АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлав

2022-12-14
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.БАТСАЙХАН

 

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 17 албан тушаалтны нэрийг зарласан нь улс төрийн хүрээнд гол үйл явдал байлаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат нар мэдээлэл хийж,  тус хэрэгтэй холбоотой хяналт шалгалтын дүн, зарим баримт, тоон мэдээллийг олон нийтэд мэдээлсэн юм. Түүнчлэн нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх 17 албан тушаалтны төлөөлөл АТГ-ын мэдээллийн дараа няцаалт мэдээллийг өгч байв. Өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 

Нүүрсний хулгайд нэр холбогдсон албан тушаалтнууд

Өчигдөр үдээс хойш АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарлалаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох  “Нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 объектод нэгжлэг явуулсан.  Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна” гэв.  Үүнд, 

1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. УИХ-ын дарга асан З.Энхболд 
3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир 
4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат 
5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 
6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 
7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 
8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 
9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 
10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 
11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 
13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир 
14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд 
15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг 
16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр 
17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа зэрэг хүмүүс багтжээ. 
Мөн энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Эдгээр нэр дурдагдсан 17 хүний заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Бид энэ нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байна. Түүнээс хэн нэгний нөлөөнд автсан зүйл байхгүй. АТГ 50 мөрдөгчтэй. Улс орныг хамарсан том хэрэгт манай мөрдөгчид ажиллаж байгаа. Олон нийт маань хүн хүчийг тооцоолж, дэмжлэг үзүүлээрэй гэж хүсэж байна” гэдгийг онцлов. 

 

 

Хариу няцаалтууд

Тэгвэл АТГ-аас мэдээлэл хийсний дараа нүүрсний хэрэгт нэр холбогдсон зарим албан тушаалтнууд хариу тайлбар өглөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биз дээ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар ч бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,  Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар мэдээлэл хийж, нүүрсний хулгайн хэрэгтэй холбоогүй болохоо мэдэгдээд байна. 

 

 

Засгийн газрын байр, суурь

Харин өчигдөр үдээс өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө.   

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:


-"Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн болон олборлолтын үйл ажиллагаанд олон улсын аудитын байгууллага ажиллуулах үүргийг Засгийн газраас өгсөн. Жагсагчдын зүгээс олон улсын экспертүүдээр дүгнэлт гаргуулахыг шаардаж байгаа. "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой газруудыг төрийн мэдэлд байлгахаас илүүтэй олон нийтэд нээлттэй компани болгож, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. "Эрдэнэс Тавантолгой" компанийг тойрсон нүүрсний асуудалд эргэлзээ төрүүлсэн хэд хэдэн томоохон оффтэйк гэрээ байгаа. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын асуудал, Тавантолгой-Богдхан төмөр замын төсөл зэрэг томоохон мөнгөн дүнтэй оффтэйк гэрээнүүд байна. Эдгээр гэрээтэй холбоотой асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа. Монгол Улс 1995-2022 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолжээ.  Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 86 сая тонн, МАК 56.4 сая тонн, “Саусгоби сэндс”  компани 34.5 сая тонн, “Энержи ресурс” 49.8 сая тонн, “Чинхуа МАК” 17.4 сая тонн, “Жижиг Тавантолгой” ХК 17.7 сая тонн, бусад экспортын жижиг компаниуд нийлээд 67.2 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс  хамгийн идэвхтэй нь 2011-2022 онд байсан. Алдагдсан нүүрсний хэмжээ нь зөвхөн хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоох дүн юм. Нүүрс тээврийн салбарт учруулсан хохирлыг таван их наяд төгрөг хэмээн дүгнэж үзсэн байдаг. Тэгвэл татварын албанаас 267 тээврийн компанид хийсэн шалгалтаар 1.1 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, татварын акт тавьсан байдаг. Холбогдох зөрчил нь татвар нуун дарагдуулсан асуудал болон татварын хяналт шалгалтаар тогтоогдож, төлбөр төлөгдөөд явж байгаа. Оффтэйк гэрээнээс үүссэн хохирлыг нэг их наяд 257 тэрбум төгрөг гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс тооцоолол гаргасан. Мөн үүнийг үндэслэлгүй тооцоолол хэмээн үзэж байна. 

 

ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатар:


-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн тодорхой заалтуудад хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт холбогдсон хүмүүс торгуулийн ял эдэлдэггүй байх эрхзүйн зохицуулалт, хуулийн төслийг боловсруулж дууслаа. Мөн ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бэлэн болоод, яамдаас санал авч байна. Үүнд, ҮАБЗ-ийн зөвлөмжид аж ахуйн зориулалттай гэрээ хэлэлцээр байгуулах тухай Засгийн газарт даалгасан шинжтэй зөвлөмж гаргахыг хориглоно гэсэн агуулга оруулж өгсөн. Маргааш /өнөөдөр/ Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтай горимоор УИХ-д өргөн барина. Энэ долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд эдгээр хуулийн төсөл орж байгаа. Мөн үүнийг дагаад төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт өргөн барьж байгаа. Үүний гол агуулга нь аж ахуйн зориулалттай гэрээ, хэлэлцээрүүдийг Төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байх зохицуулалтыг орууллаа. Мөн Эрүүгийн хуулийг дагуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилсөн хуулийн төслийг боловсруулж дуусаж нэгтгэсэн. Нүүрсний хулгайн хэрэг дээр  БНХАУ-ын талаас эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудалд ойлголцолд хүрсэн. 

 

 

Ж.Ганбат: "Бодь интернейшнл" компанид 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, давуу эрх олгосон

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Тус компанид ажилласнаас хойш санхүүгийн сахилга баттай холбоотой учир дутагдалтай зүйлүүд байна.   Нийтлэг нэг алдаа бол ажил гүйцэтгээгүй байхад 20-30 хувийн мөнгийг урьдчилж өгдөг байдлаар ажиллаж ирсэн байна. Гэрээ байгуулаад л маргааш нь урьдчилгаа төлбөрийн 20-30 хувийг нь авдаг. 70 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гэрээг байгуулсныхаа маргааш нь 20 тэрбум төгрөгийг нь өгнө гэдэг асуудал үүссэнээс үүдэн тус компанийн таван албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар өгсөн.  Мөн тендерт журмынхаа дагуу шалгарсан компанитай гэрээ байгуулдаггүй асуудал байна. Яагаад байгуулдаггүй нь тодорхой бус. Ингэсээр байгаад тендерийн хугацаа дуусдаг. Үүнээс үүдэн тухайн компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэх тохиолдол бий. АТГ-т уг асуудлыг шалгаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Төрийн өмчит компанийг эрсдэлд оруулсан гэрээний зүйл заалтын талаар "Бодь интернэшнл" ХХК-ийн ханшаас үүссэн эрсдэлийг "Эрдэнэс Тавантолгой" компани 100 хувь хүлээхээр болсон нь илт давуу байдал үүсгэсэн. Ийм гэрээ байгуулсан нь үнэхээр ноцтой асуудал. Нууц гэдэг зүйлд оруулсан учраас ийм нөхцөл байдалд хүргэсэн. Нүүрсээ тухайн компанид хөнгөлөлттэй үнээр, урьдчилж мөнгийг нь өгөөд, ханшийн эрсдэлийг нь дааж, торгууль алданги бүгдийг нь "Эрдэнэс Тавантолгой" компани хүлээхээр болсон нь илт давуу байдал үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, "Бодь Интернейшнл" компанид 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн" гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 242 (6974)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

4 цаг 2 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 22 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 26 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

4 цаг 29 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

4 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

4 цаг 34 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

5 цаг 38 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 47 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 47 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 47 мин