
2014 ОНД
Нэг. Ерөнхий зүйл
1.1 АШУҮИС-д 2014 – 2015 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БШУ-ны Сайдын 2013 оны А/79 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.
1.2 Элсэлтийн ажлыг АШУҮИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
1.3 Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг элсэлтиийн комисс нь зохион байгуулна.
1.4 АШУҮИС-д Улаанбаатар болон аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог БШУЯ тогтооно.
1.5 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь 3 шаттай явагдана.
Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
Элсэгчдийг шалгаруулах мэргэжил сонгох
Элсэгчдийг бүртгэх
1.6 Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг АШУҮИС-ийнwww.mnums.edu.mn вэб хуудас болон БШУЯ-ны www.meds.gov.mn портал сайтаас авч болно.
1.7 АШУҮИС-ийн Сувилахуйн бүрэлдэхүүн сургууль энэхүү журмыг үндэслэн оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулна.
1.8 АШУҮИС-ийн Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулиуд энэхүү журмыг үндэслэн оюутан элсүүлэх ажлыг бие даан зохион байгуулна.
Хоёр. Тавигдах шаардлага
2.1 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
2.2 Хөдөө аймгаас элсэхийг хүсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлнэ.
2.3 Хөдөө аймгаас оюутан элсүүлэх жагсаалтад зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх жагсаалтад зөвхөн Улаанбаатар хотод ЕБС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй.
2.4 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид элсэхийг хүссэн мэргэжил, бүлэг элсэхэд шаардлагатай хичээлээр ЕШ өгсөн байна. Шалгалт өгөх хичээлүүдийг 1-р хавсралтад заав.
2.5 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид бүртгүүлэхээс өмнө Боловсролын үнэлгээний төвийн Ерөнхий шалгалтын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, асуудалгүй байх шаардлагатай.
2.6 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
2.7 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.
2.8 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь энэхүү журамтай заавал танилцсан байна.
Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
3.1 Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр 2014.07.01-ний өдрийн 09:00 цагаас 2014.07.05-ны өдрийн 16:00 цаг хүртэл АШУҮИС-ийн элсэлтийн http://burtgel.mnums.edu.mn/ бүртгэлийн вэб хаягаар явуулна.
3.2 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэх бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэхийг хүсэж бүртгүүлэх боломжтой.
3.3 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэлтийн бүртгэлийн хуудсанд хувийн мэдээллийг баталгаажуулна.
3.4 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 450-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.
3.5 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэхийг хүссэн 2 мэргэжилийг дугаарлан (“мэргэжил-1, мэргэжил-2”) ялгаатайгаар сонгосон байна.
3.6 АШУҮИС-д элсэхийг хүсэгч нь бүртгүүлсэн бүлэг бүрийн бүртгэлийн хураамж тус бүрийг цахим хэлбэрээр хийнэ.
Дөрөв. Элсэгчдийг шалгаруулах ба мэргэжил сонгох
4.1 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллага /Боловсролын Үнэлгээний Төв/-ийн зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ. Элсүүлэх бүлэг тус бүрээр оноог 1-р хавсралтад заасны дагуу тооцно.
4.2 Ерөнхий шалгалтын оноог 1-р хавсралтад зааснаар хичээл бүрийн оноог нэмэн нийт оноог гаргана. Бүртгэл хаагдсаны дараа бүлэг бүрээр шалгуулагчдыг онооны дарааллаар жагсаана.
4.3 АШУҮИС-д элсэхийг хүсэгчийн мэргэжлийн сонголт нь тухайн элсэхийг хүсэгчийн хяналтын тоонд нь багтсан бүлэг бүрийн хамгийн бага дугаартай мэргэжил байна.
4.4 АШУҮИС-д элсэн суралцах хяналтын тоонд багтсан, болзол хангасан элсэгчдийн нэрс болон мэргэжлийн сонголтыг 2014.07.06-ны 13:00 цагт мэдээлнэ.
4.5 Элсэхийг хүсэгчдийн шалгалтуудын нийт оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтанд үзүүлсэн дүн, хэмжээст оноо болон гүйцэтгэлийн хувийг харьцуулж шийдвэрлэнэ.
Тав. АШУҮИС-д элсэх эрх олгох
5.1 Хяналтын тоонд багтаж мэргэжил сонгосон элсэхийг хүсэгчийг элсэгч гэх ба сонгосон мэргэжлээр элсэх эрхтэй.
5.2 Хөдөө орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст дурьдсан хугацаанд цахим үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.
5.3 Элсэгчид нь дурьдсан хугацаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж суралцах эрхийн бичиг авна.Үүнд:
Хөдөө орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст
Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь АШУҮИС-ийн Элсэлтийн комисст
5.4 Элсэгчид нь суралцах эрхийн бичиг авахаар ирэхдээ дараахь материалыг бүрдүүлсэн байна Үүнд:
Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар)
Ерөнхий шалгалтын батламж
Хувийн хэрэг
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар)
2014 оны цээж зураг 4 хувь
Сургалтын төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлсөн баримт
5.5 Элсэлтийн шалгалтуудыг дахин авахгүй.
5.6 Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.
5.7 Элсэлттэй холбоотой гарсан өргөдөл, маргаан, гомдол, санал хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авч 3 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Зургаа. Хөнгөлөлттэй болон бусад нөхцөл
6.1 Улаанбаатар хотод дараах нөхцөлөөр хөнгөлөлттэй элсүүлнэ. Үүнд:
Байгалийн ухааны лицей анги төгсч буй сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 10 байранд шалгарсан, Ерөнхий шалгалтын хичээл бүрт 450-аас дээш оноо авсан сурагчид
Урьд нь дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэгтэй, дипломын голч дүн 3.5 ба түүнээс дээш төгсөгчид
2014 онд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг Сувилахуй, Лаборант, Шүдний техникч, Эм найруулагч мэргэжлээр болон Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулийг онцгойлох дипломтой төгсөгчид.
6.2 Засгийн газар хоорондын гэрээгээр болон хувийн төлбөрөөр суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн асуудлыг ЭМШУИС-ийн “Гадаад оюутан сургах тухай журам”-ийг үндэслэн шийдвэрлэнэ.
6.3 Гадаадын хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиас оюутан элсүүлэх асуудлыг гэрээний зохих заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.
6.4 Эмч дутагдалтай, алслагдсан сумдыг боловсон хүчнээр хангах зорилгоор сумын захиалга, гэрээгээр суралцуулах ажлыг аймаг, хотын Засаг даргын тамгын газар хариуцан зохион байгуулах ба захиалгыг Эрүүл мэндийн яамаар уламжлан тухайн аймаг, хотын хяналтын тоонд багтааж шийдвэрлэнэ.
6.5 Эхний шалгалтын болзол хангасан болон хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгчдийн өргөдлийг тусад нь хүлээж авна.
6.6 АШУҮИС-ийн хичээлийн төв байранд гаргасан цагийн хуваарийн дагуу Улаанбаатараас элсэхийг хүсэгчид өргөдлийг өөрийн биеэр авч ирнэ.
6.7 Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэхийг хүсэгчид нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Өргөдөл анкет
Ерөнхий шалгалтын батламж
Боловсролын үнэмлэх, диплом (эх хувилбар)
Иргэний үнэмлэх (насанд хүрээгүй бол Иргэний бүртгэл мэдээллийн албан ёсны тодорхойлолт)
2014 оны цээж зураг 2%
Бүртгэлийн хураамж
6.8 Эм зүйн мэргэжлээр шаталсан сургалттай ангийн элсэлтийн шалгалтыг 8 дугаар сарын III долоо хоногт тусад нь зохион байгуулна.
Долоо.Элсэгчдийг бүртгэх
7.1 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай
Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар)
Ерөнхий шалгалтын батламж
Хувийн хэрэг
Иргэний үнэмлэх
2014 оны зураг 4 хувь
Сургалтын төлбөр төлсөн баримт
7.2 Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
7.3 Сургалтын төлбөрийг 2014 оны 8 дугаар сарын 26-ны дотор Хаан банк дахь АШУҮИС-ийн 5107018784 тоот дансанд бүрэн тушаана
7.4 АШУҮИС-д элсэгчдийг 2014 оны 8 дугаар сарын 19, 20, 21, 22-нд ЭМШУИС дээр бүртгэж, суралцах гэрээ байгуулан 25-нд хичээл эхэлнэ. Сургалтын төлбөр бүрэн төлж бүртгүүлсэн элсэгдийг АШУҮИС-ийн захиралын тушаалаар баталгаажуулна.
7.5 Шинээр элссэн оюутнууд нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт орно.
7.6 Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцална.
Утас: 328894