Э.Дашням: Морин дэл, гийнгоон аялгуу намайг дуучин болгосон

2022-09-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

"Зууны мэдээ" сонин “Өөр зочин” буландаа дуучин Э.Дашнямыг урьж ярилцлаа. Тэрбээр “Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаас олон гайхалтай уран бүтээлийг өвөрмөц хоолойгоороо амилуулж, үзэгчдийн хайрыг татсан авьяаслаг уран бүтээлч юм. Морин дэл дээр гийнгоо аялж, тал нутгийнхаа жаврыг үргээж явсан хүү өдгөө монгол түмнийхээ сонорыг мялаан урлагийн ертөнцөд тод гялалзаж явна.

 

-“Хурд  хамтлагтай хамтран уран бүтээл хийж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Хурд хамтлагийн  ах нартайгаа  “Сайхан бүсгүй” дуун дээр нь ажиллаж байна. Клипнийхээ ажилд орчихсон байгаа. Удахгүй сонсогчидтойгоо сайхан уран бүтээлээр уулзана.

-“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч гавьяат жүжигчин Д.Отгонбаяртай “Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаас “Бүсгүй” дуугаар нь холбогдсон. Сүүлд энэ дууг хамтарч дуулахад ямар мэдрэмж төрөв?

-“Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцсоноор миний амьдралд маш олон гайхалтай өөрчлөлтүүд гарч өөрийгөө шинээр нээсэн цаг хугацаа байлаа. Шоуны эхний шатанд “Бүсгүй” дууг өөрийнхөөрөө дуулж үзэгчдэд хүргэе  гэж бодсон. Мөн дараагийн шатандаа тэнцэх зорилго өвөртөлж орсон доо. Тайзан дээр дуулж эхлэхэд үзэгчид алга ташиж, дагаж дуулахад гоё мэдрэмж төрсөн. Д.Отгонбаяр  ахыг эргэж харах хүртэл хасагдчих вий дээ гэж эмээсэн. Отгоо ах эргэж харсан нь надад маш их  боломжийг нээж өгсөн. Бас Ука шүүгч шоундаа дахин аялах боломжийг атгуулсанд баярладаг. Их дайчин эмэгтэй. Сүүлд “Хурд” хамтлагийн ах нартайгаа хамтарч  “Бүсгүй” дууг дуулахад үнэхээр гоё байлаа. Би хүүхэд байхаасаа Хурд хамтлагийн дууг сонсож өссөн. Олон сайхан дуугаараа монгол түмнийхээ дунд амьдарч буй домогт хамтлагийн ах нартайгаа хамт уран бүтээл туурвиж, дуулна гэдэг миний хувьд  үнэхээр их аз.

-Удахгүй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Бэлтгэл хэр байна вэ?

- Тийм ээ. Анхны тоглолтоо хийхээр зорьж байна. Удахгүй бэлтгэлдээ орно.

-Та уртын дуучин мэргэжилтэй. Тиймээс  аль ч төрлийн дууны аяыг илүү мэдэрч дуулдаг болов уу?

-Миний үндсэн мэргэжил уртын дуучин учраас энэ чиглэл рүү илүү давамгайлж  ажиллах зорилготой байна. Гэхдээ орчин үеийн дуу, хэллэг хослуулах бодол бий. Ер нь тухайн дууны  утга агуулга, өнгө аясыг өөрөө илүү мэдэрч байж хүмүүст илүү хүрдэг болов уу.

-Таныг “Монгол Улсын төрийн дуулал”, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн алдарт хөгжмийн зохиолч, удирдаач  Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн зээ гэж сонссон. Тэгэхээр яах аргагүй удмын авьяас хүүдээ өвлөгдсөн бололтой?

-Энэ агуу хүний удам гэдгээ мэдсэнээс хойш илүү их хичээх ёстой гэсэн хариуцлага ирсэн. Өвөг дээдсийнхээ алдар нэрийг гундаахгүй явах нь үр хойч бидний  хариуцлага. Өвөг дээдэс, аав ээж минь дуутай ойр учраас урлагийн авьяас надад заяасан юм болов уу гэж талархдаг. Хүний хүмүүжил авьяас билэгт өссөн ахуй, орчин ихээхэн нөлөөлдөг юм шиг санагддаг юм. Хурдан морь унаж, гийнгоолж өссөн нь намайг уртын дуучин болоход нөлөөлсөн. Учир нь гийнгоо их аялгуулаг учраас уртын дуутай адилхан. Мөн аав, ээж  хоёр минь сайхан дуулна. Нутаг усныхан, ах дүүс маань ч гэсэн дуу хууртай ойр байдаг. Би Төв аймгийн Алтанбулаг суманд дунд сургуулиа төгссөн. Намайг урлагт хөтөлсөн хүний нэг бол сумын маань дуу хөгжмийн багш н.Даваадалай. Дараа нь хүсэл мөрөөдлөө дагаж СУИС гэх том айлын босгыг алхсан. Сургуульдаа ороод олон багш нараасаа мэргэжлийн ур чадварыг суралцсан. Миний мэргэжлийн багш соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Дашцэрмаа гэж хүн байдаг.

-Нутаг нутагт дуулагддаг уртын дуу гэж бий танай нутагт ихэвчлэн ямар уртын дуу дуулдаг вэ?

-Манай нутагт Мараатын уртын дуу их дуулагддаг

-Уртын дууг сонирхож хичээлэж байгаад мэргэжлийн сургуульд сурахад хэр бэрхшээлтэй байв?

-Өөрийн хичээл зүтгэл болон хоолойн цар хүрээ, мэдрэмжээс их нөлөөлдэг юм байна гэдгийг харсан.

-Уртын дууны ямар шинж таныг энэ урлагт зүрх сэтгэлээ зориулахад нөлөөлсөн бэ?

-Монгол түмний гайхалтай өв соёлын нэг болсон уртын дуугаа тээж, уламжлуулах бидний  үүрэг гэж боддог. Тиймээс уртын дууны хөг аялгуунд хөглөгдөж явна. Анх Төв аймгийнхаа Монгол туургатан театрын уртын дуучин соёлын тэргүүний ажилтан Цагаан-Өвгөн гэж хүнээр наймдугаар ангид байхдаа “Цомбон туурайтай хүрэн” дууг заалгаж, сурч байлаа.

-Уртын дуугаа  дуулж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Их тансаг, гоё мэдрэмжийг уртын дуу хөглөдөг. Үзэгчид төдийгүй байгаль дэлхий, уул ус гээд бүхий л амьтай бүхэн баясч, надтай хамт байгаа юм шиг санагддаг. Тухайн дууны  утга агуулга, өнгө аясыг өөрөө илүү мэдэрч байж хүмүүст илүү хүрнэ.

-Та  “Туурайн чимээтэй Монгол” дууныхаа үгийг бичсэн гэсэн. Энэ шүлгийг бичих санаа юунаас эхтэй вэ?

-Тухайн үед монгол адууг БНХАУ руу амьдаар нь гаргаж байсан үе. Монгол адуу замдаа эндэн, харахаас ч нүд хальтрам дүр зураг сошиалд их тавигдсан. Монголчууд мориноосоо буулгүй дэлхийн талыг эзэлсэн ард түмэн. Тиймээс хүлэг морио магтан  дуулахын зорьсон. Дууныхаа шүлгийг нэг өдөр бичсэн. БНСУ-д гурван сар ажиллаад  хураасан мөнгөөрөө энэ дуугаа дүрсжүүлж байсан. Тиймээс хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн хайртай уран бүтээлийн минь нэг.

-Дахиад шүлэг бичих төлөвлөгөө бий юу?

-Ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл алга.  Дууны шүлэг бичихэд их авьяас шаарддаг юм байна лээ. Торгон мэдрэмжтэй дээрээс нь эх хэлний мэдлэг сайтай байх хэрэгтэйг ойлгосон.

-Та хурим хөтөлдөг гэсэн. Гэр бүлийн торгон  агшинг хуваалцах  үед ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хурим хөтлөх сайхан. Хүний амьдралд ганцхан удаа тохиох хамгийн аз жаргалтай үеийг хамт өнгөрөөж баярлаж, дуулж, инээж, уйлах баярт мөчийг нь хуваалцана гэдэг маш гоё мэдрэмж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 169 (6901)

 

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

6 цаг 55 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

7 цаг 14 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

7 цаг 19 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

7 цаг 22 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

7 цаг 25 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

7 цаг 27 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

8 цаг 31 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

18 цаг 40 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

18 цаг 40 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

18 цаг 40 мин