Сэтгүүлч Б.Нямсүрэн Казахстаны нийслэл Нур-Султан хотоос мэдээлж байна.
Дэлхийн болон Уламжлалт шашны тэргүүнүүдийн долдугаар Их хурал Бүгд Найрамдах Казакстан улсын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 13-15-ны өдрүүдэд болж байна.
Будда, Христ, Ислам зэрэг дэлхийн болон уламжлалт шашны 60 гаруй орны 100 гаруй төлөөлөгч чуулж буй энэхүү өндөр хэмжээний чуулганд Католик шашны тэргүүн, Ромын пап Франциск, Аль Азхарын дээд Имам Мухаммед Ахмад Ат-Тайеб, Израйлийн Сефардын тэргүүн Ицхак Иосиф зэрэг шашны өндөр дээд хэргэмтнүүд хүрэлцэн иржээ. Манай улсаас Дашчойлан хийдийн хамба лам Ч.Дамбажав, Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав нар оролцож байгаа юм.
Ромын пап Франциск өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь энэ удаагийн чуулганы онцлог үйл явдал болж байна. Католик шашны Гэгээн эцэг Франциск Ватиканы тэргүүн болсноос хойш анх удаа Казахстан улсад албан ёсоор айлчилж байгаа нь энэ. Өмнө нь 2001 онд Ромын пап II Иоанн Павел тус улсад айлчилж байжээ.
Казахстан бол Төв Азийн олон үндэстний соёлыг агуулсан, олон шашин адил тэгш орших өвөрмөц соёлтой улс орны нэг. Хүн амын 72 орчим хувь нь Исламын, 23 орчим нь Христийн шашин шүтдэг бөгөөд тав орчим хувь нь буддын болон бусад шашинтай аж.
Ромын пап Франциск Казахстан улсад ирмэгцээ тус улсын Ерөнхийлөгч К.Токаевтай уулзсаны дараа төр засгийн өндөр албаныхан, дипломат төлөөлөгчдийн газрынхан болон иргэний нийгмийн төлөөлөлд хандан үг хэлснээр түүний албан ёсны айлчлал эхэллээ.
Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүлэгчдийн долоо дахь удаагийн энэхүү чуулган “Цар тахлын дараах хүн төрөлхтний оюун санааны болон нийгмийн хөгжилд шашны удирдагчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийг уриа болгон дэвшүүлжээ.
Казахстаны бахархал болсон Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн чуулга уулзалтыг нээж тус улсын Ерөнхийлөгч К.Токаев үг хэллээ. Ерөнхийлөгч К.Токаев “Дэлхий дахинд улс төр болон шашны байдал хурцадмал байгаа энэ цаг үед Ромын Пап Франциск тэргүүтэй олон шашны төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цар тахлын дараах амаргүй нөхцөлд энэхүү дээд хэмжээний уулзалтыг өөрийн улсдаа зохион байгуулж байгаа нь дэлхий нийтийн энх тайван, эв нэгдлийг батжуулах, хүн төрөлхтний сайн сайхны төлөө шашны зүтгэлтнүүд өөрсдийн байр сууриа нэгдмэл байдлаар илэрхийлэх нэгэн гүүр болж байна” хэмээн онцолсон юм.
Ромын хамба лам Франциск хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа дөрвөн сорилтыг хэлсэн үгэндээ онцолсон байна. Үүнд цар тахлын дараах эмзэг байдал ба хариуцлага, энх тайван амар амгалан, бие биесээ хүлээн зөвшөөрөх болон нэгэн гэр болсон дэлхийгээ хайрлах зэрэг багтжээ.
“Бурхан бол амар амгалан юм. Тэр биднийг дайны замаар бус, энх тайвны замд хөтөлдөг. Тиймээс, зөрчилт асуудлыг хүч чадал, зэвсэг, заналхийллээр бус, харин бурхны ивээсэн цорын ганц арга хэрэгслээр шийдвэрлэх ёстой. Энэ бол уулзалт, яриа хэлэлцээ, тэр дундаа тэвчээртэй хэлэлцээр юм. Бид ирээдүй хойч үеийнхэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхдээ зэвсэглэл, хүчирхийлэлд бус, боловсролд хөрөнгө оруулцгаая” хэмээн онцлов.
Мөн “COVID-19 тахал нь хүн бүрийг "нэг завинд" суулгасан бөгөөд бид цаашид эв нэгдэлтэй, оршин тогтнох нь зайлшгүй. Хүн төрөлхтний оюун санааны тэргүүлэгчид гэгддэг шашны зүтгэлтнүүд бид энэ хэцүү цаг үед эв нэгдлийг эрхэмлэхэд уриалан түүчээлж, хүнд цаг үеийг хамтран туулах ёстой. Шашин бол хүн төрөлхтний итгэл үнэмшил бөгөөд хүний өөрийнх мөн чанарын нэг билээ” гэв.
Тус чуулганы үеэр НҮБ-ын тэргүүн Гутерриш Антониу хуралд оролцогчдод хандан видео мэндчилгээ илгээжээ. Тэрбээр “Хүн төрөлхтөнд итгэл найдвар, сүсэг бишрэл хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна” хэмээн онцолжээ.
Сүүлийн жилүүдэд зөвхөн цар тахал гэлтгүй, олон улсын харилцаа, шашин хоорондын байдал эмзэг байгаа амаргүй цаг үед шашны тэргүүнүүд ийнхүү нэгэн дор цуглаж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж байгаа нь дан ганц шашны бус, улс төр, геополитикийн хувьд ч өндөр ач холбогдолтой чуулган болж байна гэж олон улсын хэвлэлүүд ч онцлон мэдээлж байна.
Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүлэгчдийн долдугаар Их хуралд оролцож байгаа төлөөлөгчдийн сэтгэгдлээс хүргэе.
Монгол дахь Католик шашны тэргүүн Жиоржио Маренго: Монгол Улс дэлхийн энх тайвны төлөө чухал үүрэг гүйцэтгэдэг
-Юуны өмнө саяхан Ромын хамба лам Францискаас Кардинал цол хүртсэнд баяр хүргэе. Та энэ хуралд оролцож байгаа томоохон төлөөлөгчийн хувьд чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ. Монгол дахь Католик шашны тэргүүний хувьд энэ хуралд ямар оролцоотой байгаа вэ?
-Маш их баярлалаа. Би энэ эрхэм хүндэт цолыг хүртээд удаагүй байна. Мөн Монгол Улсад анх хөл тавьснаас хойш 19 жил болсон байна.
Шашны төлөөлөгч гэдэг дэлхий дахины энх тайвны төлөө зүтгэж ажиллах үүрэгтэй хүмүүс юм. Энэ утгаараа өнөөдөр олон шашны тэргүүлэгч нэгэн дор цуглаж, дэлхий дахины энх тайвны төлөөх үүргээ хэлэлцэн, нэгдэж байгаа нь энэ чуулганы ач холбогдлыг хэр өндөр гэдгийг илэрхийлж байна. Ялангуяа Монгол Улс бол дэлхийн улс орнуудын энх тайван эв найрамдалд чухал үүрэгтэй гэж би боддог. Монголын газар нутагт олон шашин, олон соёл иргэншил нэгэн дор оршин тогтнож ирсэн баялаг түүхтэй. Миний бодлоор энэхүү байр суурь нь өнөөдөр ч хэвээр байгаа, бусад улс орнууд ч Монголоос үлгэр жишээ авч болно.
-Ромын Хамба лам Франциск энэ чуулганд анх удаа оролцож байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?
Долоо дахь удаагийн энэ чуулганд Хамба лам Франциск анх удаа хүрэлцэн ирж, өөрийн туршлага, сургаалиараа дамжуулан олон нийтэд үг хэллээ. Мөн бусад шашны тэргүүлэгчтэй санал солилцож, хүн төрөлхтний эв нэгдлийн төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж байгааг дэлхий нийт ч томоохон үйл явдал гэж дүгнэж байгаа юм.
Дашчойлан хийдийн хамба лам Ч.Дамбажав: Шашны тэргүүлэгчид энх тайван, эв найрамдлын төлөө үгээ хэлж байна
-Дэлхийн болон уламжлалт шашны тэргүүнүүдийн чуулга уулзалтад би долоо дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа анх удаа шашны томоохон зүтгэлтнүүд оролцож байгаагаараа онцлог юм. Мөн Ромын пап Франциск өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь томоохон үйл явдал боллоо. Хүн төрөлхтний энх тайвны төлөөх энэ чуулганд оролцож буй шашны тэргүүлэгчид энх тайван, эв найрамдлын төлөө үгээ хэлж байгаа нь буддын шашны үндсэн үзэл болох амар амгалан, бусдыг уучлан өршөөх, энэрэнгүй нигүүлсэнгүй байх үзэл баримтлалтай нийцэн зохицож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)