С.САРУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвын хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.
-Жендэрийн эрх тэгш байдлыг өмнө нь иргэний нийгэм, олон улсын байгууллага төрийн байгууллагууд хөндөж гаргаж ирдэг байсан. Харин улс төрийн нам анх удаа жендэрийн асуудалд анхаарч бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүллээ.
-Бид 21 аймгаар явж жендэрийн сургалтуудыг хийж үзлээ. Орон нутгийн түвшинд жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголт мэдээлэл сул байна. Тиймээс намын шат шатанд ажиллаж байгаа удирдлагуудыг мэдээллээр хангах шаардлагатай, тэр дундаа жендэрийн эрх тэгш байдлын талаар зөв ойлголт мэдлэг өгөх хэрэгцээ бий болжээ.
-МАН 101 жилийн түүхэндээ жендэрийн эрх тэгш байдлын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан. Энэ баримт бичгээ хэлэлцүүлье гэж үзлээ.
-Цахим бүртгэлээр МАН 283 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байна. Намын удирдах шат шатны албан тушаалтнуудыг харвал 23.9 хувь нь эмэгтэй байх жишээтэй. Эндээс харвал жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд нэлээн ажил хийж, хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа.
-Дэлхий нийтийг харвал 2015 оноос хойш НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын тавдугаарт жендэрийн эрх тэгш байдлыг хангахаар тусгасан. 196 улс орон 2030 онд тайлангаа тавина. Өөрөөр хэлбэл, жендэрийн эрх тэгш байдал, хүйсийн тэгш харьцаа шийдвэр гаргах түвшинд 50, 50 хувьтай буюу ижил тэнцүү байх зорилго руу дэлхий нийт чиглэж байна.
-Монгол Улсын хувьд нөхцөл байдал өөр. Хууль тогтоомжуудыг авч үзвэл 2011 онд батлагдсан Жендэрийн тухай хуульд хүйсийн харьцааг 25 хувийн босго тавьсан. 2020 оны УИХ-ын тухай хуульд 20 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан. Харин МАН 2017 оны 28-дугаар Их хурлаараа 30 хувиас доошгүй гэж дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Азидаа бол 30 орноос 19-дүгээр байрт орж байгаа нь төр засаг, улс төрийн нам гээд бүх талаар жендэрийн эрх тэгш байдлыг ярих, анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
-Хий хоосон явцуу байдлаар автоматаар квот тавихаас илүү жендэрийн суурь ойлголт, бэлтгэл ажлыг сайн хангах ёстой. Жендэр бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, манай намын хувьд эмэгтэйчүүдийн оролцоо 23.9 хувьтай байгаа учраас тэнцүүлэхийн тулд эмэгтэй хүйсийг ярьж байгаа юм. Магадгүй арваад жилийн дараа эрчүүдийг ярьж эхэлнэ.
-Төрийн албан хаагчдын 61-63 хувь нь эмэгтэй байгаа. Жишээлбэл, намын анхан шатны байгууллага буюу Баянзүрх дүүргийн үүрийн дарга нарын удирдлагуудын 83 хувь нь эмэгтэй. Мэдлэг, боловсрол эзэмших байдал нь хүртэл эмэгтэйчүүд давамгайлж эхэлж байгаа учраас хэсэг хугацааны дараа эрчүүдийг ярих шаардлагатай болно. Тиймээс аль нэг хүйсийн төлөөлөл байна гэдэг заалтыг хуульд оруулж өгдөг.
-Эмэгтэйчүүдийг дэмжье гэхээр автоматаар квот олгоно гэж ойлгодог. Гэтэл үүний цаана хүний нөөцийг бэлтгэх, шилж сонгож дэвшүүлэхдээ эрх тэгш байдлыг хангах учиртай. Хууль дүрэмд заасны дагуу 30 хувьд нь тэнцэхүйц мэдлэг боловсролтой боловсон хүчин аймаг, сум, цаашлаад УИХ-ын хэмжээнд байна уу гэдгийг анхаарч үзэх, эртнээс бэлтгэж боловсруулах шаардлага бий болж байна. Энэ дагуу эрх баригч нам бодлого боловсруулж ажиллая гэж байгаа юм.
-Манай улсын хувьд уламжлалт зан заншил, тогтсон соёлтой холбоотойгоор жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй байх гэх ойлголтыг өөрчилж хүнийг ямар нэг хүйсийн байдлаар харахаас илүү мэдлэг, туршлага, боловсролыг хэмжүүр болгох ойлголтыг төрүүлэхийн тулд намын бүх гишүүддээ сургалт хийхээс эхэлж байгаа. Аль болох өргөн хүрээнд зохион байгуулахын тулд намын гишүүд онлайнаар оролцох боломжийг нээж өгөх зэргээр нөлөөллийн ажлуудыг хийнэ. 283 мянган гишүүндээ ямар нэг байдлаар жендэрийн ойлголтыг хүргэнэ.
-Нам жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичгийг гаргасан нь энэ асуудалд онцгой анхаарч буйн нэг дохио болно. Мөн 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн дагуу улс төрийн намууд жил бүр тайлангаа хүргүүлэх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй намын аль нь ч жендэрийн эрх тэгш байдлын тайлангаа хүргүүлээгүй. Харин хэлэлцүүлэг хийсний маргааш буюу есдүгээр сарын 16-нд Жендэрийн үндэсний хороонд тайлангаа анх удаа хүргүүллээ.
- Жендэрийн эрх тэгш байдал дээр ямар нэг улс төржилтгүйгээр нэг үзэл санаагаар хандъя гэдгийг бусад намууддаа уриалж байгаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах шинэ санал санаачилга байвал нээлттэй хамтарч ажиллая гэдгээ илэрхийлсэн.
-Нам дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах бүтэц байх шаардлагатай гэсэн санал гарсан. Намын Их хурлаас сонгогддог Хяналтын ерөнхий хороо гэж бий. Энэ хорооны бүтцэд Ёс зүйн хороо байдагтай адил Жендэрийн эрх тэгш байдлыг хариуцах нэгж байх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр нам бодлогын баримт бичгээс гадна тусгай бүтэц бий болгоно. Хэлэлцүүлэг өрнүүлж, тайлан өгөөд орхих биш байнгын ахицтай байхын төлөө ажиллана.
-Дараагийн сонгуулиар бодит үр дүн гаргахын тулд яг одооноос хичээх хэрэгтэй. Засгийн газрын түвшинд түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн эмэгтэй сайдтай боллоо. Байнгын хороог мөн гурван эмэгтэй гишүүн даргалж байна. Орчин үед аймгийн зохион байгуулалтад орсноос хойш буюу 91 жилд анх удаа эмэгтэй Засаг даргыг бодлогоор орон нутагт томиллоо. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн удаад ямар байх вэ гэж тест хийж үзэж байгаа хэрэг.
-Ховд аймгийн Засаг даргын томилгооны хувьд ялангуяа баруун аймагт эмэгтэй хүн нэр дэвших хэцүү байсан. Эрэгтэй хүнийг мэдлэг, боловсролыг нь хардаг бол эмэгтэй хүнийг ар гэр, хөрөнгө санхүүгээс эхлээд хувийн байдал руу нь хэтэрхий их анхаарч байгаа нь жендэрийн асуудлыг ярихаас өөр аргагүйг харуулсан. Энэ мэтээр шат шатанд тестэлж үзсэний үндсэн дээр нам бодлогоо боловсруулж байна.
-Намын дэмжлэгээс гадна эмэгтэйчүүд улс төрд орохдоо зоригтой байх ёстой юм билээ. Нийгэм хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалж шантарч болохгүй. Ховдын Э.Болормаа даргын кейс амжилттай болсны дийлэнх хувь нь нэр дэвшигчээс өөрөөс нь хамаарсан. Нам хэдийгээр бодлого гаргаж дэмжсэн ч тухайн хүн шантрах нөхцөл байдал маш их гарсан. Бараг эхнээсээ нэр дэвшихгүй ч байж болох байсан. Энэ бол дан ганц Э.Болормаа, зөвхөн Ховдын асуудал биш. Араас нь явж байгаа олон эмэгтэй, тогтолцоо, процессын асуудал. Нэр дэвшигч зоригтой, шийдвэртээ тууштай байснаараа үр дүн гарч байна. Мөн ажлын үр дүн их чухал байгааг энэ жишээнээс харж болно.
-Тиймээс эмэгтэйчүүд айж, ухрахгүйгээр тэгш эрхээ эдлэх, тууштай байж чадвал хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ. Эмэгтэйчүүд нэгнийгээ дэмжихэд 55-60 хувийн эерэг үр дүн гардаг бол хоёр хүйс хамтарч чадвал 90-98 хувь байгаа. Ялангуяа, намын залуу эрэгтэй улстөрчид жендэрийн асуудлыг хүчтэй ярьж эхэлж байгаа нь хамгийн том үр дүн гэж харж байгаа.
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа тэгш байснаараа, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд илүү их оролцсоноороо нийгэмд олон эерэг үр дүн гардаг. Эмэгтэй удирдагчтай газар бослого тэмцэл гардаггүй. Асуудлыг эерэг зөөлөн аргаар шийдвэрлэдэг. Эдийн засгийн маш үр нөлөөтэй байж, нийгмийн асуудлыг орхигдуулахгүй байгааг олон жишээ судалгаанаас харж болно. Европ 16 жил эмэгтэй удирдагчтай байлаа. Нийгмийн асуудал дээр маш хүртээмжтэй бодлого явуулж чадсан.
-Ер нь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрх талаас нь харвал бүх түвшинд бүх талын төлөөлөл хүртээмжтэй байх шаардлагатай. Хүйсээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүх талын төлөөлөл бүрдэж байж хүний эрх хангагдсан хүмүүнлэг ардчилсан нийгэм бий болно.
-Нүүдэлчин соёл, уламжлал зан заншил хэвшмэл ойлголтоос эхлээд саад бэрхшээл бий. Үүнийг хөгжүүлж, орчин үеийн нийгэмд нийцүүлж иргэн бүрийн оролцоог хангаж авч явах хэрэгтэй. Ямар ч байсан эхэлнэ гэдэг алхам. Байнга анхаарч, ярьж, нийгмийн тодорхой шилжилтээр явж сайн үр дүнд тэмүүлж байх нь чухал. Хэлэлцүүлгийн үеэр олон шинэ санал санаачилга гарсны дотор дунд сургуулийн хөтөлбөрт жендэрийн тухай ойлголтыг суулгах асуудлыг ч хөндлөө. Гэхдээ хэт феминизм рүү орчихвол утгаа алдчих учраас тэнцвэрийг хангах үзэл баримтлалыг бодлогын баримт бичигтээ суулгах хэрэгтэй.
-Цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангахад НҮБ болон Койка-гийн төсөл үргэлжилнэ. Мөн Германы Фридрих Эйбертийн сантай хамтарч залуу эмэгтэй улстөрчдийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эхний үе шатанд 50 эмэгтэйг улс орны өнцөг булан бүрээс шалгаруулсан. Хоёрдугаар шат арваннэгдүгээр сард эхэлнэ. Энэ хөтөлбөрөөр шат шатны сонгуульд эмэгтэй хүний нөөцийг бэлтгэж байгаа. Орон даяар жендэрийн сургалт хийхдээ сайн боловсон хүчнийг олж тодруулж төв рүү авчирч бэлтгээд эргээд 2024 оны сонгуульд шат шатанд нь дэмжих бодлого баримталж байна.
-МАН дэргэдээ эмэгтэйчүүдийн байгууллагатай. Тэнд эмэгтэйчүүдийн манлайлал байх нь чухал. Гэхдээ нас насны төлөөлөл байх нь зүйтэй гэж үзэж НАМЭХ-ны Их хурлаараа дүрэмд өөрчлөлт оруулж шат шатны удирдах ажилтанд насны квот зааж өгөх асуудлыг ярилцсан. Тухайлбал, 18-30 насных нь 25 хувь, 30-40 насных 25 хувь зэргээр нас насны төлөөллийн манлайллыг бий болгоно. Цаашлаад олон өнцгөөс харсан эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэнэ. Ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн хариуцан ажиллаж байгаа. УИХ-ын сонгуульд эрэгтэй, эмэгтэйчүүд санхүүгийн хувьд тэгш гараанаас гарахгүй байгааг халж аль болох мөнгөний хүчин зүйлгүй сонгууль явуулахыг чухалчилж байгаа. 2020 онд нэр дэвших эрхээ авахын тулд дэнчин тавьдаг байсныг болиулсан. Ямар ч нэр дэвшигчдээс дэнчин аваагүй нь эмэгтэйчүүд орж ажиллах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, дэнчингүй болсноор МАН-аас 11 эмэгтэй нэр дэвшиж сонгогдсон. Харин 2024 онд НИТХ, аймаг, дүүрэг, УИХ-д хэдэн эмэгтэй нэр дэвшиж ялалт байгуулснаас өнөөдрийн бидний ажлын үр дүн хамаарна.
Эх сурвалж: www.polit.mn