Байгаль сүйтгэх “боломж”-ийг Байгаль орчны яамныхан самрын сүлжээнийхэнд олгодог уу?!

2023-01-04
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Самрын сүлжээ гэж нүүрснийхнээс дутуугүй гамшиг тарьдаг бүлэглэл Монголд ажиллаад удсан. “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид энэ талаарх тав дахь удаагийн мэдээллээ хүргэж байна. Сануулахад, самрын сүлжээг хятад иргэд удирддаг. Монголын төрийн өндөр албан тушаалтай гурван эрхэм “Төрийн нэрийн өмнөөс” албан тушаал, эрх мэдлээ ашиглаж тэдгээр хятадуудын даалгаврыг гүйцэтгэдэг. Тэдэнтэй жишиг үүрэгтэй Самрын холбоо зэрэг төрийн бус байгууллага, самрын компанитай бизнес маягийн хүмүүс бий. Салбарлаад явахаараа манай төрийн албан тушаалтнууд энэ сүлжээг бүрдүүлдэг гишүүд нь болж хувирна. Энэ сүлжээг удахгүй ил болгох шаардлагатай. Хамгийн түрүүнд Энэ хууль бус үйл ажиллагаанд хамгийн ихээр боломж нээж өгдөг газар нь БОАЖЯ гэхэд буруудахгүй. Учир нь самар экспортлох зөвшөөрлийг тус яам олгодог. Сар бүрийн экспортлох хэмжээнд нь гэрчилгээ өгч, гурван жилийн хугацаагаар самар экспортлох зөвшөөрлийг олгодог. 

Түүнээс гадна МҮХАҮТ ч экспортын барааны гарал үүслийн гэрчилгээ олгодгоороо энэ хууль бус үйл ажиллагаанд хамаатай. Цаашлаад Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар ч бурууг үүрэлцэх учиртай. 
Гэхдээ үндэс нь яалт ч үгүй БОАЖЯ руу хөтөлдөг. Энэ үл ажиллагаанд хамаатай төрийн байгууллагууд ерөнхийдөө БОАЖЯ-ны мэдээлэл хаалттай бөгөөд тодорхой бус байдгаас үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэсэн тайлбарыг хийдэг. Тухайлбал, Татварын ерөнхий газар гэхэд тухайн жилд ямар иргэн, компаниуд самар бэлтгэх үйл ажиллагаа эрхэлж байгааг тодорхойлох боломжгүй гэжээ. ТТ-18 тайлангийн маягтын хавсралт мэдээнд зөвшөөрөл авсан этгээдийн нэр, регистрийн дугаар болон ашигласан нөөцийн хэмжээг тусгадаггүй байгаа юм. 2021 онд л гэхэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн ТТ-18 буюу ойн нөөц ашигласан тайланг 95 сумын ЗДТГ-ын татварын албанд тушаасан. Үүнээс найман сумын ЗДТГ л хавсралт мэдээ гаргасан. 87 сум нь байхгүй. Мөн 2021 онд БОАЖЯ-наас 13271.5 тн самар экспортлох зөвшөөрөл олгосон гэх мэдээлэлтэй. Гэтэл гаалийн мэдээгээр 14335.2 тн самрын экспорт хийсэн байх жишээтэй. Самар гээд байгаа маань цөмөөд гаргасан самрын идээ шүү. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ хэчнээн иргэн, компанид зөвшөөрөл өгч, нөгөөдүүл нь хэдий хэрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх мэдээлэл нь Татварын байгууллагад хаалттай гэсэн үг. 


Хилийн цаахантайх Эрээнээс Монголын самрын бизнес, түүнийг дагасан төрийн шийдвэр, хэрэгжилтийг удирдаж байдаг гурван хятадын мөнгө Монгол руу ямар сувгаар орж ирж, яаж тараагддагийг судалж тогтоох хэрэгтэй юм. Эндээс маш олон салаа гэмт хэргүүд илрэх учиртай юм байна лээ. Энэ бол тагнуул, цагдаагийнхны хийх ёстой ажил мөнөөс мөн. Үүрэг нь ч юм. Тиймээс АТГ, ЦЕГ, ТЕГ энэ асуудлыг цаг алдалгүй анхааралдаа авах шаардлагатай болсон. 
Товчхондоо, Хятадаас самар руу орж ирдэг мөнгө нь улс дамнасан “бохир” мөнгө байх магадлал өндрөөс гадна түүний нөлөө нь Монголд хэд хэдэн ноцтой үр дагаврыг бий болгож буй.


Гол нь энд юу хэлэх гээд байна вэ гэхээр БОАЖЯ дээрх зарчмаар зөвшөөрлийг өгдөг. Сайд нь жил бүр самар бэлтгэх хугацааг тогтоосон “хуурай” тушаал гаргана. “Есдүгээр сарын 20-ноос хойш самар бэлтгэсүгэй” гээд л. Хуурай гэсний учир нь тэр тушаал биелдэггүй. Яагаад гэвэл зөвшөөрөл өгөөд л хаядаг. Араас нь ямар ч хяналт байдаггүй. Төрийн бусад байгууллагатай харилцаа холбоо тогтоодоггүй. Нийгэмд самартай холбоотой ямар нэг дуулиан шуугиан болохоор нөгөө хэдэн бэлтгэгчийг буруутгаад өнгөрдөг. Гэтэл самар бэлтгэдэг хүмүүс маань хэн билээ дээ. Нэгэнт БОАЖЯ зөвшөөрлөө өгчихдөг, зөвшөөрөл авсан компани, хувь хүмүүс наадам өнгөрөнгүүт самраа бэлтгүүлэхээр мөнгө тараачихна. Бэлтгэгчид очих мөнгө түүнээс өмнө цагаан сарын дараа Хятадаас орж ирээд эндэх “гар хөлүүд” буюу БОАЖЯ-ны зөвшөөрөл нэр нь бичигддэг этгээдүүдэд оччихдог гэсэн мэдээлэл бий. “Мөнгө бэлэн, түүгээд ир” гэхээр хэн чиг л ой руу орно. Тэр үед нь самрын болц болоогүй байдаг. Ингэхээр өнөөх сайхан хушнуудыг нүдэхээс өөр аргагүй. Дээрээс нь байгальд хог новш тарих, байгалийн төрхийг үгүй хийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг. Харин БОАЖЯ-ныхан өөрсдөөс нь экспортын зөвшөөрөл авсан иргэд, компаниудтай “эргэх холбоо” байдаггүй. Ийм л юм. Чухамдаа энэ л самрын сүлжээнийхэнд Монголын эдийн засаг, экологийг “самарч” бохир мөнгөө угаах, бас Монголын төрийн өндөр болоод дунд, албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх мэдлээ худалдаж идэх таатай боломжийг олгоод байгаа юм.
Зүй нь БОАЖЯ-ныхан зөвшөөрөл олгосон бол араас нь хяналтаа тавих ёстой. Олгосон хэмжээгээр экспортолж байна уу, хэн гэдэг хүмүүс хаанаас хэдий хэрийн хэмжээтэй “түүгээд” экспортод гаргаж байна вэ. Ингэхдээ зөвшөөрөгдсөн хугацаанд бэлтгэсэн үү. Эсвэл зөрчсөн үү. Энэ бүх мэдээлэл БОАЖЯ-наас шууд гарч байх учиртай. 


Гэтэл самар бэлтгэх, экспортлох зөвшөөрөл бүхий үндэсний хэдхэн компани л хуулийг ягштал барьдаг байгаа юм. БОАЖЯ-наас эхлээд сумдын Байгаль орчны нэгж, гааль, татварынханд тэд бүртгэлтэй учраас улсад төлөх татвар, хураамж бүгдийг хуульд зааснаар өгнө. Бас үйлдвэрийн орчин, ажилтнуудын тоо, ажиллах нөхцөл гээд бүгдийг хуульд зааснаар хйиж гүйцэтгэдэг аж. Өөрөөр хэлбэл, сайдын “тушаасан” хугацаанд ч самраа бэлтгэдэг байна. Дашрамд хэлэхэд, бидний өмнөх дугааруудад хөндсөн гаалийн үнэ дээр үндэсний хэдэн компанийнх л бодит үнэтэй байгаа нь харагддаг. Тэд нэг кг самрыг бэлтгэх бодит зардал нь багадаа 27 мянган төгрөг болдгийг дээрх компаниуд албаныханд гаргаж өгсөн байна. Гэтэл “нөгөөдүүл” 3-8 ам.доллараар гаргасан гэх гаалийн үнэ мэдүүлж буй нь Монгол Улс самрын сүлжээнийхний мөнгө угаалтын талбар болоод байгааг илэрхийлэх бас нэг баримт юм. 


Тэгэхээр энэ яамныханд хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлж самар тойрсон хууль бус үйлдэлтэй тэмцэх чин хүсэл бий юу. Ингэж асуух шалтгаан байгаа юм. Уг нь энэ тал дээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ овоо дуугарсан. Энэ талаар бид өмнөх дугаартаа нэг мэдээллийг дурдсан. Б.Бат-Эрдэнэ “Мянга мянган тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй. Нэг ч ажилтангүй компаниудын зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэж мэдэгдсэн. Бид ч тэдгээр компаниудынх нь нэрсийг гаргасан. БОАЖЯ-наас 2021 онд самар экспортлох зөвшөөрөл авсан 27 компанийн ес нь нэг ч ажилчингүй байгаа юм. Тэдгээр нь “Тайхарын цуурай”, “Топ магнат”, “Арвин боргоцой”, “АСНЕФ”, “Монтаэр жим”, “Шилмэл хүнс”, “Тэнүүн экологи дэвшил”, “Эс эйч би си”, “Хулангийн хурд трейд” зэрэг компани байна. 


Эдгээрээс “Тайхарын цуурай” компани 2010 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Жанчивринчингийн Мөнхбаяр, Дарийлхамын Ууганбаяр нар эзэмшдэг. Бас 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэр­лэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээрх  бүртгэл байна. Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп”  зэрэг компани, хувь хүмүүс гэжээ. “Топ магнат” компани 2018 оны гуравдугаар сарын 21-нд байгуулагдсан. Жамбалсүрэнгийн Батдорж эзэмшдэг. 


“Арвин боргоцой” компани 2016 оны нэгдүгээр сарын 7-нд байгуулагдсан. Эзэмшигч нь Жамьяншаравын Түвшинжаргал гэж байна. "АСНЕФ" компани 2008 оны тавдугаар сарын 27-нд үүсгэн байгуулагдсан. Тус компанийг Халзангийн Амарзаяа эзэмшдэг. "Монтэар жим" компани 2017 оны нэгдүгээр сарын 20-нд байгуулагдсан. Батбаатарын Хулан эзэмшдэг. "Шилмэл хүнс" компани 2017 оны есдүгээр сарын 5-нд байгуулагдсан. Жалбаажамцын Нарантуяа эзэмшдэг. "Тэнүүн экологи дэвшил" компани 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд байгуулагдсан. Тус компанийг Гантөмөрийн Энхбаатар эзэмшдэг. "Эс эйч би си" компани хулийн этгээдийн бүртгэлд 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээр  бүртгүүлжээ. Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп”  зэрэг компани, хувь хүмүүс байна. "Хулангийн хурд трейд" компани 2020 оны тавдугаар сарын 26-нд байгуулагдсан. Баярсайханы Гүррагчаа эзэмшдэг. Сайд Б.Бат-Эрдэнийн “Зөвшөөрлийг цуцла” хэмээн Ойн газартаа үүрэг болгосон компаниуд эд нар юм. 
Ийм байхад одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна. Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа сайдынхаа үүргийг үл тоомсорлосон уу, аль эсвэл сайд үүргийнхээ хэрэгжилтийг өөрөө зогсоочихов уу. Ямартай ч сураггүй болчихсон. 


Үүнээс гадна 16.8 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн хэдэн компани байдаг. “Эс си интернэшнл” гэж компани байна. Баттөмөрийн Соронзонболд, Нарангэрэлийн Энхзул нарын эзэмшдэг энэ компани зургаан удаагийн буюу 750 сая, 1.06 тэрбум, 1.5 тэрбум, 960 сая, 1.5 тэрбум, 1.5 тэрбум төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарчээ. Тус компани хоёр удаа буюу 300 сая, 200 сая төгрөгийг л төлсөн байдаг байна. Дээрх хүмүүс “Эс си интернэшнл” компанийг 2015 оны долдугаар сарын 21-нд байгуулсан. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Хятадын иргэн Li Shuang-ийн 2009 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулсан “Илч яруу” компани 600 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаас бултсан. Энэ компанийн захирал нь Төмөрбаатарын Цогзолмаа аж. “Эко самар” компанийг Шинэдэнсэлийн Доржпалам 2015 оны зургадугаар сарын 11-нд байгуулсан. Энэ компани самраас улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 600 сая, мөн 900 сая төгрөгийг төлөөгүй. Сугарын Жаргалбатын эзэмшдэг “Буман боргоцой” компани хоёр удаа тус бүр 288 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн. Тус компани бас л 2021 оны гуравдугаар сарын 30-ны Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбооны нэр дээрх  бүртгэлтэй болсон. Хамтран эзэмшигчид нь Жангарын Нямдаваа, “Буман боргоцой”, “Дархансэлэнгэ говь”, “Эс эйч би си”, “Цэц манхан”, Баттөмөрийн Соронзонболд, “Идэрчандмань”, “Бэржинхангай”, “Оргих наран булаг”, “Мофко групп”  зэрэг компани, хувь хүмүүс байдаг. Ганхуягийн Гантөгсийн эзэмшдэг “Шинэ боргоцой” компани 240 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй. 1.860 тэрбумын тэмдэгтийн хураамжаас бултсан “Транс глобал трейд” компанийг Лхагважавын Мөнхбат, Равдангийн Дашмягмар нар эзэмшдэг. Хятадын иргэн Wudus-ийн 2015 оны тавдугаар сарын 6-нд байгуулсан “Баргил майнинг” компани гурван удаа 2.022 тэрбум, 198 сая, 750 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Эдгээрийг төлүүлэх бүх шатны шүүхийн шийдвэр гарчихсан. 


Эндээс бас нэг сонин холбоос ажиглагдана. Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо гэж байн байн гарч ирж байгаа биз. Чухамдаа самрын сүлжээний Монгол талыг хариуцдаг нөхдүүдийн томоохон төлөөлөл энэ холбооны ард нуугдаж, Төрийн өндөр албан тушаалтнуудаас жирийн самар бэлтгэгч хүртэлх холбоо сүлжээг хийж байх магадлалтай ажээ. 
 

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж:

"Зууны мэдээ" сонин 2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 2 (6987)

"Өнөөдөр" сонин 2023.01.04 ЛХАГВА №002 (7561)

"Өдрийн сонин" 2023.01.04 ЛХАГВА №002 (7122)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 13 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 33 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 37 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 40 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 45 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 49 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 58 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 58 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 58 мин