Б.НЯМСҮРЭН
“Шашин хэдийгээр улс төрөөс ангид ч эв нэгдлийг сануулах үүрэгтэй” хэмээн оролцсон төлөөлөгч бүр нь энхтайвныг эрэлхийлсэн үгсийг хэлэлцсээр дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн их хурал Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо хоёр өдөр болж өндөрлөсөн билээ.
Өдгөө 85 настай Ромын хамба Франциск Католик шашны тэргүүн болсноосоо хойш анх удаа тус улсад албан ёсоор айлчилсан.
Дэлхий даяарх 1.36 тэрбум хүнийг үзэл санаагаар нь нэгтгэсэн католик шашны тэргүүн, хүн амынх нь 75 орчим хувь нь муслим шашин шүтдэг, 20 хүрэхгүй хувь нь Христийн болон бусад 40 гаруй шашинд харьяалагддаг олон шашны өлгий нутагт өөрийн биеэр зорин ирсэн нь өнөө жилийн хурал хэр онцгой ач холбогдолтой байсныг илэрхийлж байлаа. Олон улсад улс төрийн болон шашны мөргөлдөөн тасраагүй, цар тахлын дараах хүндрэл бүрэн арилаагүй энэ цагт шашны томоохон зүтгэлтнүүд улс орнуудын тэргүүн нарт хандаж, эв эеийг эрхэмлэхийг уриалсан Тунхаг бичиг гаргаснаа зарласан юм.
Шашны тэргүүлэгчдийн санал нэгдэн баталсан, 35 зүйл бүхий Тунхаг бичгийг ирэх өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд албан ёсны баримт бичиг болгон уламжлах юм байна. Иймээс тус их хурлаас гаргасан Тунхаг бичиг нь шашны гэхээс илүү улс төр, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой баримт бичиг болж байгааг зохион байгуулагч орны зүгээс онцолж байлаа.
Казахстан улс энэхүү арга хэмжээг гурван жил тутамд зохион байгуулж, дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийг өөрийн орноо урин залдаг болоод 19 дэх жилийн нүүрийг үзэж байгаа юм.
Казахстаны Тусгаар тогтнолын ордноо тус улсын ерөнхийлөгч К.Токаев үг хэлснээр нээлтээ хийсэн их хуралд Ромын папаас гадна Аль Азхарын дээд Имам Мухаммед Ахмад Аттаеб, Израйлийн Сефардын тэргүүн Ицхаб Иосиф болон Москвагийн Патриархын сүмийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Митрополит Антоний нарын 50 гаруй орны 100 гаруй зочид хүрэлцэн ирсэн байлаа.
Манай сонины сурвалжлах баг энэ их хурлыг тухай бүрт нь мэдээлж байсан.
Тус их хуралд оролцсон зарим төлөөлөгчийн байр суурийг хүргэж байна.
Монгол Улсаас оролцсон төлөөлөгч, Гандантэгчинлэн хийдийн Да лам Х.Бямбажав:Энхтайван гэдэг өргөн утга агуулгатай хүн төрөлхтний үнэт зүйлсийн нэг
-Дэлхий дахинд дайн дажинтай, хямрал гамшигтай амаргүй цаг үе бий болсныг бид бүгд харж байгаа. Ялангуяа, цар тахлын дараа дэлхийн соён гэгээрлийг түгээгч шашныхан бид нүүр нүүрээрээ учирч, шашин болон соёл иргэншлийн хоорондох үл ойлголцлыг арилгах, хүн төрөлхтний сайн сайхны төлөө дуу нэгтэйгээр Тунхаг бичиг гаргасан нь зарим улс оронд санамж, заримд нь уриалга болох өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мөн Тунхаг бичгийг НҮБ-ын 77 дугаар чуулганы нэгэн гол баримт бичиг болгоно. Тэгэхээр тус чуулганд оролцсон улс орнууд ч бас хүлээн дагах үүрэг хүлээх болов уу гэж бодож байна.
-Ромын пап өөрийн биеэр тус чуулганд оролцсоныг та хэрхэн харж байна вэ?
-Энэ чуулганы хуралдаанд Ромын пап Франциск оролцож байгаа нь түүхэн ач холбогдолтой. Ромын папын хэлсэн мэндчилгээнээс харахад ч хүн төрөлхтөн оюун санааны хямралаас гарах, итгэл үнэмшлээ бий болгох, түүгээрээ оюун санаагаа бататгах тухай ярьж байна. Хүн төрөлхтөн ямар нэг итгэл үнэмшилгүй, тэр байтугай шинжлэх ухааны ололт амжилтад ч итгэл үнэмшилгүй болж байгаа нь ирээдүйд том хямралд орох вий гэсэн болгоомжлолыг бий болгож байна.
-Тус хурлын Нарийн бичгийн дарга нарын хуралдаанд та оролцож, өөрийн үгээ хэлсэн. Таны илтгэлийн гол агуулга юу байв?
-Энхтайван гэдэг бол өргөн утга агуулгатай хүн төрөлхтний үнэт зүйлсийн нэг юм. Олон улсын хувьд энэ нь ард иргэд аюулгүй, дайн дажингүй байх гэсэн ойлголт бий. Нөгөө талаар хувь хүний энхтайван гэж бий. Хүний дотоод сэтгэлийн амар амгалан гэдэг энэ энхтайвны эхлэл юм. Тэгэхээр хүн өөртэйгөө болон бусадтай зөрчилгүй амьдарч чадвал дотоодын энхтайван гэдэг тэр болно. Миний илтгэлийн гол агуулга бол өөрийгөө ялж чадсан хүн бол жинхэнэ баатар юм. Харин бусдын амь насыг хөнөөж, бусдыг гэмтээж байгаа бүхэн шашинд харшилсан, зөвт бус үйлдэл юм гэсэн агуулгатай.
Бүгд Найрамдах Казахстан улсын Гадаад хэргийн Сайд Кайрат Абдрахманов: Монгол бол үлгэр жишээ энхтайванч улс
-Өнөөдрийн хуралдаанд оролцсон шашны төлөөлөгчид бүгд энхтайван, эв нэгдлийн тухай ярьж, сануулж байна. Та Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны том байгууллагын төлөөлөгчийн хувиар мөн Казахстаны Гадаад хэргийн сайдын хувьд энхтайван гэдгийг хэрхэн ойлгодог талаараа Монголын уншигчидтай хуваалцана уу?
-Монгол бол олон улсад төвийг сахьсан, энхтайвны нэг бэлгэ тэмдэг болсон улсын нэг гэж би боддог. Олон улсын хамтын ажиллагааны хамгийн чухал ойлголт бол дайн дажингүй, харилцан бие биеэ ойлгосон, терроризмгүйгээр оршин тогтнох гэж би боддог.
Энэ талаас харвал Монгол Улсын байр суурь олон улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйц байдаг гэж би ойлгодог.
Өнөөдөр дэлхий ертөнцөд харилцан ойлголцол юу юунаас илүү чухал байна.
Казахстан бол өрнө дорныг холбосон, олон шашин зэрэгцэн оршдог улс орны нэг учир шашны тэргүүнүүдийн уулзалт хийхэд хамгийн тохиромжтой улс орнуудын нэг. Энэ үүргээ ч биелүүлж шашны хувьд гүүр болж болох чухал их хурлыг зохион байгуулж байгаад би хувьдаа талархалтай байна. Энэ жилийн оролцогчид өмнөх жилүүдийнхээс харьцангуй өндөр, урьд урьдынхаас олон төлөөлөгч оролцож байгаа нь ч дэлхий нийтээрээ хэлэлцэж, хямралаас гарах арга зам хайж байгааг баталж буй үйл явдал боллоо.
Москвагийн Патриархын сүмийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Митрополит Антоний: Би шашны төлөөлөгчийн хувиар оролцож байна
-Таныхаар энхтайван гэж юу вэ?
-Энхтайван гэдэг шууд ганц үгээр хэлж болохгүй, олон талыг хамарсан цогц асуудал юм. Ялангуяа, шашин гэдэг нэг талаар хүмүүсийн оюун санаанд хүндтэй байр эзэлдэг. Нөгөө талаар бусдад болно болохгүйг зааж сургаж байдаг. Энэ утгаараа бид улс төрийн гэхээс илүү шашны тэргүүлэгчдийн хувиар энэ чуулганд оролцож байгаа. Өмнөх их хуралд ч манай улсаас төлөөлөгчид, оролцож, өөрсдийн үгээ хэлж ирсэн. Тэр зарчмаар өнөөдөр би Оросын Үнэн алдартны сүмийг төлөөлөн оролцож байна. Харин улс төрийн талаар үг хэлэх боломжгүй.
Их Британийн Доркингийн Бишоп Джо Бейли Уэллс: Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь тэдний эрхийг нь хамгаалах хамгийн чухал хэрэгслийн нэг
-Өнөөдрийн чуулганд дөрвөн салбар хуралдаан хэлэлцсэний нэг нь эмэгтэйчүүдийн эрхийн талаар хөндөж байна. Та дэлхийн шашны томоохон эмэгтэй төлөөлөгчийн хувьд эмэгтэйчүүдийн асуудлыг шашны их хуралд тусгайлан хэлэлцэж байгаагийн ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?
-Эмэгтэйчүүдийн эрхийг ярихад хамгийн их тулгамдаж байгаа боловсролын асуудлыг хөндөх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа, ,эмэгтэйчүүдийн боловсролыг нэмэгдүүлж, чадавхжуулах нь тэдний эрхийг хамгаалах хамгийн чухал хэрэгслийн нэг гэж би боддог. Мөн зөвхөн эмэгтэйчүүд биш, эрэгтэйчүүдийг бас чадавхжуулах, эрх тэгш байх ойлголтыг нэмэгдүүлэх нь тулгамдсан гол асуудлын нэг. Ингэж байж хүйсийн тэгш байдал, шударга ёс бий болно гэж боддог. Харамсалтай нь шүүх болон хүчний систем энэ тэгш эрхийг хангахад учир дутагдалтай хандсаар байгаа нь олон улсад хэвээр байна.
-Муслим шашны хувьд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эрх тэгш байна гэдэг нь бараг боломжгүй зүйл мэт?
-Мэдээж шашны энэ эмзэг асуудлыг шууд өөрчлөх талаар ярих боломжгүй ч ирээдүйд тэгш эрхийн асуудал бодитой болох байх гэж итгэж байна. Би бурханд итгэдэгтэйгээ адил үүнд итгэж найдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)