
Т.САЙХАН
Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирлыг чөлөөлөх шийдвэрийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь ОХУ-ын ЭСЯ-наас энэ сарын 10-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ "Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гарын үсэг бүхий, тус сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг Оросын талд өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байна. Энэ байгууллагын даргыг огцруулах асуудал нь үүсгэн байгуулалтын баримт бичигт хууль ёсоор зохицуулагдаагүй бөгөөд Оросын үүсгэн байгуулагчтай нэн даруй зөвлөлдөх шаардлагатай байна. Сургуулийн дүрэмд зөвхөн Монгол Улсын БШУЯ-ыг яамны томилох эрхийн тухай заалт бий боловч захирлыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай огт дурдаагүй. Хууль зүйн шинжлэх ухаанд нэг эрх нь автоматаар нөгөө эрхийг бий болгох албагүй" гэсэн байв. Энэ талаар Л.Энх-Амгалан "Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол эргэлт буцалтгүй шийдвэр. Орос 3 дугаар сургуулийн захирал байсан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Монгол Улс бол туурга тусгаар улс. Засгийн газрын, тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг цаг болоогүй байсан, тэдэн цагт тушаал шийдвэр нь гарна гэх мэтээр болчимгүй мэдээллийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл. Үүн дээр Гадаад харилцааны яамнаас нот бичиг илгээх болов уу гэж бодож байна. Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр цэг тавьсан" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn