М.СУРА
НИТХ-ын ээлжит XV хуралдаан хуралдаж байна. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг.
95 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦӨЛЛӨӨ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулав. Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгууллаа.
Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ. Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ өртөг 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.
Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.
24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛЖЭЭ
НЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагууд дүүрэг, хороодтойгоо хамтран, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан, 24 цагийн ажиллагаатай Шуурхай штабыг байгуулжээ. Ингэснээр айл өрхүүдэд угаарын хий мэдрэгдсэн тохиолдолд Шуурхай штабын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах аж. Мөн угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэж, угаарын хийд хордсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дадсан, иргэд мэдлэг, мэдээлэлтэй байгаа. Гэвч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдэд мэдээлэл хүргэж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулах, зөв ашиглах зааврыг өгөх нь нэн түрүүний ажил болоод байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хадгалалт, чанар, айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж, зааварчилгааг өгөх чиглэлээр дүүрэг, хороодтойгоо хамтран ажиллаж байна” хэмээсэн юм.
ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БАГАСГАЖ, ХУВИЙН ХЭВШЛИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ
Танилцуулгын дараа НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал тавив. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Цаашид сайжруулсан шахмал түлштэй холбоотой ажлыг төр хийх биш, хувийн хэвшлээр хийлгэж болох уу. Ер нь түлшний үйлдвэрлэлд хувийн хэвшлийг оруулах талаар судалгаа хийж байгаа юу. Хувийн хэвшлийг дэмжсэнээр эдийн засгийн сэргэлтэд ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Одоо нийслэл Улаанбаатар хот шахмал түлш тойрсон аж ахуйн ажлаасаа салах цаг болсон” гэсэн санал хэлсэн юм.
Үүний хариуд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Уг ажилд хувийн хэвшил орох боломж нээлттэй байгаа. Гэхдээ санхүүгийн тал дээр эрсдэл гарах магадлалтай. Төрөөс байгуулсан ийм том хэмжээний үйлдвэртэй хувийн хэвшлүүд өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн одоо борлуулж буй нэг тонн түлшний үнийг хувийн хэвшил 2-3 дахин нэмж иргэдэд борлуулбал яах вэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулснаар иргэдэд хөнгөлөлттэй, хямд үнээр түлш нийлүүлж байгаа. Харин “Таван толгой түлш” ХХК барьцалдуулагч үйлдвэрлэдэг хувийн компаниудтай хамтран ажилладаг. Тиймээс түлшний найрлагад ордог зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнээ багасгаж, аль болох дотоодын компаниудтайгаа хамтран ажиллах ёстой” гэсэн хариулт өглөө.
УТАА ИХ, БАГА БАЙХ НЬ ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, АГУУЛАХААС ШАЛТГААЛАХ УУ?
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах борлуулалтын цэг, тээвэрлэлтийн асуудлыг нийслэл хариуцаж ажилладаг юм байна. Бид 2021 оны утааны асуудлыг мартаж болохгүй. Өнгөрсөн жил утаа өмнөх жилүүдээс их байсан. Түүнээс болж хариуцлагын асуудал яригдсан. Гэтэл утаа их байгаа нь нийслэлийн хариуцаж буй тээвэрлэлт, борлуулалт, агуулахын асуудалтай хэрхэн уялдаж байгаа юм бэ. “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний найрлага, боловсруулах технологийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх хэрэгтэй” хэмээсэн юм.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдолд эерэг үр дүн үзүүлж байгаа. Гэхдээ автомашинаас ялгарч буй хорт хий их байгаа тохиолдолд түлшний үр дүн харагдахгүй гэдгийг төлөөлөгчид дурдаж байв. Агаарын бохирдолд эзлэх тээврийн хэрэгслийн хорт утааны хэмжээ өнгөрсөн онд 20 хувьтай байсан бол энэ жил 26 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тухайлбал, түүхий нүүрсээр ажилладаг зуух Улаанбаатар хотод цөөнгүй бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68 аж ахуй нэгжийн 88 уурын зуух галлаж байна. Эдгээр зуухнуудыг үе шаттайгаар буулгах, агаарын бохирдолд нөлөөлөх бусад асуудлуудад онцгойлон анхаарах шаардлагатайг НИТХ-ын төлөөлөгч нар санууллаа.
Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хэлэлцэв
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Танилцуулга мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 829 тэрбум төгрөгийн 1457 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 575 тэрбум төгрөгийн 550 төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвөөс санхүүжиж буй юм. Он дамжсан 18.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 183 төсөл байна. Авто замын сангийн хөрөнгөөр 269 арга хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр 193 төсөл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 262 төсөл арга хэмжээ хэрэгжиж буй юм.
-Нийслэлийн Засаг даргаас шинээр хийгдэх 767 төсөл арга хэмжээний тендер сонгон шалгаруулах эрхийг нийслэлийн нутгийн захиргааны 37 байгууллагад шилжүүлсэн. Эдгээр ажлуудын 602 ажлын тендер сонгон шалгаруулалт зарлагдаад, ажлын гүйцэтгэл үргэлжилж байна. Сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан зарим нэг ажлууд бий. Нийт 95 ажил дээр 3-14 удаа тендер зарласан тохиолдол гарсан. Оролцогч байхгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүйгээс ийнхүү удаа дараа зарлахад хүрсэн. Эдгээрээс 36 ажлын гүйцэтгэгчийн шалгаруулсан, үлдсэн 59-д оролцогч ирээгүй хэвээр байна. 2022 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл дунджаар 63 хувьтай байна. Хөрөнгө оруулалтын ажлуудаас 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн дууссан 111, 80-98 хувийн гүйцэтгэлтэй 189, 60-80 хувийн гүйцэтгэлтэй 81, 40-59 хувийн гүйцэтгэлтэй 52, 20-39 хувийн гүйцэтгэлтэй 62, 11-19 хувийн гүйцэтгэлтэй 73, 10 хүртэлх гүйцэтгэлтэй 115 төсөл арга хэмжээ байна. Энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа нь үндсэн гурван шалтгаантай байна. Тодруулбал, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж байна, хил гааль, бараа материалын тээвэрлэлт болоод 2022 оны төсвийн тодотгол хийж, худалдан авах ажиллагааг түр зогсоосонтой холбоотой гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй байлгах үүднээс Dashboard нээн ажиллуулж буйг мөн тодотгосон.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, зарим бүтээн байгуулалт он дамжаад ч ашиглалтад орохгүй байгааг анхаарах, үнийн өсөлт инфляцаас үүдэлтэй хүндрэлийг давахад аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг хэлж байлаа.
Худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой хуулийн шинэчлэлийг таниулах сургалт зохион байгууллаа
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ оны зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулж, долоодугаар сараас эхлэн дагаж мөрдөж буй юм. Энэхүү хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дээрх чиглэлээр болон бусад холбогдох мэдлэг олгох сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн болон дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албан хаагчид, мэргэжилтнүүд оролцов. Түүнчлэн НЗДТГ, Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд илтгэл тавьсан юм.
Сургалт, зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхий сайд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг санаачлан ажиллаж байгаа. Аливаа зүйл, тэр дундаа төрийн ажил, үйлчилгээ, тендер, төсөл хөтөлбөр ил тод байна гэдэг чухал. Ил тод байдалд уялдуулж, төрийн үйлчилгээг үзүүлэх учиртай. Иймд өнөөдрийн сургалт цаг үеэ олсон зөв сургалт гэж бодож байна. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв, томоохон цогцолбор. Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжиж, төсөв хөрөнгийн хэмжээ өсөн нэмэгдэх ёстой. Ингэснээр нийслэлд тулгарч байгаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг сайжруулах, дутагдаж байгаа байгууламжуудыг богино хугацаанд чанарын шаардлагад нийцсэн, гүйцэтгэл өндөртэйгөөр хүлээлгэн өгч, нийтийн тээврийн шинэчлэлийг хийнэ. Мөн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа 30 жилийн турш ужгирсан, буруу төлөвлөлтийг шийдэж чадна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь улс орны хэмжээнд зарлаж буй тендер, төсөл арга хэмжээг оролцогчдод илүү ойлгомжтой болгож, мэргэжилтнүүд та бүхэнд хурдтай ажиллах боломжийг нээж өгч байгаа. Та бүхэн шударга ёсны дуу хоолойд нийцүүлэн ёс зүйн өндөрлөгөө барьж ажиллах ёстой. Цаашдаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудал та бүхний гаргаж байгаа шийдвэртэй салшгүй холбоотой гэдгийг ямагт ухамсарлаж, хотынхоо хөгжлийн төлөө, иргэдийн сайн сайхан, хүрээлэн байгаа орчны амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө бүгд хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн өгүүллээ.
Сангийн яамны Хууль эрхзүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул:
-Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах үүднээс Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Нийгэмд, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг даван туулахад туслах үүднээс тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр баталж, долоодугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжиж буй уг хуулийг танин мэдүүлэх сургалтыг өнөөдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байна. Аж ахуйг нэгж байгууллагууд өмнө нь төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулж байж материалаа илгээдэг байсан бол одоо 0.5 хувьтай тэнцэх хэмжээний баталгаа байршуулахаар шинэчилж, дөрөв дахин бууруулсан. Мөн гүйцэтгэл нь он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд гэрээний үнийн дүнгийн таван хувьтай гүйцэтгэлийн баталгаа байршуулдаг байсан бол одоо тухайн онд санхүүжих үнийн дүнгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний баталгаа гаргахаар заасан байгаа. Ийнхүү аж ахуйн нэгжүүдэд учирдаг хүндрэлтэй асуудлыг шийдэж, хөнгөлөлт үзүүлэхээс гадна тендерийг хурдан зохион байгуулахад чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Үүнийг дагалдаад Сангийн сайдын тушаалаар журам зааварт өөрчлөлт орсон хэмээсэн юм.
Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр:
-Худалдан авах ажиллагааны салбар үүсэн байгуулагдсанаас хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Түүнчлэн энэ онд тус салбарт хуулийн шинэчлэлт, өөрчлөлт хийгдсэн. Энэхүү хуулийн шинэчлэлт болоод худалдан авах ажиллагааны онцлогоос таниулах сургалтыг нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдэд хууль танин мэдүүлэх, сурталчлах сургалт зохион байгуулж байна. Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор худалдан авах ажиллагааны шинэчлэлийг мэргэжилтнүүд төдийгүй байгууллагын удирдлагуудыг сургалтад хамруулж байгаа нь сайн хэрэг гэлээ.