Б.БЯМБАЖАРГАЛ
Монгол Улсын Консерваторийн багш, төгсөгч болон сурагчид сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг эсэргүүцэн өчигдөр жагсаал хийлээ. Жагсагчдын түр хорооноос сургуулийн хашаанд стандартын шаардлага хангасан 650 хүүхдийн хичээлийн байр болон циркийн барилгыг гэрээнд анхлан заасны дагуу барихыг БШУЯ-наас байсан юм.
Энэ талаар Монгол Улсын Консерваторын эрдмийн зөвлөлийн гишүүн, ардын багш М.Цэрэндорж “Энэ оны тавдугаар сарын эхээр сургуулийн талаас Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү, Коллежийн захирал Оюунтуяа, сургуулийн үл хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн нягтлан бодогч Батдэлгэр болон миний бие, нөгөө талаас Боловсролын сайд Л.Энх-амгалан, сайдын ерөнхий зөвлөх болон холбогдох дөрвөн хүн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд сургуулийн төв байрны ард байрлах цайны газрын байрнаас үргэлжлүүлэн бүх анги нь наран талруу харахаар байрлалтай 640 хүүхдийн стандартын шаардлага хангасан 18 ангитай хичээлийн байр, циркийн сургуулилт хийх байр болон Боловсролын үнэлгээний төвийн байр барихаар тусгасан. Хамгийн гол барилга нь 640 хүүхдийн хичээлийн байр, циркийн барилга, үлдсэн жижиг талбайд Боловсролын үнэлгээний төв барихаар тохиролцсон ч одоо шинэ хичээлийн байр баригдах байршлыг өөрчилж хуучин хичээлийн байрнаас үргэлжлүүлэн барихаар болж хамгийн гол,том талбайд Боловсролын үнэлгээний төв баригдаж, циркийн барилга баригдахааргүй болсныг эсэргүүцэн жагсаж байна. БШУЯ-наас яам анх танилцуулсанаараа гол барилгаар хичээлийн байр, циркийн байрыг барьж, үлдсэн жижиг талбайд Боловсролын үнэлгээний төвийн байраа барихыг шаардаж байна” гэв.
Монгол Улсын Консерватори нь төрийн өмчийн дээд сургууль бөгөөд улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэдэг ганц сургууль юм. Нийт 1200 гаруй сурагч, 200 гаруй нарийн мэргэжлийн багш нар ажилладаг энэ сургуулийн хэмжээнд хичээлийн байр, мэргэжлийн сургуулилт хийх байр, талбай хүрэлцээгүй байдаг байна.
Монгол Улсын Консерваторийн удирдах зөвлөлийн гишүүн, цохивор хөгжмийн багш Б.Зоригт “Боловсролын яам нийт багш нарт мэдээлэл өгөөгүй, өгөхийг хориглосон байсан. Энэ талаар Ч.Тунгалаг багш сургуулийн бүх багш нарт мэдээлэл хүргэх хэрэгтэй гэж анхааруулахад цааш түгээхгүй шаардлагагүй, барилгаа эхлүүлсний дараа багш нар өөрсдөө ойлгоно гэх мэтчилэн хэлж байсан. Бидний зүгээс сургуулийн хашаанд зориулалтын дагуу л барилга барихыг шаардаж байна. Гэтэл Боловсролын үнэлгээний төв барих гэж байна” гэдгийн онцолж байлаа. Одоогоор Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төв барихыг эсэргүүцэж, газрыг сургуулийн зориулалтын хичээлийн байр, барилга барихыг дэмжиж 1200 гаруй хүн гарын үсгээ зуржээ.
Тэгвэл сайд Л.Энх-Амгалан жагсагчдын түр хороотой өчигдөр мөн уулзсан юм. Тэрээр “Боловсролын яам Монгол Улсын Консерваторийг кампус хэлбэрээр хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргахаар тавдугаар сард хамтарсан ажлын хэсэг гарч ерөнхий төлөвлөгөө хийгдэн Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан. Үүний дагуу 650 хүүхдийн ашиглалтын хугацаа дууссан сургуулийг хөгжмийн сургуулийн стандартаар шинээр барихаар төлөвлөсөн. Мөн цаашид зориулалтын урлагийн болон спорт заал, номын сан, багш хөгжлийн төв зэргийг шинээр барихаар төлөвлөсөн байгаа. Мөн Боловсролын Үнэлгээний төв барих газарт Циркийн сургууль барих төлөвлөгөөтэй байсан. Гэвч Дашчойлин хийдийн хажуу дахь циркийн сургуулийн алдагдсан газрыг Боловсролын яам бүрэн шилжүүлэн өөрсдийн газарт нь хоёр тэрбум төгрөгөөр циркийн сургууль барихаар болсон” гэлээ.
Боловсролын үнэлгээний төвийн шинээр баригдах барилга нь өнгөрсөн дөрөвдүгээр сард ШУТИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрыг нурааж оронд нь баригдах мэдээлэл цацагдаж сургуулийн багш, сурагчид эсэргүүцсэнээр асуудал намжиж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.20 МЯГМАР № 140 (6617)