Т.САЙХАН
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгиин газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг дурдаад Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсныг дурдлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 90.9 хувь нь дэмжсэн гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн онцоллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжив.
Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Эх сурвалж:www.polit.mn