Т.САЙХАН
Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлахаар болсон. Энэ долоо хоногт болсон МАН-ын бүлгийн хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн уг хуулийн олон дэд ажлын хэсгийг татан буулгаж, нэг ажлын хэсэгтэй болгожээ. Мөн Судалгааны их сургууль гэдгийг Их, дээд сургуулийн хуультай, Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэхээр болсон юм. Тус хуульд орох өөрчлөлтийн талаар тоймлон хүргэж байна.
-Тус хууль батлагдсанаар ерөнхий боловсролын сургуулийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлнэ.
-Нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг шинэчлэх, сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийг оновчтой хувилбарыг тогтоох, сургалтын чанарт суурилсан багшийн цалин, урамшууллыг олгох нөхцөлтэйгөөр жил бүр төсөв, санхүүгийн шударга, зохистой дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ гэжээ.
-Боловсролын зээлийн санг Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт элсэгчдэд их дээд сургууль, коллежийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр ахисан шатны суралцагчдын сурлагын амжилт, судалгааны ажлын чанартай уялдуулан шаардлага хангасан тохиолдолд сургалтын тэтгэлэг, тусламж, зээл олгох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутны болон багшийн хөгжлийн дэмжих хэлбэрээр өөрчлөн зохион байгуулна.
- Дээд боловсролын сургалтын байгууллагын статус, хэв шинж, бүтэц, засаглалын тогтолцоо, хөтөлбөрт тавигдах шаардлага, санхүүжилтийн хэлбэрийг үр ашигтай, оновчтой болгох хэрэгцээ бий. Шинжлэх ухаан, дээд боловсролын уялдааг өргөжүүлэх, судалгааны их сургууль болон шинжлэх ухааныг бэхжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэжээ.
-Их, дээд сургуулийн засаглал, удирдлагын хараат бус, бие даасан байдал хангагдаж, ахисан түвшний сургалт, судалгаа олон улсын жишигт хүрэх боломж бүрдэх юм байна. Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалт нь байгууллагын сургалт, судалгааны гүйцэтгэл болон чанарын удирдлагыг сайжруулахад чиглэж, нээлттэй, оролцогч талуудыг бүрэн хамруулсан тасралтгүй үйл ажиллагаа бүхий тогтолцоог бүрдүүлнэ.
-Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, төрөөс хараат бус, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарсан байна. Боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг бие даалгах, удирдах албан тушаалд томилогдох хүмүүст тавих шалгуур мэргэшсэн, чадахуйн зарчмыг баримталж, эрх үүргийг нарийвчлан тусгасан байна.
-Мөн боловсролын салбарын удирдлагын тогтолцоог оновчтой, улс төрөөс хараат бус, мэрит зарчимд суурилсан байхаар өөрчилнө.
-Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд томилж, чөлөөлдөг бол төсөлд их, дээд сургуулиуд корпорацийн зарчимд шилжиж, зах зээлийн эрэлт, хэрэгцээг мэдэрч, санхүү, төлбөрийн хувьд нэлээн либеральчлагдах юм байна. Тиймээс их, дээд сургуулийн удирдлага, захирал нь ТУЗ-ийнхөө хурлаар, мэрит зарчмаар томилогдож, чөлөөлөгддөг болно.
-Монгол Улсад судалгааны их сургуулийг байгуулах замаар нөөцийг тарамдуулахгүй, зөв менежмент хийхэд төсөл дэх зохицуулалтууд хийсэн байна. Их сургуулийг хэв шинжийн хувьд судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд санхүү болон засаглалын хувьд бие даасан судалгааны их сургуулийг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон гэв.
Эх сурвалж:www.polit.mn