Сэтгэлгээ, сэдэв, зохиол

2022-09-23
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ш.Баттөр

 

(Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор)

Хүн төрөлхтөн төдийгөөс өдийд хөгжихдөө сэтгэлгээний хүрээнд домгийн, шашны, шинжлэх ухааны хөгжлийн шатыг туулан сэтгэхүйн, бүтээхүйн өвөрмөц, эмх цэгцтэйн, эмх цэгцгүйн уламжлалыг үлдээн ирсэн байдаг. Чингэхдээ аливаа нэгэн уламжлал аливаа нэгэн шинэчлэлийн суурь болдог хийгээд аливаа нэгэн шинэчлэл хожмоо уламжлал болох маргашгүй үнэнийг батлан хөгждөг билээ. Хүн төрөлхтний сэтгэлгээ эрэмбэ ахин шинжлэх ухаанч сэтгэлгээний шатанд нэгэнт дэвшин хөгжсөн хэдий ч домгийн ба шашны сэтгэлгээний үндэс огтхон ч арилахгүй, нөгөө талаар шинжлэх ухааны эрэл хайгуул, нээлтийн суурь нь зарим талаар мөнөөх л домгийн ба шашны сэтгэлгээний үндэс болдог байна. Оюун ухаант хүний хөгжлийн гол үндэс нь эргэцүүлэх, бодох, эргэлзэх, утга учир хайх, олох мөнхийн эрэлхийлэлд оршдог. Энэ ч үүднээс хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл амьдралын болоод орчин тойрон, өөрийн дотоод мөн чанарын утга учрыг тодорхой хэмжээгээр тайлахыг эрмэлзэж ирсний нэгэн баталгаа, илэрхийлэл нь урлаг, тэр дундаа үгийн урлаг юм. “Уран зохиол нийгмийн ухамсрын нэг хэлбэрийн хувьд үнэн байдлыг дүрээр танин мэдсэн уран сэтгэлгээний бүтээл туурвил тул урлагийн бусад бүх төрөлтэй адил, төсөөтэй ерөнхий шинж олонтой. Уран дүрээр үнэн байдлыг тусган, сэтгэлгээг илэрхийлсэн бүх зүйлийг урлагийн аймагт хамааруулж болно... Уран зохиол бол үнэн байдал, хүний амьдрал үйлсийн тухай дүрлэг сэтгэлгээг өнгө будаг, дуу авиа, хөг аялгуу, хөдөлгөөн, эзлэхүүнт биеийн зохицлын арга хэрэглүүрээр гэхээсээ илүүтэй энэ бүхнийг дүрслэх хүний үг ярианы хэрэглүүрээр илэрхийлнэ” / Гаадамба Ш “Утга зохиолын онолын үндэс” УБ.,1989.х.26/.

Орчин тойрны юмс үзэгдлийн учир утгыг тайлахыг хичээсэн өвөг дээдэс аман ба бичгийн уран зохиолын өв санг үлдээсэн байдаг.“Балар эртний үед домог гарах эх үндэс нь хүний ухамсарт сэтгэмжийн дүрээр хувиран туссан бодит байдал буюу байгалийн элдэв үзэгдэл, нийгмийн харилцаа болж байв. Ер нь домгийн үйл явдал нь тухайн үеийнхээ хүнд далдын хүчний юм биш, харин ямар ч эргэлзээгүй ердийн, бодитой зүйл болж байдаг” / Дулам С “Монгол домог зүйн дүр” УБ.,1989.х.8/. Хүний түүхэнд орчлон ертөнц, газар, тэнгэр, нар сар, од эрхэс зэргийн үүсэл гарвалыг хайсан, өөрийн түвшинд домгийн аргаар тайлсан баримт арвин байдаг нь бидний үед аман зохиолын хэлбэрийн уламжлан ирсний нэг нь модны тухай дүр, дүрслэл билээ. “Эртний монголчууд...модны мөчир, бургасыг мөн л дотоод нууц чадлыг агуулсан домгийн дүр болгосон юм. Учир нь модны мөчир, бургасаар чулууны нэгэн адил өөрсдийн аж амьдралд чухал хэрэгтэй зүйл саваа, шөрөг, сум, жад төхөөрч эхэлсэнтэй холбоотой юм... саваа модоор ургамлын үндэс хөрс ухаж, үр жимс олж идэхээс эхлээд гар хуруугаар хүчирдэн дийлэхгүй зүйлийг орлуулан хийж болдог нь эртний хүнд гайхалтай сонин зүйл байжээ. Чухам үүнээс модны мөчир, бургасыг эрхэмлэн үзэх болсон хийгээд үлгэр домогт гардаг шидэт саваа ч тийнхүү үүссэн юм” / Дулам С “Монгол домог зүйн дүр” УБ.,1989.х.26-27/. Сэтгэлгээний хүрээнд ийнхүү мод нь багаж, хөнөөх зэвсэг, гэр ахуйн эдлэл хэрэглэлийн үүргээр нэн чухалд тооцогдохын зэрэгцээ гал зэрэгтэй холбогдон оршихуйн чухал нөхцөлийн илэрхийлэл болсон байна. Өөрөөр хэлбэл, мод нь хүн төрөлхтний оршихуйтай салшгүй холбоотойн учир ахуйн ба сэтгэлгээний хөгжлийн, бэлгэдлийн өндөр ач холбогдолтой, зарим талаар шүтээний үүрэгтэй болжээ. Мод нь амьдрал, эхлэл, үржил, ертөнцийг бэлгэддэг. “Жангар” туулийн “Хонгорын гэрлэсэн бүлэг”-т Тахь Зул хааны үлдэл, Тансаг Бумба хааны ач, Үйзэн алдар хааны хүвгүүн, үргэлжид хорин таван насны дүрээр байдаг Жангар зүүн биеий нь ахалдаг Арслангийн Араг Улаан Хонгорт хатан буулгах гэж явахдаа Замбал хааны;

“Хүрэн хар байшингийн

Өмнө биед ургасан

Гурван галбир зандан

Улиасны сүүдэрт ирж буув” [“Жангар” УБ.,1963.х.28] хэмээн гардаг. “Галбир зандан”, “галбар баасан” мод бол “Тэнгэрийн оронд байдаг хүний уран саналгын мод учир хувцас идээ зэрэг юу санасан бүгдийг хангагч гэх болсон домогтой. Арван эрдэмт мод ч гэдэг. Үүнээ: хүний хүслийг бүтээх, залбирахгүй бол бүтэхгүй, залбирваас бүтэх, цагтаа бүтэх, ямар мэт хүссэнийг гаргах, барагдашгүй гарах, атгаггүй гарах, хойно нь хариу горилохгүй, сэрүүцүүлэн чадагч, амьтны алжаалыг амирлуулагч орон болсон эдгээр болно. Бас сүүдэрт нь суухад хүссэн бүхэн аяндаа биелдэг, диваажингийн таван модны нэг гэдэг” / Сүхбаатар О “Монгол хэлний харь үгийн толь” УБ.,1997.х.58/. “Алтайн магтаал”-д:

“Бургас улиас модон чимэгтэй

Булгийн урсгал усан ундаатай

Өргөн түмэн хүдэр өндөр

Баян хан Алтай нутаг минь гэв гэнэ.

Харгай модон чимэгтэй

Харз усан ундаатай” [Гаадамба Ш, Цэрэнсодном Д “Монгол ардын аман зохиолын дээж бичиг” УБ.,1978.х.65] хэмээн Алтай ханыг магтан дуулсан нь зөвхөн бургас, улиас, харгай ургадаг гэдгийг тодотгосон бус амьдралын эх ундарга усыг модтой холбосон дүрслэл, ус, мод байж нутаг баян болдгийн илэрхийлэл гэж үзэж болно.

Мод нь бодит утгаараа үсэг бичиг, сэтгэлгээний хөгжилд нөлөөлж ирсний жишээ нь бичиг үсгийн дурсгалтай шууд холбогддог. “Монголчуудын үйсэн дээр бичсэн бичгийн хамгийн эртний дурсгал бол дэлхий дахинаа «Алтан ордны үйсэн дээрх бичиг» хэмээн алдаршсан дурсгал юм. Энэ нь X-XV зууны үеийн монголын уран зохиолын ховорхон дурсгал бичгийн нэг юм” / Сампилдэндэв Х “Монголын уран зохиолын түүхийн зарим асуудал” УБ.,1998.х.33/. Чулуу, шавар, илэг, үйс, навч зэрэгт дүрс, үсэг бичиг дүрслэн үлдээж байсан нь хүн төрөлхтний сэтгэлгээний ба ахуйн хөгжлийн үе шатыг харуулсан түүхэн баримт мөн.

Утга зохиолын хөгжлийн бүхий л шатанд модтой холбоотой дүр, дүрслэл, бэлгэдэл байсан, цаашид ч орших нь нэн тодорхой ба монголын уран зохиолын 1990-ээд оны үеийн төлөөлөл болох, нэгэн цагт “Зүс бүгэг андууд” эмхтгэлээр реалист бус уран зохиолын чиг хандлагыг түүчээлсэн Г.Бадамсамбуу “Туулын гурван улхун-ы дэвсэх саглагар мод” хаана вэ?” нэртэй асуудал дэвшүүлсэн судалгааны ном 2014 онд бичиж хэвлүүлсэн байдаг. Ц.Дамдинсүрэнгийн эмхтгэсэн, алдарт “Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой”-д буй “Чингис хааны их өчиг”-т:

“Түг түмэн цэргээ тэргүүлэн явж

Туул мөрний гурван улхын

Дэвсэх саглагар модны язгуураа

Туг бүрээгээ босгон суусан

Тугч болгон Жалайрдай Мухулайдаа бариулсан

Чингис хаан”

хэмээдгийг эш болгон чухам тэр улх модын эрэлд бэдэрсэн Г.Бадамсамбуугийн дэвшүүлсэн санал, дүгнэлтийг шууд дэмжих боломжгүйн адил шууд үгүйсгэх аргагүй.

“1990-ээд оны яруу найрагт постмодерн сэтгэлгээнд суурилан, орон зай, цаг хугацааны уламжлалт дүрслэл, ойлголтоос татгалзах хандлага, уран сайхны сэтгэлгээний шинэ үзэл баримтлал ажиглагдах болсны жишээг яруу найрагч Б.Эрдэнэсолонгын бүтээлээс харж болох бүрэн үндэстэй юм. “Цаг хугацаанд зориулав” шүлэгт нь цаг хугацааг хэсэг хэсгээр нь задлах, эвдэх тухай дүрсэлсэн байдаг нь, эсвэл:

“Дөрвөн улирал

Дөрөө шүргээд өнгөрөхөд

Дөрвөн өөр хүн болчихоод

Аль нь чухам би гэдгээ мэдэхгүй

Анивчин суусаар л байв” [Дөрвөн улирал]

Б.Эрдэнэсолонгын эл шүлгэнд нэг хүн дөрөв болчихоод (5?) аль нь мөн “би” болохоо мэдэхгүй (нэгдүгээр биеэс) асууж буй нь чухамхүү орчин үеийн постмодерн сэтгэлгээ ба уламжлалт буддизмын хоосон чанарын нэгдэл болсон шинжтэй байна. Яруу найрагчийн туйлын үнэн, бурхан, туйлын үүтгэгчийг олох, таних гэсэн хүсэл, эрмэлзэл, эрэл ч шууд дээрх сэтгэлгээнд хамаарах ба жишээлбэл:

“Үнэн хэд вэ, цорын ганц уу

Үгүй байх гэж айж байна” [Зарим илбэ].

Мөн Б.Эрдэнэсолонгын яруу найраг туурвилзүйн хувьд хэл найруулгын энгийн, чөлөөт, бие даасан хэлбэржилттэй, агуулгын хувьд амьдралын үнэнийг таньсан, нээсэн мөн л энгийн гаргалгаа, үнэн бол, гүн ухааны үзэл баримтлал, суурь нь идеализм ба буддизмын нэгдэл маягтай байдгаараа тухайн үеийн яруу найрагчдаас эрс ялгарч байсан юм. Өөрөөр хэлбэл, яруу найрагч Б.Эрдэнэсолонго урлаг, уран зохиол бол ямар нэгэн байдлаар зөвхөн тунхаг биш, ямар нэгэн хоосон хэлбэрдэлт буюу цуурхал, үгүйсгэл, шуугиан биш, яруу найраг бол суурь үзэл санаа, түүнийг илэрхийлэх туурвилзүйн бие даасан хэлбэр юм гэдгийг бүтээлээрээ гарган ирж, батлан үзүүлснээрээ шилжилтийн үеийн яруу найрагт шинэлэг өнгө аяс, мөн чанарыг авчирсан байна” /“ХХ зууны Монголын уран зохиол” УБ.,2017.х.473/

Зохиолч Б.Эрдэнэсолонго яруу найргийн шинэчлэлд тэмүүлэхийн зэрэгцээ урлагийн, тэр дундаа аман зохиол, бичгийн уран зохиолын уламжлалыг ухамсартайгаар буюу ухамсаргүйгээр хадгалж ирсэн нь модны холбогдолтой дүрслэлээс нь тод илэрдэг. Энэ нь нэг талаас зохиолчийн хувийн амьдралын түүх, эзэмшсэн боловсролын эрэмбээс шууд шалтгаалах, өөрөөр хэлбэл нийгэм ба зохиолчийн харилцан нөлөөлөл, төлөвшилтэй холбоотой бол нөгөө талаас уламжлал шинэчлэлийн харилцан хамаарал, залгамж холбооны илэрхийлэл, баталгааны илрэл болох ажээ. Б.Эрдэнэсолонгын яруу найргийн бүтээлд модтой холбоотой дүр, дүрслэл цөөнгүй тохиох нь дээрхийн нэгэн тодорхой баримт болох ба “үүлтэй тэнгэрээс дээгүүр” [Эрдэнэсолонго Б. “Ирээдүйн дурсамж” УБ.,2013.х.8], “...мод шиг ургах охидын гоог” [х.89] зэрэг уламжлалт дүрслэлээс гадна домгийн сэтгэлгээний шууд уламжлал болох модыг үржих, хөгжих, үндэслэн дэгжих, үр удам үлдэн тасралтгүй үргэлжлэх сэтгэлгээ байна. Найрагч байгальд оршигч бүхнийг амьдчилан, хүншүүлэхээс гадна уянгын “би” баатрыг шууд холбон, өөрөөр хэлбэл, ертөнц хийгээд хүнийг нэгэн цул, бүхэл, нэг нэгнээсээ шууд хамааралтай гэж үзжээ.

“Уулс бол хүмүүс юм

Унагасан нулимс нь чулууд юм

Ус мөрөн бол

Уран гоо эмэг минь юм.

Үүлтэй тэнгэрээс дээгүүр

Үзүүртэй модноос доогуур

Үрээ харуулдаж суугаад л

Үлгэр болсон юм, тэд” [х.8]

“Тэнгэрийн үндэс” шүлэгт цааш алив бүхэн үндэс, үүтгэл, уламжлалтайг “тэнгэрийн үндэс, тэвчээрийн үндэс, харанхуйн үндэс, хайрын үндэс”-ийг “тээж төрдөг, тасдаж ургадаг, мэрж амьдардаг, зөөж нисдэг” хэмээн дүрслээд:

“Ургийн мод уруугаа урганам

Унжсан мөчирт нь бид

Хуруугаа хүргэж үзнэм” [х.10]

хэмээсэн нь үл таних хийгээд бүрэн таних тэртээгээс ирсэн бид туйлын үнэнийг олохгүй ч мэдэрдэг болохыг, тэр нь байгалийн зөн совин буюу архетип болохыг найрагчийн сэтгэлгээгээр нээн гаргасан ба цааш “гэртээ харихаар эндээс бид явнам” гэсэн нь мөнөөх л домгийн сэтгэлгээний уламжлал, тодруулбал үхлийг нэгэн гэрээс нөгөө гэрт буцахын, одохын шилжилт гэсэн (“Ханан гэр холдож хадан гэр ойртох” гэх мэт) сэтгэлгээ өнөд бат оршсоор буйн баталгаа болжээ. Яруу найрагч Б.Эрдэнэсолонго модыг хүншүүлэх дүрслэлийн, зүйрлэлийн аргыг уран бүтээлдээ цөөнгүй тусгадаг:

“Өсгийгөө газар зоосон хаврын охид

Өндөр ургасан мод шиг...

Өндөр ургасан, хагас нүцгэн модод

Өлмийгөө өргөөд энд тэндгүй алхаж байна” [“Гээсэн ичгүүр-2”],

“Модод салаа мөчир бүхнээ

Газар шигтгэн доош ургана.

Мод шиг, салаа мөчир бүхэн шиг

Газар шигдэн дээш ургана” [“Миний тэжээсэн гэрэлт цох”] гэх мэт.

Бичгийн уран зохиолын үндэс нь аман зохиол байдгийн үлгэрээр домгийн сэтгэлгээний уламжлал үл тасардаг, үл устдагийн нэгэн баталгааг нэгэн улсын нэгэн үеийн нэгэн зохиолчийн нэг л дүрслэлээр үзүүлэхэд ийм байна.

 

НОМЗҮЙ

 

1. “ХХ зууны Монголын уран зохиол” УБ.,2017

2. Гаадамба Ш “Утга зохиолын онолын үндэс” УБ.,1989

3. Дулам С “Монгол домог зүйн дүр” УБ.,1989

4. Сампилдэндэв Х “Монголын уран зохиолын түүхийн зарим асуудал” УБ.,1998

5. Сүхбаатар О “Монгол хэлний харь үгийн толь” УБ.,1997

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)

 

“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

32 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 42 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 42 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 42 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 42 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 42 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 42 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 42 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 51 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 53 мин