Д.ДАРАМБАЗАР
Эх орны дөрвөн зүг найман зовхисоос анги хамт олон, үеийн нөхдөө төлөөлөн ирсэн шилдэг 23 хугацаат цэргийн алба хаагч ур ухаан, авьяас чадвар, эрдэм мэдлэг, амьдрах ухаан, цэргийн хэргийн мэдлэг болон марш тактикийн төрлөөр анх удаа өрсөлдлөө. ХХЕГ-аас зохион байгуулсан “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн”-ий хүрээнд гурван өдөр болсон “Шилдэг байлдагч" шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв. Тэмцээний сүүлийн өдөр марш тактикийн тэмцээн хэрхэн явагдсан талаар уншигч та бүхэндээ хүргэе.
Өглөөний нар мандахтай зэрэгцэн анги бүрийнхээ шилдгээр шалгарч ирсэн 23 хугацаат цэрэг нэгэн зэрэг босож, тэмцээний талбайн зүг морины зүс танихаас эхлэн марш тактикт оролцохоор нэг командад алхан өглөөг эхлүүлжээ. Биднийг очиход морины зүс таних тэмцээн дуусаж марш тактикийн уралдаан эхлэхэд бэлэн болжээ. Тэмцээн эхлэхийн өмнө хугацаат цэргийн 23 алба хаагч гурван км-ийн зайд явган гүйлтээр марш үйлдэх явцдаа мөр олох, ерөнхий цэргийн саадын зурвас туулах, бай онох, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, сумтай хайрцаг зөөх бэлтгэлийн нормативыг гүйцэтгэж барианд орсноор тэмцээн өндөрлөнө” гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайван хэлж байсан юм. “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн” гурван өдөр үргэлжилсэн учир цэргүүд сугалаа сугалж хэн нь аль тэмцээний түрүүнд, хэн нь хойно гэдгээ мэдсэн байлаа.
Үүний дараагаар эхний тамирчин барианаас гарч марш тактик эхэллээ. Барианаас гарсан эхний тамирчин 600 гаруй метр талбайг гүйж туулсны дараа эхний саад болох мөр олох хэсэгт ирэв. Энэ хэсгийг удирдаж байсан ХХЕГ-ын хилийн хэлтсийн тал хээрийн бүсийн хамгаалалтын оффицер, дэд хурандаа н.Өсөхбаяр рапарт өгч 1-5-ын хоорондох нэг тоог хэлэв. Хэлсэн тооныхоо ойролцоо очиж хэсэг харж зогссоноо хоёр хил зөрчигч нэгнээ үүрэн хил давсан байна гэж даргадаа дамжуулав. Хэсгийг ахалж буй дарга үнэн зөвийг нь цэрэгт хэлснээр дараагийн шат руу гүйв. Мөр олох хэсгийг ахалж буй дэд хурандаа н.Өсөхбаяр “Хил зөрчигчийн явсан чиглэл, хэрэглэсэн залийг зөв тогтоосноор гурван минутын шагналыг ихэнх цэрэг авч байв. Хил зөрчигчийг илрүүлэхдээ явсан чиглэлийг зөв тогтоохгүй бол эрэл буруу болно. Тиймээс чиглэл тогтоох нь чухал. Мөн хүний тоог зөв харах ёстой. Нэгнийхээ мөрөн дээр гишгэж хил нэвтрэх тохиолдол их байдаг” гэв. Харин ерөнхий цэргийн саадад ирэхэд эхний хоёр цэрэг энэ хэсгийг өнгөрчихсөн гурав дахь цэрэг гүйн ирж байлаа. Марш тактикт орж байгаа цэргүүд цагтай уралдаж буй учраас хэсэг бүрт очиход өөр өөр цэргүүд дасгалаа туулж байсан юм. Саадын зурвас дээр хилчин цэрэг нэг хоромд дасгалаа амжилттай гүйцэтгэн цааш явлаа. Дасгалын талаар ХХЕГ-ын Цэргийн албаны хэлтсийн гэрээт цэргийг хариуцсан оффицер, хошууч н.Амар “Хоёрдугаар хэсгийн дасгалуудыг 1.30 секундэд гүйцэтгэхээр тогтсон. Байлдагчид норматив хугацаанд багтвал шагнал авна. Хугацаанаас хэтэрсэн, дасгалыг буруу гүйцэтгэсэн тохиолдолд торгуулийн оноо аваад цааш тэмцээнээ үргэлжлүүлнэ. 30 секундын хугацаа алдсан тохиолдолд нэг торгууль гэх зарчмаар дүрмийг боловсруулсан” гэж байлаа.
Гурав дахь хэсэг буюу буудлагын талбайд ирэхэд мөн эхний дасгалын адил цэрэг удирдаж буй даргад рабат өгч сумаа гаргаж ирэн буугаа цэнэглэлээ. Тушаалын дагуу газар хэвтэн байгаа онилход, дарга галлах команд өгөв. Байг оносон эсэхээ шалгасны дараа дараагийн цэг рүү цэрэг хөдөллөө. Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах хэсэгт очиход хорт утаанаас 100 метрийн зайд хэсгийг ахалж буй офицерүүд хүлээж байв. Буудлагын цэгээс ирсэн цэргийг рабат сонссоны даруй хамгаалалтын хэрэглэлийг зүүлгэж хорт утаа руу оруулав. Хорт утаа руу орсон цэрэг амьгалаа түгжин хоолойгоо сольж, хоёр минут болох ёстой гэж зохион байгуулах хорооноос хэлсэн юм. Үүний дагуу цэргүүд үй олноор устгах хорт утааг өнгөрөн сумтай хайрцаг дээр ирэв. Сумтай хайрцгийг цэгээс нөгөөд хүргэхэд 50 метрийн зайтай. Хайрцаг тус бүр 10 кг жинтэй. Цэрэг өөрийн боломжоор тохируулан гурван хайрцагтай сумыг нэгэн зэрэг эсвэл нэг нэгээр нь зөөх боломжтой. Хугацаагаа хэмнэхийн тулд хоёр хайрцгийн зэрэг зөөж, үлдсэн нэгийг эргэж ирээд авч байлаа. Таван дасгалаа амжилттай гүйцэтгэсний дараа хоёр км газрыг туулан бариандаа орж тэмцээний дүнгээ хүлээн бусад тамирчин хэрхэн оролцож байгааг эхний тамирчид харж байв.
Марш тактикт оролцож буй цэргүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой аж. Энэ тухай эмчээс нь тодруулахад “Бидний зүгээс цусны даралтыг хэмжиж байна. Бусад эрүүл мэндийн үзлэгийг өмнө нь авсан болохоор ямар нэгэн зохиургүй. Тэмцээний явцад шөрмөс татдаг. Тиймээс сайн амарч тэмцээндээ оролцохыг зөвлөж байгаа” гэсэн юм.
Марш тактикийн тэмцээний нийлбэр дүн цагнаас хамааралтай гэж зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Энэ талаар ХХЕГ-ын Цэргийн хэлтсийн албаны дарга, хурандаа н.Ууганбилэгээс тодруулахад “Марш тактикийн тэмцээний бүх дасгал цагийн хэмжүүртэй байдаг. Авсан оноо болгон цаг хугацаанд шилждэг. Богино хугацаанд даалгаврыг биелүүлэх хэрэгтэй болдог учраас өмнө нь судалсан байх хэрэгтэй. Шагнал авах нь даалгавраа онц сайн гүйцэтгэсэн тохиолдолд өгдөг. Онооны нийлбэр дүнг гаргахдаа шагналын оноог цагаас хасаж, торгуулийг нэмснээр цагны нийлбэр гарч хамгийн бага цагийг туулсан цэргийн алба хаагч ялагч болно. Цэгүүд дээр байгаа даалгаврын оноо ижил учир өрсөлдөөнд нэг секундын илүүгээр цэргүүд ялагч болдог” гэсэн юм.
Марш тактикийн тэмцээнд оролцсон шилдэг цэргүүдийн сэтгэгдлийг хүргэе.
С.Саяжаргал: Цэрэгт ирснээр биеэ зөв авч явах чадвартай болсон
-Би 2021 оны II ээлжийн хугацаат цэргийн алба хаахаар Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар ангид татагдаж ирсэн. Хил хамгаалах ерөнхий газраас анх удаа зохион байгуулсан тэргүүний хугацаат цэргийн алба хаагчийг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хамгийн бага оноо авч тэргүүллээ. Хилийн цэрэгт анх татагдаж ирсэн цагаасаа эхлэн суралцаж тэсвэр хатуужлыг олж авч чадлаа. Мөн цэрэгт ирснээр хаана ч биеэ зөв авч явах чадвартай болсон. Тэмцээний хувьд гарааны өмнөх ажиллагаа, марш тактик гэсэн хоёр үе шаттай явагдсан. Хурдан гүйнэ гэж тооцоолсон учраас буудах хэсэг дээр өндөр амьсгаатай очсон. Буудах үедээ амьсгалаа түгжиж байгаад буудсан нь зөв болсон. Үүний ачаар 15 онооноос хоёр оноо алдаж, хоёр минутын шагнал авч тэмцээнээ үргэлжлүүлсэн. Харин хамгийн хүндрэлтэй байсан нь саадтай зурвасыг давах байлаа. Учир нь бусад дасгалыг гүйцэтгэхэд амралт авах боломжтой байсан бол саадтай зурвас гүйх хугацаандаа дасгалаа гүйцэтгэсэн.
О.Мөрөн: Дасгалуудаа гүйцэтгэхэд асуудал гараагүй
-2022 оны I ээлжийн цэрэг татлагаар Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байна. Энэ тэмцээний тухай удирдамж очсны дагуу халагдах болон шинэ цэргүүдийн хооронд шалгалт авч, ангиа төлөөлөх болсон. Марш тактикийн тэмцээний тухайд өндөр газар руу гүйхэд хэцүү байлаа. Харин дасгалуудаа гүйцэтгэхэд асуудал тулгараагүй. Өглөө болсон морины зүс, тамга таних тэмцээн дээр алдаа гаргаж бага оноо авсан болохоор марш тактикийн тэмцээндээ сайн гүйцэтгэлтэй оролцохгүй бол болохгүй гэсэн бодолтойгоор өрсөлдсөн. Морины зүс таних тэмцээн дээр 30 секундын торгууль аваагүй бол марш тактикийн тэмцээнд түрүүлэх байлаа. Өрсөлдөгч тамирчнаасаа найман секундээр хоцорлоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 188, 189 (6920, 6921)