Ч.ЗОТОЛ
Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял шийтгүүлэн хоригдож буй Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, өмгөөлөгч Г.Баянбилэгийн хамт хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд хандлаа. Тэрээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн захиалгаар ТЕГ-ын дарга Б.Хурц болон Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Зориг, тэдний тойрон хүрээлэгчид зохиомол хэрэг үүсгэсэн. Үүндээ өөрсдийн тойрон хүрээлэгч ТЕГ-ын дарга Бархасбадь, нийслэлийн прокурорын хэлтсийн дарга Сандагсүрэн, тэдний гар хөл бологч Бямбажав, Болд мэтийн хүмүүсийг оролцуулан миний хүүг хэрэгт хилсээр гүтгэсэн. Миний хүүг анхнаасаа дарамталж, зовоож тусгайлан бэлтгэсэн өрөөнд ТЕГ-аас н.Итгэл гэх нэлээд биерхүү залуутай хамт байлгасан. Тэр хүн нь “Чи энэ хэргийг хүлээхгүй бол гэртээ эргэж харихгүй” гэж өчнөөн хоногоор дарамталж, дээр нь рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг оруулж ирж “Хэргийг хүлээхгүй бол нүдийг чинь сохолж, чихийг чинь огтолно шүү” гэж зодуулж, нүдүүлж байсан юм билээ. Мансууруулах бодис хэрэглэн миний хүүгээс “Чи Зоригийг алсан биз дээ, энэ хэргийг хийсэн биз дээ” гэж асуугаад, түүнийгээ хавтаст хэрэг болгосон.Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга Сандагсүрэн нэг өрөөнд аваачаад “Ц.Амгаланбаатар чинь гадаа байсан биз дээ. Чи С.Зоригийг яаж алсан бэ, хэдэн удаа хутгалсан. Чи хэд хутгалсан, Чимгээ хэд хутгалсан бэ” гээд хэрэг бүрдүүлж байсан, энэ нь телевизийн нэвтрүүлгээр ч гарсан. Мөн Орхон аймагт цахилгааны утаснаас болж айл шатсан асуудлыг тагнуулынхан найман жилийн дараа очоод Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар танай гэрийг шатаасан гэж хэлж үймүүлсэн тал бий. Энэ мэтчилэн ямар ч өмгөөлөгч, гэрчгүйгээр хэрэг бүрдүүлснийхээ дараа ялласан. Талийгаачийн эхнэр Б.Булган “Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан” гэсэн бол тагнуулынхан “Дөрвөн хүн Зоригийг алсан” гэсэн. Шүүх хурлаас өмнө бид хилсээр хэрэг бүрдүүлж шүүхээр яллах гэж байгаад хяналт тавьж өгөөч. Хилс хэрэгт хүн хэлмэгдүүлэх гэж байна гэсэн хүсэлтийг олон удаа тавьсан. Орхон аймгаас мянга гаруй хүн гарын үсгээ зурж Ерөнхий шүүгч Зоригтод хүргүүлсэн ч хэрэгсээгүй. Талийгаачийн дүү,хэргийн хохирогч, УИХ- гишүүн асан С.Оюун шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт тавьсан ч тоогоогүй. Прокурорууд хэргийг үнэн, шударгаар нягтлан тунгааж, хүнийг хэлмэгдүүлх вий гэдэгт хяналт тавьж байх ёстой. Гэтэл гүтгэлгээр хэргийг шийдсэн. Эцэст нь “Хэргийг хаасан” гэж мэдэгдэж байна. Хийгээгүй хэрэгт бусдыг хилсдүүлж яллачихаад хэрэг хаагдсан” гэж байгааг би эсэргүүцэнэ. Энэ хэрэгт Ц.Элбэгдоржийг, мөн Э.Бат-Үүлийг шалгах ёстой” гэв.
Өмгөөлөгч Г.Баянбилэг: Хуульзүйн талаас хэргийг хаах боломжгүй
Улсын ерөнхий прокурор “Хэрэг хаагдсан. Шүүхийн шийдвэрийг хэн ч шүүх, шүүмжлэх боломжгүй” гэж саяхан мэдэгдсэнтэй холбогдуулж, өмгөөлөгч Г.Баянбилэг хэлэхдээ “Энэ хэрэг гараад 20 жил өнгөрч байна. 18 жилийн дараа хэргийг илрүүлсэн гэж тагнуулын, прокурор, шүүхийн байгууллагаас гурван хүнийг ялласан. Сүүлд захиалагчийн хайж байна, эрэн сурвалжилж байна, удахгүй зарлах гэж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад чимээгүй болсон. Эцэст нь прокурорын байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг хаагдаж байгаа гэсэн яриа гарсан. Улсын ерөнхий прокурор нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг та нар хянахгүй гэсэн утгатай зүйлийг Хуульзүйн байнгын хорооны хурал дээр ярьж байсан. Энэ хэргийг хааж болохгүй гэж үзэл бодлооо илэрхийлж байгаа олон хүн, Хуульзүйн сайдаас эхлээд УИХ-ын гишүүд ч байгаа. Их хурлын түвшинд Ажлын хэсэг байгуулагдах тухай мэдээлэл бас байна. Хуульзүйн хувьд авч үзвэл энэ хэрэг хаагдах боломжгүй. Шүүгч, прокурор, өмгөөлөгч хэрэг дээр ажиллаж байгаа нөхцөлд өмгөөлөгч дундаас нь орж хэлмэгдүүлэлтийг зогсоох боломжтой. Гэтэл тэр боломжуудыг байхгүй болгосон. Б.Жавзмаа гуай олон жил хөөцөлдөж байна. Ганц энэ хүн гэлтгүй олон хүн ярьж “Жинхэнэ эздийг олооч” гэж байгаа. Шинэ нөхцөл байдалд хэргийг шалгах боломж бий. Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг орж шалгах нь нээлттэй гэдгийг Л.Болд гишүүн ярьж байсан. Энэ бол нууцад хамаарах хэрэг биш. Хүн амины хэргийг эхнээс нь нууцад хамааруулж, харъяаллыг буруу тогтоож ТЕГ-т хариуцуулсан. Хүн амины хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж бий ч “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ар гэрийнхэн нь худал ярьж, гомдоллож байна” гэж ярьдаг байж таарахгүй” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Б.Жавзмаа: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Элбэгдоржийг шалгах ёстой
2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин