцуулсан юм.
Сонсгол даргалагч нийтдээ 121 гэрчид хүргүүлэх мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан байна. Үүнээс 45 мэдэгдэх хуудсыг гэрчид гардуулсан бол 30 мэдэгдэх хуудсыг хамаарал бүхий этгээдэд нь хүлээлгэн өгчээ. 39 гэрчид утас болон цахим хаягаар мэдэгдсэн бол 6 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж. Нийт 121 гэрчийн 82 нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгдсэн байна. 7 субьект өмгөөлөгч, төлөөлөгчийн хамтаар оролцож байгааг мөн танилцууллаа. Оролцох эсэхээ 11 гэрч тодорхой илэрхийлээгүй бол оролцох боломжгүй гэдгээ 28 гэрч бичгээр гаргаж, хянан шалгах түр хороонд ирүүлсэн байна.
Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкнаас авсан зээл нь төлөгдсөн эсэхээс үл хамааран зарцуулалт нь зориулалтын дагуу эсэхийг данс хөөх аргаар шалгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулаад “Урьд өмнө ийм том хэмжээний данс хөөх шалгалт хийж байгаагүй. Сар хагасын өмнө сая гаруй дансны гүйлгээ шалгасан бол өчигдрийн байдлаар 3 сая гүйлгээ шалгаад байгаагаа надад танилцуулж байна билээ. Данс хөөх шалгалт дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж бодож байна. Шалгалтын дүнгээс үүдэн тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж гэрчүүдийг оролцуулж байгаа. Гэрчүүдийг буруутай гэж ойлгож болохгүй гэдгийг зориуд онцолж хэлье” гэв. Гэрчүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэйг сонсгол даргалагч хэлээд, сонсголын явцад өгсөн мэдээлэл нь шүүх хуралд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэдгийг санууллаа.
Эх сурвалж: www.polit.mn