Б.ОД
“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байранд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа.
Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм.
Тэрбээр “Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр 2021 оны аравдугаар сарын 25-наас 2021 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл 21 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгүүлэн, ирүүлсэн зөвлөмж, тайланд үндэслэн гүйцэтгэх захирлаар батлуулсан ажлын хэсэг, удирдамж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх 92 ажлын байранд 1793 ажилтан байгаагаас 2022 онд 30 ажлын байранд үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
Дээрх ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулснаар эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах судалгаа гарчээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүнд хүчир ажлыг амаргүй нөхцөлд хийж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг тодорхой болгох асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй байгааг холбогдох салбарынханд уламжлав.
“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын зарим ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх, амралтын хугацаа уртсах боломжтой юм.
Хөдөлмөрийн үндэсний зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж "Тавантолгой түлш" ХХК-ийн зарим ажлын байр, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn