Б.ОД
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэгийг хоёр ба түүнээс дээш авсан хүн 98, бүртгүүлсэн утасны дугаар давхардсан 55 орчим тохиолдол байгаа зэрэг нь албан тушаалтны хариуцлагагүй байдал, мөн холбоо хамаарал бүхий талуудад санхүүгийн дэмжлэг олгосон байх магадлалтай хэмээн Үндэсний аудитын газар дүгнэлт гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.
Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүнгийн талаарх зарим зөрчил, дүгнэлтийг авч үзжээ. Нэг суралцагчид мэргэжлийн болон техникийн боловсрол олгох зардал нэмэгдсэн хэдий ч МБС-ын чанар сайжирч буй эсэх, төгсөгчид нь тогтвортой ажлын байртай болж чадаж байгаа эсэх нь тодорхой бус хэмээн ҮАГ дүгнэжээ.
Тэтгэлэг олголтоос шалтгаалан энэ төрлийн байгууллагад суралцагчдын тоо нэмэгдсэн сайн тал байгаа ч ажлын байртай болсон төгсөгчдийн хувь хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй буюу чадварлаг мэргэжлийн ажилтан бэлтгэх эцсийн зорилт хангагдаагүй байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих үндэсний зөвлөлөөс Мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих сан(МБСДС)-ийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг батлаагүй, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж Үндэсний аудитын газар тайландаа дүгнэсэн байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу МБСДС-аас 2016-2021 онд төсвийн гүйцэтгэлээр 170 тэрбум төгрөг зарцуулжээ. Манай улсад 2021 оны байдлаар нийт 76 МСҮТ, политехникийн коллеж үйл ажиллагаа явуулж байгаагаас 43 нь төрийн өмчийн, 33 нь төрийн бус өмчийн буюу хувийн сургалтын байгууллага байна.
Эх сурвалж:www.polit.mn