Э.ТӨГӨЛДӨР
Цаг бол залуусын өөрийгөө илэрхийлэх гоёл, бугуйн тун чамин чимэг. Орчин үеийн залуус дэгжин, загварлаг, өнгөлөг цагийг их сонирхож байна. Залуусын сонирхож байгаа гол брэндүүд гэвэл Emporio Armani, Fossil, Michael Kors, Diesel зэргээс гадна сүүлийн үед орж ирж байгаа Америкийн Tommy Hilfiger брэндийг сонирхох болсон. Офиссын ажилтай залуус Шведийн Daniel Wellington гээд цагаар гангарах болсон. Энгийн, цэвэрхэн загварын цагаа ажлын цагаар хэрэглэнэ. Харин амралтын цагаар Armani гэх зэргээр сэлгэж зүүдэг. Нэг үгээр хэлбэл, санхүүгийн хувьд боломжтой залуус өөрийн гэсэн дор хаяж гурван цагтай байна. Амралтын үед, найз нөхөдтэйгөө уулзах, ажил төрөлдөө гэх зэргээр ангилж зүүдэг. Бүр цаашлаад долоо хоногийн өдөр бүр сэлгэж зүүх долоон цагтай ч байдаг. Цагны төгс хэрэглээ гэвэл ингэж задалж ярина хэмээн цаганд дурлаж, үүнд мэргэшсэн Ж.Чулуунбат нэгэн ярилцлагадаа дурьджээ.
Тэгвэл өнөөдөр залуучууд илүү чамин гэхээсээ илүүтэйгээр ухаалаг цагийг сонгох болсон гэх судалгаа байна. Учир нь мэдээллийн урсгал нэмэгдэхийн хэрээр бид улам л завгүй, ачаалалтай байх болов. Орчин үед бид илүүг бүтээж, нэг алхам урд алхахын тулд нэг ёсондоо нийгмийн трендтэй, цаг хугацаатай уралдах шаардлагатай болоод байна. Тийм ч учраас цаг, энерги хэмнэх, ажил хөнгөвчлөх шинэ технологи, арга замуудыг эрэлхийлэн, өөрт тохирохыг олж зөв зохистой хэрэглэх нь нэн чухал юм гэж цаг сонирхогчид бичиж байна. Тиймээс орчин үеийн залуус ямар цаг зүүвэл зохистой талаар дэлхийн цагны тухай сайтууд хэрхэн бичсэнийг сонирхоё.
Гоёлын цаг болгон адилгүй
Гоё ганган цаг зөвхөн үнэт металл, олноо танигдсан брэндийн нэрнээс шалтгаалахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө гялалзсан эд зүйлс худалдан авахдаа урьдчилан сайн судлах хэрэгтэй болов уу. Эх үүсвэрийг дэлхий дахинаа үйлчилдэг цахим хуудаснуудаас мэдэх боломж байхад хэдэн зуугаар хуулбарлaсан цаг зүүх нь өөрийгөө илтгэх зүйл биш гэж manofmany.com цахим хэвлэлд бичжээ.
Үнэтэй байх албагүй
Бугуйн цагны чанарт үнэ нөлөөлөхгүй гэж хэлж болно. 250 ам.доллараас хямдхан сайн цагнуудыг захаас амархан олж болох бөгөөд кварц цагнаас найдвартай ажилладаг нь ч байдаг аж.
Ухаалаг цаг энгийн
Ухаалаг цаг нь хэтэрхий олон нарийн төвөгтэй функцгүй байдаг. Ухаалаг гар утас эсвэл iPhone ашигладаг хүмүүст үүнийг сурахад тийм ч төвөгтэй санагддаггүй. Багаж хэрэгсэлд дуртай хүмүүс ухаалаг цагны үйлчилгээний талаар хурдан мэдэж авах боломжтой. Ухаалаг цаг нь ердийн цагнаас илүү гар утастай тэнцүү олон функцтэй. Энэ нь танд зүрхний цохилт, алхам тоолох гэх мэт зүйлийг нарийн төвөгтэй тооцоололгүйгээр, зайны асар том аппликейшнгүйгээр хянахад тусалдаг гэж “lifewire” сайтад бичжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)