Хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?”

2022-09-20
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Үр хөндөлт, түүний дотор давтан үр хөндөлт өсвөр үеийнхэн, залуучуудын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд 210 сая төгрөг төсөвлөж байсныг уншигч та мэдэх үү.  Манай улс “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ улсын төсвөөс жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах зардал 2009 онд 85 сая төгрөг байсныг 2014 онд 210 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн ч 2015-2018 онд буурч 150 сая төгрөг болсон талаар Засгийн газрын 2017 оны  гуравдугаар сарын 7-ны 78 дугаар тогтоолд дурджээ. Тус тогтоолд дурдсанаар 2017-2021 онд хэрэгжүүлэхэд шаардагдах 33.8 сая төгрөгийг олон улсын байгууллага, гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаж байв. Дээрх төсвийн үзүүлэлтээс харвал Монгол Улсын Засгийн газар жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах төсвийг 3-5 дахин багасгахын сацуу олон улсын байгууллагаас авахаар болжээ. Үүний үр нөлөөгөөр хэдэн мянган эмэгтэй үр хөндүүлж, биеийн болон сэтгэлийн шаналал амссан бол. Цоожтой хаалганы ард нуугдсан нийгмийн хамгийн чухал асуудалд Монголын төр яагаад хайнга хандах болсны учрыг олохоор бид өрхийн эмнэлгүүдийг зорьж, сурвалжлага бэлтгэлээ.

 

Жирэмслэлтээс хамгаалах тариа улсын хэмжээнд тасарчээ

 

“Алив эмээгээ түшээд оруулаад өгөөч”, “Хүүгээ яаралтай үзүүлэх шаардлагатай байна”, “Жирэмсний хяналтдаа орохоор ирлээ” гэсэн яриа сонсогдож, олон хүн бужигнасан энэ газар бол  Баянзүрх дүүргийн XVI хорооны “Насан-Урт” өрхийн эрүүл мэндийн төв юм. Хотын захад байрлах тус өрхийн эмнэлгийн ачаалал эрс ихэссэнийг өрөө бүрийн гадаа ээлжээ хүлээн суух олон хүний урт дараалал бэлхнээ илтгэнэ. “Насан-Урт” өрхийн эмнэлэгт 6900 орчим төрөх насны эмэгтэй байдгаас 400-500 нь  эрсдэлт бүлэгт багтдаг. Тодруулбал, жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг үнэгүй авах зайлшгүй шаардлагатай бүлэгт жирэмслэлтээс хамгаалах эм, тариаг өрхийн эмнэлгээс нь үнэгүй олгох ёстой. Гэтэл “Насан-Урт” өрхийн эмнэлгийн жирэмслэлтээс хамгаалах гурван сарын тарианы нөөц дуусчээ. Учрыг нь тодруулбал, энэ тариа улсын хэмжээнд тасарсан байна. Мөн жирэмснээс хамгаалах эдгээр хэрэгслийг өмнө нь дүүргийн эмнэлгээс ирүүлдэг байсан бол энэ оноос өрхийн эмнэлэг өөрийн санхүүжилтээс гаргаж, шаардлагатай хэрэгслээ авдаг болжээ.

Энэ талаар “Насан-Урт” өрхийн  эрүүл мэндийн төвийн их эмч Ч.Отгонжаргал “Эрсдэлт бүлгийн 19-49 насны эмэгтэйчүүдийн судалгааг сар бүр гаргадаг. Үүнд өрх толгойлсон, хавсарсан эмгэгтэй, хийсвэрээр 3-4 удаа төрсөн, архинд донтсон эмэгтэйчүүд багтдаг. Нийт тоог нь гаргаад түүнд тохирсон эм, хэрэгслээ татан авдаг. Гурван сарын тариа улсын хэмжээнд тасарсан. Бусад хэрэгслийн нөөц хангалттай бий.Спиралыг салбар амбулаторийн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч нар тавьдаг. Өрхийн эмнэлэгт ерөндөг суулгахгүй. Бүртгэлтэй хүмүүс нь хугацаандаа ирээд эм, хэрэгслээ авдаг. Бид гэрээр нь очиж тараах тохиолдол цөөн. Сүүлийн үед залуусын эрүүл мэндийн боловсрол сайжирсан учир эм, бэлгэвчээ ирж авах нь нийтлэг болсон” гэж ярилаа.

Тус өрхийн эмнэлгийн салбар амбулатори нь СЭМҮТ-д байх агаад сардаа таван эмэгтэйд спираль тавьдаг байна. Мөн сар бүр 20 бэлгэвч, жирэмслэлтээс хамгаалах эм 10-15 ширхэгийг хүмүүс өрхийн эмнэлгээсээ ирж авдаг гэсэн дундаж тооцооллыг гаргажээ. Хотын захад байрлах тус өрхийн эмнэлгээс харвал нэгдүгээрт, манай улсад жирэмслэлтээс хамгаалах тарианы хангалттай нөөц байдаггүй юм байна. Хоёрдугаарт, хүмүүс өөрсдөө өрхийн эмнэлэг дээрээ очиж эм, хэрэгслээ авахгүй л бол утсаар холбогдож гэрт нь очиж тараах, хяналт тавих гэсэн эргэх холбоо огт алга.

 

Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд хагас жилд 1.2 сая төгрөг зарцуулжээ

Манай сурвалжлах баг Сансар ШТС-ын урд байрлах Баянзүрх дүүргийн I хорооны “Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо. Тус өрхийн эмнэлэг 2022 он гарснаас хойш жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд зарцуулах төсвөө эмнэлгийн санхүүжилтээсээ гаргажээ. Мөн л дүүргийн эмнэлгээс олгодог байснаа энэ жилээс зогсоосон байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар “Хүн төвт”  өрхийн эмнэлэг жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд 1.2 сая төгрөгийг зарцуулжээ. Жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн жилийн хэрэгцээгээ авдаг хүмүүс ч байдаг аж.

Энэ талаар тус өрхийн эмнэлгийн эмч Э.Эрдэнэцацрал “Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэлд 4-5 төрлийн дааврын эм,бэлгэвч, суулгац багтдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоог эхлээд гаргана. Тэгээд илүү өртөмтгий бүлгийн эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн буюу заавал жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэлд хамруулах хүнийхээ тоог гаргачихаад түүнд тохирсон эм, хамгаалах хэрэгслээ татаж авдаг. Энэ оны хагас жилд 1.2 сая орчим төгрөгт эм, хамгаалах хэрэгслээ татаж авсан. Эрүүл мэндийн даатгалаас нэг хүнд ногдох мөнгөөр тооцож авдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд рүүгээ холбогдоод  шинжилгээ аваад эм, хэрэгслээ ирж  аваарай гэж ярьдаг. Учир нь хүмүүс өөрсдөө ирж эм, хэрэгслээ авах нь цөөн. Энэ нь өрхөөс эм, хамгаалах хэрэгсэл тараадгийг мэддэггүйтэй холбоотой байх. Тиймээс хэсгийн ахлагч нар хааяа гэрээр нь хүргэж өгдөг” гэв.

“Хүн төвт” өрхийн эрүүл мэндийн төвд 10278 иргэн бүртгэлтэй. Түүнээс 3700 орчим нь нөхөн үржихүйн насны  эмэгтэй байгаагаас 137 нь илүү өртөмтгий бүлэгт багтана. Эхний зургаан сарын байдлаар тус эмнэлэг 1210 эмэгтэйг жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээр хангажээ. Хотын төвийн ойролцоо байрлах өрхийн эмнэлгийн тухайд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд зарцуулах төсөв, хүртээмж нь сайн байгааг эмчийн яриа илтгэж байна.

 

Төсвийг нь  хариуцах төрийн байгууллага алга

 

Ийн өрхийн эмнэлгүүдээс сурвалжлага бэлтгэсний дараа гурван асуудал гарч ирлээ. Нэгдүгээрт, жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг дүүргээс олгодогоо зогсоож өрхийн эмнэлгүүддээ хариуцуулдаг болсон байна. Хоёрдугаарт, жирэмслэлтээс хамгаалах тариа улсын хэмжээнд тасарчээ. Гуравдугаарт, эдгээр хэрэгслийн хүртээмж хангалтгүй буюу зорилтот бүлэгтээ бүрэн хүрдэггүй юм байна. Эдгээрт хариулт авахаар бид Эрүүл мэндийн яамтай холбогдлоо. “Өрхийн эмнэлгүүдэд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг тараах ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар хариуцдаг. Ерөнхий төсөв, зарцуулалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар мэднэ” хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. Тиймээс бид НЭМГ-аас тодруулахад “Манай газар үүнийг хариуцдаггүй. Олон улсын байгууллагаас хуваарилалтыг нь хийдэг” гэв. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар “Төсөв санхүүтэй холбоотой асуудлыг ЭМДЕГ, Эрүүл мэндийн яамнаас тодруулаарай” гэсэн юм. Гэтэл  Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/563 дугаар тушаалд “Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв үйлчлэх хүрээний хүн амд шаардлагатай жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээг нэгтгэн, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Мөн жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгсэл нь гурав хүртэл сарын нөөцтэй байх тухай тушаалд тусгажээ. Гэтэл бодит байдал дээр жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн төсөв, зарцуулалттай холбоотой мэдээллийг өгөх төрийн байгууллага олдсонгүй. Энэ нь эдгээр хэрэгсэлд зарцуулах төсвийг эрх мэдэл бүхий хэн нэгэн нь “залгичихсан уу” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.Учир нь  Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 2019 оны долдугаар сарын 5-нд  жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэл татан авах 45 сая 592 мянган төгрөгийн өртөгт  тендер зарласан бол  Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар 2020 оны нэгдүгээр сарын 31-нд  жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл худалдан авах 35 сая төгрөгийн тендер зарлажээ.

Дэлхийн хэмжээнд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулсан нэг ам.доллар тутамд эрсдэлтэй жирэмсэн үеийн тусламж, үйлчилгээтэй холбоотой зардлыг 1.47 ам.доллараар бууруулах боломжтой хэмээн үздэг. Гэтэл манай улс үүнд зарцуулах төсвөө жил ирэх тусам танахын сацуу зорилтот бүлэгтээ хүргэхэд хангалттай хэмжээнд анхаарч чадахгүй байгаа нь харамсалтай. Төсвийг яагаад танасан хийгээд зарцуулалттай холбоотой асуудлыг ямар байгууллага хариуцаж байгааг дараагийн нийтлэлээрээ тодруулан хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 181 (6913)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

51 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 10 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 15 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 18 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 23 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 27 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 36 мин