Судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнийн ярилцлагаас онцолсон 15 эшлэл

2022-08-19
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.САЙХАН

МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийг  “Зууны мэдээ” сонин “Трэнд зочин” буландаа урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлох 20 эшлэлийг хүргэж байна.

1. Монголд хүнсний бүтээгдэхүүн германыхаас 2-3 дахин зарим нь бүр тав дахин үнэтэй байх юм. Дундаж цалинтай жирийн иргэд хэрхэн амь зуудаг юм бол доо. Бараг амьдрах боломж үгүй юм биш үү гэж бодогдлоо. Өөр нэг зүйл нь нийгмийн ялгарал, туйлшрал манай улсад улам бүр гаарчээ. Өрнөдийн судлаачдын ярьж, шүүмжилдэг угсаа залгамжлалын буюу шимэгчдийн капитализм (patrimonial capitalism эсвэл rentier capitalism) улам бүр бэхжиж, ард олон нь, сэхээтнүүд нь ч жам ёсны зүйл мэт хардаг болсон мэт байна.

2. Монголын нүүдэлчдийн нийгэм, улс төрийн байгууламжийн талаарх судалгаа миний судлаж буй асуудлуудыг тайлбарлахад илт учир дутагдалтай байсан. Тиймээс Монголын төр улсын түүхийн асуудлыг эхлээд тодруулах шаардлагатай байна. Энэ сэдвээр хэдэн өгүүлэл, мөн өнгөрсөн онд "Тайжийн Төр ба Дайчин Улсын Мандал" ( https://brill.com/view/title/59728 ) номоо хэвлүүлсэн. Улмаар уг судалгааны явцад ерөөс хүн төрөлхтний түүхэнд төр улс үүссэн талаарх онол, парадигм учир дутагдалтай нь илэрхий болсон. Тиймээс тэдгээр онол, парадигмийг шүүмжилсэн "Нүүдэлчин Левиафан" (The Nomadic Leviathan) гэдэг ном бичлээ.  Ирэх оны дундуур гэхэд хэвлэлтээс гарчих байх. 

3. Аливаа бичгийн сурвалж, ул мөрийн утга санааг судлаач эхлээд ойлгох учиртай юм.  Олон салаа утга гээд байгаа нь  эх  сурвалжийн тайлбар гэхээсээ илүү судлаач нарын өөрсдийнх нь баримтлах онол, үзэл санаа, аргазүйгээс эхтэй байна. 1990-ээд оноос өмнөх Монголын  түүх судлал, бичлэг нь нийгмийн хувьсалын онолын суурин дээр, Европ болон Хятад төвийн үүднээс Марксист-Ленинист онол, үзэл суртал, үнэт зүйлс, зарчмын үүднээс хийгддэг байв. Өөрөөр хэлбэл, тодорхой онол, арга зүй төдийгүй, улс төрийн үзэл суртал, үнэт зүйлс, зарчмын үүднээс бичигдсэн. Мөн дээрээс нь үндэсний болон эх оронч үзэл, үнэт зүйлс нэвт шингэсэн байдаг. Эдүгээ ч энэ байдал үргэлжилсээр байгаа.

4. Хэн нэгэнд, хэн нэгний дурсгалд номоо зориулах нь өрнөдийн академик соёлд тогтсон зүйл. Эрдэмтэд номоо эцэг эх, гэр бүл, багш нартаа болон тэдний дурсгалд зориулах нь түгээмэл. Хайр, хүндэтгэлээ илэрхийлж, мөнхөлж байгаа хэлбэр. Миний хувьд ном маань ээж аавынхаа гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө юм. Өрнөдийн орнууд овгийн нэр (surname) хэрэглэдэг учир эрдэмтэд тэр бүр ээж, аавынхаа нэрийг бичээд байдаггүй. Нэгэнт нэрс нь номын зохиогчийн нэртэй ижил учир. Миний хувьд ээж, аавынхаа нэрийг бичсэн, бичихдээ ээж, аав минь нэгэнт Монгол бичиг Монголын бичиг үсэг байсан үед төрсөн улс тул Монгол бичгийн галигаар бичсэн.

5. Миний номын үндсэн нэр Тайжийн Төр. Уг нэр томьёо ойлголтыг Инжаннашиас авсан. Инжиннаши Чингис хааны байгуулсан төрийг тайж тавнангийн төр гээд уг тогтолцоог Хятадын эрт ба хожмын төрийн тогтолцоотой харьцуулж онолын шүүмж боловсруулсан байдаг юм. Харин номын хавтас дээр Чингисийн угсааны тайжийн хөрөг тавья гэж бодоод Монголын хаад, ноёдын буюу тайж нарын түүхэн зургуудыг шүүж үзтэл хэдийгээр бусадтай харьцуулахад тансаг сайхан хувцастай бус ч, царайны төрх, нүдний харц, зогсох байдлаараа Чин ван Ханддорж яалт ч үгүй онцгой ялгарч миний төдийгүй хэвлэлийн газрын хүмүүсийн санаанд ихэд нийцсэн.

6. Хятадын болон Өрнөдийн түүх бичлэгт Дайчин улсыг үндсэндээ Манж угсааны хаанчлалтай Хятадын төр улс, Хятадын уламжлалт төрийн байгуулал, улс төрийн соёл дээр үндэслэгдэж байгуулагдсан улс гэж үздэг. Мөн тун саяхныг хүртэл Өрнөдийн түүх бичлэгт ч тэр Манж нар уусаж бүрэн Хятаджсан.  Тиймээс Чин улс нь яах аргагүй Хятадын төр улс гэж үздэг байсан. Харин Памела Кросслеи, Эвилин Рауски нарын эрдэмтэд Хятаджилтын онолыг эрс шүүмжилж эхэлсэн бол Марк Эллиотт нарын бий болгосон Чингийн шинэ түүхийн сургууль Манж нар уусаагүй төдийгүй Чин улс нь Манжийн улс байсан гэж үзэх болсон. Чингийн шинэ түүхийн сургуулийн үндсэн санаанууд нь Японы уламжлалт түүх бичлэгтэй үндсэндээ давхцдаг.

7. Өрнөдийн түүх бичлэг, түүний дотор Чингийн шинэ түүхийн сургууль болон Японы түүх бичлэг ч Манж нар Монголыг байлдан дагуулж, Манжийн найман хошууны үлгэрээр Монголд хошуу, сум болон засаг ноёны тогтолцоог бий болгосон гэж үздэг. Үндсэндээ Манж нар Монголын овог аймгийн байгуулал, ураг төрлийн нийгмийг нурааж төр улсын засаг захиргааны тогтолцоо бий болгосон гэж үздэг байв. Манай түүх бичлэгт Хятад болон Өрнөдийн түүх бичлэгийн дагуу Орос-Зөвлөлтийн түүх бичлэгийн нөлөөгөөр Монголыг Манж-Хятадын колонийн дарлал, эрхшээл гэх мэтээр бичиж ирсэн.

8. Харин миний ном энэ бүхнийг няцааж Дайчин улс нь Манж-Монголын холбооны улс төдийгүй, Монголын төрийн онол, байгуулал, улс төрийн соёл дээр үндэслэгдсэн улс гэдгийг түүхийн анхдагч сурвалжуудаар нотлож харуулсан. Манж-Хятадын байгуулсан Хятадын төр улс Монголыг эзлэж колоничилсон, эсвэл эзэрхсэн бус харин Манж-Монгол нийлж төр улс байгуулж, Хятадыг эзлэж, Хятадыг “колоничилсон” гэдгийг баримтаар харуулсан. Энэ ерөнхий дүр зураг төдийгүй олон улсын болон Монголын түүх бичлэгт байдаг олон тооны тогтсон ойлголт, тайлбаруудыг баримтаар няцааж, шинэ ойлголт, шинэ тайлбаруудыг дэвшүүлсэн байгаа. Үндсэндээ ХV зуунаас хойшхи Монголын түүхийг цоо шинээр  хөдлөшгүй баримт нотолгоотойгоор авч үзсэн байгаа.

9. Хоёр том “гүрэн”, “ард түмэн” гэдэг хэл ярианаас эхлээд л бид өөрсдийгөө үзэх, ойлгох хандлагад асуудал их бий. Энэ нь Хятадын төдийгүй Өрнөдийн түүхчид Монголыг Хятадын умард хязгаар (northern frontier), Хятадын Өвөр Азийн хязгаар (Inner Asian Frontiers of China) гэж хардагтай агаар нэг зүйл. Өвөр Ази гэдэг нэр томьёо нь чухам Монголын газар нутаг, Монгол Улсыг төр улсгүй, тиймээс эзэнгүй газар (territorium nullius), газар зүйн орон зай гэдэг санаагаар бий болгосон колонийн эрин үеийн нэр томьёо. Эзэнгүй буюу төр улсгүй гэж харуулахын тулд Монголын газар нутаг дээр зөвхөн овог аймгийн байгуулал, ураг төрлийн нийгэм ноёрхож байсан гэдэг үзэл онол Орос, Хятадын болон Өрнөдийн түүх бичлэгт нэвт шингэсэн.

10. Монголын шинэ үеийн түүх бичлэг хүлээж аваад мөн л өөрсдийгөө овог аймгийн байгуулалттай мэтээр тайлбарлаж ирсэн. Тэрний ул мөр нь одоо хүртэл Монголд орших ястан энэ тэр гэх ойлголтууд.  Нөгөө хоёр нь улс, Монгол нь улс бус биш шүү дээ. Төр улсад л улс төрийн хил хязгаар гэж байх. Аливаа нэг төр улс нөгөө төр улсын хил хязгаар бус харин хөрш нь. Ард түмэн гэж ярих бол нөгөө хоёрыгоо ч мөн ард түмэн л гэж ярих нь зүйтэй. Монгол Улс ОХУ болон БНХАУ-тай хил залган орших улс.

11.  Ний нуугүй хэлэхэд, 1990-ээд оноос хойш Монгол Улс шинжлэх ухаан боловсролын салбараа гаргуунд нь хаясан. Түүний дотор нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар бүр шаарлагдсан. Тэдний хэл ус, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудад бодлогоор илгээх, сургах, ажиллуулах нь бүү хэл эндээ тайван суугаад судалгаагаа хийх хэмжээний цалин хөлс ч үгүй. Манай залуучууд сэтгэлтэй тулдаа ёстой л бор зүрхээрээ, эрвийх дэрвийхээрээ хичээдэг. Хэдий тийм ч суугаа сэцэнээс явсан тэнэгийн дээр, шинжлэх ухааны ажлын хэл англи хэл болсон энэ үед хэл ус муутай улс ажлынхаа үндсэн гарын авлагаа ч бүрэн дүүрэн хэрэглэх чадвар дулимаг, мөн хэрэглэе гэсэн ч ном, сэтгүүлүүд нь байхаасаа байхгүй нь их байна шүү дээ.

12. Манай бодлого үндэсний чадавхаа хөгжүүлэх (national capacity building) бус харин гадагш нь шилдэг тархинуудаа урсгахыг хөхүүлсэн бодлого болчихоод байна шүү дээ. Өөрсдийн их сургуулиудынхаа бүсийг чангалаад шилдэг тархи тогтох боломжгүй болгоод, дээрээс нь төр нь ерөнхий боловсролын сургууль төгссөн шилдэг хүүхдүүдээ гадагш нь өндөр төлбөр төлж явуулаад, хувийн сургуулиуд нь шилдэг хүүхдүүдийг цөмөөд гадагш нь явуулах замаар бизнесээ сурталчаад байж байна шүү дээ. Төлөвшөөгүй 20 орчим насны хүүхэд өрнөдийн сургуулиудад сураад Монголд буцаж ирэх боломжгүй. Ирье гэсэн сэтгэл байсан ч бакалаврын сургалт дөнгөж гараа төдий, тэд мэдээж ажил төрөл ирээдүйн карьераа хөөж магистр, докторын хөтөлбөрт хамрагдахын хичээх нь зүй.

13.Түүний оронд Монголдоо бүх шилдэг тархинуудаа сургаад, болвол магистр хамгаалсны дараа докторын, постдокторын сургалт судлагаанд хамруулбал тэд харин Монголдоо ирнэ. Бид шилдэг тархинуудаа алдахаа больж, үндэсний өрсөлдөх чадавхаа ч нэмэгдүүлнэ. Энэ мэт гээд олон зүйлийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна даа.     

14.Нэг талаас монголчууд нийтээрээ ардчилсан, тогтвортой, хяналттай, хариуцлага тооцох эзэнтэй, салбарын шилдгүүдээс бүрдсэн чадварлаг Засгийн газартай тогтолцоог хүсдэг. Нөгөө талаас авилга, хуйвалдааныг нийтээрээ жигшихийн дээр, нэг этгээдийн дарангуйлал тогтохоос болгоомжилж, тийм дарангуйлал тогтоохгүй байх тогтолцоог хүсдэг. Чухам энэ бүх шаардлагыг хамгийн сайнаар хангадаг тогтолцоо нь Ерөнхийлөгчийн засаглал. Тиймээс миний бие Монгол Улсыг бүх ард түмнээсээ дөрвөн жилийн хугацаагаар, нийт сонгогчдын 50 хувиас дээш хувийн саналаар сонгогдог, Засгийн газраа тэргүүлдэг, хуульд хориг тавих эрхтэй Ерөнхийлөгчтэй, мөн бүх ард түмнээсээ сонгогддог хоёр танхимтай, аливаа хуулийг хоёр танхим дэмжснээр баталдаг парламенттай, мөн бүх шатны шүүгч нарыг зургаан жилийн хугацаагаар ард түмэн сонгодог шүүхтэй байх ёстой гэж үздэг.

15. Яг одоо үйчилж буй Үндсэн хуулийг бүрмөсөн өөрчилж миний дээр өгүүлснээр өөрчлөх ёстой. Одоогийн үйлчилж буй Үндсэн хууль нь 1992 оны Үндсэн хууль, түүний үзэл санааг бүрмөсөн эвдэн нурааж Монгол Улсад эдүгээ БНХАУ-д оршин байгаа дэглэмийг үндсэнд нь тогтоосон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэг нам, нэг хүний гарт бүрмөсөн төвлөрүүлсэн, ардчилал, хуулийн засаглалыг үндсэндээ үгүйсгэсэн тогтолцоо. Монголд авторитари дэглэм тогтчихоод байна шүү дээ. Чухам авторитари дэглэм тогтчихсон байгааг эрх баригчдын үг үйлдэл тод томруун харуулж байна бус уу. Мөн ийм тогтолцоогоор Монголын төрийн эрх мэдлийг гадны хүчирхэг тоглогчид бүрэн дүүрэн хянах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 50 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 50 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 50 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 50 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 50 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 50 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

15 цаг 5 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 25 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 29 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 32 мин