Урадын Э.Булаг, Их Британийн Кэмбрижийн их сургууль
At the beginning of the twentieth century, Asia witnessed the transition from empire to nation. Specifically, two nation-states emerged from the debris of the Qing Empire: Mongolia and China. The relationship between these two countries has not always been cordial, but intermittent with cooperation and struggles. At the heart of the problem is the interesting fact that Mongols once conquered and ruled China, and the two came under the Qing Empire in the seventeenth century. How to get out of this imperial entanglement is still something that bothers the two nations, especially because China claims to be the successor state to the Qing Empire, while Mongolia, while vowing to have nothing to do with China, has in fact a large chunk of Mongol territory incorporated into China. Today, as we approach the 110th anniversary of that momentous event, and as we now on the cusp of another round of global geopolitical transformation, it is well advised to revisit the founding moments of nation building for both countries, and see what can be learned from how the divergent visions of independence were articulated and how the two founding heads of states debated about the issue.
Энэ судалгааны өгүүлэл нь “Independence as Restoration: Chinese and Mongolian Declarations of Independence and the 1911 Revolutions нэртэйгээр The Asia-Pacific Journal-ын 2012 оны нэгэн дугаарт нийтлэгдсэн (The Asia-Pacific Journal, Vol. 10, Issue 52, No. 3, December 31, 2012). Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр энд цувралаар хүргэж байна.
1. Удиртгал
1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан нь орчин цагийн Өвөр (Дотоод) Азийн төдийгүй Зүүн Азийн түүхэнд онцгойлон тэмдэглүүштэй үйл явдал болсон билээ. Энэ нь зөвхөн Чин гүрний уналтад хувь нэмэр оруулаад зогсохгүй эзэнт гүрний нуранган дээрээс Дундад (Хятад), Монгол гэх хоёр тусгаар үндэстний улс байгуулагдахад хүргэсэн юм. 2011 онд Дундад улс болон Монгол Улсын аль аль нь уг үйл явдлын зуун жилийн ойг баяр ёслолын гэхээсээ Дундад нь Гадаад Монголыг, (Ар) Монгол нь Өвөр Монголыг алдсан мэт байдалтайгаар үдэв.
Зуун жилийн ойг тэмдэглэн өнгөрөөх үед Хятадын олон эрдэмтэн 1911 оны үйл явдлыг дан ганц хувьсгал, тусгаар тогтнол төдийхөн биш харин олон-угсаатны Манж-Чин гүрнийг хууль ёсоор эргэн байгуулсан явдал (legal reconstititution) бөгөөд Хан-Хятад үндэстэнд суурилсан олон угсаатны үндэсний улсын эрин үе (Han-Chinese centred multi-ethnic national state) байсан хэмээн онцолж байлаа. Үүнийг 1912 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр улсынхаа бүрэн эрхт байдал (Qing sovereignty)-ыг Дундад Иргэн Улсад хуурмагаар шилжүүлсэн Чин гүрний эзэн хааны сүүлчийн зарлигтай хамаатуулдаг.[1] Нэгэн зууны дараагаар Хятадын судлаач Гао Чюанши (Gao Quanxi) үүнийг хятад маягийн “Ялгуусан хувьсгал”[2] хэмээн нэрлэв. Тэд (Хятадын эрдэмтэд)-ний анхаарлыг зарлигийн дараахь хэсэг ихээхэн татдаг. Үүнд:
Тиймийн учир Хуаньтайхоу би эзэн хааны хамт үүгээр улсын бүрэн эрхийг бүх ард түмний мэдэлд шилжүүлж байна. Мөн үүнээс хойш бүгд найрамдах улс мөн хэмээн тунхаглаж байна.
Хятад, Манж, Монгол, Хотон (Муслим), Төвөд таван төрөл язгуурын нутаг дэвсгэрийг бүрэн бүтэн байдалтай нь ард түмэндээ хадгалахын хамт Дундад Иргэн Улс нэрийн дор нэгэн агуу их улсыг хамтдаа байгуулж байна.[3]
Эндээс Дундад (Хятад) Иргэн Улс (болон түүний залгамжлагч улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс)-ын хууль ёсны байдал нь хувьсгалын шударга үнэнд суурилсан биш харин Чин гүрний тэргүүний толгойдоо буу тулгуулаад шахагдаж явахдаа хийсэн алхмаас үүдэлтэй хэмээн дүгнэж болох юм. Гэхдээ ийм эрдэм шинжилгээний ажлын улс төрийн үр дагавар гүн гүнзгий байдаг бөгөөд энэ нь БНХАУ-ын одоогийн нутаг дэвсгэрээр хязгаарлагддаггүй. Чин гүрнийг залгамжлагч улсын хувиар “хууль зүйн хувьд” эргэн байгуулагдсан (reconstituted) гэж олонд өөрийгөө ойлгуулсан Дундад Иргэн Улс нь Монгол Улсын “эх улс” (mubang)[4] мөн гэх санааг цаагуураа өвөрлөн, улмаар Монгол Улсын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрөх эрхээ шинээр олж авсан гэдэг. Тэгвэл эндээс Дундад Иргэн Улс нь Монгол Улсын “эх улс” байсан эсэх, Монгол Улсын тусгаар тогтнол нь эхийн хүлээн зөвшөөрөлгүйгээр хүчин төгөлдөр эсэх, эцэстээ Монголчууд энэ асуудалд хэрхэн хандсан зэрэг асуулт гарч ирнэ. Хамгийн наад зах нь Монгол Улс тусгаар тогтнолоо Дундад Иргэн Улс байгуулагдахаас урьтаж зарлан тунхагласан нь энд хариулт өгөхөд бага зүйл биш билээ.
Олон улсын эрх зүйд шинэ улс үүсэх талаар онолын хоёр үзэл баримтлал байдаг. Үүний нэг нь бүрдүүллийн (constitutive) онол бол нөгөө нь тунхаглалын (declarative) онол юм. Бүрдүүллийн онолын дагуу аливаа улсыг бусад улс хүлээн зөвшөөрөхөөс өмнө тухайн улс үнэн чанартаа улс болж чадахгүй гэж үздэг. Тэгвэл тунхаглалын онол нь эсрэгээрээ буюу өөрийгөө улс хэмээн зарлан тунхаглах замаар улс болох бөгөөд үүнд бусад улсаас хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаггүй онцлогтой.[5] Монголын судлаач Д.Мөнх-Очир[6] тунхаглалын онолыг хэрэглэн 1911 оны үеийн Монгол Улсын олон улсын статус болон Монголын de jurе тусгаар тогтнолд хүрсэн үйл явцыг судалжээ. Тэрээр тунхаглалын онолыг онцлон шинжилсэн нь Жак Деррида (Jacues Derrida[7])-ийн Америкийн тусгаар тогтнолын тунхагийг улс төрийн болон гүйцэтгэх (үйлдлийн) ярианы акт (performative speech act) хэмээн дүгнэсэнтэй нийцдэг.
Түүнчлэн тунхаглалын (declarative) онол нь "аливаа улс улс төрийн хувьд оршин тогтнох нь бусад улс түүнийг хүлээн зөвшөөрөхөөс үл хамаарна (бие даасан байна)”[8]хэмээн заасан, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын заншлын эрх зүйн эх сурвалж болох Улсын эрх, үүргийн тухай Монтевидеогийн конвенц (Montevideo Convention on Rights and Duties of State)-ийн гол амин сүнс юм. Эрх зүйн зохицуулалт ямар байхаас үл хамааран хүчтэй эсэргүүцэгч, үл хүлээн зөвшөөрөгч улс (энэ тохиолдолд Дундад Иргэн Улс) нь тусгаар тогтнолынхоо төлөө яваа тэмүүлэлтэй үндэстэн (энэ тохиолдолд Монгол)-д ноцтой саад үүсгэж мэднэ гэдгийг хайхрахгүй өнгөрөх боломжгүй.[9] Гол асуудал нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа “эх улс”-ын эсэргүүцэл тусгаар гэдгээ өөрөө зарласан улсын статуст эцсийн хариу өгөх эсэх тухайд байна. Бүрдүүллийн болон тунхаглалын онолын аль аль нь “эх улс” хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаггүй.[10] Асуудлыг төвөгтэй болгож буй зүйл нь Британи, Орос зэрэг дэлхийн хүчтэй гүрнүүд Төвөд, Монголд Хятадын “сюзерен” (suzerain) статусыг тулгаж байсан[11] ч Монгол Улс Дундад Иргэн Улсыг хэзээ ч “эх улс” хэмээн хүлээн зөвшөөрч байгаагүйд оршино.
Зохиогчийн зүгээс үүнийг ихээхэн нарийвчлан шинжилбэл зохих асуудал хэмээн үзэж байна. Тиймээс энэ өгүүлэл нь тусгаар тогтнолын талаарх Хятад болон Монголын үзэл санааг харьцуулан өргөн хүрээний үр дагаврыг гарган тавихад голлон чиглэнэ. Ингэхдээ Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан явдлыг Дундад (Хятад) улсын тусгаар тогтнолын үзэл санааны хэлэлцүүлэгтэй харгуулан тавих замаар судлана. Энэ үүднээс 1911 онд Чин гүрнээс Дундад (Хятад) улс, Монголын аль аль нь тусгаар тогтнолоо зарласан ч 1912 онд Дундад Иргэн улс Чингийн төрийг залгамжлагч улс хэмээн өөрийгөө зарласны үндсэн дээр Монгол улсын тусгаар тогтнолоо зарласан явдалд хариу үйлдэл үзүүлсэн зэрэг анхааралгүй орхидог боловч үнэ цэнэтэй баримтуудыг задлан шинжилнэ. 1912-1913 онуудад Олноо Өргөгдсөн Монгол Улсын эзэн хаан бөгөөд Монголын Төвөд маяг (Төвөдөөс уламжилсан)-ийн Буддизм (Бурханы шашин)-ын оюун санааны удирдагч Богд Жавзандамба хутагт болон Дундад Иргэн Улсын шинэ Ерөнхийлөгч Юан Шикай нарын хооронд ширүүн үзэлцсэн агуулгатай цахилгаан бичиг солилцож байсан нь нь хоёр шинэ улсын үндсэн алсын хараа (хүсэл тэмүүлэл)-г харуулдаг бөгөөд энэ нь эдүгээ ч ач холбогдолтой хэвээр байна.
2.Дундад (Хятад) Улс тусгаар тогтнолоо тунхагласан нь
Хятад босогчид “Татаар зэрлэгүүдийг хөөж, Хятадаа буцаан сэргээе” (quzhu dalu huifu zhonghua”) гэх жинтэй уриатайгаар тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ эхлүүлсэн бөгөөд 1911 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Учаны бослого (Wuchang revolt)-оор тэмцэл нь oргилдоо хүрчээ. Уг уриа нь Чин гүрний бүрэлдэхүүн хэсэг байсан Манжуур, Монгол, Төвөд, Шинжааныг оруулахгүйгээр зөвхөн жинхэнэ Хятад орон (China proper)-ы 18 мужийг багтаах байдлаар Дундад (Хятад)-ын нутаг дэвсгэрийг багтаасан агуулгатай байх магадлалтай. Хувьсгалчид дараа нь таван үндэстний [төрлийг багтаасан] бүгд найрамдах улс (wuzu gonghe) хэмээн Дундад Иргэн Улсыг байгуулснаар[12] угсаатны-орон зайн талаарх энэ төсөөллөөсөө бултсан ч Хятадын эрх зүй судлаачид өнөөдөр Дундад Иргэн Улсыг Чин гүрнийг “залгамжлагч улс” хэмээн илэрхий зорилготойгоор бичиж үнэн чанартаа түүхийн тасалданги үеийг мѳн үгүйсгэж байгаа учраас хятад хэлний huifu (эргүүлэх, сэргээх) гэдэг үгийг сайтар судлах шаардлагатай гэж үзэж байна. Энэ нэр томъёо нь зөвхөн тусгаар тогтнолын талаарх Хятад үзэл санааг ойлгох түлхүүр үг төдий бус Хятадын тусгаар тогтнолын зорилгыг эзэнт гүрний уналтаас нэг цоо шинэ улсыг байгуулах тухай гэхээсээ 1644 оны үеийн Манжийн байлдан дагууллаас өмнө “тусгаар тогтносон” байсан хуучин нутаг дэвсгэрээ “сэргээх”-ийн төлөө гэх жинхэнэ санааг мөн илэрхийлдэг.
Хэрэв энэ аргумент зөв бол бидний өмнө нэгэн сонирхолтой нөхцөл байдал гарч ирж байна. Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ыг тусгаар тогтнолоо зарлах замаар гарч ирсэн дэлхий дээрх анхны үндэстэн (nation) хэмээн нийтлэг байдлаар хүлээн зөвшөөрдөг (Америк 1776 онд Британиас салсан). Үнэндээ Америкийн тусгаар тогтнолын тунхаглал (American Declaration of Independence) гарсан нь нэгэн томоохон улс /төрийн бүтэц/(polity)-аас нэг бүс нутаг тасран салсныг илтгэх төдий бус шинэ улс үндэстний зарчмын үүдийг нээсэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Тиймээс “Хятадаа буцаан сэргээе” гэх хятад уриа нь 1644 оны үеийн Манжийн байлдан дагууллаас өмнө нэгэн “улс” оршиж байсан гэгдэхийн төлөө Манж нарын үеийг гээж, цааш сунжирсаар бүр дэлхийн анхны улс (АНУ)-ыг байгуулагдахаас урьтаж байгаагаараа сонирхолтой. Асуудал нь мэдээж Дундад (Хятад) улс 1644 оноос өмнө Манжуудаас “тусгаар” байсан эсэхэд бус харин “тусгаар тогтнол” гэдэг үг бие даасан нэр томъёоны тодорхой утгыг тэр үед илэрхийлж байсан эсэх тухайд яригдана. Чухамдаа Мин (Хятад) Улс Цагаан хэрмийг шинээр барьж, Монгол, Манжаас өөрийгөө тусгаарлаж байсан ч 1776 оны үед аль эсхүл XIX дүгээр зууны сүүл хүртэл Америк (болон орчин үеийн)-ийн тусгаар тогтнолын үзэл санаанд байдаг бүрэн тэгш эрх, эрх чөлөө (sovereign equality and freedom)-ний агуулгыг илэрхийлсэн “тусгаар тогтнол”-ын тухай ойлголт Хятадад байсан гэх баримт олдоогүй.
Дэвид Aрмитаж (David Armitage)-ийн дүгнэснээр[13]Америкийн тусгаар тогтнолын тунхаглал нь дараа дараагийн олон улсын хэмжээний тунхаглалуудад ихээхэн нөлөө үзүүлж иржээ. Зохиогч (Урадын Э.Булаг)-ийн хувьд Хятад тусгаар тогтнолоо тунхагласан хийгээд энэ талаарх түүний үзэл санаа нь үүнээс ангид зүйл биш гэх аргументийг дэвшүүлж байна. Гэхдээ 1911 онд тусгаар тогтнолоо “сэргээсэн” гэх хятад үзэл санаа нь маргаж мэтгэлцээд байхаар ач холбогдолгүй гэсэн үг бас биш. Энэ нь хувьсгалчдыг үр дүнд чиглэсэн тодорхой үйлдэл хийлгэхэд хүргэсэн нь үнэн. Харин үүнийг хэт нарийвчлалгүйгээр Хятадад үзүүлсэн Америкийн нөлөөг тусгаар тогтнолын хууль ёсны байдал, тусгаар тогтнолын зохион байгуулалт гэх 2 зүйлийн хүрээнд авч үзье.
Тайванийн түүхч Пан Куанчэ (Pan Kuang-che)[14] Хятадын хувьсгалчид хувьсгалынхаа шалтгааныг хэрхэн хууль ёсны болгож, тайлбарлах тухайд Америкийн тусгаар тогтнолын тунхаглалыг ашиглаж байсан хэмээн бичсэн байна. Тэдний хувьд Америкийн тунхаглал “оюун санааны эх сурвалж” болж байжээ. Тэрээр (Пан Куанчэ) 1903 онд Зөү Рун (Zou Rong)-ы бичсэн Хувьсгалч арми (Revolutionary Army), 1904 онд Америкийн ард түмэнд хаягласан Сун Ят-сен (Sun Yat-sen)-ий “Хятадын асуудлын зөв гарц” (True Solution of the Chinese Problem) бүтээлүүдийг хянан үзээд Британийн дарлалын эсрэг Америкчуудын хэрэглэж байсан “life” (амьдрал), “liberty” (эрх чөлөө), “pursuit of happiness” (аз жаргалын эрэл) зэрэг ойлголт нь Хятадын хувьсгалчдын дунд үнэнч дууриалалаа олж, тэдний Манжийн эсрэг шүүмжлэлийн үзэл санааны суурь болсон хэмээн тэмдэглэсэн байдаг. Америкчууд Британичуудын эсрэг гомдлоо жагсаан бичсэн шигээ Зөү Рун, Сун Ят-сен Манжийн үйлдсэн гэмт хэргийг нэрлэн зааж байжээ. Судлаач Пан Куанчэ Америкийн тунхаглалын талаарх Хятадын тайлбаруудыг нягтлах явцдаа тус тунхаглал дахь түлхүүр ойлголтуудыг шударга бус явдлын эсрэг Хятадын олон нийтийн бослогын үзэл санаанд зохицохоор орчуулсан байсныг тогтоосон. Ийнхүү Америкийн үзэл санаа Манжийн эсрэг Хятадын арьс өнгөөр ялгаварлах үндсэрхэг үзэлд түшиг болсон нь илэрхий аж.
Хятадын эрх зүйн түүхч Жан Юунлэ (Zhang Yongle)-ийн үзсэнээр[15] Дундад Улсын тусгаар тогтнолын үйл явц (процесс) нь “салан тусгаарлалт”-аас “эвсэл”-д хүрэх загварыг дагасан байна. Тодруулбал энэ нь эхлээд [Чин] гүрнээс мужууд салан, дараагаар нь холбоотон болох замаар шинэ улс байгуулжээ. Жан Юунлэ үүнийг 13 колони тусгаар тогтнолоо тунхаглаж, дараа нь “Нэгдсэн Улс” (United States)-ын холбоо (federation)-г үүсгэсэн гэх Америк загвартай төстэй хэмээн үзжээ. Хувьсгалч засгийн газар 1911 оны 10 дугаар сард Учан (Wuchang)-д байгуулагдсаны дараа Чингийн харьяаны 18 хятад мужийн 14 нь тусгаар тогтнолоо зарласан. 1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 17 мужийн төлөөлөл Дундад Иргэн Улсын түр засгийн газрыг байгуулахаар нэгдэв. Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгч Сун Ят-сен анхны үгэндээ “зэрлэгүүдийг хөөж гаргана” гэх Хятадын өмнөх байр сууриас татгалзан, шинэ бүгд найрамдах улсыг Төвөд, Хотон (Муслим), Монгол, Манж, Хан (Хятад) таван үндэстний (төрлийн) нэгдэл (wuzu gonghe) хэмээн дараах байдлаар зарлажээ.
Төрийн үндэс нь Ард түмэн. Хятад, Манж, Монгол, Хотон, Төвөдийн газрыг нэг улсад нэгтгэж, Төвөд, Хотон, Монгол, Манж, Хан үндэстнүүд нэгэн хүн мэт нэгдэж байна. Энэ бол миний хэлж байгаа манай үндэстнүүдийн нэгдэл юм.
Тэрээр Дундад (Хятад)-ыг нутаг дэвсгэрийн хувьд нэгтгэх тухайд ийнхүү хэлжээ.
Ухан (Wuhan)-ы бослого хүчээ авснаас хойш арав гаруй муж тусгаар тогтнолоо зарласан. Тусгаар тогтнол гэдэгт Чин гүрнээс салан тусгаарлахаас гадна салан тусгаарласан эдгээр мужууд эргээд нийлж гар барилцахыг хэлнэ. Монгол, Төвөдийн хувьд ч ижил. ...Энэ бол миний хэлдэг манай нутаг дэвсгэрийн нэгдэл юм.[16]
Монгол, төвөдийн тусгаар тогтнолыг Чин гүрнээс [Хятадын] мужууд тусгаар тогтносонтой Сун Ят-сен адилтгасан нь сонирхол татдаг. Цаашлаад тэрээр өөрийн энэ логикоор Монгол, Төвөдийг яг Хятадын мужуудын адилаар Дундад Иргэн Улсад нэгдэнэ хэмээн найдаж тийнхүү ятгаж байв.
Зэрлэгүүдийг үлдэн хөөхийн оронд тэднийг шинэ бүгд найрамдах улсын иргэд мэтээр тэврэх болсон Сун Ят-сений байр суурийн өөрчлөлт нь сүүлийн үеийн Хятад эрдэмтдийн судалгааны гол сэдэв болоод байна. Тэд үүнийг өөрөө гэнэт гарч ирсэн зүйл биш бөгөөд харин хувьсгалчид болон Чингийн ордныг эрхшээлдээ авсан Юан Шикай нарын хоорондын хэлэлцээний үр дүн хэмээн тайлбарладаг. Жан Юунлэ, Ван Хуй (Wang Hui) нарынхаар энэ нь Хуаньтайхоу Лунюй (Empress Dowager Longyu)-г Чин гүрний хаан ширээнээс буух зарлигтаа улсынхаа бүрэн эрхийг Дундад Иргэн Улсад шилжүүлэхэд гүйцэтгэсэн хийгээд хувьсгалчдаар “зэрлэгүүдийг” Дундадын (Хятад) үндэстэнд нэгдэхэд хангалттай сайн хэмээн хүлээн зөвшөөрүүлж “агуу харилцан буулт” (da tuoxie)-д хүргэж чадсан[17] Юан Шикайн хүчин чармайлтын ач гэнэ. Судлаач Гао Чюаньши нь Чин гүрний эзэн хааны сүүлчийн зарлигийг Дундадын (Хятад) ард түмэн (zhonghua renmin)-ий шинэ олон ургалч үзэл санааны эхлэл болсон[18] гэж дүгнэсэн байна. Энэ мэт Хятадын эрдэм шинжилгээний бичлэгт эдүгээ Юан Шикайг олон-угсаатны Дундад (Хятад) улс (multi-ethnic China)-ын “жинхэнэ эцэг” хэмээн магтан дуулж байна.
Хэдийгээр судлаачдын дээрх үзэл санааны ач холбогдлыг үгүйсгээгүй ч эдгээр дэвшилтэт эрдэмтэд Хятадын зүгээс уужуу сэтгэл гарган хүлээн зөвшөөрөх санал тавьсаны хариуд хуучин “зэрлэгүүд”-ийн үр хойчсыг талархана хэмээн үзэж байгаа эсэх нь хачирхалтай. Мөн “Дундад улс” (Zhongguo), “Хятад” (Zhonghua) ер нь төвийг сахисан, олон нийтийн ижилсэлттэй байсан эсэх, монголчууд болон төвөдүүд түүний нэг хэсэг хэмээгдэн хүлээн зөвшөөрөгдөхийн хүслэн болж байсан эсэх зэрэг нь гайхшрал төрүүлнэ. Хятадын өөрийгөө шинээр томъёолж буй онолын үндэслэл нь монголчууд, төвөдүүд Хятадын ашиг сонирхлыг хуваалцаж, улмаар хамтдаа Чин гүрнийг унагаан Хятадын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд Хятадуудтай ижил ашиг сонирхолтой байсан гэх таамаглалд суурилсан гэдгийг энд зориуд тэмдэглэе.
3.Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан нь
Тэгвэл тухайн үед монголчууд тусгаар тогтнолоо хэрхэн төсөөлж байсан бэ?[19] Үүний хариултыг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө Орос Улсын Засгийн газраас дэмжлэг хүсэхээр Жавзандамба хутагтын 1911 оны долдугаар сард илгээсэн төлөөлөгчдийн боловсруулсан хорин нэгэн (21) зүйл өргөх бичгээс олж болох юм.[20] Гаднаас тусламж эрж буй уг нууц дипломат үүрэг даалгавар нь 1911 оны 10 дугаар сард Хятадад Учаны бослого (Wuchang revolt) өрнөхөөс өмнө тохиосон гэдгийг цохон дурдууштай. Тус баримт бичиг болон дараагийн олон баримт бичигт үнэн хэрэгтээ Монголчууд 1691 онд Манжийн эзэн хааны захиргаанд орохоос өмнө тусгаар улс байсан бөгөөд Манж улсын доторх байр сууриа бурхны шашны тусын төлөөх Манж нарын хүндэтгэл дээр суурилсан хэмээн тэмдэглэж байв. Тэд Монгол-Манжийн харилцааг байлдан дагууллаас илүү эвсэл (холбоо) хэмээн ойлгож байсан юм. Ингэхдээ Манж нар Хятадыг эзлэн захирахад цэрэг, улс төрийн чухал үүрэг гүйцэтгэн тусласан Монголчууд энэ тухайгаа болгоомжлон дурдаагүй нь сонирхолтой.
21 зүйл өргөх бичиг нь “Хятад түшмэд манай Манж улсын эрхийг эзэлж...”[21] хэмээх мэдэгдлээр эхлэсэн бөгөөд гомдол заргын талаарх урт жагсаалтыг агуулсан. Үүнд Өвөр Монгол дахь Монголчуудыг Хятадууд үлэмж олноор хядах, Монголчуудыг Хятад худалдаачид мөлжин цөлмөх, Хятадын цагаачид ихээр сууршиж газар тариалан эрхлэх, Чин гүрний хязгаарын төрийн авлигач түшмэд ёс бусаар хандах зэргийг буруушаан ерөөс энэ бүгд Монголчуудад асар их гай зовлон учруулж байна хэмээн мэдүүлжээ. Монголчууд Манжтай харилцахад ѳѳрийн хүндэтгэлээ авч явах боломжгүй болсон нь тэдний хоорондын хамтын ашиг сонирхол, үнэт зүйл алдагдсанаас үүдэлтэй хэмээн үзэж байв. Тиймээс Монголчууд Орос Улсаас дэмжлэг, эв санааны нэгдэл олохыг найдан “их улсын дор шүтэж, бага улсын ёсоор харилцан туслалцваас”[22] зохино хэмээн түүнийг (Оросыг) өрөвч сэтгэлээр[23] хандахыг хүссэн. Уг баримт бичигт Манж-Монголын холбоо цуцлагдаж, оронд нь Манж-Хятадын шинэ холбоо байгуулагдсан тул Монгол-Оросын холбоог бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг онцолсон байна.
Монгол Улс тусгаар тогтнолоо албан ёсоор тунхагласныг дангаар нотлохуйц баримт бичиг монгол хэл дээр байхгүй. Харин шинэ Монгол Улсыг байгуулсан хэмээн Монголчууд хүлээн зөвшөөрдөг хамгийн дээд, суурь шинжтэй баримт бичиг нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Олноор өргөгдсөн Монгол Улс”-ын Богд хаанаар өргөмжлөгдсөн Жавзандамба Хутагтын хаан ширээндээ суусны дараа анхлан гаргасан Монгол Улсыг байгуулахад хувь нэмрээ оруулсан гавьяатай хүмүүст хишиг хүртээх тухай зарлиг юм.[24]
Зохиогчийн үзэж байгаагаар Монгол Улсын тусгаар тогтнолын тунхаглал хэмээн албан ёсоор нэрлэгдэж болох гурван (3) баримт бичиг байна. Эхнийх нь 1911 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Монголын Улсын Түр засгийн газар (Халхын хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар)-аас гаргасан “Монгол, Орос, Төвөд, Дундад, бүх хурал цуглаан, шашнаас ангид харц ардад хүрэх тунхаглал” гэх бичиг бөгөөд үүнийг Халхын дөрвөн (4) аймгийн хан, ван, бэйс, гүн, засаг, хамба, шанзудба, да ламын нэрээр гаргажээ. Тунхаглалын эхэнд дараах байдлаар дурдсан байна:
Эдүгээ өмнө газар Манж, Хятад аймаг өвөр зуураа самуурч, Манжийн төрийг сөнөөхүй дор хүрсэн чимээ олон сонсдох болсон. Үүнд манай Монгол бол бас угтаа тусгай нэгэн улс мөн тул одоо хуучин зарчмаар өөрснөө улс болон өөрийнхөө хэргийн эрхийг бусдаар эрхлүүлэхгүй шинэ төр байгуулан тогтохоор зөвлөн тогтсон. Үүнд манай Монгол Манж Хятад түшмэд дор захирагдахгүй. Тэдний эрх мэдлийг шууд хасаж, баясыг уг нутагт буцаахаар бичиг өгсөн нь дан ганц тэдний эрх мэдлийг хасаж буцаахаас өөр энгийн номхон шудрагаар маймаалан суух иргэдийг учиргүйгээр зовоох санаа бус болой.[25]
1911 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр буюу шинэ Монгол Улс байгуулагдсаны дараагийн өдөр Чин гүрний Засгийн газрын Гадаад хэргийн, Дотоод явдлын болон Зөвлөх яамдад цахилгаан мэдээ илгээсэн нь Монголын тусгаар тогтнолын албан ёсны тунхаглал хэмээн үзэж болох хоёр (2) дахь баримт бичиг юм. Тус бичигт ийнхүү заажээ:
Монголчууд Чин улсад дагаар орсноос эдүгээ хүртэл хоёр зуун илүү онд үе улиран Богд хаадын хишгийг хүртсэний тул үнэхээрийн дээд тэнгэр мэт сүсэлмүй. Зүй нь чин үнэнхүүг гүйцэтгэн зүтгэж жаргал зовлонг хамт эдлэн эс шилжвээс зохих билээ. Гагцхүү хэд хэдэн арван оноос нааш засгийн эш буурсан нь хайрлалтай бөгөөд хязгаарын сайдууд ба журганы түшмэд цаазыг самууруулан санааны дураар мөнгө юм ховдоглон мөлжихүй нь бүх дэлхийд энэ мэт хаагдсан харанхуй газар үгүй болой.
Монголчууд Манж нарыг эвслийн гэрээгээ биелүүлээгүй гэж ёс суртахууны үүднээс буруушаан, тэдний (Манж нарын) өөрсдөдөө зориулж бүтээсэн эмх замбараагүй байдалд хутгалдахгүй хэмээн андгайлж “Алтан ордон [Бээжин]-ы зүг хандаж тэнгэрийн гэгээнээс хагацахын ёсоор мөргөөд бүгдээр Богд [Жавзандамба хутагт]-ыг өргөмжлөн эзэн болгож улсын цолыг Монгол хэмээн” өөрсдөдөө найдахаас өөр аврал байхгүй гэж байв.
Үүнээс харвал Манжуудтай харилцаа холбоотой байсан 200 жилийн харилцаагаа тасалж Монгол Улс тусгаар тогтносон нь өөрийгөө хамгаалахын төлөөх алхам байлаа. Харилцаагаа “таслах”-даа монголчууд “умар зүгийн дэлхий дахины орон газрыг уул эзэн нь хураан авч бүрэн болгон батлавай”[26] хэмээн зарласан.
Гурав дахь баримт бичиг нь 1912 оны намар Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас Франц, Бельги, Англи, Япон, Герман, АНУ, Дани, Голланд, Оросын Гадаад хэргийн яамдад илгээсэн илгээлттэй холбогдоно. Тус илгээлтэд Чин гүрнээс нэгэнтээ тусгаарлан, Жавзандамба хутагтыг хаанаараа өргөмжилсөн нэгэн “улс төр” (үндэстэн-улс)-ийн хувиар Монгол Улсын статусыг эдгээр олон улсад мэдэгдэж, цаашид “улсын найрамдлыг зузаатгамой”[27] (ред. улс хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх) хэмээн улс хоорондын олон улсын гэрээ байгуулан худалдааг дэмжих санаачлага гаргасан байна.
Монголын тусгаар тогтнолын тунхаглалыг бүрдүүлж буй эдгээр бүх баримт бичиг нь Чин гүрэнтэй байгуулсан эвслээс өмнө монголчууд өөрсдийгөө тусгаар улс байсан хэмээн төсөөлж байсныг илтгэн харуулдаг (Хятадууд 1644 оны үеийн Манжийн байлдан дагууллаас өмнө өөрсдийгөө мөн “тусгаар тогтносон” гэж үздэг талаар өмнөх хэсэгт тайлбарласан). Гэхдээ Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Хятад тэмцэгчидтэй адил буюу Сун Ят-сений хэлсэнчлэн Хятад мужуудийг нэгтгэх зорилготой байсан гэх нотолгоо тун бага. Чингийн төрд илгээсэн тунхаглалдаа монголчууд Манжийн төрийг унагахыг тангарлаагүй харин хятад мужуудад дэг журам эргэн сэргэсний дараа дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг анхаарах хэрэгтэй. Тэд бичгийнхээ төгсгөлд нь: “үүнийг бичихэд тэсгэл үгүй айж эмээн Манжийн тѳрийг ѳнѳ удахыг хичээнгүйлэн залбирч Монголын бүх найралын хурал хичээнгүйлэн мѳргѳвэй” хэмээн дурдсан байдаг.[28] Өөрөөр хэлбэл Хятадын [хувьсгалын] уран яруу үг яриа нь тэгш бус харилцаа хийгээд Чин гүрнийг унагаан, Хан Хятадын ноёрхлыг тогтоох ганцхан арга замаар хүсэж буй тэгш байдал, эрх чөлөө, аз жаргалыг олж авна гэх үзэл санаанд тулгуурласан бол монголчуудын хувьд тэд Манжийн дэмжлэг, хамгаалалтыг эдлэн угтаа тэгш харилцаатай байсан хэмээн илэрхийлжээ. Гэтэл Манж нар доройтон, монголчуудад халтай хятадууд эрх мэдлийг авах болсноор энэ харилцаа нь Монголын эрх ашигт үйлчлэхээ улам бүр болиж буйг тэд (монголчууд) ойлгосон байна. Тиймээс урьдын харилцаагаа таслаж, тусгаар тогтнолоо “сэргээн”, Манжийн эзэнт гүрний талаарх Монголын зовнилыг ойлгон хуваалцаж, Монголыг хамгаалж чадах өөр нэгэн хүч болох Оростой шинэ эвсэл байгуулахыг зөвтгөж байв. Уг шинэ харилцааг “Орос-Монгол хоёрын найрамдах”[29] хэмээн хоёр талт олон улсын гэрээгээр баталгаажуулсан. Орос Улсад хандсан 21 зүйл өргөх бичигт бага буурай улс хүчтэй улсаас хамгаалалт эрэх нь олон улсын эрх зүйд нийцнэ гэж үзжээ.[30]
Эдгээр баримт бичигт буй Монголын байр суур нь Дундад улс (Middle Kingdom, хятадаар Zhongguo) дахь хятадуудын дангаар ноёрхол (Chinese monopoly)-ыг монголчууд эсэргүүцсэн хэмээн Наками Тацүо (Nakami Tatsuo)-ийн нэгэнтээ бичсэнийг[31] батлаж байх шиг. Бид Чин гүрнээс Монгол тусгаар тогтносон эсхүл түүнээс холбоогоо тасласан явдлыг “Манж-Хятад”-ын эвслийн эсрэг тэмцэл байсан гэж ч болох юм. Энэ нь манж мод унахад түүн дээр байсан хятад, монгол сармагчингууд тарсан гэх Тайванийн судлаач Жан Чи-шиун (Chang Chi-hsiung)-ы ревизионист онол[32]-ыг сорино. Түүнийхээр (Жан Чи-шиуны) Чин гүрний уналт нь зөвхөн манжуудаар холбогдож байсан Монгол, Хятадын харилцааг тасласан байна. Гэхдээ энд Чин гүрний мөхлөөс өмнө монголчууд түүнээс зайгаа барьсан гэх гол санааг орхигдуулсан.
Хятад, Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний зорилго ижил биш боловч тусгаар тогтнолын явцын хувьд тодорхой хэмжээний төстэй тал бас байна. Хятадын хувьсгалчид салан тусгаарлалтын дараа нэгдсэн улс байгуулсан Америкийн процедурыг дагасан шиг Халх (Ар Монгол) дахь Монголчууд нь Хайсан зэрэг цөөн Өвөр Монгол удирдагчийн тусламжтайгаар тусгаар тогтнолын хөдөлгөөнийг эхлүүлж, дараагаар нь Өвөр Монголын ван, гүнгүүдийг шинэ Монгол Улсад нэгдэхийг уриалсан.[33] Мөн Хятадын хувьсгалчид Монголчуудыг өөрсдийн ард зогсохыг ухуулж дөнгөөгүйн адил Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид Өвөр Монголын бүх ноёдоос санал нэгтэй дэмжлэгийг авч бас чадаагүй. Эдгээр хоёр тохиолдол бүтэлгүйтсэний шалтгаан нь мэдээж өөр. Учир нь Монголчууд Хятад шиг тусгаар тогтнолоо олох зорилготой байсан ч Чин гүрнийг Хятадууд хүчээр гартаа оруулахыг зорьж байгааг дэмжээгүй. Нөгөө талаас өөр хоорондоо ялгаатай Монгол бүлгүүдийн зорилго нь Өвөр, Ар Монголыг нэгтгэх тухайд үндсэндээ ижил байсан. Монголчууд нэгдэж чадаагүй нь Дундадын (Хятад) улс төрийн төвтэй газар зүйн хувьд ойр байснаас гадна Орос, Япон улсууд Монголчуудын хувь заяаны талаар санал үл нэгдэж, өөр өөрсдийн нөлөөллийн хүрээнд Монголыг хуваасантай ихээхэн холбоотой байсан юм. Үнэн хэрэгтээ Дундад (Хятад) Улс Гадаад Монголыг өөрөөс нь холдуулан “уруу татаж байгаа”-д Орос Улсыг гол төлөв буруутгаж байсан бол Орос Улс үнэндээ Японы айсуй ялагдлыг таамаглан 1945 оны сүүлээр Ялтын гэрээ (Yalta Agreement)-г байгуулах хүртэл Чин гүрэн болон Дундад Иргэн Улсын алинаас нь ч Гадаад Монгол бүрэн тусгаар тогтнохыг дэмжиж байсан удаагүй. Тусгаар тогтнолын дараа өөрсдийн хүссэн нэгдэл, нэгтгэлд хүрч чадаагүй Дундад, Монгол улсуудад үндэсний үзлийн гомдол үлдсэн бөгөөд хоёр улсын аль алиных нь хувьд энэ нь 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний хамгийн чухал нэг өвийг бүрдүүлдэг.
4.Жавзандамба хутагт, Юан Шикай нарын мэтгэлцээн ба Монгол Улсын тусгаар тогтнолын алсын хараа
Өнөөдрийн Дундад (Хятад) Улсын төрийн олон угсаатны бүрэлдэхүүнийг хууль ёсны, Монгол Улсын тусгаар тогтнолыг хууль бус болгох зорилготой Хятадын орчин цагийн эрх зүйн түүхчдийн хүчин чармайлтаар 1912 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хаан ширээнээс буухдаа гаргасан Чин гүрний эзэн хааны сүүлчийн зарлиг нь анхаарлын төвд ороод байгаа тухай өмнө дурдсан билээ. Тус сүүлчийн зарлигaaр улсын бүрэн эрхийг Дундад Иргэн Улсад шилжүүлэхээс өмнө Монгол Улс Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарласан гэдгийг Хятадын эрдэмтэд олж хардаггүй эсхүл зориуд алгасдаг. Гэхдээ Чин гүрний төрийг мөхлийн ирмэг дээр байх үед Монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан тухай бичиг илгээсэн хэдий ч түүний хариуг Чин гүрний төрийн тэргүүн хаан ширээнээс буусны дараа буюу 1912 оны эхээр Дундад Иргэн Улсын Дотоод явдлын яамнаас ирүүлсэн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Хоёр улсын дотоод явдлын яамдын хооронд хэд хэдэн удаа бичиг солилцсоны дараа монголчууд Хятадын заналхийлэлд толгой бөхийхгүй байсан маргаанд Дундад Иргэн Улсын шинэ бүрэн эрхт “Их ерөнхийлөн захирах сайд” (Da Zongtong) Юан Шикай өөрөө оролцож эхэлжээ. Тэр “Хүрээний Хутагт” (Kulun Huofo)-д гэж шууд хаяглан, “дан гагц гагцаар тогтохоо хасаж чадваас цѳм зѳвлѳлдѳн хянаж болмой”[34] (ред. тусгаар тогтнолоосоо татгалзвал бүх асуудлыг ярилцах боломжтой) хэмээн амлаж “эрхэм лам (gui lama) та Монголын тусгаар тогтнолыг цуцал” хэмээн тушааж байв. Энэ тухай тэдний хооронд харилцсан гурван (3) ч удаагийн цахилгаан мэдээнд байна.
Юан Шикай анхны цахилгаан (анхны цагаан сарын шинийн 28-ны өдөр буюу 1912 оны гуравдугаар сарын 16)-даа “Гадаад Монгол, Дундад улсын иргэн төрөл лүгээ хамт хэдэн зуун жилээс инагш нэгэн гэр мэт болсон бөгөөд одоо цагийн байдал түгшүүртэй, хязгаарын хэрэг түргэн түүхий дор хэрхэвч бээр хувааваас болох ёсон үгүй”[35] гэх үндэслэлээр эхлүүлсэн. Тэрээр Гадаад Монголыг маш жижиг, оршин тогтнох чадвар дорой улс хэмээгээд цэргийн хүч буурай, ядуу гэх мэт Гадаад Монголын мөхөх шалтгаануудыг жагсаан, “эрхэм лам” ердөө гурван аймгийн хүчтэй бөгөөд олон монгол бүлгийг дагуулж чадаагүй гэж тохуурхжээ. Юан Шикай Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарлавал Японд нэгтгэгдсэн Тайвань, Солонгос шиг үгүй болно хэмээн мөн сүрдүүлж байв.[36]
Тэгвэл Монголчууд өөрсдийн байр сууриа яаж хамгаалсан бэ? Дундад Иргэн Улсын Түр засгийн газрын Дотоод явдлын яамнаас ирүүлсэн захианы хариуд Монголын тал нь Чин гүрнийг унагааж, таван үндэстнээс бүрдсэн Дундад Иргэн Улс болж байгаад баяр хүргэсэн. Ингэхдээ Монгол бол шашин, хэл, ёс заншлын хувьд Хятадаас эрс ялгаатай учраас нэгдэн зохицох боломжгүй[37] хэмээн нотлох байдлаар хоёр үндэстний хоорондын ялгааг онцолж байв. 9 өдрийн дараа Юан Шикайн удаах цахилгаан мэдээнд Богд хаан хариулахдаа ч үүнийг тусгайлан давтаж, түүний сүрдүүлэгт мөн хариу илэрхийлжээ.
Юан Шикайгийн ихэрхсэн өнгө аясыг түүнтэй ижил зиндааны Богд хаан мэдэрсэн байна. Тэрээр Монгол бол “гагцаар тогтнохыг зарлан ухуулаад Жавзандамба лам намайг бүгдээр ѳргѳмжлѳн Монгол улсын хаан эзэн болгох тухай дор хүчлэн маргавчаар болсон үгүй. Огтхон ч ул болохоос олны санаан дор эесдүүлэн тэдний гуйсаныг зѳвшѳѳрч тэдний ёслолыг хүлээн аваад” гэж хариу мэдэгдсэн. Өөрийгөө “Олноо өргөгдсөн” хэмээн дурдсан нь Юан Шикайн итгэл эвдэн урваж засгийн эрхэнд гарсанд хандсан далд ёгтлол байсан ба тэр нь сүүлдээ тодорхой болсон.
Богд хаан улсынхаа хүн ам бага, ядуу буурайг мэдэж байсан ч Монгол бол Дундад улсад төдийгүй дэлхий даяар тусгаар тогтнолоо зарлан тунхагласан улс бөгөөд Монголын цорын ганц хүсэл бол “язгуур үндэс, шашин, харьяат газраа бүрэн бүтэн болгон батлахын санаа болой” хэмээн байр сууриа шийдэмгий илэрхийлж байв. Тэрээр Монгол хүчирхэг улстай ойрхон байгаа нь дараагийн Тайвань, Солонгос мэт болоход хүргэж болзошгүй гэдгийг үнэн хэрэгтээ зөвшөөрч байсан. Юан Шикай Монголчуудыг Оросоос хамаарах аюулаас хамгаалах хүслээ илэрхийлсэн ч Богд хаан Дундад улс Монголд дэмжлэг үзүүлэхэд хэт хол байна хэмээн тэмдэглэж байжээ. Богд хаан Монголын оршин тогтнох асуудал Юан Шикайн үйлдлээс хамааралтай болохыг, хэрвээ Юан Шикай ихээхэн яаруу сандруу үйлдэл хийвэл тэр нь Дундад, Монголчуудын аль алинд нь гамшиг тарихыг дараах байдлаар анхааруулж байв:
Үүнд эрхэм ерөнхийлөн захирах сайдын элбэг бодлогоор түгшүүрийг улируулан амгалан болгох ба эрдэм нь ертөнц дор тулсан иргэн дор тэргүүлэхэд хүрэлцэх тунгалаг толийг өндөр өлгөж үл туулахуй нь өчүүхэн ч үгүйг харгалзан мэдээд машид сүслэн бишрэв.
Одоо зовлон буян, ашиг хохирол дор гагцхүү эрхэм их ерөнхийлөн захирах сайдын завсарчлан аваачих эсэхийг харгалзмой. Хэрэв зөвшөөн төгсгөж дотоод засгаа хичээн засч гадаад лугаа найрамдлыг бататган хязгаарыг сэргийлэх хэргийг сайнаар төсөвлөн улсын язгуурыг бэхлэхэд тус болговоос Гадаад Монгол бүрэн бүтэн болох төдий үгүй, Думдад улс ч мөн умардыг харгалзах зовлон үгүй болой.[38]
Энэ нь Юан Шикай өөрийн эрх мэдлийг нэгтгэн бэхжүүлэх тухайд Богд хаанаас дээр гарах зүйлгүйг сануулсан хэрэг байв.
1912 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хоёр (2) дахь цахилгаандаа Юан Шикай ангич-үндэстний (class-nation) ойлголтоор Чин гүрний хязгаарын түшмэдийн дарлалын тухай Богд хааны гомдолд хандаж, дотор газрын Хятад мужууд тусгаар тогтнолоо зарласан нь мөн Монголчуудтай адилхан Чин гүрний дор зовж байснаас болсон ба одоо тэр дарлал, мөлжлөгийн уг эх нь үгүй болсон тул монголчууд хятад мужууд шиг тусгаарлалтаа хаян Хятадтай нэгдэж, таван үндэстний (төрлийн) шинэ Дундад Иргэн Улсыг байгуулах нь зүйтэй хэмээн маргажээ.
“Нийлэлцвээс хоёр этгээдэд ашиг буй, салалцваас хоёр этгээдэд хохирол буй” хэмээн Юан Шикай Богд хаанд Чин гүрний хааныг суудлаас буух үед хэлэлцэн тохирсон хятад биш дөрвөн үндэстэнд өгсөн Дундад улсын тааламжит бодлогыг сүрдүүлэх маягтайгаар дараах байдлаар сануулсан байна:
Энэ санаагаа ихэд бадруулан цагийн байдлыг боловсортол толилоод гагцаар тогтнохоо эдүгээ даруй татаж эвдэн хэвээр дотоод газар лугаа нийлэлдэн нэгэн улс болхул түгшүүрээс улирч болхул түгшүүрээс улирч болох ба улсын үндэс ч батдаж болох бөгөөд улсын иргэн болхул түгшүүрээс улирч болох ба улсын үндэс ч батдаж болох бөгөөд улсын иргэн эрхэм лам дор бүгдээр машид сүслэн эрх үгүй хэтэрхийгээр хүндлэх болох ба дариу олон ван гүн жич бусад зүйлийн түшмэдийг ч мөн эрхүгүй нэгэн адил хэтэрхий хүндэлмүй. Үүнээс хойш хамаг цаазыг нэн олны санааг ихэд сурвалжлан нарийвчлан тогтоож Монголын төрлийн шашинаа батлах зоригийг тэжээн их адилын соёлд давшуулваас бүгдээр найралдахын завшаан буян зогсох үгүй, зовлонг бүх улсад тарааваас хожим хамтаар боол зардас болохын гэмшиглэн буй тул эрхэм ламын гэгээн ухаан өршөөл хайрлалыг санаваас мөн эрх үгүй үүнээс гарч одох үгүй буй за.[39]
Захианыхаа төгсгөлд тэрээр тохиролцоог нарийвчлан хэлэлцэх албан элч илгээснээ дурдсан байна. Богд хаан үүний хариуд Дундадыг таван үндэстний (төрлийн) бүгд найрамдах улс гэж дэлхийд өөрийгөө зарлаж байгааг мэдсэнээ илэрхийлж, албан ёсны элч илгээх шаардлагагүй харин “айл улсын элчин сайдаар дамжуулан элдэв хэргийг лавтайгаар зөвлөлдөхөд” болно хэмээн Оросын нэрийг дурдахгүйгээр хөршөө заан товч хариулт өгчээ.[40]
Богд хаанд илгээсэн сүүлчийн цахилгаандаа Юан Шикай ихэд уурлаж, Дундад Иргэн улс Чин гүрний залгамжлагч учраас Монголыг захирах бүрэн эрхтэй, иймд Монгол ямар нэгэн олон улсын гэрээ хэлэлцээр байгуулахгүйгээр харъяанд нь орох ёстой хэмээн мэдэгджээ:
Эрхэм лам аа, би Өргөө Дундад улсаас өөрийгөө тусгаарлах эрх байхгүй гэж чамд удаа дараа тайлбарласан. Чин гүрэн бүх эрх мэдлээ Дундадын ард түмэнд найр тавьж өгч, aрд түмэн ерөнхийлөн захирах сайд надад түүнийг итгэл хүлээлгэсэн байгаа. Халхын тухайд [Чин] гүрний хил хязгаарын нэг хэсэг болох учир, мөн ерөнхийлөн захирах сайдын их үүргийг ард түмэн надад олгож байх тул миний эрх Өргөөд хүрэх ёстой. Чин гүрэн Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан шиг Дундад ч мөн адилхан хүлээн зөвшөөрөхгүй. Өргөө бол Дундадын захиргаан доорх орон.[41]
Богд хаан Амеркийн Нэгдсэн Улсын жишээг иш татан Юан Шикайн няцаалтад дараах хариу явуулсан байна:
Ta Англи улс, Америк улс нэг эзэн хааны захиргаанд байсан, сүүлдээ Америк тусгаар улс болж [Англи улстай] олон улсын гэрээ байгуулаад өнөөдөр хүртэл түүнээ цуцлаагүйг мэдэхгүй байна уу? Энэ нь тэдний аль алиныг хүчтэй улс болоход саaд болоогүй. Бас Америкийн тусгаар тогтнолыг Англи өрөвдөж хүлээн зөвшөөрлөө гэж түүх бичихгүй.[42]
Энэ мэтгэлцээнд Юан Шикай бүрдүүллийн (constitutive) онолыг ашиглан Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн бол Богд хаан Монгол өөрийгөө тусгаар улс хэмээн зарласан тул Дундад улс хүлээн зөвшөөрсөн эсэхээс хамаарахгүйгээр Монгол хэдийн тусгаар улс болсон гэснээрээ тунхаглалын онолыг хэрэглэсэн байна.
Богд хаан ийнхүү бичжээ:
Бид нэгэнт улсынхаа тусгаар тогтнолыг Англи, Америк тэргүүтэй хүчнүүдэд тунхагласан бөгөөд түүнийг давтан өгүүлэх шаардлагагүй. Манж гүрэн Монголын эзэн болох эрх мэдлийг Дундадын ард түмэнд итгэл хүлээлгэж өгч, тэд эргэж танд найдаж өгсөн зарлангийн хувьд бэлэвсэн эхнэр [хааны бэлэвсэн хатан, Лунюй (Lung yu)], өнчин хүүхэд [Хэвт ёст хаан] хоёр Юан Шикайн луйвар заль мэхээр хаан ширээгээ орхисныг бүгд мэднэ. Түүх энэ асуудлыг тодорхой болгох болно. Хэрвээ та бусдaд өдөөн хатгалгүй хандаж, өөрийн дотоодоо л анхаарч шинэ золгүй явдлуудаас Хятадын ард түмнийг хамгаалах юм бол тэр нь илүү хүндэтгэл олох үйлдэл болно.[43]
Эдгээр цахилгаан бичгээс Чин гүрний эзэн хааны хаан ширээнээсээ буусан зарлиг нь Монгол Улс болон Дундад Улсын хоорондох зөрчилдөөний төвд байсныг тодорхой харж болно. Хятадын эрх зүйн түүхчид Чин гүрнээс Иргэн Улсад шилжсэн дэглэмийн өөрчлөлтийн хууль ёсны байдлыг онцолж байгаагаас ялгаатай нь Монголчууд хүчээ алдсан хаанаас Юан Шикай эрх мэдлийг нь булааж авсныг мэдэж байсан бөгөөд Дундад Улс Чин гүрний залгамжлагч төр хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн шаардлагыг мөн эсэргүүцэж байлаа. Илүү ач холбогдолтой нь Хятадууд Манжийг Монголыг эрхшээх “бүрэн эрх” (sovereign rights)-тэй гэж ойлгож байхад Монголчууд Манжтай эвслийн харилцаа (relationship of alliance)-тай байсан, эвслээсээ харин Манж өөрөө урван тэрсэлсэн гэж үзэж байв. Хятад, Монгол хоёулаа урьдын байр сууриа “сэргээх” (restore)-ээр Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарласан учраас Монголыг эрхшээх Манж гүрний бүрэн эрхийг Дундад улс шилжүүлэн авсан гэх яриа нь Монголчуудын хувьд утгагүй зүйл байсан юм.
Мөн энд хөндлөнгөөс ажиглагч гуравдагч тал болох Орос улс байсан нь сонирхолтой явдал бөгөөд маргааны үр дүнд нөлөөлсөн. Тусгаар тогтнолын үр дүнг тогтоох, хүлээн зөвшөөрөхийн төлөөх улс төрийн тэмцэл нь хоёр талын эсэргүүцлийн oрчноор хязгаарлагдахгүйгээр хоёроос илүү улс оролцсон үед ч өрнөх боломжтой гэдгийг энэ жишээ харуулж байна. Иймээс үл хүлээн зөвшөөрч буй, өөрийгөө “эх улс” хэмээж байгаа улс зорилгодоо хүрэхэд дан ганц хүлээн зөвшөөрөхгүй гэх нь хангалтгүй бөгөөд энэ байр сууриа бусад улсаар дэмжүүлж чадах эсэх нь илүү чухал. Улсыг хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөх нь гол төлөв тулааны талбар дээр шийдэгддэг ч эргээд үр дүнгээс хамааралтайгаар үндэсний тусгаар тогтнолыг бусад улс үндэстнүүд дэмжих эсэхээр тодорхойлогдож бас болно.
5.Дүгнэлт: Хамтач тусгаар тогтнол
Эвслийн замаар эсвэл өөр улсыг тушиглэж тусгаар тогтнолоо олж авсан Монголчуудын туршлагын талаар товч тайлбар хийх нь зүйтэй. Энэ туршлага нь үнэндээ Монголыг буурай улс гэх ойлголтон дээр суурилсан. Өмнө өгүүлсэнчлэн Дундад (Хятад) улсын зүгээс тусгаар тогтнол нь оршин тогтнох чадваргүй, эцэстээ Орос, дараа нь Япон мэтийн хүчтэй улсуудад нэгтгэгдэх тавилантай бага, буурай улс хэмээн Монголыг зураглаж, Монгол өөрийгөө хамгаалахын төлөө түүний (Дундад (Хятад)-ын) харьяанд орох ёстой гэж байв. Энэ логикийн үүднээс Дундад улс Монголыг хамгаалах ёс суртахууны үүрэг хүлээсэн сайн, шударга улс гэж өөрийгөө харуулахыг зорьж байсан. Нөгөө талаас Монгол өөрийгөө бага, буурай улс болохыг, Дундад улсыг “утга гэгээн их улс” (wenming da guo) болохыг тус тус зөвшөөрсөн ч Дундад (Хятад) улсын хамгаалалтаа өргөтгөх эрмэлзлийн цаана Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэх гэсэн аюул байгааг олж харсан юм. Богд хаан хэрвээ Дундад улс ихээхэн бодлогогүй авирлавал Монголыг Оросын хашаа руу түлхэж оруулах болно гэж сануулж байсан. Өөрөөр хэлбэл тэрээр тусгаар тогтносон Монгол Улс тусгаар тогтнолоо Орос улсад хүлээлгэн өгөхийг хүсэхгүй учраас Монгол Дундад (Хятад)-аас хараат бус байх нь Дундад (Хятад)-д хамгийн ашигтай хэмээн учирлаж байв. Энд Монголын тусгаар тогтнол нь Дундад (Хятад)-ын эсрэг Оросын хуйвалдаан биш харин Монголын ѳѳрийн ухамсарын ажиллагаа байсан гэх дүгнэлт хийж болно. Тусгаар тогтносон Монгол улс Орос улстай эвссэн ч Дундад улсын эсрэг Оросын дайралтанд туслахгүй, эсрэгээрээ Дундад улс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр нөхөрлөлийн гараа сунгавал Монгол улс Орос улстай эвсэхгүй хэмээн амлаж байв. Харин Дундад улс бусдын хэрэгт хошуу дүрэж Монголын тусгаар тогтнолд халдсан нь Орос улсад Монголыг алдах эрсдэлд хүргэсэн.
Энэ нь хачин логик мэт сонсогдож мэдэх ч Өвөр Монголын 1930-аад оны үеийн нөхцөл байдалтай харьцуулан тайлбарлавал арай ойлгомжтой байж болох юм. Японы дэмжлэгтэйгээр Манж-го улсыг байгуулсны дараа Дэмчигноров ван (Дэ ван) Өвөр Монголын тусгаар байдлын төлөөх хөдөлгөөнийг 1933 онд эхлүүлсэн. Тухайн үед Өвөр Монголын зүүн хэсэг Манж-гогийн мэдэлд ороод байв. Японы түрэмгийллээс нутгаа хамгаалах гэж байгаа учраас Өвөр Монгол өөртөө засан тогтнох нь Дундад улс, Өвөр Монголын хоёуланд нь тустай хэмээн Монголчууд мэтгэж, энэ тохиолдолд Дундад улс Өвөр Монголд цэрэг оруулахаас аврагдана гэцгээж байв. Гэвч Дундад улсаас Өвөр Монголын өөртөө засан тогтнох явдал нь Японы эзэнт гүрэн Өвөр Монголыг өөртөө нэгтгэхтэй агуулга нэг тул дайсны хүчийг бэхжүүлсэн хэрэг болно хэмээн шууд эсэргүүцсэн. Тиймээс Хятадын Гоминдан намынхны нүдээр (өнцгөөс) Өвөр Монголын цорын ганц зөв зам нь өөртөө засан тогтнох байр сууриа орхин, Дундад (Хятад) улсад бүрэн нэгдэх явдал байжээ. Үүний учир Дундад (Хятад) улсын Өвөр Монголыг хяналтандаа оруулах гэсэн дараа дараагийн оролдлого нь Өвөр Монголын олон ван гүнг Япон улсаас тусламж эрэхэд хүргэсэн. Хэдий ийм боловч Өвөр Монголчууд жинхэнэ Хятад орон /Дундад (Хятад)-ын дотор газар/ луу халдахад Япон улсад туслаагүй. Монголчуудын алсын хараа нь Япон улстай бие даан эвсэж, өөрийгөө хамгаалах явдал байсан болохоос Дундад (Хятад) руу түрэмгийлэхэд Япон улсад дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаагүй юм.[44]
Богд хааны Юан Шикайтай хийсэн мэтгэлцээнээс харвал Монгол Улсын тусгаар тогтнол нь дайсaн этгээд (Дундад)-ийн сүрдүүлгээс хамгаалах нөхөр (Орос)-ийн эвсэл дээр суурилсан хамтач тусгаар тогтнол (collaborative independence) байсан хэмээн дүгнэж болохоор байна. Гэхдээ энэ нь нэгийн эсрэг нөгөөг сөргүүлэн тавьдаг сонгодог загвараас ангид явагдсан гэдгийг дурдвал зохино. Уламжлалт (сонгодог) загвараар эвсэл нь дайсанд аюул үүсгэдэг. Монголын хамтач тусгаар тогтнолын хувьд Монголчууд Дундад (Хятад)-ын түрэмгийллийн эсрэг хамгаалалт олохоор Орос улсаас тусламж эрэлхийлж байсан бөгөөд тэд харин Дундад (Хятад) улсын эсрэг Орос улсын сонирхолд үйлчлээгүй. Олон улсын геополитикийн реализмын үүднээс Монгол улсын тусгаар тогтнол нь Дундад (Хятад) улсад алдагдал учруулж, Орос улсын Дундад (болон Япон) улстай харилцах хөшүүргийг бэхжүүлсэн байж болох ч Монгол Улс тусгаар тогтнолоо хэрхэн ѳѳрийн харалтаар тайлбарласан хийгээд үүний бодит түүхэн замналыг анхааралтай ажиглах хэрэгтэй. 1930-аад он төдийгүй 1960-аад оны эхэн үеэс 1980-аад оны сүүл үе хүртэлх Монгол-Дундад (Хятад)-ын зөрчилдөөний турш Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсаас хамгийн их хамааралтай байхад ч энэ нь үргэлжилж байсан. Монгол Улсыг нэг зуун жилийн өмнө аварсан хамтач тусгаар тогтнолын амин сүнс, Богд хаан Жавзандамба хутагтын гаргасан алсын хараа нь эдүгээ XXI дүгээр зуунд хоёр хүчтэй улсын хил дээр тусгаар тогтнол, санаачлагаа хадгалахыг эрмэлзэж буй Монгол Улсын шинэ гадаад бодлогын чиглүүлэгч зарчим (үүнийг “Гуравдагч хөршийн бодлого” гэдэг болсон билээ.
Орчуулсан:
Ч.Мөнхтуул [БНХАУ-ын Минзү их сургууль, Антропологийн тэнхим]
Э.Туулайхүү [МУИС, Хууль зүйн сургууль]
[1] Ойн үеэр хэвлэгдсэн бүтээлүүдийн зарим төлөөлөл нь Gao Quanxi (Гао Чюаньши) 2011. Lixian Shike: Lun Qingdi xunwei zhaoshu’ (Үндсэн хууль тунхаглах мөчид: Хаан ширээнээсээ татгалзсан Чин гүрний зарлиг), Guilin: Guangxi Shifan Daxue Chubanshe; Zhang Yongle (Жан Юунлэ) 2011. Jiubang Xinzao: 1910-1917 (Хуучин гүрнийг шинээр бүтээх нь: 1911-1917), Beijing: Beijing Daxue Chubanshe зэрэг болно. Huanqiu Falu Pinglun (Global Law Review) сэтгүүлийн 2011 оны 9 дүгээр сарын дугаар нь “Чин гүрний эзэн хааны хаан ширээнээсээ татгалзсаны эрх зүйн ач холбогдол” нэрээр тусгай дугаар болон гарсан.
[2] Gao 2011, рр.83-104
[3] Rev. G.H. Bondfield (ed.)1912. The China Mission Year Book: Being “The Christian Movement In China” (Third Year of Issue). Shanghai: Christian Literature Society for China, Appendices, p.17
[4] Энэ нь Дундад Иргэн Улсын үед голлон дэмжигдсэн статус бөгөөд анх 1922 онд Chen Congzu-ийн Wai Menggu Jinshi Shi (Гадаад Монголын ойрын үеийн түүх) бүтээлийн 17 дугаар талд дурдагдсан (Shanghai: Shangwu Yishuguan). Энд “Монголчууд хулгана зүрхтэй мэт Оросоос үхтлээ айдаг. Тэд өөрийн эх улс (mubang)-ын өмнөх шийтгэл хүлээхээс илүү Оростой зөвшилцөхөө дээгүүр тавьсан" хэмээн бичжээ.
[5] James Crawford 2006. The Creation of States in International Law. Oxford: Oxford University Press, pp. 26-28.
[6] Д. Мөнх-Очир 2007. “Богд Хаант Монгол Улсын олон улсын статус, төрийн байгуулал”. В.Пунсалдулам, Л.Алтанзаяа (ред.) Монголын үндэсний хувьсгал-95.Улаанбаатар: Цоморлиг төв, т. 74-94
[7] Jacques Derrida 1986. “Declarations of Independence.” New Political Science 15:7-15.
[9] Хойд Кипр (Northern Cyprus), Өмнөд Оссет (South Ossetia), Сомали (Somaliland), Абказ (Abkhazia) зэрэг тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй улсуудтай жишин үзвэл сонирхолтой.
[10] Энэ асуудлаарх олон улсын эрх зүйн тодорхойгүй байдал нь de facto тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн ч de jure (эрх зүйн хувьд) тусгаар тогтнолгүй Косовогийн “хэцүү тохиолдол”-оос илэрхий харагддаг. Christopher Borgen 2008. “Kosovo’s Declaration of Independence: Self-Determination, Secession and Recognition’. American Society of International law. Vol. 12, issue 2.l.
[11] 1945 он хүртэл Зөвлөлт Холбоот Улс нь Дундад Иргэн Улсын Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь “сюзеренат” (suzerainty)-ыг хүлээн зөвшөөрч байснаараа Дундадын зүгээс өөрийгөө Монголын “эх улс” гэж байсныг мөн дуугүй хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж болох юм. Сонирхолтой нь Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Милибенд (David Miliband) “сюзеренат” гэх нэрийг хоцрогдсон гээд Төвөдийг эрхшээх Дундадын “бүрэн эрх” (sovereignty)-ийг хүлээн зөвшөөрч байх үед Британы засгийн газар 2008 он хүртэл Дундад-Төвөдийн харилцааг уг нэрээр тодорхойлсоор байжээ. Richard Spencer. “UK recognizes China's direct rule over Tibet.” The Daily Telegraph (2008-11-05).
[12] Cf. Duara: Дундад Иргэн Улс нь Зөвлөлт Холбоот Улсыг загвар болохоос урьтаж орчин цагийн дэлхийн анхны олон-үндэстний улс болсон. Prasenjit Duara 2011. “The Multi-National State in Modern World History: The Chinese Experiment’’. Frontiers of History in China 6 (2): 285-295.
[13] David Armitage 2007. Declaration of Independence: A. Global History. Cambridge, MA: Harvard University Press.
[14] Pan Kuang-Che 2007. “Meiguo ‘Duli Xuyan’ zai Wanqing Zhongguo” (Америийн тусгаар тогтнолын тунхаглал Чин гүрний сүүлчийн Дундад Улсад) Jindaishi Yanjiusuo Jikan. No.57 (9): 1-55.
[15] Zhang Yongle 2011. “‘Da Tuoxie’’: Qing Wangchao yu Zhonghua Mingguo de Zhuquan Lianxuxiang’ (Их буулт: Чингийн Династигаас Дундад Иргэн Улсын бүрэн эрхийн залгамж). Renwen yu Shehui. 04 October.
[16] Sun Zhongshan 1912. Zhonghua Minguo Linshi Da Zongtong Xuanyan Shu (Дундад Иргэн Улсын Түр ерөнхийлөгчийн тунхаглал)
[17] Zhang Yongle 2011. “‘Da Tuoxie’’: Qing Wangchao yu Zhonghua Mingguo de Zhuquan Lianxuxiang’ (Их буулт: Чингийн Династигаас Дундад Иргэн улсын бүрэн эрхийн залгамж). Renwen yu Shehui. 04 October. Wang Hui 2011. ‘Geming, Tuoxie, yu Lianxuxing de Chuangzhi (Хувьсгал, Буулт, Залгамжийн нээлт).
[18] Gao Quanxi 2011.
[19] 1911 оны Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний тухай саяхны судалгаануудаас Urgunge Onon and Derrick Pritchatt 1989. Asia’s First Modern Revolution:Mongolia Proclaimsits Independence in 1911. Leiden: E.J.Brill. Chang Chi-Hsiung 1995. Wai Meng Zhuquan Guishu Jiaoshe:1911-1916 (Гадаад Монголын бүрэн эрх дэх зөрчил ба хэлэлцээ,1911-1916 ). Taipei: Institute of Modern History, Academia Sinica. Urgudei Tayiwang 2006. Үхэр жилийн үймээний гэрэл ба сүүдэр: Хорьдугаар зууны эхний Өвөр Монголын улс төрийн хувьсалтын түүх”. Хөх хот: Өвөр Монголын Сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороо. Тачибана Макато 2011, Монголын мартагдсан түүх: Богд хаант засгийн газар (1911-1921). Улаанбаатар: МН Технологи зэргийг үзнэ үү.
[20] “1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь манж хятадын дарлал дор тэсэхгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж, Орос улсын хаанд өргөсөн бичиг”. Лхамсүрэн Дэндэв (ред.) 2003. ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол улсын Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, т.112-117 (1911 оны дараах өргөх бичиг).
[21] Өргөх бичиг 1911, т. 113.
[22] Өргөх бичиг 1911, т. 112.
[23] Cf. Charles Tayler 1992. “The Politics of Recognition.” In Army Gutmann (ed.) Multiculturalism and ‘The Politics of Recognition’. Princeton: Princeton University Press.
[24] Onon and Pritchatt 1989, p. 143-144.
[25] Onon and Pritchatt 1989, pp.126-129
[26] “1911 оны өвөл цаг Гадаад Монголын бүх найрлын хурлаас Манжийн засгийн газраас Монголчууд тусгаар улс болсон учрыг мэдэгдсэн цахилгаан мэдээ”. Лхамсүрэнгийн Дэндэв (ред.) 2003. XX зууны монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол улсын Шинжлэх ухааны академи. Олон улс судлалын хүрээлэн, т.128; Onon and Pritchatt 1989. р.59.
[27] “1912 онд Монгол улсыг байгуулсан учрыг гадаад улсуудад зарласан бичиг”. Лхамсүрэн Дэндэв (ред.) 2003. XX зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, т.131.
[28] “1911 оны өвөл цаг Гадаад монголын бүх найрлын хурлаас Манжийн хурлаас Манжийн засгийн газраас Монголчууд тусгаар улс болсон учрыг мэдэгдсэн цахилгаан мэдээ”. Лхамсүрэнгийн Дэндэв (ред.) 2003. XX зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, т.129.
[29] 1912 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орос-Монголын Найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан.
[30] “1911 оны зун цаг Халхын Жавзандамба хутагт ба дөрвөн хаадаас бүх монгол үндэстэн нь Манж Хятадын дарлал дор тэсэхгүй болсон учрыг гаргаж, тусгаар улс байгуулахад тусламжийг гуйж Орос улсын ханд өргөсөн бичиг.” Лхамсүрэнгийн Дэндэв (ред.) 2003. XX зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи. Олон Улс Судлалын Хүрээлэн, т.113.
[31] Nakami Tatsuo 1984. “A Protest against the Concept of the ‘Middle Kingdom’: The Mongols and the 1911 Revolution.” In E. Shinkichi and H. Z. Schiffrin (eds.). The 1911 Revolution in China: Interpretive Essays. Tokyo: University of Tokyo Press, pp.129-149.
[32] Chang Chi-Hsiung 1995, p.41.
[33] Onon and Pritchatt 1989.
[34] Yuan Shikai 1912. ‘Zhi Kulun Huofo’ (Хүрээний Хутагтад). Liu Xuwei (ed.) Minguo Yilai Menggu Shiliao Huibian.Taipei: Jinlan Wenhua Chubanshe, p.167. Монгол oрчуулгыг Лхамсүрэнгийн Дэндэв (ред.) 2003. XX зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол Улсын Шинжлэх ухааны академи. Олон улс судлалын хүрээлэн, т.139
[35] Мөн тэнд.
[36] Мөн тэнд.
[37] “Монгол улсын Дотоод яамны сайдаас Дундад улсын Дотоод хэргийн яамны бүгдийн тэргүүн дор тус Монголчууд тусгаар улс болсон учрыг мэдэгдэн явуулсан цахилгаан мэдээний хуулбар”. Лхамсүрэнгийн Дэндэв (ред.) 2003. ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, т.136.
[38] Robert A. Rupen 1964. Mongols of the Twentieth Century. Part I. Bloomington: Indiana University, p.62. Лхамсүрэн Дэндэв (ред.) ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, т.140-141.
[39] Лхамсүрэн Дэндэв (ред.) ХХ зууны Монголын түүхийн эх сурвалж. Улаанбаатар: Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, т.144.
[40] Мөн тэнд, т.145.
[41] Robert A. Rupen 1984. Mongols of the Twentieth Century. Part I. Bloomington: Indiana University, p.62. Монгол уг эх нь олдоогуй тул Англи орчуулгаас Монголчлов.
[42] Мөн тэнд, p.63
[43] Мөн тэнд, pp.63-64.
[44] Uradyn E. Bulag 2010. Collaborative Nationalism: The Politics of Friendship on China’s Mongolian Frontier. Lanham: Rowman and Littlefield (Урадын Э. Булаг. Хамтач үндэсний үзэл: Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын бодлого. Орч. В.Өлзийбаяр; Хян. Г.Мөнх-Эрдэнэ, Г.Баттогтох. УБ: МУИС пресс, 2017)
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)
2020.12.25 БААСАН № 249, 250 (6474, 6475)
2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)