Б.ЭНХТУУЛ
Монголчууд бид “Амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн билэгдэж, ерөөлтэй сайхан үгсийг хэлэлцэн ажил үйлсээ тэгшилдэг ард түмэн. Тиймээс дэлгэр сайхан хавар цаг, төрт ёсны их баяр цагаан сараа угтаж, “Амьдралын тойрог”-тоо Батсүхийн Алимаа хэмээх ховорхон зочныг урьсан юм.
...Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гантогтох гуай нэгэнтээ сар шинийн баярыг хэрхэн тэмдэглэх тухай тайлбарлахдаа “Цагаан сарын уламжлалт нэр нь “Хувь сар” буюу хувь хүртээх сар гэсэн утгатай. Билгийн улирлын нэр нь барс сар. Шинийн 1-нд харанхуй байдаг учраас билэгдлээр нь, зурхайн тоогоор цагаан сар гэдэг. Хамгийн гол утга агуулга нь сэтгэлээ ариусгах гэсэн утгатай. Цагаан сарын өдөр сэтгэлд байгаа хар бараан бүхнээ арилгаж, цэвэр сайхнаар бодож сэтгэн шинээр мэндлэх учиртай. Тиймээс энэ өдрийг монголчууд бидний төрсөн өдөр ч гэж хэлдэг. Хувь сарын утга нь тэр жилдээ бүтээсэн ажил үйлсийнхээ буян хишгийг түмэн олондоо хүртээх тийм л утгатай баяр” хэмээн гэгээн сайхнаар тайлбарласан нь санаанд тодхон үлджээ.
Тийм л учраас энэ удаа хувь сарын өнгийг угтан хэлэх үгтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй олны дундаас урлахуйн үйлд ухаан бодлоо шагланхан суугаа үйлчин бүсгүй, Монголын нэртэй мастер оёдолчдын нэг, загвар зохион бүтээгч, “Алима брэнд”-ийн захирал Б.Алимаа бүсгүйг “Амьдралын тойрог”-тоо урьсан юм.
Цагаан сар бол уулзан золгосон, учрал ерөөлийн баяр учраас бидний яриа монгол үндэсний дээл хувцас, дэг жаяг, ёс заншил, загвар хийц гээд их л өрнүүн дэлгэр өрнөв. Харин энэ их мэдлэг туршлага, сонирхолтой яриан дундаас Батсүхийн Алимаа гэх энэ үйлчин бүсгүйн “Амьдралын тойрог” нэгэн халх монгол эхнэрийн дээлийг хачин чамин урлах шиг болов. Нийтлэлийнхээ эхэнд түүнийг “Ховорхон зочин” гэж онцолсны учрыг энд сийрүүлбэл, түүгээр гоёлоо зэхүүлдэг улстөрчид, бөхчүүд, урлагийнхан олон. Түүний байнгын үйлчлүүлэгчид, олны танил эрхмүүд үйлчин бүсгүйн гарын ур, уран нарийн хийцийг “Олны дунд ороод, олдохгүй болчих вий” гэсэндээ нэлээд нууцалдагтай холбоотой. Тиймээс л айлын авдар доторх эрдэнэс олж харсан мэт олзуурхсан хэрэг.
Удам дамжсан үйлчин
Нийтлэлийн маань зочин Б.Алимаа Увс аймгийн уугуул. Ардчилал эхэлсэн цаг үеэс оёдлын салбарт хөл тавьж, хувцас урлалын салбарт өдгөө 30 орчим жил ажиллаж байгаа нэгэн. Тэрээр сурч мэдье гэсэн нэгэнд нь хичээл номыг нь заагаад өгчихдөг. Сураглаад очсон нэгэнд нь сэтгэлд нь таарсан сайхан дээл урлаад өгдөг мастер оёдолчдын нэг. Угтах төрх нь ч монгол юм, ухаалаг нүд, сэтгэл сэргэм сайхан инээмсэглэлтэй. Уулзаад ярихад сэтгэл зүтгэл нь ч монгол, урамтай сайхан санагдав.
Үндэсний дээл хувцсаар гоёх дуртай, түүгээр хувцсаа захиалж хийлгэдэг хүмүүсээс түүнийг асуувал “Бодсон төсөөлсөн загвар, хүссэн сонирхсон дээлийг зурсан шигээ оёж урлаад өгдөг. Үйлэнд уран хүн дээ” хэмээн магтах нь түүнийг шаггүй сайн оёдолчин гэдгийг илтгэх биз. Хамгийн сонирхолтой нь энэ ажил нь түүний хүүхэд насны хобби аж. Түүнээс үйл мэтгэж, утас зүүтэй нөхөрлөсөн энэ ажил хэзээ, хаанаас эхэлснийг асуувал “Би юм оёх сонирхолтой хүүхэд байсан. Намайг 5-6 настай байхад аавын минь найз Оросоос жижигхэн оёдлын машин авч өгч явуулж байсан гэж ярьдаг. Нимгэн даавуун дээр боломжийн юм оёчихдог, авсаархан хөөрхөн машин байдаг байв. Тэгээд тоглонгоо юм оёчихдог, тэндээсээ суралцаад сонирхоод өсчихсөн. Тиймээс наймдугаар ангиа төгсөөд оёдол эсгүүрийн чиглэлээр суралцаж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. 1992 оноос хойш гэхээр оёдлын салбарт 30 орчим жил ажиллаж байна” гэв.
Амжилтад хүрсэн хүмүүс хэлдэг “Аливаа зүйлийг томоор сэтгээд, ажлаа жижиг зүйлээс эхэл” гэдэг шиг Б.Алимаа бүсгүй энэ салбартаа туслах ажилтан, оёдолчноос эхлээд чанар шалгагч, мастер, технологич гээд хийх ёстой бүх л зүйлийг нь хийж, шат ахисаар өнөөдөр өөрийн гэсэн оёдол, загвар, өөрийн гэсэн чанарыг илэрхийлсэн хувцас загварын салоноо нээж, өөрийнхөө нэрээр овоглосон “Алима брэнд”-ээ гаргажээ. Энэ нь түүний гэхээс илүүтэй үйлчлүүлэгчдийнх нь хүсэлт байсан гэдэг.
Энэ салбарт тэрээр 30 жил ажиллахдаа өөр ажил руу урваж хөрвөсөнгүй, өнөөдрийг хүртэл ажил мэргэжилдээ тууштай үнэнч яваа нь яах аргагүй түүний хобби байх. Энэ хугацаанд тэрээр ажиллахын зэрэгцээ суралцаж, Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуулийг “Оёдлын мастер, технологич” мэргэжлээр төгссөн байна. Мөн 2008 онд одоогийн “Сити” их сургууль, “Монголжингоо” дээд сургуулийг Хувцас загвар, дизайны ангийг “Загвар зохион бүтээгч-дизайнер” мэргэжлээр төгсчээ. Ингээд ажиллахын зэрэгцээ сурч явсаар, өнөөдөр ажилласан туршлага, мэдэх чадах бүхнээ бусдад харамгүй зааж сургаж, багшилсаар бас оёж урласаар яваа аж.
Гарын ур удам дамждаг гэдэг. Түүний аав, ээж хоёр хоёулаа гарын уртай, юм сайхан оёдог хүмүүс байв. Үйлчин бүсгүйн аав Н.Батсүх гуай Зүүнхангай сумынх. Ээж Ю.Тунгалаг нь Увс аймгийн Өндөрхангай сумынх гэж байв. “Аав минь Хилийн цэрэгт ажиллаж байгаад ээжтэй танилцаж байсан гэдэг. Манайх гурван хүүхэдтэй. Хоёр охин, ганц хүүтэй айл. Би айлын том. Урлах мэтгэх үйл маань хоёр талаасаа удамтай. Аав ээжийн минь талд гарын ур сайтай, олонд шагшигдсан модны урчууд, төмрийн дархчууд байдаг. Миний аав дээл сайхан оёно. Өөрөө эсгээд, оёчихдог байсан. Одоо ч миний хийсэн дээлнүүдийг шүүмжилдэг, дэмждэг зааж зааварладаг хүн бол миний аав. Ажлаар минь ороод гарахдаа магтаал, шүүмжлэл хоёрыг хослуулаад л гардаг юм” хэмээн ярих нь сонирхолтой. Уг нь бол түүний аав дулааны шугам сүлжээгээр мэргэшсэн, энэ чиглэлээрээ ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан хүн. Гурван хүүхдээс нь дунд хүү нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн байна. Том охин Алимаа нь аав, ээжийнхээ гарын урыг нь дуурайж, урлах эрдмийг нь өвлөжээ.
Хариу нэхээгүй тус буюу өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй
Залуу насандаа ямар явснаар нь өтөл насыг шинждэг, жилдээ ямар орсныг нь цагаан сараар шинждэг. Монголчууд бид тэнүүн сайхан өвөлжиж, өвлийг өнтэй давсны баяраа өргөн дэлгэр хийж, үндэснийхээ дээл хувцасаараа гоёж гангардаг уламжлалтай. Жилийн энэ өдрүүдэд үйлчин бүсгүйн ажил бусад өдрүүдийнхээс их байдаг ч уран бүсгүйчүүдтэй хамтран ирсэн захиалгуудаа эзэнд нь гаргаж өгсөөр, бэлэн болсон дээл хувцсаа савлаж уутлаад сайхан инээмсэглэлээр үдэх нь ажил бүтээл хоёрт нь сэтгэл шингэснийг харуулна. Биднийг очиж уулзахад, түүний оёдлын салон хүн олонтой, үйлчин бүсгүйчүүд нь үйл мэтгээд завгүй сууна. Хажууд нь товч шилбэ эмхэрдсэн хоёр хөөрхөн охин “Багш аа, багш аа” хэмээн нааш дагаж гүйх. Харваас хувцас урлалын салбарт олон жил ажилласан туршлагатай учраас баяр наадам гэлтгүй жилийн дөрвөн улиралд зориод ирэх үйлчлүүлэгч олонтой байдаг аж. Мөн хувцас загварын салон олон ч яаруу тулгуу зориод ирсэн үед эдний салонд үндэсний дээл хувцас, монгол цамц, хослол, ууж хантааз зэргийг өнгө загварын өргөн сонголттой оёж бэлтгэсэн байдгаараа давуу талтай аж. Үйлчлүүлэгчдээс нь гадна түүнийг оёдол эсгүүр заалгах гээд зорьж ирдэг ч хүн олон байдаг гэж байв. Тэрээр “Оёдол суръя, дээл хувцас өөрөө урлаж суръя гэсэн охид, бүсгүйчүүдэд би юм зааж өгөхдөө дуртай байдаг. Миний зааж өгсөн зүйлээр нэг ч болов хүний ажил амьдрал дээшлээд, гэр бүл, үр хүүхдээ хувцаслаад явбал үйл мэтгэж сурсны хэрэг бүтнэ. Хүнд тус дэмтэй явах сайхан. Мэдсэн сурсныг хүнээс харамлаж болохгүй. Зарим нь миний хийц загварыг хуулаад, дуурайгаад явчих вий гэж болгоомжилж хэлж л байдаг. Хамаагүй, хэн нэгэн хийх зүйлээ хийж л байг. Харин чанар муутай, тааруухан зүйл битгий хийгээсэй гэж боддог” хэмээн ярих нь түүний холын бодол биз.
Б.Алимаа бүсгүйг зорьж ирсэн бас нэгэн шалтгаан нь монгол үндэсний хувцасыг оёх урлах донж хийц, өв уламжлал, соёл ёс заншил гэсэн сэдэв байв. Асуух төдийд олон сонирхолтой зүйл ярьж, түүх сөхөх нь түүний ажил мэргэжилд бас яггүй судалгаа хэрэгтэй байдаг нь илт.
Монгол үндэсний хувцас олон зуун жилийн баялаг түүхтэй, уран нарийн хийцтэй. Сүүлийн жилүүдэд уламжлалт баяр гэлтгүй энгийн өдрүүдэд ч гэсэн залуучууд үндэсний дээл, хувцсаа өмсдөг болсон байна. Түүнийгээ дагаад хот, хөдөөд өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлсэн хувцас загварын салон, оёдлын үйлдвэрүүд үүдээ нээсээр байна. Хэдийгээр энэ нь дотоодын үйлдвэрлэл хөгжиж буй талаасаа сайн ч, монгол үндэсний хувцасыг хэт өөрчлөх, монгол үндэсний хувцасны чанар, үнэлэмжийг бууруулах вий гэсэн болгоомжлол байдгийг нуух юун. Энэ тухай түүний санааг асуувал “...Монгол дээл хувцас бол монгол үндэстний өвөрмөц онцлогийг илэрхийлсэн содон төрх, ур хийцтэй. Дээлийн энгэр зах, товч шилбэ гээд бүгд өөрийн гэсэн бэлгэдлийн утга агуулгатай. Тиймээс монгол дээл хувцасны загвар дизайныг өөрчилж, хөгжүүлж болох ч өөрчилж болохгүй зүйлс гэж бас бий. Жишээ нь, монгол үндэсний хувцсыг илүү тодотгож өгдөг дээлийн омог хэсгүүд байна. Дандаа өөдөө дээшээ дэвжихын билэгдэлтэй, монгол дээлийн зах, энгэр, нударга, монгол гутлын оймсны дээд талын омог гээд олон улс үндэстний хувцас хэрэглэл дотор “Монголынх” гэж танигдах тогтсон хэв маягуудтай. Үүнийг л эвдэхгүй байх нь чухал. Багш нар минь ч бас ингэж захидаг байв. Би монгол үндэсний дээл хувцасны соёл, тэр дундаа халх эхнэрийн дээл гэсэн чиглэлээр сургуулиа төгсөж байсан. Хүн номын дуу сонсоно, хийх гэж буй зүйлийнхээ учир утгыг мэдэж хийнэ гэдэг сайхан. Тиймээс оёж буй дээл хувцас, загвар дизайн бүртээ мэдсэн сурсан бүхнээ шингээж өгөхийг хичээдэг. Магадгүй, загвар нь өөрчлөгдөх тусам залууст сонирхолтой байж мэднэ. Гэвчиг өөрчилж болохгүй зүйлс гэж бий. Монгол дээл хувцасны соёл гайхамшигтай утга агуулгатай. Бид “Мандах төрийн малгай, тэгш төрийн дээл, бүтэх төрийн бүс, хаан төрийн хантааз, түших төрийн гутал” гэж монгол дээл хувцасаа хүндэтгэдэг. Монгол гэрийн унь тооно хүртэл нарны бэлгэдэлтэй байдаг шиг монгол үндэсний дээл хувцас хүртэл содон төрх, ур хийцээрээ бусдаас ялгарах “хэлтэй”. Тэр бүх нарийн утга агуулгатай зүйлсийг эвдэхгүйг хичээдэг. Мэдээж, дэлхий даяарчлагдаж, нийгэм хөгжиж байна. Дэлхийд нэр алдар нь түгсэн брэнд биш л бол хувцас загварын салбарт гарч буй энэ олон хувцасыг ур хийц, загвар дизайнаар нь манайх танайх гэж ялгах боломжгүй. Монгол үндэсний хувцасыг хүртэл зарим нь Хятадынх уу, Монголынх уу гэж асуудаг. Нээрээ юугаар нь ялгах билээ гэж бодохоор. Тийм болохоор монгол дээл хувцасны онцлогийг сайн шингээж өгөх ёстой. Жишээ нь, Монголд нутагладаг олон ястныхаа дээл хувцсны соёлыг шингээж өгч болно. Монголд 20 орчим ястан нь 400 орчим төрлийн дээл хувцас өмсдөг гэж ярьдаг. Тэр бүх дээл хувцас нь ур хийц, өнгө төрхөөрөө олон ястныхаа өвөрмөц онцлогийг илэрхийлж, овог аймаг, омог отгийнхоо нэрийг хадгалж, өөртөө тохирсон бэлгэдлийг шингээсэн байдаг. Энэ бүх соёлоо шингээж өгч чадвал бид бусдаас ялгарч, бусдад танигдаж болно. Ингэхдээ мэдээж, өмсөхөд биед эвтэйхэн, харахад загварлаг, өнгө материалын хувьд өргөн сонголттой хувцасыг өөрсдөө үйлдвэрлэж яагаад болохгүй гэж” хэмээн ажлаа мэддэг хүний амнаас гарах үг хэлсэн нь бас л авууштай санаа байв.
Номын баринтаг оёх, хүний хувцас урлах нь буянтай ажил
Нэр нь ховор, сурсан мэдсэн зүйл нь ховор, бодол нь зөв ончтой зочин бүсгүй маань хувцас урлалын салбарт өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд 2-3 жил болж байгаа аж. Түүний байнгын үйлчлүүлэгчид нь түүнд өөрийн гэсэн бүтээлтэй, брэндтэй болооч гэсэн саналыг тавьдаг болсноор “Алима брэнд”-ээ гаргасан гэж байв. Тэрээр оёдол эсгүүрээ тодотгосон, гарын ураа шингээсэн бүтээлээ “Алима брэнд” хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Хувцас урлал, оёдлын салбарт олон брэнд төрөн гарч байгаа энэ үед “Алима брэнд”-ийн бусдаас ялгарах онцлогийг сонирхож үзэв.
“...Номын баринтаг, хүний хувцас оёх хоёр буянтай сайхан ажил гэдэг. Тиймээс эзэмшсэн мэргэжил минь оёдлын мастер, технологич. Оёдлын салбарт сурах ёстой бүх нарийн техникүүдээ бүгдийг нь сурсан учраас энэ бүхнийгээ ил гаргая гэж бодсон. Хоёрдугаарт, хувцас загвар, дизайн технологи чиглэлд загвар дизайнаа өөрөө зурж гаргахаас эхлээд, өнгө материалынхаа сонголтыг хийгээд сэтгэлд нийцсэн чанартай бүтээл оёод гаргах хүртэл бүх зүйлээ өөрөө гардаад хийх чадвар нь байна. Тиймээс монгол үндэсний дээл хувцасны загварт өөрийн гэсэн өнгө төрх, гарын ур, хийц донжийг тодорхойлох брэндтэй болъё гэж энэ ажлыг сэдсэн. Хүний нэрийг бүтэн дуудвал бүтэн заяатай явдаг юм гэнэ лээ. Тэгэхээр миний гарын урыг тодотгосон, сэтгэл шингээн урласан энэ ажил минь өөдрөг сайхан явах байх хэмээн билэгшээж суудаг” гэсэн юм.
Нийтлэлийнхээ төгсгөлд, энэ жилийн сар шинийн дээлний өнгө загвар ямар зүг чигтэй байгааг сонирхож асуув. Учир нь, хот суурин газрынхан дээл хувцасны тал дээр баримжаа муутайхан байдаг. Бэлэн хийсэн бараанаас өнгө загвараа сонгоод авахдаа сайн ч өөртөө тааруулаад хийлгэх гэхээр өнгө, эмжээр сонгохоос эхлээд мэргэжлийн улсаас зөвлөгөө авах хэрэгцээ шаардлага их гардаг. Алимаа бүсгүйн салонд ийм зөвлөгөө авахаар ирсэн хүмүүс ч бас орж гарч харагдана. “Гадуур зарж байгаа дээлнээс сонгоод авсан юм. Гэтэл зах эмжээр нь холгоод, энгэр нь томдоод болдоггүй” гэсээр түүнийг зориод ирэх хүн олон. Б.Алимаа бүсгүй ажилдаа түүртэхгүй зөвлөөд, засч янзлаад өгөх нь сайхан юм. Тэрээр бусдад зөвлөгөө өгөхөөс гадна гэр бүлийнхээ хүрээнд өөрт хэрэгтэй зүйлсээ оёж суръя гэсэн охид бүсгүйчүүдэд, оёдол эсгүүрхийж сурах, хэрэгтэй зүйлсийг нь хэлж зааж өгөхөөс татгалздаггүй гэдгийг шавь нар нь ч хэлж байв. Биднийг очиход, ханиад томуугийн өвчлөл, дэлхий нийтэд тархаад буй коронавирусын халдвар гээд зарим ажилчдаа ээлжээр амраасан байв. Хичээл сургууль амарсан энэ өдрүүдэд гэр бүл, үр хүүхэддээ цаг гаргаг гээд өнөөдөр цөөхөн хүнтэй ажиллаж байна гэж байв. Тэрээр Баянзүрх дүүргийнхээ Эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтарч ажилладаг учраас зарим ЕБС-ийн дэргэдэх “Охидын клуб”, дугуйланд оёдол эсгүүрийн чиглэлээр хичээл заадаг аж. Өнөөдөр товч шилбэ зангидаж сурахаар ирсэн хоёр охин аав, ээжээсээ тусгай зөвшөөрөл авч ирсэн гэж байв. Мөн түүний ажил, гэр хоёр ойрхон учир өөрөө ч бас аль алиныг нь зэрэг амжуулдаг. Ачаалалтай үед ажил дээрээ өдрийг үдэж, хүүхдүүд нь түүнд туслахаар орж ирдэг. Ажлын хамт олон, ар гэрийнхэн дэмжиж тусалдаг болохоор л өнөөдрийг хүртэл ажилдаа дурлаж, бодсон төлөвлөснөө хийж, төвлөрч сууж чаддаг даа” гэж байв. Тэрээр яггүй сайн багш гэдэг нь оёсон бүтээлүүдээс нь тод харагдах аж.
“...Үйл мэтгэх нь нарийн чимхлүүр, нямбай ажил. Оёдол хийж буй хүнд 1 мм, 0.1 мм гэдэг л том алдаа болдог. Ажлаа мэдэхгүй хүн бол үүнийг анзаарахгүй. Юм хийдэг л хүн үүнийг мэдэрдэг. Тиймээс энэ ажилд ухааны ур, гарын ур, нүдний ур нийлж хосолж байж л энэ мэргэжилд эзэн нь болж чаддаг. Оёдолчин улс гарын уртай, их уян хатан байдаг. Манай шаглааны оёдолчид нямбай, мм-ийн зөрүүгүй л оёно. Тийм болохоор энэ гурван ур нийлж байж л, сайхан бүтээл төрдөг. Хувцас урлах амархан, хүний сэтгэлд хүрсэн юм хийнэ гэдэг хэцүү. Тийм болохоор оёж байгаа хувцас болгондоо сэтгэлээ шингээж ажиллах, хоёулаа нэг зүйл бодож сэтгэж байж л хүний сэтгэлд нийцсэн, чанартай хувцас урлана шүү гэж хэлдэг” гэв.
Нямбай, чамбай оёдолтой хүнд оёдол эсгүүр муутайхан хувцас голж шилэгдээд байдгийг үйл мэтгэдэг ээж нар сайн мэднэ. Мастер оёдолчны нүд ч бас бурууд хурц байдаг аж. “Гадуур зарж буй дээл хувцас ур хийц, технологийн хувьд дутуу дулимаг санагдах үе бий. Зарим нь эсгүүр муутай, технологийн алдаа ихтэй харагддаг. Оёдол нь сайн хэрнээ эсгүүр нь тааруухан. Доторлож оёогүй, дангаар нь оёсон дээл хувцас их байна. Бидний оёсон дээл хантааз дандаа даавуун дотортой. Өмсөхөд биед эвтэйхэн, харшил өгөхгүй, зөөлөн дулаан байхыг нь бодолцож даавуугаар доторлодог. Мөн гаднах харагдах байдал, угаалгын машинд хийгээд угааж арчихыг нь бодолцож, зарим хантаазаа эмжээргүй хийж өгсөн нь илүүтэй цэвэрхэн харагдуулдаг. Тийм болохоор монгол дээл цамц, хантааз зэргийг өдөр тутамдаа өмсөх зориулалттай байгаасай гэж бодож хийдэг” гэв. Сар шинийн баяр угтаад дээл хувцасаа хийлгэхээр зэхэж буй хүмүүст зориулж зөвлөгөө авахад “Өнгө, материалын сонголт их чухал. Хүний царай хувцастайгаа ижил болоод ирэхээр царай дарагдаад, сүр муутай харагддаг. Тиймээс тухайн хүний царайг гэрэлтүүлэхын тулд хувцас жаахан тод өнгөтэй байх зүгээр. Ялангуяа, охид бүсгүйчүүд, эмэгтэй хүний хувцасыг илүү тод, гоё өнгөтэй байхаар бодолцож хийдэг. Бүсгүй хүн эр хүнийг хувцасаараа, гаднах дүр төрхөөрөө чимж явдаг. Сүүлийн үед манайхан ихэрлэж төрсөн юм шиг ижилхэн өнгө зүстэй дээл өмсдөг болчихсон. Яг үнэндээ нөхөрт нь зохиж байгаа дээл эхнэрт нь зохихгүй, царайных нь өнгийг дараад байдаг тал ч бий. Тиймээс хосууд өнгөний уусгалттай дээлээр ижилсэж болно. Заавал ижил материал сонгох албагүй. Эмжээр нь ижил, материал нь бие биедээ ууссан байдлаар ижилсэж болно” гээд часхийсэн зөвлөгөө өгөв. Түүний урласан дээл хувцасыг харахад, товч шилбээ өөрсдөө эмхэрдэж хийсэн нь бас өөрийн гэсэн өнгө төрх, загвар хийцээ илүү тодотгож өгөх аж. Ийнхүү ярих тусам нарийн нандин зүйлсийг өгүүлэх нь сар шинэ угтсан нийтлэлд минь өнгө донжоо олов.
Ярилцлагынхаа төгсгөлд бид “Дээл бүсэн гоёлтой, дэлхийд ганцхан монголчууд минь төрт ёсны их баяр цагаан сараа билэг дэмбэрэлтэй сайхан тэмдэглээрэй. Айл бүхэнд ерөөлийн сайхныг билэгдэж, хүн бүхэнд эрүүл саруул, энх тунх байхыг ерөөе” хэмээн билэгтэй сайхан үгсийг хэлэлцэж, нийтлэлээ өндөрлөв.
Үйл уран, үйлс арвин байг!
Б.Алимаа: Нүд, гар, ухааны ур хосолж сайхан бүтээл төрдөг
2020-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин