Б.ДОЛЖИНЖАВ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин С.Равдан, Д.Бүд нар найман хүүхэдтэй өнөр өтгөн айл байлаа. Ажилч, хичээнгүй энэ гэр бүлийн малын бэлчээрт өсөж торнисон нэгэн хүү нь өдгөө дэд профессор хэмээх хүндтэй цолыг хүртэн эрдмийн их салбарт бусдыгаа түүчээлэн амьдарч байна. Тэртээ 1970 онд буюу өдгөөгөөс 52 жилийн өмнө Цагаан-Уул сумын найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэж байсан, тоо бодох, шатар тоглохдоо сүрхий сайн тэр хүүг Равдангийн Магсар хэмээнэ. Математикийн хичээлдээ толгой цохьдог байсан тэрбээр сумаасаа шалгарч аймгийн олимпиадад тогтмол оролцоно. Үүнээс гадна аймгийн идэрчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 1987-1990 онд дөрвөн жил дараалж түрүүлэн улсад өрсөлдөж байв. Ийн Р.Магсар багаасаа оюуны их чадвараараа бусдыгаа манлайлан, төрж өссөн нутаг, аав, ээжийнхээ нэрийг дуурсгаж явсан түүхтэй.
Харин өдгөө тэр МУБИС-ийн Багшийн сургуулийн Математик, байгалийн ухааны тэнхимийн математикийн багш, доктор, дэд профессор Равдангийн Магсар хэмээх нэр алдрыг хүртээд байна. Түүний ажиллаж байгаа Багшийн сургуулийн 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Р.Магсар багшийг урин бага ангийн багш нарын математикийн ур чадвар болоод тооны хичээлийг хэрхэн үр өгөөжтэй аргаар заах гэсэн өргөн хүрээнд хөөрөлдсөнөө уншигчдадаа сийрүүлэн хүргэж байна.
Сумын сургуулийн математикийн багшаас захирал болон дэвшжээ
Р.Магсар багш аравдугаар анги төгсөөд математикийн хичээлээр шалгалт өгч тэр үеийн хамгийн дээд оноо 15 буюу одоогийнхоор 800 оноо авч, багш болох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн МУИС-ийн Физик-математикийн факультетын математикч багшийн мэргэжлийг сонгон суралцжээ. Ийнхүү 1984 онд их сургуулиа төгсөөд Боловсролын яам, Хөвсгөл аймгийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн математикийн багшаар томилогдон ажиллав. Түүний эхнэр З.Бямбасүрэн мөн МУИС-ийн Физик-математикийн факультетын математикч багшийн ангийг төгссөн. Улсын том их сургууль төгссөн нэг ангийн залуухан математикийн багшийн гэр бүл соёлын үрийг тарихаар сумын сургуулийг зорьсон нь энэ. Ингэхдээ тэд их сургуульд сурч төгссөн математикийн анхны багш болж очлоо. Учир нь тухайн үед математикийн багш нар курсээр мэргэжил дээшлүүлэн ажилладаг байсан юм.
Цэцэрлэг сумын сургуулийн орчин нь олон төрлийн цэцгийн мандалтай байж. Харин сургуулийн захирал нь Ядамсүрэн, хичээлийн эрхлэгч нь Г.Алтанхуяг гэж туршлагатай, арга зүй, онолын мэдлэг өндөртэй хүмүүс байжээ. Энэ сургуульд эхнэрийн хамт гурван жил ажиллахдаа Р.Магсар математикийн хичээлээ хэрхэн үр дүнтэй зааж, сурагчид, эцэг эхтэй зөв харилцах, ном, сурах бичгийг яаж бүтээлчээр сургалтадаа ашиглах тухай багш хүнд шаардагдах суурь чадваруудыг эзэмшжээ. Үүнээс гадна ЗХУ-ын математикийн сэтгүүлүүдийг захиалан уншиж, бодлогыг нь бодон сурагчдаа олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлддэг байв.
Харин Цагаан-Уул сумын арван жилийн дунд сургуулийн захирал Н.Амарбаясгалан “Манай Р.Магсар сайн багш болноо” хэмээн итгэл хүлээлгэн Цэцэрлэг сумаас төрж, өссөн суманд нь эхнэрийнх хамт шилжүүлэн авчээ. Цагаан толгой, нэмж, хасаж, хуваах гэсэн суурь боловсрол эзэмшсэн төрөлх нутгийнхаа сургуульд 1987-1996 он хүртэл ажиллахдаа Р.Магсар математикийн багш, хичээлийн эрхлэгч, захирал гэсэн албан тушаалыг хашжээ. Захирлаар ажиллаж байхдаа сургуулийг туслах аж ахуйтай болгох, сургуулийн багш, ажилчдын хүнсний ногооны хэрэгцээг хангах, сайн ажилладаг багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах, нэмэлт орлоготой болгох гэсэн төслийг боловсруулж ажиллаж байлаа. Тухайн үеийн хамт олон, сурагчид нь энэ хөдөлмөр, хичээл зүтгэл, санаачилгыг нь өдгөө хүртэл санан дурсаж, түүнийг үлгэр жишээ болгон ярьдаг юм билээ.
Бага ангийн математикийн багш Р.Магсар, З.Бямбасүрэн нар сумын сургуульд соёлын үрийг тарьчихаад 1996 онд мэргэжлээ дээшлүүлэхээр Улаанбаатарт ирж суурьшжээ. Хотод ирээд Р.Магсар багш 72 дугаар сургууль, Хобби, Монгени, Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд математикийн багшаар ажиллаж, гүнзгийрүүлсэн сургалт явуулж, математикийн сургалтыг сайжруулан, сурагчдаа олимпиад уралдаанд бэлтгэн амжилттай сайн оролцуулдаг байв. Энэ хугацаандаа 1996 онд МУИС-д магистраа, 2009 онд докторын зэргээ хамгаалсан байна. Мөн ОХУ-д суралцаж мэргэжлээ дээшлүүлжээ.
Дэлхийд өрсөлдөхүйц бага ангийн багшийг бэлтгэж байна
Анхны дээд мэргэжилтэн, анхны багшийг бэлтгэж байсан Багшийн сургуулийн 100 жилийн ой өдгөө тохиож байна. Докторын зэргээ хамгаалсныхаа дараагаар буюу 2009 оноос Р.Магсар МУБИС-ийн Багшийн сургуулийн Математик, байгалийн ухааны тэнхимд математикийн багшаар ажиллаж эхэлснээс хойш 13 жил өнгөрчээ. Монгол Улсын боловсролын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Багшийн сургуулийнхаа тухай тэрбээр “Аливаа улсын хөгжил дэвшил боловсролоосоо хамаардаг. Энэ боловсролын үндсэн эх ундарга нь бага ангийн боловсрол байдаг. Бага ангийн багшийг хэрхэн бэлтгэж байгаагаар нь тухайн улсын боловсролын чанарыг хэмжиж, цаашлаад хөгжлийг нь тодорхойлдог. Манай Багшийн сургууль орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, улсынхаа хэмжээнд болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхэд анхаардаг. Учир нь бидний бэлтгэсэн бага ангийн багш нар дан ганц Монголдоо бус олон улсад багшлах хэмжээний ур чадвар эзэмшин төгсдөг юм. Тиймээс хөтөлбөрөө үргэлж шинэчилж, багш нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын сургуулиудтай хамтарч ажиллах чиглэлд олон ажил хийж байна” гэв.
Түүнийг Багшийн сургуульдаа анх ажиллаж байх үед Оросын хөтөлбөрийн дагуу багш нараа бэлтгэдэг байжээ. Тухайлбал, бага ангийн багш нарт заадаг математикийн хичээл нь онол ихтэй, дээд математикийн судлагдахуун зонхилсон, судлагдахууныг хэрхэн заах талаар хичээл ордог байсан аж. Харин 13 жилийн дараа харьцуулаад харахад бага ангийн багш бэлтгэдэг сургалтын хөтөлбөр бага ангийн багшид юу хэрэгтэй, хүүхдийг яаж сургах уу гэсэн практик давамгайлсан, хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, сэтгэл судлал, тархи судлалын шинэ онол, хүүхэд яаж мэдлэг эзэмшдэг зүй тогтолыг зааж байна. Өмнө нь багш хичээлээ яаж заах уу гэдэгт анхаардаг байсан бол одоо математикийн хичээлээ хүүхдэд яаж сайн эзэмшүүлэх үү гэдэгт анхаарч байна. Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үеийн XXI зуунд зайлшгүй шаардлагатай чадваруудыг багш бага ангийн хүүхдүүдэд хичээлээрээ дамжуулан хэрхэн олгох вэ гэдэгт Багшийн сургууль заах арга барил, хөтөлбөрөө чиглүүлэн ажилладаг аж. Үүний үр дүнд МУБИС дэлхийд өрсөлдөхүйц бага ангийн багш нарыг бэлтгэж байна.
Өгүүлбэртэй бодлогыг бид багшийн зааж өгсөн нэг л аргаар боддог байсан бол өдгөө нэг бодлогыг олон аргаар бодно. Олон аргаас тухайн хүүхэд бодоход хялбар, өөрт нь таалагдаж байга аргаа сонгож, тайлбарлана. Ингэснээр хүүхэд аливаа асуудал тулгарахад түүнийг шийдвэрлэх олон арга замыг гаргаж, тэдгээрээсээ хамгийн оновчтойгоо сонгон, тайлбарлаж, улмаар насан туршдаа суралцахад хэрэгтэй чадварыг эзэмшүүлэхэд дэлхийн математикийн шинжлэх ухаан чиглэж байна. Тиймээс МУБИС-ийн Багшийн сургуулийг төгсөж байгаа бага ангийн багш өгүүлбэртэй бодлого бодсоноор хүүхэд асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн арга замыг эрж хайх, задлан шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэж, түүнийгээ шийдвэрлэх олон аргаас оновчтойг нь сонгоход туслахад арга зүйгээ чиглүүлж байгааг Р.Магсар багш онцоллоо.
Ингэснээр тухайн хүүхэд аливаа асуудлыг яаж шийдвэрлэхээ мэддэг, оновчтой шийдвэрийг гаргадаг, нөхдийгөө сонсдог, өөрийн үзэл бодол, арга барилаа тайлбарлаж чаддаг, бусдын аргаас сайныг нь сонгож, хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээлчээр ажиллаж чаддаг иргэн болон төлөвшдөг байна. Тухайлбал, хүүхэд насан туршдаа суралцах үндсэн суурь чадваруудыг хэрхэн олгох вэ гэдэгт тулгуурлан өгүүлбэртэй бодлогыг заадаг аж. Тодруулбал, өгүүлбэр уншиж, хэдэн үйлдэл хийгээд сурагч хариу гаргасан бол бодлого бодсонд тооцдог цаг үе хэдийнэ алсарсан гэдгийг Р.Магсар багш ярилаа.
Хүүхэд шинэ бодлого бодох нь нээлт юм
Математикийн хичээл гэхээр л зугтдаг, уйтгартай хэмээн бид боддог. Тиймээс “Ингэхэд математикийн хичээлийг ер нь яагаад хүн бүр заавал үзэх ёстой юм бэ” гэвэл Р.Магсар багш “Одоогийн эрин зуунд хүн оюун ухаан, сэтгэхүйн чадамжаараа өрсөлдөнө. Энэ нь нэгтгэн дүгнэх, бүтээлчээр хандах хандлага, шүүмжлэлт сэтгэлгээ гэсэн зүйлээр тодорхойлогддог. Харин математикийн шинжлэх ухаан сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлж байдаг. Тодруулан тайлбарлавал нэг бодлого бодно гэдэг нь шинэ нээлт юм. Бодлого бодох нь хүүхдэд оч асаахтай ижил. Огт бодож байгаагүй бодлогоо өөрийн хүчээр бодох нь шинэ нээлт хийхтэй ижил юм. Ингэснээр өнөөх оч бамбар болон асна гэсэн үг. Гэтэл математик сургалтад энэ аргачлалыг ашиглахгүй хариугаар үнэлээд байна. Би оюутнуудадаа хүүхэд математикдаа сайн байгааг цээжилсэн томьёогоор нь бус харьцуулан жиших, эргэцүүлэн бодох, шүүмжлэх, бүтээлчээр хандах сэтгэлгээ тухайн хүүхэд бий болж байгаа эсэхээр хэмжээрэй гэж сургадаг. Хятад улс 1930-аад онд математикийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах шийдвэр гаргажээ. Гэтэл энэ хичээлийг судлаагүй хүүхдүүдийн амьдралын чанар нь муудсан гэсэн судалгааны үр дүн байдаг. Тиймээс хүний амьдралд математик ямар чухал байр суурь эзэлдэг нь үүнээс харагдаж байна” гэсэн юм. Тэрбээр математикийг сурагчдаа айлгахгүй, сонирхол татахуйцаар заах арга барилыг оюутнуудадаа эзэмшүүлэхэд төвлөрдөг. Р.Магсар багшийг 1980 онд дунд сургуулиа төгсөхөд их сургуульд элсэх бүх сурагчаас математикийн шалгалт авдаг байсан нь ирээдүйд оновчтой зөв шийдвэр гаргаж чаддаг, бүтээлч иргэнийг бэлтгэхийн эхлэл байжээ.
Багш хамгийн өндөр цалинтай мэргэжил байв
Боловсролын салбарт 38 дахь жилдээ ажиллаж байгаа дэд профессор Р.Магсар багшийн хөдөлмөрийг сайн үнэлэхгүй байгаагаас боловсролын салбар дээд түвшинд хөгжихгүй байгаад харамсаж явдаг юм. Их сургуулиа дөнгөж төгсөөд суманд багшлахдаа сард 600 төгрөгийн цалин авдаг байж. Тухайн үед мотоцикль 6100 төгрөг, нэг кг гурил нэг төгрөг байжээ. Мөн амралт, илүү цагийн мөнгө авна. Багш тухайн үед хамгийн өндөр цалинтай байсан учир онц сурлагантангууд эхлээд багшаар суралцдаг байжээ. Р.Магсарт ч эдийн засагч, инженерийн мэргэжлийг эзэмших боломж байсан ч нэр хүнд өндөртэй багшийн мэргэжлийг сонгосон байна. Гэтэл одоо хамгийн сүүлд багшийн мэргэжлийг хүүхдүүд сонгож, ихэнх сайн багш нар ажлаа сольж байгаа нь түүний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг аж. Тиймээс хамгийн эхэнд багшийн мэргэжлийг сонгохуйцаар хэмжээнд нийгмийн хангамжийг нь сайжруулж, цалинг нь нэмэгдүүлэх нь хамгийн чухал гэдгийг тэрбээр хэллээ. Үүнээс гадна чадварлаг багш нарыг бэлтгэхийн тулд чанартай, цөөн улсын сургуультай байх нь зохистой гэдгийг онцолж байв.
Р.Магсар багш 30 гаруй сурах бичиг, гарын авлага, олон улсын хэмжээний, дотоодын эрдэм шинжилгээний 80 орчим өгүүлэл хэвлэн нийтлүүлжээ. Эдгээрийн нэг нь Д.Амартүвшин багштай хамтран 2016 онд гаргасан “Бага ангийн багшийн заавал бодох өгүүлбэртэй 500 бодлого” ном юм. Ном бүтсэн түүхийн тухай “Цэцэрлэг суманд очоод дөрөвдүгээр ангид математикийн хичээл дээр процентийн бодлого заалаа. Гэтэл хүүхдүүд ойлгосонгүй. Би л маш муу заалаа гэж бодоод яаж сурагчдадаа ойлгуулах вэ гэж байнга бодох боллоо. Энэ хүрээнд өгүүлбэртэй бодлогыг хэрхэн заах талаар өргөн хүрээний судалгаа хийсэн юм. Тиймээс МУБИС-д багшилж эхлээд өгүүлбэртэй бодлогыг яаж боддог тухай заах ном гаргахаар шийдсэнээ 2016 онд ажил хэрэг болгосон” гэж ярилаа. Түүний энэ номонд нэг өгүүлбэрийг долоо, 17, 32 аргаар буюу хоёроос олон аргаар хэрхэн бодох тухай заажээ. Дараа нь дээрх бодлогоо багш нар шавь нартаа хэрхэн зааж, бодуулж сургах тухай “Бага боловсролын математикийн багшлахуй ба суралцахуй” номоо Д.Амартүвшин багштай хамтран гаргасан байдаг.Хуучны арга зүйн номон дээр бодлого яаж бодох уу гэдгийг заадаг байсан бол одоо яаж сурагчаар тухайн бодлогыг бодуулах вэ гэдэгт анхаардаг болсон байна.
Р.Магсар багшийн шавь нарын нарийвчилсан тоог гаргаагүй ч 10 мянга гаруй бий. Тэдгээрээс 10 гаруй нь АНУ-д магистраа хамгаалжээ. Шавь А.Гантуул нь “Математикийн даалгавраар бага ангийн сурагчдад өөрийн үнэлгээний чадвар төлөвшүүлэх арга зүй” сэдвээр 2019 онд докторын зэргээ хамгаалсан бол шавь Б.Хадбаатар нь “Математикийн нээлттэй бодлогыг бодох арга зүйн нэгэн хувилбар” сэдвээр докторын зэрэг горилж байна. “Багшийн хэлснийг хэрэгжүүлж суралцах арга барил, хандлагаа өөрчилснөөр үр дүнд хүрсэн” гэж шавь нар нь ярьдаг нь Р.Магсар багшийн ур чадвар ямар өндөр гэдгийг илтгэнэ. Энэ тухай тэрбээр “Хөдөөний малчны хүүхэд өдгөө их сургуулийн профессор болоод монголын боловсролыг дэлхийн энд хүргэхээр, олон улсын эрдэмтэдтэй холбоо тогтоогоод ажиллаж байна” гэсэн юм.
Эрдмийн ажилд сайн багштай учирна гэдэг их хувь тохиол
Эхнэр З.Бямбасүрэн нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумынх. Нэг гэр бүлийн хоёр нэг чиглэлийн багш байх үнэхээр сайхан гэдгийг Р.Магсар багш тодотгож байлаа. Дунд сургуульд заах арга барилын уралдаан болоход эхнэр нь түрүүлдэг байсан төдийгүй ур чадвар өндөртэй, хүүхэддээ их өгөөжтэй гэж мэргэжил нэгт багш нар нь үнэлдэг байжээ. Зөвлөх зэрэгтэй багш З.Бямбасүрэн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд математикийн багш, “Цагаан-Уул” ЕБС-ийн хувийн сургууль байгуулан захирлаар нь ажиллаж байгаад 2017 онд гавьяаны амралтдаа гарсан байна. Олон ном, сурах бичих гаргахад эхнэр нь мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч тусалдаг байсан нь Р.Магсар багшийн эрдмийн ажилд ихээхэн үр ашгаа өгчээ. Тэд хоёр хүүхэдтэй. Хүү М.Оргил нь бизнесийн эдийн засагч. Охин М.Удамцог нь Англи хэлний багш бөгөөд Солонгост амьдардаг аж.
Эрдмийн ажилд сайн багштай учирна гэдэг их хувь тохиол байдаг. Р.Магсар багш ч олон сайн багш нартай тааралдаж, багшийн мэргэжилд илүү шимтэн ажиллажээ.Тухайлбал, наймдугаар ангид шилжих жил нь ангийн багшаар нь МУБИС төгссөн Цэнд-Аюуш гэсэн багш ирж, Монголын болон гадаадын уран зохиолыг заахад нь шимтэн суралцжээ. Түүний нутагт Маасгар Самдаг гэж түүх, шастирын ном их уншдаг, гэрээрээ дүүрэн номтой хүн байж. Гэсэр, Жангар гэсэн зохиолыг уйгуржин монгол бичгээр уншаад хүүхдүүдэд ярьж өгдөг байжээ. Цэнд-Аюуш багшийн уран зохиолын хичээл үзсэнийхээ дараа Р.Магсар Самдаг гуайтай очиж ном хаялцдаг байсан аж. Энэ нь түүний амьдралд ихээхэн тусаа өгчээ. Үүнээс гадна дунд сургуульд нь математикийн Дамдин, Амарбаясгалан, физикийн Цэрэннадмид гэсэн арга зүй, практик сайтай, хичээлийг маш сайн бэлтгэж ирдэг багш нар байжээ. Харин МУИС-ийн Ёндон, А.Мекей, Гончигдорж, С.Чимэдцэрэн багш, МУБИС-ийн Багшийн сургуулийн гавьяат багш, хүндэт профессор Г.Загдрагчаа, багш Ц.Нямжав, А.Мөнхжаргал, О.Чулуунцэцэг, Д.Амартүвшин багш нарыг өөрийнх нь эрдмийн ажилд нь хамгийн их нөлөө үзүүлсэнд үргэлж талархаж явдагаа тэрбээр манай сониноор уламжилсан юм.
Аймгийн идэрчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын өргөмжлөлөөс эхлээд хүүхэд байхаасаа авсан бүх шагналаа хадгалжээ. Тэр дотор МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв гэсэн гарын үсэгтэй шагналын хуудас нүдэнд туслаа. Уншваас “Эх орныхоо социалист бүтээн байгуулалтын үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Равдан овогтой Магсарыг МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” Мөнгөн медалиар шагнав. 1983 оны хоёрдугаар сарын 29” гэсэн байв. Энэ шагналыг тийм амар хялбар авчихдаггүй, асар их хөдөлмөр, зүтгэл шаардлагатай байдгийг тухайн үеийн хүмүүс андахгүй мэдэх бизээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 170 (6902)