Б.ДОЛЖИНЖАВ
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл удаан хугацаанд тогтвортой оршин тогтноход мэдээллийн чанар, үнэн бодит, тэнцвэртэй, шуурхай байдал гэсэн олон хүчин зүйл чухал байлаа. Харин олон улсын жишигт нийцсэн сэтгүүл зүйг бий болгохын төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтдаа зүтгэх болсноор олны итгэлийг хүлээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоход илүү нарийн ур чадвар шаардлагатай болов. Үүний нэг нь эх сурвалжуудынхаа хүйсийг тэнцвэртэй байлгаж, олон талын байр суурийг хүргэх гэсэн зорилт юм. Энэ зорилтод хүрэхээр “Зууны мэдээ” сонин, gogo.mn мэдээллийн сайт бусдыгаа түүчээлэн ажиллаж эхлээд байна. Тодруулбал, эдгээр редакцууд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн менторшип хөтөлбөрт шалгарснаар “BBC” агентлагийн тэгш байдлын 50:50 төслийн албан ёсны түнш болж, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд олон шинэчлэл өөрчлөлтийг хийсэн байна.
Ийн “Зууны мэдээ” сонин, gogo.mn сайт “Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж” редакторуудын зөвлөлдөх уулзалтын үеэр туршлагаа бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хуваалцсан юм.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” ШИНЭ БУЛАН НЭЭЛЭЭ
“Зууны мэдээ” сонин “BBC” агентлагийн тэгш байдлын 50:50 төслийн албан ёсны түнш болсон Монголын анхны өдөр тутмын сонин гэдгээрээ онцлогтой. Манай сонин олон улсын байгууллагын түнш болсныхоо хүрээнд эмэгтэй эх сурвалжийнхаа тоог нэмэгдүүлж эрэгтэй эх сурвалжтай эн тэнцүү 50 хувьд хүргэхийн тулд “Эмэгтэйчүүдийн манлайлал” гэсэн шинэ булан нээж, редакцын бодлогоо шинэчлээд байна.
Энэ талаар “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Манай сонин даваа гараг бүрийн дугаарт ордог “Амьдралын тойрог”, “Leaderships forum” булангийнхаа эх сурвалжийг эрэгтэй, эмэгтэйгээр ээлжлэхийн сацуу насны хувьд залуу, ахмад хүнийг сонгон нийтлэлүүдээ бэлтгэхэд анхаарч ирсэн. Үүнээс гадна “50:50”, “1:1” гэсэн булангуудадаа эрэгтэй, эмэгтэй эх сурвалжийн байр суурийг эн тэнцүү хүргэн ажилладаг байлаа. Харин менторшип хөтөлбөрт хамрагдсанаараа гурван зүйлийг өдөр тутмын ажилдаа хэвшүүллээ. Нэгдүгээрт, бүх нийтлэлдээ эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангахаар хичээн ажиллаж байна. Өглөө бүрийн шуурхай хурал дээр тухайн өдрийн сонины эх сурвалжийнхаа хүйсийг хэрхэн тэнцвэртэй байлгах талаар ярилцдаг болсон нь бидний хувьд томоохон дэвшил болсон юм. Хоёрдугаарт, эх сурвалжийн бүртгэлийн хуудсыг хөтөлж эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгахаас гадна гурван түвшний эх сурвалжаа бүртгэж өдөр тутамдаа хэвшүүлж эхэлсэн. Ингэснээр сонирхлын эх сурвалж давамгайлдаг байсан нь буурч мэргэжлийн болон үр дагавар хүртэгсдийн тоо нэмэгдсэн ахицтай ажиллаж байна. Гуравдугаарт, зургаан салбарын 371 эмэгтэй эх сурвалжийн дата санг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хуваалцсанаар бидний ажил их хөнгөрсөн. Нийтлэл бичихэд эх сурвалжийн нэр, дугаар хайх шаардлагагүйгээр богино хугацаанд чанартай нийтлэл бэлтгэх боломж бүрдсэн. Үүнийг баяжуулаад 500 орчим эмэгтэй эх сурвалжийн дата сантай болоод байгаа нь хөтөлбөрийн чухал үр дүнгийн нэг юм. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд хоёр шинэ булан нээсэн. Үүний нэг нь “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” юм. Мэргэжил сонголт, спортоор хичээллэхэд хүйс хамааралгүй гэдгийг олон нийтэд ойлгуулах энэ буландаа эмэгтэй автобусны жолооч, эрэгтэй сувилагч, эрэгтэй бага ангийн багш, эмэгтэй уурхайчин нарыг онцолж 10 гаруй нийтлэл хүргээд байна. Эдгээр нийтлэлүүд уншигчдад маш сайн хүрч байгаа. Нөгөө нь “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан юм. Энэ буландаа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, тэдэнд тулгамдаж байгаа асуудал болоод шийдвэрлэх арга замыг гаргаж ирэхийг зорьж байна. 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь ямар байгааг цувралаар нийтлэх юм. Тухайлбал, Архангай аймгийн тухайд ИТХ-ын 39 төлөөлөгчтэйгээс ес нь буюу 23 хувь нь эмэгтэй байгаа юм. Мөн редакцийн бодлогоо шинэчилж, хүн амын 50 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү хүргэхийг тусгасан. Уншигчдадаа сониныхоо нийтлэлийн бодлогыг нээлттэй болгож, сониныхоо “хөл” хэсэгт QR байдлаар байршуулсан нь технологийн нэгэн дэвшил юм. 50:50 хөтөлбөрийн хүрээнд эх сурвалжийн тоог эн тэнцүү болгоно гэсэн томоохон зорилт тавьж, эмэгтэй эх сурвалжийг олж, бэлтгэх чиглэлд анхаарахаар зорьж байна” гэсэн юм.
GOGO.MN САЙТ “ТЭНЦВЭР” САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Харин gogo.mn сайтын тухайд “BBC” агентлагийн тэгш байдлын 50:50 төслийн албан ёсны түнш болсон Монголын анхны мэдээллийн сайт болсон юм. Ингэснээр тус сайт эх сурвалжийнхаа хүйсийг тэнцвэртэй болгох “Тэнцвэр” санаачилгыг эхлүүлэн ажиллаж байна.
Энэ талаар gogo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Мэдрэмжтэй мэдээлье менторшип” хөтөлбөрт редакцаараа хамрагдсанаараа “Тэнцвэр” санаачилгыг эхлүүлж өдөр бүр сайтдаа нийтэлж байгаа мэдээллийнхээ тоог гаргаад, түүнээсээ эрэгтэй, эмэгтэй эх сурвалжийнхаа тоог бүртгэж эхэлсэн. Ингэснээр их өөрчлөлт гарсан. Ер нь хэмжиж чадахгүй бол үнэлж чадахгүй. Үнэлж чадахгүй бол ямар ч өөрчлөлт гарахгүй юм билээ. Эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлаас гадна эх сурвалжийнхаа түвшинг тэнцвэржүүлэхэд бид анхаарч ажиллаж байна. Тухайлбал, мэргэжлийн, сонирхлын, үр дагавар хүртэгсдийн гэсэн байдлаар эх сурвалжаа ангилж, мэдээ бүрт гурван талын эх сурвалжийг оруулах гэсэн маш чухал зүйлээ бид анзааралгүй орхисноо менторшип хөтөлбөрийн хүрээнд олж мэдлээ. Манай сайтын тухайд нийт мэдээллийн 90 хувь нь сонирхлын бүлгийн эх сурвалж байв. Тиймээс үр дагавар хүртэгсдийн бүлгийн тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллахаа ярилцаж, хэрэгжүүлэхэд анхаарч байна” гэсэн юм.
Ийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжийнхаа хүйсийг тэнцвэртэй болгох, эмэгтэй эх сурвалжийнхаа тоог нэмэгдүүлснээр уншигчдынхаа итгэлийг хүлээж, тоог нь нэмэгдүүлсэн ахиц дэвшилтэй ажиллаж байна. Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Манай Монгол шиг өрсөлдөөн ихтэй зах зээлд хараат бусаар ажиллахыг хүсвэл хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээх нь чухал. Энэ итгэлийг олж авахын тулд тэдний дуу хоолой болох ёстой. Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар ямар шийдвэр гаргасныг нь мэдээлэхээс бус тус шийдвэр иргэдэд яаж нөлөөлж байгааг мэдээлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дутмаг байна. Тодруулбал, бид эрх баригчдын дуу хоолой болчхоод байгаа юм. Тиймээс янз бүрийн хүйс, олон талын салбарын хүмүүсийн байр суурийг хүргэхэд хэвлэлүүд анхаарснаар хэрэглэгчдээ татаж, тэднээс төлбөр авч хараат бусаар үйл ажиллагаа явуулах хөрсөө бэлдэх юм. BBC-гийн мэдээлэл эрэгтэй, эмэгтэй эх сурвалжийг тэнцвэртэй оруулснаараа хэрэглэгчдийн тоогоо эрс нэмсэн” гэсэн юм.
Эх сурвалжийнхаа хүйсийг тэнцвэржүүлэхээс гадна бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр суурийг тэнцвэртэй хүргэхэд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарч уншигч, үзэгч, сонсогчдоо татах нь трэнд болжээ. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч “Зууны мэдээ” сонин, gogo.mn сайт шиг олон улсын байгууллагын түнш болох үүд хаалга нээлттэй байгааг уулзалтын үеэр онцолж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)