БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч
Цэвэгмидийн Гайтав (1929-1979)-ын мэндэлсний 90 жилийн ой энэ 2019 онд тохиож байна.
Ц.Гайтав нь Өвөрхангай аймгийн Богд суманд мэндэлсэн. Яруу найрагч.
1948 онд Улаанбаатар хотноо Санхүү-эдийн засгийн техникум, 1952 онд Улсын багшийн дээд сургууль дүүргэсэн.
Улсын төлөвлөгөөний комисст эдийн засгийн мэргэжилтэн, “Пионерийн үнэн" сонинд сурвалжлагч, нарийн бичгийн дарга, “Үнэн” сонинд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв.
1947 оноос эхлэн уран зохиол бичсэн. Орчин үеийн Монголын иргэний уянгын яруу найргийн хамгийн их авьяас билэгт төлөөлөгчийн нэг.
“Карл Маркс” (1954), “Ленин бидэнтэй хамт", “Дамдины Сүхбаатар” (1957), “Хорлоогийн Чойбалсан” (1954, “Хорьдугаар зуун” (1964), “Гэрэлт тэнгэрийн дор” (1965), “Фридрих Энгельс” (1973), “Гүн Галуутайн хүү” (1976) зэрэг 30 гаруй ном хэвлүүлжээ.
Ардын аман зохиолд ойролцоо хэлбэртэй, иргэний гүнзгий шинэ утга агуулгатай шүлэг, найраглал бичиж Монголын яруу найргийг цоо шинээр баяжуулсан.
1961 онд “Дамдины Сүхбаатар” найраглалаараа Төрийн шагнал, 1967 онд “Коммунистууд” найраглалаараа МЗЭ-ийн шагнал, 1971 онд залуучуудын тухай бүтээлээрээ МХЗЭ-ийн Төв Хорооны шагнал, 1979 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
Олон бүтээлийг нь Орос хэлээр хэвлэсэн байна.
Ц.Гайтав зохиолч тэртээ 1965 онд “Галын наадам” бүтээлээ хэрхэн бичиж байсан түүхээ ингэж бичиж байсныг уншигчдадаа толилуулж байна.
ГАЛЫН НААДМЫГ ДУРСАН САНАХАД
1947 оны хавар билээ. Санхүү, эдийн засгийн техникумын хоёрдугаар ангид сурч байх үес манай сургууль дээр утга зохиолын нэгэн дугуйлан ажиллаж түүнд арав гаруй хүүхэд суралцан шүлэг, дууны үг, жүжиг өгүүллэг бичицгээж дугуйлангаараа хэлэлцүүлдэг байж билээ.
Анхлан оролцож байсан, бидний бичиж байсан зүйлс тэр болгон амжилт олдоггүй, нэгийн зэрэг шүлэг, өгүүллэг “Пионерын үнэн” сонинд хааяа гардаг байлаа.
Бидний дундаас Ш.Банзрагч гэдэг нөхрийн шүлэг, өгүүллэг “Пионерын үнэн” сонинд нэлээд гардаг, бид түүнд битүүхэндээ атаархах сэтгэл төрдөг байсан юм.
Миний бие тэр үед хичээлээсээ шүлэг сонирхох маань илүү, тэгсэн хэр нь нэг л явай муутай байлаа.
Ганц шүлэг ч гэлээ хэвлэлд гаргаад орхих юм сан гэж мөн их мэрийдэг сэн. Тэгээд л долоо хоногт гуч хүртэл шүлэг бичээд Зохиолчдын хороонд багсайтал барьж ирдэг байлаа. Зохиолчдын хороо тэгэхэд одоо Улсын номын сан байгаагийн хавьд нэгэн жижигхэн байшинд байрладаг бөгөөд хаалгаар оруут Ц.Уламбаяр гуай сууж байдаг сан.
Уламбаяр гуай миний шүлгийг үзээд л, эндээ ч болсонгүй, тэндээ ч таарсангүй, утга нь ч тийм болж, тэгээд дутаж гээд тэвэр дүүрэн “шүлгийг” маань тэр аяар нь тэвруүлээд буцаадаг сан.
Одоо бодоход тэр нь Уламбаяр гуайн түмэн зөв, хатуу шаардлага мөн байжээ. Сурагч хүн юун юун тухгүй өөрийн үзэж мэдээгүй эсэн бусын юм бичихээр ер нь юу болох вэ дээ!
Тэр үед Сүхбаатарын талбайд баяр зугаалгын үеэр оройн цагт энд тэндгүй гал асаж, залуучууд бүжиглэж дуулдаг байлаа.
Нэг орой галын наадам үзэж яваад ер нь энэ тухай шүлэг бичээд үзье гэж бодов. Тэгээд байрандаа ирж “Бидний зориг” гэдэг гарчиг тавиад баахан юм эрээчив. Одоо надад:
Түүдэг гал дүрэлзэхээс
Түмэн бидний зориг өндөр гэж төгсөж байсан нь санаанд байна.
Төдий удалгүй манай дугуйлан дээр зохиолч Б.Бааст ирж бидний бичсэн зүйлсийг үзэж байсан санагдана. Манай дугуйлангийн нөхөд бичсэн зүйлээ үзүүлж нөхөр Баастаас зөвлөгөөн авсан билээ.
Тэгэхэд би арваад шүлэг үзүүлсний дотроос “Миний зориг” гэдэг шүлгийг арай дөнгүүр болжээ. Сайн засвал юм болж болзошгүй гэж хэлээд уг шүлгийг минь аваад явсан билээ.
Хожим Зохиолчдын хороогоор бас өвөр дүүрэн шүлэгтэй очиход тэр үед Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга агсан талийгаач Ч.Ойдов надад хэлсэн нь:
-Чиний бичсэн “Миний зориг” гэдэг шүлгийг “Цог” сэтгүүлд оруулах болсон. Тэгснээ бид жаахан зассан. Гарчгийг нь “Галын наадам” гэвэл яасан юм бэ гээд:
Түүдэг галаа улам дэгжээж
Түмэн нөхөд минь тойрон хүрээлцгээ!
Сэтгэл хөгжөөх дуугаа дуулж
Цэнгэлтэй тоглоомоо эхлэн наадацгаая!
Улаан гал минь дүрэлзсэн асаж
Уудам огторгуй өөд дүүлэн оволзовч
Оргилсон бидний баяр зоригоос
Өндөр байж чадахгүй...гэж уншиж өгсөн билээ.
Тэр үед аль ч сэтгүүл цагтаа төдий л гардаггүй, миний шүлэг гарна гэхээр улам ч яарсныг хэлэх үү, хүлээж хүлээж нэгэн өдөр уг шүлэгтэйгээ золгож билээ.
Ингэж анхныхаа шүлгийг хэвлэгдэн гарсанд баярлахын их баярлаж билээ.
1947 онд ассан түүдгийн өчүүхэн жижиг дөл сэтгэл зүрхэнд минь яруу найргийн бадарсан их хүслэнгийн гал болсноос хойш арван найман жилийн нүүр үзэж байна.
Хүслийг биелэл болгохын тул яруу найргийн гал өрдөх ажилдаа оюунаа хайрлахгүй зүтгэх нь миний чин зориг билээ.
1965 он