Төсөв-2023: Хэн юу хэлэв?

2022-10-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Өчигдөр болсон хуралдаанаар гишүүд төсөвтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулга, мэдээлэл авч, байр сууриа илэрхийллээ.  2023 оны төсвийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа  “Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл байхгүй.  Хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон том төслүүдийг гацаах ёсгүй.  Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайн тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын эрмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй. Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлно” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэр ч утгаараа ирэх оны төсвийн хэлэлцүүлэг, хэрүүл маргаан, шүүмжлэл багатай өрнөж байна гэхэд болно.  2023 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын гишүүд чуулганы танхимд ямар байр суурь илэрхийлэв.  Энэ талаар эшлэн хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Орон нутаг бие дааж төсвөө бүрдүүлж байгаа таван аймаг байна. Эдгээр таван аймаг маань зөвхөн засвар үйлчилгээ хийгээд зам, эмнэлэг барьж чадахгүй болж байна. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудаа бусадтай адилтгаж, боомилсон төсөв оруулж ирж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-Засгийн газрын өрийн хэмжээ 35.4 их наяд болж өсөж байна. Төсөвт хуримтлал үүсэхгүй байна. Жилд хэдэн төгрөг олоод үүнийгээ хэдэн салбарт тараагаад дуусаж байна.  Хасах зардал олон байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хөдөө аж ахуйн салбар бол татаас өгч байж хөгждөг салбар. Гэтэл ирэх оны төсөв дээр олгох урамшуулал 44 тэрбум төгрөг болж буурсан. Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрт 228 тэрбум төгрөгийг тавьсан гэж байна.  Үүний задаргааг тайлбарлах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Төсвөө дагуулж баахан хууль оруулж ирдэг буруу жишиг байна. Эхлээд хуулиа батлаад хуулийнхаа хүрээнд төсвөө оруулж ирдэг байх хэрэгтэй. Сүүлдээ төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилдөг төсөвтэй болоод гажиг тогтолцоотой боллоо. 2023 оны хөрөнгө оруулалт төсөвт таван их наяд төгрөг байгаа. Гэхдээ шинэ зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, зарласан тендерүүд, хариуцлагагүй компаниуд, буруу төлөвлөлтийнхөө төлбөрийг төлсөн төсөв оруулж ирлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Монгол Улсад хуримтлуулсан нөөц боломж байхгүй. Тиймээс эх орноо хөгжүүлэхийн тулд гадаадаас санхүүжилт олж ирэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байх нь чухал асуудал байна. Жаахан бололцоо гарахаар бүгдийг нь попорч хөөдгөө боль.

 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Монгол Улс 1999 оноос хойш зээлжих зэрэглэл зургаан удаа эерэг, 13 удаа сөрөг байсан. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд төсвийн алдагдал, гадаад өрөө багасгах ёстой. Бид зээлийн таазандаа тохируулж зээл авбал ирэх онд зээлээ төлж чадахгүйд хүрнэ.

 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард баталсан. Гэвч тоонууд нь өөрчлөгдөж орж ирж байна. Зарлага, өрийн хэмжээ 35 их наяд болгож нэмэгдсэн байна

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

- Өрийн тааз, урсгал зардлаа нэмэгдүүлээд үргүй олон зардал гаргахаар байна. Авч байгаа зээл ажлын байр бий болгодоггүй. Импортыг орлох бараа үйлдвэрлэдэггүй, богино хугацаанд үр ашгаа өгдөггүй. Хэрэв өрийн таазыг нэмье гэвэл урсгал зардлаа танах хэрэгтэй. Урсгал зардлаа танахгүйгээр өрийн таазыг нэмэхгүй. Ирэх 2023 онд улсаа дампууруулчихгүй байх хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-ДНБ-ий нийт өсөлтийг таван хувьд хүргэнэ гэж. Бид одоо өр, зээл гэсэн хэдэн тоонд л эргэлдээд байна. Боомт, худалдааны асуудал, экспортыг нэмэгдүүлэх, импортоо орлох асуудалд анхаарах ёстой гэлээ.

 

Өнөөдөр УИХ-ын чуулганаар  2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 200 (6932)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

7 цаг 58 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

8 цаг 17 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

8 цаг 22 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

8 цаг 25 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

8 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

8 цаг 30 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

9 цаг 34 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

19 цаг 43 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

19 цаг 43 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

19 цаг 43 мин