Б.ДОЛЖИНЖАВ
Бид энэ долоо хоногт шинэ сарыг угтлаа. Ийн наймдугаар сарын сүүлч болоод есдүгээр сарын эхний өдрүүдэд дэлхийн улс орнуудад болсон онцлох таван үйл явдлыг тоймлон орчуулан хүргэж байна.
Даваа гараг:Саран дээр буух “Artemis 1” бүтэлгүйтэв
НАСА сансарт хөөргөх “Artemis 1” пуужингаа хөөргөх дараагийн хугацааг хойшлуулснаа наймдугаар сарын 29-ний даваа гарагт зарлав. АНУ-ын сансрын агентлаг НАСА сүүлийн 50 жилийн турш техник технологийн тусламжтайгаар саран дээр пуужин хөргөх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл хөдөлгүүрийн ажиллагаа гацсанаас үүдэн пуужин хөөрөх хугацааг тооцоолохдоо алдсанаас ийн хугацааг хойшлуулсан байна.
42 хоног саран дээр очоод буцаж ирэхэд буюу сансарт хөөргөхөд шаардлагатай 2.7 сая литр шингэн устөрөгч болон хүчилтөрөгчийг түлш болгон пуужинд хийх үед сансрын хөөргөх системийн (SLS) дөрвөн хөдөлгүүрийн нэг нь эвдэрснийг Флорида мужид байрлах салбарын инженерүүд олж мэджээ. Ийн энэ эвдэрлийг өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны баасан гарагт засаж дуусчээ.
Энэ тухай НАСА-гийн “Artemis 1” пуужин хариуцсан менежер Майк Сарафин “Баасан гарагт пуужинг дахин хөөргөж болно. Гэхдээ 96 цагийн дахин боловсруулалт хэрэгтэй учир бидэнд хугацаа хэрэгтэй. Пуужингаа заавал хөөргөнө. Бууж өгөх болоогүй” гэж ярьжээ.
“Artemis 1” пуужингийн туршилт амжилттай болвол сансрын нисгэгчид сарнаас 40 мянган миллийн зайд 2024 онд нисэхээр төлөвлөөд байгаа юм. Хамгийн анх “Apollo 17” сансрын хөлөг 1972 оны арванхоёрдугаар сард саран дээр бууж байсан билээ. Хэрэв НАСА-гийн туршилт амжилттай болвол сарны гадаргуу дээр анхны эмэгтэй нисгэгчийг алхуулахаар төлөвлөж байгаа аж.
Мягмар гараг:ЗХУ-ын сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачёв таалал төгслөө
Одоогийн ОХУ хуучнаар ЗХУ-ын сүүлчийн ерөнхийлөгч Михайл Горбачёв наймдугаар сарын 30-ны мягмар гарагт нас барсан нь энэ долоо хоногийн хамгийн таагүй мэдээлэл байв. Горбачёв хүнд өвчинтэйгээ удаан хугацаанд тэмцсэний эцэст Москва хотын эмнэлэгт ийн 91 настайдаа таалал төгсчээ. Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэндийн байдал эрс муудаж, эмнэлгээс салахаа больсон юм. Олон улсын хэвлэлүүдээр зургадугаар сарын үеэр Горбачевыг бөөрний өвчинтэй болсон хэмээн мэдээлж байв. Түүнийг Оросын нэр хүндтэй хүмүүсийг оршуулдаг Новодевичийд оршуулахаар болсон байна.
Михаил Сергеевич Горбачёв 1931 оны гуравдугаар сарын 2-нд Ставрополь хязгаарын Приволное тосгонд тракторчны гэр бүлд төрсөн. ЗХУ 1991 онд задрахаас зургаан жилийн өмнө буюу 1985 онд Горбачёв Засгийн эрхийг авсан юм. Тодруулбал, тэр 54 настайдаа ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу улсын хамгийн том удирдагч болсон билээ. Энэ хугацаанд тэрбээр олон өөрчлөлтийг хийсэн ч ЗХУ-ыг задрахаас сэргийлж чадаагүй юм.
Тэрбээр Афганистан ЗХУ-ын хооронд 1979 оноос хойш үргэлжилсэн цуст мөргөлдөөнийг зогсоож, АНУ-тай зэвсгийн хяналтын гэрээ байгуулсан билээ. Үүнээс гадна түүний Засгийн газрын нээлттэй бодлого нь хүмүүст Засгийн газраа шүүмжлэх эрхийг олгосон нь хүмүүсийн төсөөлж байгаагүй шийдвэр байв.
Гэвч энэ шийдвэр нь түүнийг огцроход нөлөөлсөн гол хүчин зүйл хэмээн үздэг. Коммунист үзэлтнүүдийн зохион байгуулсан төрийн эргэлт бүтэлгүйтсний дараа Горбачёв ЗХУ-ыг тараахыг зөвшөөрч, албан тушаалаа хүлээлгэн өгсөн түүхтэй. Ингэснээр түүнийг ЗХУ болон барууны орнуудын хооронд үүссэн хурцадмал байдлыг эцэслэж, Хүйтэн дайныг дуусгах нөхцөлийг бүрдүүлсэн “шинэчлэлийн архитектор” хэмээн барууны орнууд үздэг. Хоёр бүс нутгийн харилцааг сайжруулахад гүйцэтгэсэн энэ үүргийнхээ үр дүнд Горбачёв Нобелийн энх тайвны шагналыг 1990 онд хүртэж байсан билээ.
ЗХУ задран унасны дараа ч тэр улс төрөөс холдсон ч боловсрол, хүмүүнлэгийн төслүүдэд анхааран ажиллаж байлаа. Тэр 1996 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч ердөө 0.5 хувийн санал авснаар улс төрд эргэн ирэх түүний оролдлого бүтэлгүйтэж байв.
Түүний талаар ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин “Горбачёв шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатайг ухаарч, тулгамдсан чухал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг санал болгосон. Тиймээс түүхэнд үнэлж баршгүй их гавьяатай хүн” хэмээн энэ эмгэнэлт үйл явдлын дараа мэдэгдэв. Горбачёв, Путин нар тийм ч сайн харилцаатай байсангүй. Тэд хамгийн сүүлд 2006 онд уулзаж байсан аж.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Дэлхий энх тайвны төлөө уйгагүй тэмцэгч, олон талын үзэл баримтлалаараа бусдаас онцгойрч чадсан нэгэн хүчирхэг удирдагчаа алдлаа” гэж ярив.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Горбачёвын эр зориг, үнэнч шударга байдлыг биширдэг” гэсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Горбачевыг ховор удирдагч хэмээн тодорхойлов.
Лхагва гараг: Их Британийн “Unboxed” төслийн ирээдүй бүрхэг байна
Их Британийн иргэдийн бүтээлч сэтгэлгээг дэмжих, шинжлэх ухаан,технологийн салбар дахь шинэ санал, санаалчилга, бүтээлүүдийг тэмдэглэх зорилготой 120 сая фунт стерлингийн төсөвтэй “Unboxed” төслийн тэргүүн энэ арга хэмжээ зорилтот зочдоосоо бага тооны хүн татсан тул “Брекситийн фестивал” хэмээн шоглон нэрлэх болсон талаар наймдугаар сарын 31-нд мэдэгдэв.
Удирдагч, сайдуудын тухайд тус арга хэмжээнд 66 сая хүн ирнэ хэмээн итгэж байсан ч хоёр сарын хугацаа үлдээд байхад дөрвөн үйл ажиллагаанд 238 мянган хүн ирэх тооцоолол гарчээ.
Энэ талаар тус төслийн ахлах мэргэжилтэн Мартин Грин арга хэмжээний нэрээ “Festival of Brexit” гэж нэрлэсэн ч зочдыг татахад нөлөөлж чадсангүй гэж “House” сэтгүүлд ярьжээ. Тэрбээр “Ингээд бид үүнийг орхиж болохгүй. Харин энэ үйл явцаас олон зүйл сурах хэрэгтэй. Үйл ажиллагааны нэг гол дүрэм нь улс төржүүлэхгүй байх юм. Гэвч зочдын ихэнх нь улс төрийн зорилгоор тус үйл ажиллагаанд оролцохоор болсон нь харамсалтай” гэж ярьсан байна.
Украинд үүссэн хурцадмал байдал, амьдрах өртөг эрс нэмэгдсэн хийгээд бусад тулгамдсан асуудлуудын сүүдэрт “Unboxed” төсөл дарагдаж, хүмүүс мэдээгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Пүрэв гараг:Пакистаны 20 сая иргэн үерийн улмаас дүрвэжээ
Пакистан улс үерийн аюулд нэрвэгдсэний улмаас 20 сая гаруй хүн дүрвэсэн гэж энэ сарын 1-нд мэдээлэв. Тус улсад тохиосон энэ үйл явцыг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их аюултай, хор нөлөө ихтэй байгалийн гамшиг хэмээн шинжээчид дүгнэж байна. Энэ сард Пакистанд их хэмжээний бороо орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллага нь анхааруулаад байна. Иймээс Засгийн газар нь үндэсний хэмжээний онц байдал зарлаж, олон улсын байгууллагуудаас яаралтай тусламж гуйж байна.
Үүний үр дүнд НҮБ-аас 160 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан бол бусад орнууд ч мөн тусламжийн гараа сунгаж эхэлжээ. Пакистаны Засгийн газраас мэдээлснээр үерийн улмаас хамгийн багадаа 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ.
220 сая гаруй хүн амтай тус улсад зургадугаар сарын дунд үеэс эхлэн орсон борооны улмаас энэ сарын 1-ний байдлаар 1200 хүн нас баржээ. Үерийн аюулд нэрвэгдсэн хүний тоо 33 саяыг давсан байна. Учир нь 160 дүүргийн 72 нь үерт автжээ. Үүний улмаас 5000 км зам эвдэрч, 10 сая байшин нурж, 7000 мянган мал хорогдсон гэсэн тооцооллыг гаргажээ.
Баасан гараг:Хятадын Чэнду хот хөл хорио тогтоов
Хятадын Чэнду хот пүрэв гарагийн орой хөл хорио тогтоосон талаар “CNN” өнөөдөр мэдээлэв. Ингэснээр 21 сая хүн амтай хотын иргэд 18:00 цагаас эхлэн гэрээсээ гарах эрхгүй болжээ. Тус улсын цар тахлыг зогсоох “zero-Covid” бодлого болон Коммунист намын хуралтай холбоотойгоор Чэнду хотод хөл хорио тогтоосон байна. Энэ нь 25 сая хүн амтай Шанхай хотын дараа хөл хорио тогтоосон Хятадын томоохон хот юм.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Чэнду хотод ковидын 700 тохиолдол бүртгэгдсэн нь хөл хорио тогтоох гол шалтгаан болсон байна. Харин өчигдөр тус хотод 156 тохиолдол бүртгэгджээ.
Учир нь Хятад улс төрийн эрхийг барьж байгаа намын их хурлаас өмнө цар тахлыг “нам дарах” бодлого баримталж байгаа юм. Ийн энэ үер оршин суугчдыг бямба гараг хүртэл бүх нийтийн ковидын шинжилгээнд хамруулна гэж хотын захирагч нь мэдэгджээ.
Хөл хорионы хугацаанд сөрөг хариутай нэг хүн л гэрээс гарч хүнсээ цуглуулах эрхтэй юм. Эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй үед хөршийн хорооноос зөвшөөрөл авах шаардлагатай аж.
Супермаркет, эмийн сан, эмнэлгээс бусад байгууллагууд хаасан байна. Зоогийн газруудад сууж хоол идэхийг хориглосон агаад хоолоо авч явахыг зөвшөөрчээ.
Эх сурвалж:BBC,Guardian,CNN