Цэц “давхар дээл”-ийг хүлээн зөвшөөрч, парламент Үндсэн хуулийг өөрчилж, Засгийн газрын бүтцийг шинээр томилов

2022-12-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

"Зууны мэдээ" сонин, "ТВ9" телевиз 2022 онд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг экспертүүдтэй хамтран нэрлэж байна.

 

 

 

"Зууны мэдээ" сонины сэтгүүлч Т.БАТСАЙХАН бичиж байна

 

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн заасан.  Тэгвэл 2022 он гарахын өмнөхөн УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн дээрх заалтыг  Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж,  цэцэд өргөдөл гаргав. Тэд төрийн байгуулалтай холбоотой дээрх заалтыг Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, 29 дүгээр зүйлийн 1, 70 зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй хэмээн үзсэн байдаг. 


Улмаар гишүүдийн  гомдлоор Цэцэд маргаан үүсгэж, хуралдаан нэлээд хэд хойшилсны эцэст Цэцийн их суудлын хуралдаанаас шийдвэрээ танилцуулсан.   2022 оны наймдугаар сарын 15-нд болсон  Цэцийн их суудлын хуралдаанаас Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Дээрх шийдвэрийг гаргасан ҮХЦ-ийн дарга Н.Чинбат, гишүүн Д.Гангабаатар, Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүн баталсан байдаг. 


 Ийнхүү  Цэцийн шийдвэртэй холбоотойгоор улс төрийн хүрээнд “хөдөлгөөн” үүсч,  парламент 2022 оны  наймдугаар сарын 22-нд ээлжит бус хуралдаан зарлав.  УИХ-ын ээлжит бус чуулганаар Цэцийн дүгнэлтэд нийцүүлэн Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиудыг өөрчлөн давхар дээлний асуудлыг  эцэслэн шийдвэрлэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 39 зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг хүчингүй болголоо. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр биечлэн танилцуулж, Ерөнхийлөгч уг өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм.


Тухайн үед сөрөг хүчин болон зарим гишүүн, хуульч нар “давхар дээл”-ний талаарх Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байв.   Гэвч Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас тухайн шийдвэрийн дагуу өөрчлөлтүүдийг хийсэн юм.  Парламент Үндсэн хуулийг өөрчлөн баталж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баталгаажуулсны дараа ээлжит бус хуралдаанаараа Үндсэн хуулийн  дээрх заалтын дагуу Засгийн газрын бүтцийг өөрчлөн томилох асуудлыг хэлэлцэж эхлэв. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын дөрвөн гишүүн ажиллаж буй Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа танилцуулсан. Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнийн зүгээс шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг сонгохдоо УИХ-д сонгогдсон байдал, мэргэжлийн Байнгын хороог удирдсан байдал, мэргэжлийн болон улс төрийн туршлагыг харгалзан сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болгосон гэдгээ хэлсэн. Парламент ч Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан бүтцийг дэмжиж баталлаа. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Улмаар Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуурхай болгох, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс асуудал эрхэлсэн гурван сайд томилохоор болсон.  Ингээд боомтын сайдын томилгоог түр үлдээж,  нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнийг томилсон юм. 
Харин өмнөх танхимаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайдаар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар хэвээр үлдэв. Мөн “дан дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн бус сайд нараас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм. 


 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын шинэ бүтцийн талаар " Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэ ажлын гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоо зөвхөн сайд нар төдийгүй, төрийн анхан дунд шат, орон нутагт хамааралтайг хатуу сануулъя. Сайд бол албан тушаал биш, цаг нартай уралдан асуудлыг шийдвэрлэж, гал барилцах улс төрийн манлайлагчид байх учиртай”  гэдгийг тодотгож байсан юм. 


Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсан Засгийн газарт шинээр 10 сайд томилогдон 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр парламентад тангараг өргөсөн. Сайд нар, “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг.  
2022 онд улс төрийн хүрээнд нэгэн том үйл явдал өрнөсөн нь Үндсэн хуулийн цэц “давхар дээл”-ийг хүлээн зөвшөөрч, энэ дагуу парламент Үндсэн хуулийг өөрчлөн Засгийн газрын бүтцийг шинээр томиллоо. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 250 (6982)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 17 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 37 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 41 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 44 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 50 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 53 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 2 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 2 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 2 мин