Б.ДАРЬСҮРЭН
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хуурамч дипломтой багш нарыг зарлана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.09.06/ шалгалтын үр дүнгээ танилцууллаа.
Энэ оны нэгдүгээр сард Архангай аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодсон. Тус багшийн дипломыг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон. Тухайн асуудлаас хойш буюу гуравдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд шалгалт хийлээ. СӨБ болон ЕБС-ийн багш нарын 59 мянган дипломыг шалгах үед 442 хуурамч диплом илэрсэн. Үүнээс гадна хоёр мянга орчим сэжигтэй бичиг баримт байна.
Зөрчлүүдийг ангилж үзвэл:
-Дипломын дугаар давхацсан 454 зөрчил байгаагаас бусдын овог нэрийг ашигласан, гарын үсэг дуурайсан, регистрийн дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, скайнердсан гэх зөрчлүүд байна. Мөн бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 139 байна.
-Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил илэрсэн. Тухайлбал, элсэлт, төгсөлтийн тушаалгүй хүнд диплом олгосон байна. Жишээлбэл, Газарчин их сургууль Завхан аймгийн 21 суманд 20 гаруй магистрын диплом олгожээ.
Боловсрол яамны дээд боловсролын системд хуурамч дипломыг албажуулсан хууль бус үйл ажиллагаа хийгдсэн
Сайд хэлэхдээ "Боловсролын салбарт хуурамч дипломын сүлжээ үүссэн гэж болно. Эдгээр асуудлууд нь эрүүгийн хуулийн зөрчилтэй учир цагдаагийн байгууллагад албан ёсоор шилжүүллээ. Боловсролын салбар тунгалаг байх ёстой, үр хүүхдээ дипломын зөрчилтэй багш нараар хичээл заалгаж болохгүй гэж сайд хувьд үзэж байгаа учраас зөрчилтэй багш нараар хичээл оруулж байсандаа эцэг, эхчүүдээс уучлалт хүсэж байна. Эмч хүн алдаа гаргавал нэг л хүний амь насанд эрсдэл үүснэ харин багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхэд хувь заяагаараа хохирч үлдэнэ. Тиймээс бид боловсролын салбарт нүүрлээд байгаа энэ асуудлыг арилгахаас өөр аргагүй. Цаашлаад бид яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Үнэлгээний төв, их дээд сургуулиуд дээр энэ шалгалтыг хийнэ" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn