Түр хороо: Төмөр замуудыг ямар өртгөөр байгуулж, нүүрсээ ямар үнээр гаргасан нь ил болно

2022-12-09
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,  нүүрсний хэргийг Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд  нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж,  ажлын хэсгээс зарим асуудлаар мэдээлэл авав.

 

"Чалко" компани асар том давуу эрх эдэлж байна”

 

УИХ-ын гишүүн Г.Ганболдын ахалсан Хянан шалгах түр хороо нь УИХ-аас нүүрсний хэрэгтэй холбоотойгоор байгуулсан гурав дахь түр хороо юм. Өчигдрийн чуулганаар хянан шалгах хорооны үйл ажиллагааг зургаан сар хүртэлх хугацаагаар сунгалаа.   Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд нүүрсний хэргийг илрүүлэх явцтай  холбоотой  гишүүдэд мэдээлэл өгсөн.  Түүний мэдээллээс эшлэн хүргэж байна.

-Бөмбөлөг тээвэртэй холбоотойгоор "Чалко" компанийн 100 машин ямар оочергүй өдөр болгон гардаг. Тэр компаниас ямар хүсэлт ирж, хэн хүлээж авсан бэ гэдгийг Боомтын зөвлөл, ажлын хэсгүүд шалгаж байна. Нийт 300 гаруй бөмбөлөг үүсч, 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл оочерлож, нэг сард 2-3 удаа гарч байхад 100 машин өдөр бүр гарна гэдэг асар том давуу эрх.

-Оффтейк гэрээнүүдэд хоёр тал харилцан зөвшилцөж байж гэрээг ил болгон гэж тусгасан байна. Бид Хятадын талаас ямар хариу өгөхийг мэдэхгүй ч боломжтой гэрээнүүдийг ил болгох хүсэлтийг Засгийн газарт тавьсан.

- Хяналтын ерөнхий сонсгол хийх ажлын хэсэг байгуулагдсан.  Нууц гэрээнүүдийг ил болгож арванхоёрдугаар сарын 21-нд хэлэлцэнэ. Энэ бол түр хорооны хамгийн том үр дүн. Нууц гэрээний цаана төмөр замуудыг хэчнээн төгрөгөөр байгуулж, үр дүнд нь хэчнээн тонн нүүрсийг ямар үнээр авсныг ил болгоно.

-УИХ-ын гишүүн Т.Доржханд 44 их наяд төгрөгтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ гишүүн манай түр хорооны гишүүн боловч хуралдаа нэг ч суугаагүй. Түр хороон дээр 44 их наядтай холбоотой мөнгөн дүнгийн асуудал яриагүй. Өнөөдөр нийгмийн талцуулж байгаа мэдээллийнхээ төлөө Т.Доржханд хариуцлага хүлээх ёстой.

-Хоосон гарсан гээд байгаа 22664 машин Хятад руу нүүрстэй гарсан гэдгийг нэг талын мэдээллээр нотлох боломжгүй. Тиймээс ГХЯ-аар дамжуулан Хятадын Хөгжил шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулж, хариу ирсэн.  Дахин гаалийн байгууллага руу албан бичиг явуулсан. Энэ чиглэлээр олон байгууллагаас төлбөртэй мэдээлэл авч, бодитоор тайлагнана.

 

Б.Баттөмөр: Нүүрснээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий

 

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр горимын санал хэлэв.  Тэрбээр “Бид далд эдийн засгийн талаар хангалттай ярьсан. Холбогдох арга хэмжээг тухай бүрт нь аваагүйгээс өнөөдрийн айхтар асуудал гарч байна. Нүүрснээс гадна алт дээр асар их хэмжээний хулгай бий. Олборлож байгаа алтныхаа хагасыг тушааж, ченжүүдээр дамжуулдаг. Аж ахуйн нэгжийн АМНАТ-аас зугтдаг. Лиценз тойрсон луйвар байна. Нийт 6200 лицензийг хоорондоо шилжүүлж, ихэнх нь худалдагдсан. Хувийн хэвшлээ дэмжиж байна гээд  бид хулгайг дэмжиж байна.  Тиймээс эхний ээлжинд  Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эдгээр нь Үндсэн хууль болон Сонгуулийн хуулиас илүү ач холбогдолтой. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

- Энэ нүүрсний хулгайг замхаруулах юм руу орж байна. Үүний ард эрх баригчид тээврийн хулгай, оффтейк хулгай, гэрээний хулгайг нууж байна. Тээврийн хулгайд, Цагаанхадаас Ганцмод хүртэл хамгийн ихдээ 120 сая төгрөг буюу 250 ам.доллараар тээвэр хийснээс 125 ам.долларыг Хятадын компани, 125 ам.долларыг эрх баригчид авдаг. Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй.  Оффтейк хулгайгаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх замыг "Голомт" хоёр сая ам.доллараар барьчихаад 4.5 сая ам.доллараар оффтейкийн гэрээ байгуулсан. Дээрээс нь нүүрсээ 60 ам.доллараар авчихаад цаашаа хэдэн зуун ам.доллараар зарсан. Ямар их шунал вэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Түр хорооны хугацааг сунгах хэрэгтэй. Энэ ажил нэлээн эр зориг шаардсан ажил. Ард түмний амьдрал хэцүү байна. "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" ХК гэдэг хоёр өөр компани. Тэгэхээр манай эрх баригчид шүүхээр нотлогдоогүй байхад сөрөг хүчний А.Адъяасүрэн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байгаа нь хууль зөрчиж байгаа юм биш үү. Үүнийг хувь хүнийхээ үүднээс сайн бодоорой. Оффтейк гэрээний асуудлыг нээлттэй ярилцаж байж жагсагчдад тодорхой мэдээлэл өгнө.  “Чалко” компанийн давуу эрхтэй машины талаар яагаад ярихгүй байна. Орон нутгийн "Тавантолгой" ХК-д би тодорхой хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ компани энэ жил нэгж хувьцаандаа 2500-3000 төгрөг тараах юм. Энэ жишгээр 1072 хувьцааг тараах боломж байна гэлээ.

 

Г.Занданшатар: Хуулийн байгууллагад нотлох баримтаа гаргаж өг, Т.Доржханд гишүүн ээ

 

Түүнчлэн өчигдөр үдээс хойшх хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар  УИХ-ын гишүүн Т.Доржхандад хандан “Тэр 40 их наяд төгрөгийг хулгайлсан хүмүүсийнхээ нэрийг зарла. Хуулийн байгууллагад нотлох баримтаа гаргаж өг” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Нийгэмд шүгэл үлээж, Засгийн газар мэдэгдэл хийсэн нь үнэн. Өчигдрөөс Х.Нямбаатар сайд, эрх баригчид 40 их наяд гэж хаана байгаа юм бэ, уучлал гуй гэж байна. Үүнийг Б.Пүрэвдорж гишүүн дэмжиж, жагсана ч гэж байх шиг. МАН-ын захиалгаар хэн нь эсрэг юм ярьж байна вэ. Ардчилсан нам ХҮН бидний орон зайг эзлэх гэж байна гэдгээ болих хэрэгтэй. Бүгдээрээ сөрөг хүчин бол сөрөг хүчин шиг бай. Би өнөөдрийг хүртэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг рүү нэг ч үг хэлж үзээгүй. Энэ хулгай болохгүй байгаа ч ярьсан нь үнэн. Г.Ганболд дарга тоогоо өгөхдөө 6.4 сая тонн байна гэж ярьснаа 2.3 сая тонн болчихсон явж байна.  Тоо бодвол, 40 их наяд төгрөгийг анх Ерөнхий сайд ярьсан шүү. Монгол Улсын эдийн засаг, ДНБ 40-45 их наяд шүү. Тооцооллоор 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан нь үнэн. Түүнд ногдох 10 их наяд төгрөгийн татварын орлогыг алдсан гэдгийг би нотолж чадна. Ямар нэгэн юм гуйвуулаагүй. Засгийн газарт бас тооцоо байгаа байх” гэлээ.

 

Нээлттэй сонсголыг 21-нд хийнэ

 

Ийнхүү парламент нүүрсний хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголыг энэ  сарын 21-нд хийхээр товлоод байна.  УИХ-ын дарга Г.Занданшатар “Нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг Эдийн засгийн байнгын хороонд оруулж, хуулийн дагуу 14 хоногийн бэлтгэл хангаж, арванхоёрдугаар сарын 21-нд нээлттэй сонсгол хийхээр шийдвэрлэлээ. Ард иргэдийн саналыг сонсч, холбогдох гэрч, албан тушаалтан, шүгэл үлээгч, үнэлгээ тогтоосон, мэдээлэлтэй байгаа УИХ-ын гишүүд оролцож мэдээлэх үүрэгтэй. Тэгэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээх болно. Хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах ёстой. Жагсагчдын төлөөллийг оролцуулж, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байна. Нийт 21 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэж, ил тод зарлах хэрэгтэй. Эзэн биегүй хулгайн хэрэг яриад хэрэггүй гэлээ. Өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан ч Засгийн газраас татан авсан учраас чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

4 цаг 34 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

4 цаг 54 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

4 цаг 59 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

5 цаг 1 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

5 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

5 цаг 7 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

6 цаг 11 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

16 цаг 20 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

16 цаг 20 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

16 цаг 20 мин