
Ч.БЯМБАХАЖИД
Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ачаа даах чадвар бат бэхийн үзүүлэлт буурдаг. Иймд Зам тээврийн яам болон харъяа байгууллагууд хамтран нэг сарын хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 44 тонноос хэтэрсэн жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах хяналт шалгалтыг хийж байгаа аж. Бүх жин 44 тонн байна гэдэг нь тээврийн хэрэгсэл ба ачаа нийлсэн нийт жинг хэлж байгаа юм.
Энэ үеэр авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилготой дээрх зохицуулалтын талаар “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн захирал Д.Оюунболд “Зам тээврийн яамнаас зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр зогсоох арга хэмжээг нэг сарын хугацаанд авч хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хяналт, шалгалтад улсын хэмжээнд нийт 33 төлбөр авах цэгт 4-5 байгууллага хамтарсан байдлаар ажиллаж байна. Тухайн төлбөр авах цэгүүдэд тээврийн хэрэгслийн олон улсын чанартай авто зам ашигласны төлбөр төвлөрүүлнэ. Мөн тээврийн хэрэгслийн бодит жинг хэмжих тоног төхөөрөмжөөр жин, тонныг нь хэмжиж, зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах чиглэлээр хяналт шалгалт үргэлжилж байна” гэлээ.
Мөн төлбөр авах цэгүүд өнгөрсөн оноос цахим хэлбэрт шилжжээ. Ингэснээр Улаанбаатар хотыг тойрсон найман цэгт цахим төлбөр авах үйл ажиллагаа хэрэгжиж байна. Бусад орон нутгийн улсын чанартай авто замын 25 цэг дээр төлбөр авах үйл ажиллагааг уламжлалт аргаар буюу бэлэн мөнгөөр хураадаг. Эдгээр цэгт мөн адил тээврийн хэрэгслийн бүтэн жинг хэмждэг тоног төхөөрөмжөөр хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа аж.
Үргэлжлүүлэн Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын дарга М.Энхболд “Энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг. Эвдрэл гэмтлээс үүдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж, осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай. Ер нь авто замын эвдрэл гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Бид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдөр шатахуун тээвэрлэгчидтэй уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын талаар мэдээлэл өгч, ойлголцолд хүрсэн. Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг” гэв.
Улмаар эхний улирлын байдлаар авто тээврийн чиглэлээр нийт 404 зөрчил илрүүлжээ. Үүнээс 380-аад зөрчилд сануулах арга хэмжээ, үлдсэнд нь албан шаардлага хүргүүлжээ. Төлбөрийн хэмжээ эхний улиралд 4.9 сая орчим төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажиллажээ.
Энэ тухай Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Т.Эрхэмбаатар “Ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын болон орон нутгийн чанартай авто замд хяналт шалгалт хийж, нийт 350 тээврийн хэрэгсэл шалган, жин хэмжээ хэтрүүлсэн болон шөнийн цагаар орон нутгийн, гэрэлтүүлэггүй замд хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан. Гэсэн ч ослын тоо буурахгүй байна. Статистик хэлэхэд, 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 30.977 осол бүртгэгдэж, үүнээс 2.520 хүн хөнгөн болон хүндээр бэртэж, 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тоо мэдээ гарсан. Иймд даац хэтрүүлэх нь зөвхөн тээвэрчдийн асуудал бус тус замаар зорчиж буй нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 65 (7562)