Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Төв Азийн хэвлэл мэдээллийн форум”-д хэлсэн үг

2022-12-28
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

2022 оны арванхоёрдугаар сарын 20.  Астана хот. Казахстан Улс

 

Эрхэм хүндэт Хэвлэл мэдээллийн форумыг зохион байгуулагчид болон уг форумын зочид оо, 
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа.
Юуны өмнө намайг энэхүү чухал форумд урьсанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
Би 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Астанад албан ёсны айлчлал хийж, Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Абишевич Назарбаевтай уулзаж, ах дүү Монгол, Казахстан хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцаж, хэлэлцээр хийж байснаа эргэн дурсахад сайхан байна. Түүнчлэн тухайн үед Казахстаны Парламентын даргаар ажиллаж байсан Касым-Жомарт Кемелевичтэй халуун дотнооор уулзаж байсныгаа дурсан санаж байна.


 Казахстан Улсын удирдлагын стратегийн алсын хараа, Казахстаны ард түмний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Казахстаны шинэ нийслэл Астана хот богино хугацаанд сүндэрлэн босож, зүйрлэвээс тал нутгийн үзэсгэлэнт гоо бүсгүй болжээ. Одоо Казахстан дэлхийн өнцөг булан бүрээс тус орныг зорьж ирсэн зочдоо энэхүү хотдоо халуун дотноор угтан хүлээн авч байна. Казахстаны сайхан жишээ танай хөршүүдэд урам зориг өгч, онгод хайрлаж байгаа бөгөөд тэдгээрийн тоонд Монгол Улс зүй ёсоор орно. Чингис хааны Их эзэнт гүрний нийслэл байсан Хархорум хотыг сэргээн босгох тухай яриа Монгол Улсад олон жилийн турш өрнөж байгаа билээ.
   Хархорум нь Орхон голын хөндийд байдаг, тэнд манай эриний VII зуунд Түрэг Улс оршин тогтнож байсан, тэнд одоо хүртэл Түрэг Улсын агуу гурван хааны нэг Билгэ хааны хөшөө дурсгал сүндэрлэж байдгийг та бүхэн мэднэ. Хархорум хотыг орчин үеийн хот болгон сэргээн босгох нь Монгол Улсын өнгөрсөн ба өнөө үеийн хоорондын амин холбоог сэргээх, орчин үеийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болоод зогсохгүй Монгол Улс болон түрэг хэлтэй улс орнуудын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны харилцаа холбоог гүнзгийрүүлэн өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Иймд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нэгэн үлгэр жишээ нь орчин үеийн Казахстаны шинэ нийслэл Астана хот байж болох нь бэлгэдэл талаас нь бодсон ч чухал гэж хэлж болно.


 Бид бүгд энд, зочломтгой Казахстаны нутагт зүрх сэтгэл, оюун ухааныхаа дуудлагаар хуран цугларсан. Бид хоорондоо учран уулзахад бие биенийгээ сонсох, зовлон жаргалаа хуваалцах дотно байдлыг бүрдүүлдэг, нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулдаг, биднийг холбодог нийтлэг зүйлээ олоход,  үүний зэрэгцээ биднийг хооронд нь ялгаж байдаг өөр өөр зүйлийг ухан ойлгож, хүндэтгэхэд тус болдог сэтгэл зүрх, оюуны ухааны тэр нандин байдлыг би ингэж тодорхойлмоор байна.
Булат Окуджавагийн дуунд өгүүлсэнчлэн:
“Анд нөхдөө дуудна, зүрх сэтгэлээ хайраар хөглөнө,
Алтан дэлхийд амьдарч байгаагийн учир өөр юунд байх билээ?”
Нээрээн бүгдээрээ зүрх сэтгэлээ хайраар, нэг нэгийгээ ойлгоё гэсэн хүслээр хөглөе, тэгвэл манай Медиа чуулган амжилттай, үр дүнтэй болно.   
Надад олдсон энэ сайхан боломжийг ашиглан энэхүү Медиа чуулганыг зохион байгуулагчдын зарласан гол сэдвийн талаар эрэгцүүлэн бодсоныгоо тус чуулганы эрхэм хүндэт оролцогчидтой хуваалцахыг хүсч байна. Энэхүү сэдэв илэрхий өдөн хатгах шинжтэй ч тэр тусмаа түүнийг хамтдаа хэлэлцэх нь илүү сонирхолтой байх бизээ.


Өнгөрсөн зууны 90-ээд онд америкийн эрдэмтэн Франсис Фукуяма “Түүхийн төгсгөл” хэмээх ном бичиж ихээхэн шуугиан тарьсан билээ. Тэрээр энэхүү номондоо даян дэлхийд ардчилал ялсан нь бодит баримт мөн хэмээн үзэж, ингэснээр либерал ардчилалд хүрэх нь эцсийн зорилго нь байсан хүн төрөлхтний түүх төгсгөл боллоо хэмээн дүгнэсэн юм. Хэдийгээр Фукуямагийн ном хүчтэй шүүмжлэлд өртсөн ч зохиогч санаатайгаар, эсхүл санамсаргүйгээр “модерн”-ийн нүүр царай болсон либерал ардчилал тэрхүү “модерн”-тойгоо хамт халин одож, “модерн”-ийг халж оронд нь “постмодернизм” (модернизмын дараах үе) ирснийг зарлан тунхагласан нь зөв болсон юм.


Өнөөдөр та бидний амьдарч байгаа энэхүү “постмодернизм”-ын эрин үе бол юуны түрүүн үл итгэх явдал ноёрхсон цаг хугацаа мөн билээ. Төр засгийн байгууллагууд, улс төрийн намууд, томоохон компаниуд, ялангуяа үндэстэн дамнасан компаниуд, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд итгэх итгэл алдарсан байна.
“Постмодерн”-ийн эрин үеийг “постүнэн”-ий цаг үе хэмээн томъёолон тодорхойлдог нь санаандгүй хэрэг бишээ. “Постүнэн” бол нэг бол худал, эсхүл рационал маягаар биш харин мэдрэхүйд нөлөөлөх байдлаар илэрхийлэгдсэн үнэн юм. Постүнэн бол мэдрэхүйн үнэн юм. Орос хэлэнд “зүрх худлаа ярьдаггүй” гэсэн хэллэг байдаг. Постүнэний эрин үед сая сая хүн энэхүү хэллэгийн үнэнч дагагчид, түүнийг тууштай баримтлагчид болсон байна. Гэхдээ та бид аливаа сэтгэлийн хөдлөл түр зуурын шинжтэй байдгийг сайн мэднэ, тийм учир постүнэний эрин үед үнэн, илүү тодорхой хэлье гэвэл олон тоогоор илэрхийлж болох үнэнүүд ойр ойрхон солигддог байна.
Постүнэний эрин үед одоо цаг хэмээх цаг хугацаа болон орон зайд үл итгэх байдал ноёлох бөгөөд энэхүү үл итгэл сонирхолыг унтраана. Постүнэний цаг үе бол сонирхолгүйн цаг үе мөн бөгөөд сонирхолгүй бол эргэлзээтэй гэсэн үг хэмээн ойлгож болно. Харин хаана сонирхолтой байна тэнд мэдрэмж төрнө, тэнд үнэн оршино. Хэрэв одоо цаг үед мэдрэмж төрөхгүй байгаа бол өөр цаг хугацаанд төрнө, ихэнх тохиолдолд мэдрэмж өнгөрсөн цаг хугацаанд төрнө. Ингэснээр постүнэний эрин цагт өнгөрсөн үе үнэн болж, одоо үе худал болно.


Гэхдээ ийм тохиолдолд өнгөрсөн үе бол бодит мэдээлэл бүхий цаг хугацаа гэхээс илүү ихээхэн санаа сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрүүлсэн цаг үе болно. Ийм учир өнөөдөр нийгмийн бүхий л давхаргыг төлөөлсөн олон хүн өнгөрсөн рүү хошууран тэмүүлж байна. Товчхон хэлвэл “өнгөрсөн рүү урагшаа” гэсэн урсгал эрч хүчээ авч ийнхүү хүмүүс олуулаа өнгөрсөн рүүгээ хошууран тэмүүлж байгаа нөхцөлд өнгөрсөн цаг хугацаа урьдчилан таамаглахын аргагүй ээдрээтэй үе болж байна. Урьдчилан таамаглахын аргагүй өнгөрсөн үед эрүүл саруул ухаан дарагдаж, хэнд ч баригдахаа больсон сэтгэл санааны хөдөлгөөн өдөөгдөн сэрж аливаа үйлдэл өнөө цагт санаанд оромгүй, зарим тохиолдолд бүүр эмгэнэлт үр дүнд хүргэж байна.


Нөгөө талаар постүнэний эрин үе болон нийгэм хэмээх нь олон хүмүүст, ялангуяа тухайн үед Зөвлөлт Холбоот Улсад амьдарч, сурч байсан хүмүүсийн хувьд цоо шинэ юм огт биш билээ. ЗХУ бол үзэгдлийн хувьд зүгээр нэг улс орон байгаад зогсохгүй худал үнэн болж хувирдаг тэр орон зай ба цаг хугацаа байсан юм. Тэр үед бидэнд сониныг “мөр хооронд нь” уншиж сур хэмээн заадаг байсан нь санамсаргүй явдал байгаагүй ээ. Тэр үед бүх юмыг шууд хэлдэггүй, бичдэггүй, харин тойруу замаар ойлгуулдаг байжээ. Олон олон үйлдэл, үйл явдлыг яг эсрэг утгатай үгээр тодорхойлон томъёолдог байсан юм.


ЗХУ-д үнэнийг үзэл сурталд захируулсан байсан бөгөөд тэгвэл үзэл суртал хүмүүсийн сэтгэл санааг хөдөлгөж чадаж баймааж сая тэр цаг хугацаандаа оршиж байдаг билээ. Харин аажим аажмаар үзэл суртал хүмүүсийн санаа сэтгэлийг хөдөлгөхөө больж, тэр цагаас эхлэн хүмүүс чухам хаана үнэн, хаана худал байгааг ялгаж салган олж хардаг болсон байна. Энэ тухай Михаил Жванецкий “Төр засаг ба ард түмний тухай үлгэр” хэмээх шог зохиолдоо сонирхолтой үзүүлсэн байдаг. Энэ шог зохиолд ард түмэн өөрт нь хайр зарласан төр засагтайгаа үнсэлцэж сүйд болчихоод харин үнсэлцсэнийхээ дараа уруулаа арчиж нулимдаг юм.


Гэхдээ өнөөгийн постүнэний үе ба ЗХУ-ын постүнэний цаг хугацаа хоорондоо ялгарах нэгэн том ялгаа бий. Хэдийгээр зөвлөлтийн хүмүүсийн хувьд дэлхий ертөнц учир дутагдалтай байсан ч ямар нэгэн байдлаар ойлгомжтой байсан байдаг. Тэгвэл ойлгомжтой ертөнц найдвартай ертөнц юм шиг санагдана. Нэг талаар амьдрал нь найдвартай юм шиг санагдах мэдрэмж, нөгөө талаар постүнэн хэмээн тодорхойлж болох өдөр бүрийн худал мэдээ хоёр хоорондоо ер бусын сониноор холилдон зөвлөлтийн хүмүүсийн амьдралыг олон жилийн турш тодорхойлж байсан байна.   


Харин өнөөдөр энэ ертөнц хүмүүст ойлгомжгүй байгаа учир одоо цаг найдваргүй санагдаж байна. Ойлгомжгүй, тийм учир найдваргүй ертөнцөд постүнэн жинхэнэ үнэн мэт санагдана. Өнөөдөр постүнэн бол фэйк мэдээ, эсхүл худал мэдээ мөн гэхээсээ илүү олон тохиолдолд чухамхүү тухайн цаг үед тухайн хүн, эсхүл бүлэг хүмүүсийн сэтгэл санааг хөдөлгөсөн тэр жинхэнэ мэдрэмж болж байна. Постүнэн бол тухайн хүн, эсхүл түүнтэй ижилхэн санаа бодолтой бүлэг хүний итгэхийг хүссэн зүйл мөн. Хэрэв ЗХУ-д хүмүүс ямар нэгэн юманд итгэхийг үл хүссэн ч тэднийг хүчээр тулган итгүүлдэг байсан бол постүнэний эрин үед хүмүүс өөрсдөө сайн дураараа постүнэнд итгэхийг хүсдэг бөгөөд харамсалтай нь олон тохиолдолд тэр постүнэн нь худал байдаг билээ. 


Постүнэний үе яагаад бий болсон тухай олон тайлбар байдаг. Улс төр популизм болж хувирсан, мэдээ мэдээлэл бодит шинж чанартай байснаа тэрхүү мэдээллийг хүлээн авч байгаа хүнд нөлөөлөх гэсэн оролдлого болон хувирч, ингэснээр мэдээллийг сэтгэлийн хөдлөлгүйгээр өгдөг байсан зарчим алдагдаж, мэдээ хүний сэтгэлийг хөдөлгөхөд чиглэгдсэн мэдэгдэл болон хувирчээ. Түүнчлэн сая сая хүнийг хамарсан сошиал сүлжээний нөлөөлөл, орлого олж байгаа учир аливаа мэдээллийг өгөхдөө түүний бодит байдлын тухай бодохоосоо илүү өөрийн дагагчдын сонирхолыг татахад анхаарлаа хандуулсан инфлюэнсэрүүд буюу нөлөөлөгчид, нийгэм баян ба ядуугаараа, сонирхлоороо гэх мэт олон олон хэсэгт гүн гүнзгий хуваагдсан байдал, ингэснээр олон жижиг, түр зуурын үнэнүүд бүхий хэлбэртэй постүнэн бий болж түгэн дэлгэрч байгаа тухай ярьдаг болсон байна. 


Сонирхолтой бөгөөд тэмдэглүүштэй нь улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт хурц өрсөлдөөнтэй, бүхий л зорилго нь ямар нэгэн “бүтээгдэхүүн”-ийг худалдан авагчид, тэр худалдан авагч хэмээхэд сонгогч мөн адил багтана, худалдан борлуулахад чиглэгддэг орчин үеийн нийгэм өөрөө хэрхэн оршин тогтнож байгаагийн хэлбэр галбир болон дүр төрхийг ажиглахад тус тусдаа янз янзын мэдрэмжийн өнгө бүхий олон жижиг үнэн хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа бөгөөд ингэснээр нийгэмд постүнэнийг улам бэхжүүлэн баталгаажуулж байна.


Тэгвэл одоо та бид постүнэний эрин үед яах вэ? гэсэн асуулт бид бүгдийн сонирхолыг татах нь ойлгомжтой. Тухайн мэдээний бодит байдал, мөн түүний сэтгэл хөдөлгөх чадамж хоёрыг яаж хослуулвал тэнцвэртэй мэдээлэл болох вэ? Гэхдээ хоорондоо ширүүн өрсөлдөж буй байгууллагууд, хүмүүс тэнцвэртэй мэдээлэл өгнө гэдэгт найдах нь дэндүү гэнэн хэрэг болно.
Миний бодоход ард түмнүүд, ер нь хүмүүс хамгийн хүнд хэцүү цаг үед хүнд хэцүү байдлаас гарахын тулд Саруул ухаанд тулгуурладаг. Саруул ухааныг сайн, чанартай боловсролоор тэтгэн хөгжүүлвэл бид бүгд постүнэний эрин үеийн сөрөг байдлыг давж, ингэснээр постүнэн нийт хүмүүс, улс орнууд, үндэстэн дамнасан том компаниуд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагуудын үйл ажиллагааг удирдан залж чиглүүлэхээ болино. 


Монголчууд болон түрэг хэлтэй үндэстнүүд уламжлалт нүүдэлчдийн хувьд хүнд хэцүү сорил тулгарахад саруул ухаанд тулгуурлан амьд гарч байсан байдаг. Хэдийгээр тэд өнгөрснийгөө хүндэтгэж, ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байсан ч яг өнөөдөртөө амьдардаг байсан юм. Өнөөдөр нүүдлийн хэв маягийн дагуу амьдарч байгаа хүмүүсийн тоо цөөрсөн, ирээдүйд хүмүүс ийм хэв маягаар амьдрахаа больж магадгүй. Гэхдээ саруул ухаанд дулдуйдсан сэтгэлгээний хэв маяг уламжлагдан үлдэх ёстой. Мөн боловсрол, гэхдээ бүр чанартай боловсрол саруул ухааныг тэтгэн хөгжүүлэх учиртай. Ийм саруул ухаан хүнд хэрэгтэй, тэр тусмаа өнөөгийн дэлхий ертөнцөд байгаа постүнэний ширүүн урсгалд хөл алдахгүй тогтож байхын тулд зайлшгүй шаардлагатай.


Эцэст нь нэгэн санал хэлье. Та бидний амьдарч буй энэхүү амаргүй цаг үед өөрийн ашиг сонирхолыг ганцаараа хамгаалах нь ихээхэн хүнд билээ. Бид хүч чармайлтаа нэгтгэж баймааж сая амжилттай хөгжинө. Ийм ч учир Төв Азийн орнууд түрэг хэлтэй үндэстэн бүхий улс орнуудын хувьд хоорондоо идэвхтэй хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутагт идэвхтэй гишүүн нь болсон байгаа билээ.


Харин 21 дүгээр зуунд улс орнуудын хооронд, тэр тусмаа өөр өөр бүс нутагт харьяалагддаг улс орнуудын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэн өргөжүүлэх нь ихээхэн ирээдүйтэй гэж санагдаж байна. Тодруулвал энд би Төв Ази болон Зүүн Хойд Азийн бүс нутгуудын улс орнуудын хооронд олон талт хамтын ажиллагааг үе шаттайгаар хөгжүүлэх тухай ярьж байгаа юм. Тэр тусмаа эдгээр бүс нутагт хамрагдаж буй улс орнуудад хэл соёлын хувьд нийтлэг зүйл олон байхын зэрэгцээ түүхэн талаас авч үзвэл уг орнууд ойр дотно харилцаа холбоотой байсан билээ.


Ийм олон талын хамтын ажиллагааг бодитой үйл хэрэг болгохын тулд Монгол, Казахстан хоёр санаачилгыг гартаа авах ёстой. Энэхүү сайн үйл хэргийг бүтээхэд Зүүн Хойд Ази болон Төв Азийг хооронд нь гүүр мэт холбосон манай хоёр орны газар зүйн байрлал тус болох нь дамжиггүй.   
Анхаарал тавьсанд баяралаа.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 252, 253 (6984, 6985)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 13 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 32 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 37 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 40 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 45 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 49 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 58 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 58 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 58 мин