Б.БЯМБАЖАРГАЛ
Дэлхий даяар старт-апууд ажилласаар баялаг бүтээсээр байна. Дэлхийн шилдэг 500 компанийн таван хувь нь зөвхөн старт-ап компаниуд байгаагаас тэд хэрхэн хурдацтай өсөж байгааг харж болно. Тэгвэл “Монголын гарааны бизнесийн экосистемийн талаарх мэдээлэл цуглуулах судалгаа”-бий болгоход Бизнес инновац хөгжлийн газар ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж Монголын гарааны бизнес эрхлэгчдийн экосистемийн мэдээллийг цуглуулан суурь судалгаа хийжээ. Судалгаанд үндэслэн дүн шинжилгээ хийж Монголын гарааны бизнесийн экосистемийн хөгжлийн талаар санал дэвшүүлсэн байна. Хөгжлийг хурдасгагч, аливааг дөтлөгч гэж нэрлэгддэг технологит суурилсан старт-ап компаниудын экосистемийн судалгаанаас онцлон хүргэж байна. Судалгаанд нийт 80 старт-ап, 10 инкубатор, хурдасгуур компани, инновацийн төв, бүлгэм, есөн их, дээд сургууль, технологийн коллеж, судалгааны институтүүд болон төрийн, олон улсын байгууллагын төлөөллүүд судалгаанд хамрагджээ.
Монгол Улсын индекс таван байраар урагшиллаа
Жил бүр дэлхийн старт-ап компаниудын өрсөлдөх чадвар, хөгжил, экосистемийн талаар “Startupblink” судалгаа хийж тайлан гаргадаг. Тэгвэл 2021 оны старт-ап экосистемийн дэлхийн индексээр Монгол Улс шилдэг 100 орноос 88 дугаарт жагсжээ. Энэ нь өнгөрсөн 2020 оноос таван байр урагшилсан үзүүлэлт юм. Мөн 2021 онд Монгол Улс анх удаагаа дэлхийн шилдэг “Software data”-аар 67 дугаарт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн Улаанбаатар хот хоёр дахь удаагаа 2020 онд 690 дүгээр байраас 199 байраар урагшилж 1000 хотоос 491 дүгээр байранд жагссан байна. Ингэснээр “Startupblink”-ийн тайланд “Монгол Улсын старт-ап экосистем одоогоор хөгжлийн үе шатандаа байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй дижитал улс арга хэмжээ болон өсөн нэмэгдэж байгаа технологийн салбарын мэргэжилтнүүд нь цаашид хөгжих ирээдүйтэй болохыг илтгэж байна” гэж дурджээ.
Тэгвэл Бизнес инновац хөгжлийн газар, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран хийсэн судалгааны тайландаа бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид, олон улсын хөгжлийн байгууллагууд, хувийн секторынхны анхаарлыг технологид суурилсан старт-апуудад хандуулах, старт-ап экосистемийн потенциалыг хэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх ажлыг тэргүүн эгнээнд эрэмбэлүүлэхийг тусгажээ.
Тэд 96 тэрбум төгрөгийн хөрөнгө босгожээ
Монгол Улсын старт-ап экосистемийг харьцангуй залуу гэдэг. Тухайлбал, ердөө 3.6 жил үйл ажиллагаа явуулсан хөгжлийн үе шатандаа яваа гэж тодорхойлдог. Тэгвэл энэ богино хугацаанд судалгаанд хамрагдсан старт-апуудын мэдээлснээр тэдний дундаж үнэлгээ 452 тэрбум төгрөг болжээ. Ингэснээр тэд нийт 96 тэрбум төгрөгийн хөрөнгийг тэд босгож нийт 60 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Монгол старт-ап компаниуд улсдаа 1318 ажлын байрыг бий болгож чадсан байгаа юм. Үүний 717 нь бүтэн цагийн ажлын байр. Старт-апуудын хичээл, зүтгэлийг аялал жуулчлалын салбартай харьцуулан судалгааны тайланд тусгажээ. Тодруулбал, Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр, 2021 онд аялал жуулчлалын салбар ДНБ-ний 0.5 хувь буюу 54 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлсэн бол старт-ап компаниуд 60 тэрбум төгрөгийн орлогыг олсон байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа старт-ап компанийн 63 хувь нь сүүлийн гурван жилд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа юм. Ялангуяа, судалгаанд оролцсон старт-апуудын 32 хувь нь 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Түүнчлэн старт-апууд нийт 137 оюуны өмч бүртгүүлснээс 10 нь олон улсад бүртгэгджээ.
Спарт-апуудын эрчийг алдуулахгүйн тулд эрх зүйн орчноо сайжруулъя
Залуучууд хийж бүтээхээр зүтгэж байгаа ч тэдэнд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ нь ч судалгаагаар гарчээ. Тухайлбал, старт-ап экосистемийг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд хууль эрхзүйн орчныг өөрчлөх, төрөөс тогтвортой дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн старт-ап экосистемийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлсон байна. Үүнд боловсролтой ажиллах хүчин, эдийн засгийн тогтвортой орчин, инновацийн түвшин, хүн амын худалдан авах чадвар болон багийн гишүүдийн хүрэлцээ зэргийг нэрлэжээ. Мөн хөрөнгө оруулагчдын тоо цөөн байгаа нь старт-апуудын хөгжилд тушаа болж байна. Олон улсын хөгжлийн байгууллагуудын хувьд старт-апыг хөгжүүлэхэд төрөөс тууштай дэмжих нь хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг. Тэгэхээр старт-ап компаниудад эрчээ алдахгүйгээр өсөж хөгжих боломжийг бүрдүүлж таатай бодлогын орчныг бий болгох хэрэгтэйг мөн онцолжээ. Мөн старт-ап экосистемийг өргөжүүлэхэд олон улсын старт-апын экосистем, зах зээлтэй холбоотой байх нь чухал хүчин зүйл. Тиймээс манай улс Япон, Сингапур зэрэг бусад улстай хамтран ажиллах нь өсөлтөд бодит түлхэц болж, дэлхий дахинд өөрсдийн боломжоо харуулахад тусална гэдгийг судалгаагаар онцолсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)