Т.САЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Дархан арьс, ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг урьж, ярилцсан. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- -Манай улс арьс ширний үйлдвэрлэлийн арвин баялаг түүхтэй орон. 1934 оноос энэ салбар хөгжиж, арьс ширний үйлдвэрүүд бий болж байсан. Улмаар 1954 онд төр засгийн тогтоол гарч, худалдаа бэлтгэлийн ангийг байгуулж асуудалд өргөн хүрээнд хандаж ирсэн.
- -“Дархан арьс, ширний цогцолбор” нь Италь, Испани, Хятад, Монголын компаниудаар ТЭЗҮ, зураг төслөө хийлгэсэн. 225 сая.ам долларын төсөл. Одоо Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйлдвэрийн районд баригдаж байна.
- -Бид үйлдвэрээс гарах химийн бохирдолтой усыг цэвэрлэж, саарал ус болгоод загас амьдрах боломжтой цөөрөм хийх байдлаар төлөвлөсөн. Мөн Дархан Сэлэнгийн бүс нутагт Монгол Улсын эдийн засгийн эргэлтэнд орсон төмрийн хүдрийн 68 хувь нь байна. Үүнийгээ дагаад үйлдвэр олон бий. Хүдрийг баяжуулахад маш их ус хэрэглэнэ. Тэндэнд бид саарал ус нийлүүлэх боломжтой байдлаар тооцоолсон.
- -Цогцолбор цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн. 16 мегаваттын хос хэлхээт буюу бараг хоёр жижиг аймгийг хангахуйц дэд станцыг агаарын шугамтай нь хамт бариад байгаа. Одоо гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай байна. 3.9 км инженерийн шугам хоолойг хийж гүйцэтгэсэн. Ингэж бид цэвэрлэх байгууламж, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн ажилдаа 40 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байна.
- -Цаашид нэмүү өртгийн сүлжээ, кластер, хоёрдугаарт, үйлдвэрлэлийн байгаль, нийгэм, эдийн засгийн үр ашигт аж үйлдвэрийн парк, гуравдугаарт, гадаад худалдаа, ложистик дижитал шилжилтийн гэсэн гурван том бодлогыг төр, хувийн хэвшил, олон нийт хамтран хэрэгжүүлж байж арьс ширний үйлдвэрлэлийн салбар хөгжиж, түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулна. Олон улсад ч ийм зарчмаар явсан үйлдвэрлэл хөгжиж байна.
- -Манай цогцолборын хүчин чадал нь арьсаар 10 сая, завод ноос ноолуураар 11 мянган тонн байна. 13 үйлдвэрээс ес нь бог малын үйлдвэр. Нэг үйлдвэрийнх нь хүчин чадал жилийн нэг сая буюу хоногийн 4000 юм. Бод малын нэг үйлдвэрийн хоногийн хүчин чадал нь 1000, жилийн хүчин чадал нь 250 – 350 мянган бодын арьс боловсруулах боломжтой байх юм.
- -Олон улсын туршлагаас харахад аж үйлдвэрийн паркыг барихад зохицуулагч, хөгжүүлэгч, ажиллуулагч, үйл ажиллагаа эрхлэгчид гэсэн дөрвөн оролцогчид оролцдог. Төр бол зохицуулагчаас эхлээд тодорхой дүрэм журмыг өгөх, шийдвэрүүд гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Хөгжүүлэлтийн үе бол хамгийн чухал үе. Манай төсөл хөгжүүлэлтийн эхний гурван түвшингээс дөрөвдүгээр түвшин дээр явж байна.
- -Төрийн зүгээс дэмжээгүй биш дэмжсэн. Гэхдээ нэг асуудал үүссэн нь төр нэг гараараа хийсэн зүйлээ нөгөө гараараа устгах байдал манай цогцолбор дээр үүсч болзошгүй байгаад харамсаж байна. Төрийн зүгээс манай цогцолборын хажууд дахин нэг төрийн өмчит цогцолбор байгуулж, асуудлыг ойлгомжгүй байдалд хүргээд байна.
- -Бидний хувьд төр засгийн холбогдох байгууллагууд, салбарынхантайгаа хамт олон хүнд асуудлыг сүүлийн 10 орчим жилийн хугацаанд тууллаа. Төр хувийн хэвшил хамтарч байж шийдэх гарцуудаа ч оллоо. Хамгийн гол нь таваар бэлтгэлийн тогтолцоо, аж үйлдвэрийн паркийн олон улсын туршлага, аргачлал, экспортын гадаад худалдааны бодлого дээр одоо төрийн оролцоо хэрэгтэй байна.
- -Төр, хувийн хэвшил хийх ёстой ажлуудаа л хийж хэрэгжүүлэх бодлогын зарчим энэ салбарт алдагдаж болохгүй. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, аль алиныгаа хохироох нь хэнд ч ашиггүй. Харин Монгол Улс хохирно. “Дарханы арьс ширний цогцолбор” эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавьж, аж үйлдвэрийн салбар хөгжиж чадахгүй байгаа энэ чөтгөрийн тойргоос гарах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж:www.polit.mn