
Б.НЯМСҮРЭН, Ч.БЯМБАХАЖИД
“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээлийнхээ энэ удаагийн нийтлэлийг УИХ-д өргөн бариад байгаа Жагсаал цуглаан хийх журмын тухай хуультай холбогдуулан манай улсад аливаа төрлийн жагсаал, цуглаан хийхэд иргэдийн эрх ашгийг зөрчихгүй зохион байгуулагдаж чадаж байна уу гэсэн сэдвийг сонгон бэлтгэлээ.
Саяхан Иргэний нийгмийн төлөөллүүдийн нэгэн хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчныг хамгаалах холбооны зохицуулагч “....Би иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хувьд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлмээр байдаг. Гэвч сүүлийн үед аль нэг жагсаалд оччихвол тэрний, энэний хүн гэдэг нэр хоч өгдөг хандлага илт бий болсноос ямар ч жагсаал цуглаанд оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахаа больсон...” хэмээн ярьсан нь энэхүү нийтлэлийг бичих шалтгаан болсон хэрэг.
Товчхондоо бол жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх нь заяагдмал мэт боловч энэ эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломж манай улсад хэр хангалттай байж чадаж байна хэмээн гүн рүү нь өнгийхөөс өөр аргагүйд хүрсэн юм.
Та, би, бид бүгдээрээ Ардчилсан Үндсэн хуульт Монгол Улсын иргэн. Бид нийгэм улс төрийн аливаа асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, сайн дураар эвлэлдэн нэгдэх, тайван жагсаалд оролцох эрхээ Үндсэн хуулиар ч, Жагсаал цуглааны тухай бие даасан хуулиар ч эдлэх боломжтой. Харамсалтай нь цаасан дээр байгаа энэ боломж амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй. Бүр эсрэгээрээ бусадтай нэгдэн санаа бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд очсоноороо улс төрийн ямар нэг хүчнийг дэмжсэн үзэл баримтлалтай гэж шууд ойлгогдох “тэр, энэний хүн” гэж цоллуулдаг байдал байсаар байгааг дээрх иргэний ганцхан жишээ харуулж байна. Уг нь Монгол Улс ардчилсан үнэт зүйлтэй, “Жагсаал цуглааныг зохион байгуулах журмын тухай хууль” гэж бие даасан хуультай.
Энэ хуулийн 7.1-д “...Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага энэ хуулийн 10.1-д зааснаас бусад газарт тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн аливаа үйлдэл гаргахгүйгээр жагсаал, цуглааныг зохион байгуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлахыг хориглоно. 7.2. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан, түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” хэмээн заасан нь нэг талдаа энэ эрхийг хангалттай эдлүүлж байгаа мэт боловч нөгөө талд жагсаалд оролцсоныхоо төлөө ямар нэгэн хууль хяналтын байгууллагын овоо хараанд орж байгаа юу гэсэн болгоомжлолыг дагуулж байна.
Манай улс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталж түүнээс хойш 30 жилийн хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хачирхалтай нь дээрх нэмэлт, өөрчлөлтүүд бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхийг хязгаарлах чиглэлээр, албадан тараах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлсэн агуулгаар шинэчлэгдэж ирсэн байх юм. Аливаа зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөх нь сайн тал руугаа байх ёстой боловч энэ хуулийн хувьд эсрэгээрээ, улам хуулийн нөхцөл байдал иргэдэд халтай болон өөрчлөгдсөн байна.
Бид энэхүү нийтлэлээрээ Хүний эрхийн гол бодлогыг зангидаж УИХ, Засгийн газарт зөвлөмж өгдөг Хүний эрхийн Үндсэний комиссоос энэ асуудлыг хэрхэн мэргэжлийн түвшинд дүгнэдэг талаар анализ хийхийг хичээлээ.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс жил бүр хүний эрхийн илтгэлийг боловсруулан, сайжруулах арга замын талаар зөвлөмж, саналыг холбогдох байгууллагад өгсөөр ирсэн. Энэ жил 23 дахь удаагийн илтгэлийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд жагсаал цуглаантай холбоотой санал зөвлөмжид эрс анхаарахуйц үг өгүүлбэр дараалан орох болсон нь өмнөх жишээнд гарсанчлан жагсаалд оролцсоноороо буруутгагдах, шүүмжлүүлэх бүр цаашлаад хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд орж болзошгүй байгааг анхааруулсаар иржээ.
Жишээ 1:
Иргэн М.Э-ээс ХЭҮК-д ирүүлсэн гомдол:
“2022 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдөр болсон “Монголдоо сайхан амьдаръя” уриатай цуглаанд оролцсон эсэхийг Төрийн тусгай хамгаалалтын газраас тодруулж, надад жагсаал, цуглааны хуулийн талаар мэдээлэл өгөхдөө миний гар утасны дугаарыг ааваас авч холбогдсон нь хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, хувийн нууцаа хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөнд халдсан” хэмээжээ.
Жишээ 2:
“Хууль сахиулах байгууллагын шаардлагыг биелүүлээгүй хэмээн таван хүн Ковид-19-ийн хориг хязгаарлалтын үед эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсоны улмаас нэг жилийн хугацаанд оршин суугаа нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах шийтгэл хүлээсэн”.
Жишээ 3:
ТЕГ-т гэрчээр дуудагдсан иргэн:..
“2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр МЭМАҮЭХ-ны хурлаас хэлэлцсэн асуудлын талаар С-ийн Засгийн газарт бичсэн гомдлын мөрөөр би ТЕГ-т гэрчээр байцаагдсан. Өмгөөлөгч гэж бодсон хүн ийм зүйл хийнэ гэж бодоогүй. Эрүүгийн хуулийн 19.2-т заасан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэгт шалгагдсанаас хойш өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй байна. Монгол Улсын хилээр гарах хориг тавигдсан. Энэ хэргийн талаар нэг ч мэдээлэл хийж болохгүй гэсэн, миний фейсбүүкийг бас шалгаж байгаа. “Ажлаа хийж болохгүй, ажлаа хийвэл шоронд явуулна” гэж сүрдүүлдэг. “Ажлаа хийж болохгүй” гэдэг нь жагсаал, цуглаан зохион байгуулахыг хэлдэг гэж ойлгодог...”
Жишээ 4:
...2022 оны дөрөвдүгээр сарын 07-нд “Монголдоо сайхан амьдаръя” уриатай цуглаан Д.Сүхбаатарын талбайд өрнөсөн. Цуглаан үргэлжилж, жагсагчдын зарим нь шөнийн 00 цагийн орчимд “Их тэнгэр” цогцолбор руу алхаж, зарим хэсэг нь Д.Сүхбаатарын талбайд үлдсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд шилжих шөнийн 03.40 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааныг албадан тарааж, жагсагчдыг баривчилж, саатуулах ажиллагааг эхлүүлсэн. Энэ үеэр цуглаанд оролцоогүй хүмүүсийг албадан саатуулсан талаарх мэдээллийг дараах иргэд ХЭҮК-т хүргүүлжээ.
24 настай иргэн “М:
“Хүмүүнлэгийн сургуулийн хажуу талын интернэт тоглоомын газар шөнийн хоёр цаг хүртэл тоглож байгаад харьж явахдаа Германы ЭСЯ-ны дэргэдээс саатуулагдсан”,
33 настай иргэн Б:
“Эхнэр, хүүхэдтэйгээ машинаар явж байхад талбайн хажууд хүмүүс орилолдоод байхаар нь эхнэр, хүүхдээ машиндаа орхиод сонирхоод очсон. Намайг талбай дээр очих үед 3-4 цагдаа хоёр хүүхдийг бүчээд авсан байхаар нь “хүүе, яаж байгаа юм бэ” гэсэн, тэгээд намайг саатуулсан, эхнэр, хүүхэд машиндаа үлдсэн”,
24 настай иргэн “Ж”:
“МУИС-ийн нэгдүгээр байрны дэргэд дөрвөн найзтайгаа машинтай явж байхад цагдаа зогсоогоод шууд баривчилсан. Бид Сүхбаатарын талбай ороогүй, 32-ын тойрог уруу явж байсан”
Энэ бол 2022 онд ХЭҮК-д хаяглан ирүүлсэн гомдлын цөөн хэдэн жишээ. ХЭҮК жил бүр иргэдээс 1000 гаруй гомдол, өргөдлийг хүлээн авдаг.
Зөвхөн өнгөрсөн онд жагсаал цуглаантай холбоотойгоор эрх нь зөрчигдсөн тухай зургаан гомдол хүлээж авчээ. Гомдол гаргаж байгаа зургаан иргэн тооны хувьд цөөн ч тэдгээр шиг хэдэн мянган хүн гомдол гаргаагүй эрхээ хязгааруулаад эсвэл үг хэлэх эрх чөлөөгөө өөрөө өөртөө цензур тавин чимээгүй өнгөрч байгаа нь анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал.
Яагаад гэвэл дээрх гомдол зөвхөн жагсаал цуглаантай холбоотой заалтад хамаарч байгаа зөрчил юм. Үүний цаана үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийгөө хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадаагүй олон эрх давхар яригдсаар байна. Зөвхөн 2024 онд гэхэд ХЭҮК иргэд болон байгууллагаас 1314 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Тэгвэл хэчнээн жагсаал цуглаан болдог вэ. 2020-2023 онд манай улсад нийт 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь нийслэл Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт зохион байгуулагджээ. Тэгэхээр энэ олон жагсаал цуглаанд оролцсон иргэн бүрт дээрхтэй ижил сэтгэгдэл төрж, тэр нь бүр мэдэгдэхүйцээр анхаарал татаж эхэлснийг ХЭҮК-ын 2022 оны илтгэлийн дүгнэлтээс харж болно.
600 шахам хуудас бүхий энэ илтгэлийн хувьд үг хэлэх эрх чөлөө, жагсаал цуглааны тухай асуудлыг нарийвчлан шалгасан 40 гаруй хуудас дүгнэлт бий.
Улаанбаатар хотод 2020-2022 онд зохион байгуулагдсан томоохон цуглаанд хийсэн ажиглалтад үндэслэн “Монгол Улсад хүний тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай хумигдах эрсдэлтэй байна” гэж ХЭҮК дүгнэсэн бөгөөд энэ байдал нь жагсаал, цуглаанаас цэрвэх, үл дэмжих төрийн албан хаагчийн хандлагаас улбаатай болохыг танилцуулж байсан. Засгийн газар, төрийн байгууллага, эрх баригч улс төрийн намыг шүүмжилсэн, олон нийтийн анхаарлыг татсан эсвэл нийгмийг талцуулж болзошгүй асуудлаарх жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх, бүртгэсэн боловч түүнийг намжаах, хязгаарлах шууд бус арга хэмжээ зэрэгцүүлэн авах тохиолдол гарч байна” хэмээн илтгэлд бичжээ.
Харин энэ талаар Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага болох “Эмнести интернэшнл” ижил агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байна.
“…Жагсаал, цуглаанд оролцсон, эсхүл жагсаал, цуглааны шаардлагыг дэмжиж цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүстэй хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагаас гэрчээр асуух, тайлбар авах гэх зэргээс холбогддог нь айдас түгшүүр төрүүлэх, үзэл бодол илэрхийлэх хүсэл зорилгыг мохоох зорилготой гэх агуулга бүхий ХЭҮК-т иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгахад үйл баримт нийтлэг тогтоогдож байна. “Үзэл бодлоо илэрхийлсэн, тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгах, шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг зөрчин зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй олон сар болж байгаа нь шударгаар шүүлгэх эрхийг зөрчиж байна” хэмээн тус байгууллага дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, жагсаал цуглаан болж байгаа нь ардчилсан нийгэм байгааг, иргэд эрх чөлөөтэй, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй хэвээр байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ жилээс жилд энэ эрх маань дарагдан, бүдгэрсээр байгааг холбогдох байгууллагууд ч онцлон анхааруулсаар байна. Тэгвэл жагсах нь ямар хэрэгтэй гэж бид “адарч” болно. Тайван жагсаж, цуглах нь Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөө төдийгүй төрийн хэрэгт оролцох эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, бусад үндсэн эрхээ хэрэгжүүлэх арга зам, төрийн бодлого, үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, оновчтой байдлыг хангадаг механизм юм. Олон нийт үзэл бодлоо илэрхийлэх боломжтой улс орнуудад ноцтой үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл бага болохыг судалгаа харуулдаг.
Улсын хэмжээнд 763 жагсаал цуглаан болсон нь өндөр тоо мэт харагдаж байгаа ч нөгөө талаар 2020-2022 оны хооронд нийт 203 жагсаал, цуглаан хүсэлт зөвшөөрөл гэдэг босгонд бүдэрч бүртгэгджээ.
Жагсаал цуглааны асуудлыг хөндөхөд олон улсын хэмжээнд нэршсэн хүний эрх хамгаалагчийн тухай асуудал ч давхар яригддаг.
Фронт Лайн Дефендэрс байгууллагын 2022 оны судалгааны төлөв байдлын дүгнэлтэд “…хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчлийн эхний тавд баривчлах, хорих явдал 19.5 хувь, хууль сахиулах, шүүх байгууллагад тэдний эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах тохиолдол 14.2 хувь, биед нь халдах явдал 12.8 хувь, амь насанд заналхийлэх тохиолдол 10.9 хувь, мөрдөн мөшгөх явдал 9.6 хувьтай байна. Түүнчлэн 2022 оны байдлаар 26 улс оронд 401 хүний эрх хамгаалагчийн амь нас хохирсон байна. Мөн хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчил хамгийн их гардаг таван салбарт байгаль орчин, газар, уугуул иргэдийн эрх зөрчигдөх байдал 11 хувь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөх байдал 10 хувь, эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө зөрчигдөх байдал есөн хувь, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх байдал долоон хувь, ял завшихтай тэмцэх, шударга ёсыг шаардах эрх зөрчигдөх байдал зургаан хувьтай байна” гэжээ.
Манай улсад ч хүний эрхийн төлөө дуугардаг төрийн бус байгууллагын судалгаанаас үзэхэд жагсаал цуглаанд оролцсоны төлөө дарамт шахалтад өртөх байдал талаас дээш хувьтай буюу 66 хувьтай байгаа нь өөрөө энэ асуудал нийгэмд ямар бат оршсоор байгааг илэрхийлж байгаа тоон үзүүлэлт юм. Иргэний нийгэм, хүний эрх хамгаалагчдаас авсан судалгаанд оролцогчдын 66 хувь нь жагсаал цуглаанд оролцсоныхоо төлөө дарамт мэдэрч байсан гэсэн хариултыг өгчээ.
Дээр хэлсэнчлэн Жагсаал цуглааны тухай хуулийг шинэчлэхээр Хууль зүйн яамнаас өргөн бариад хаврын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байгаа. Тэгвэл иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хангах энэ хуулийг чамбайруулахаар хэлэлцэх гэж байгаа л юм бол иргэдийнхээ энэ мэт зөрчил гомдлыг анхаарахгүй орхиж болохгүй.
Жагсаж цугласныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх, тэр байтугай очоогүй жагсаалынхаа буруутан болох нөхцөл бүрдэх нэгэн гол шалтгаан нь Жагсаал цуглааны журмын тухай хуульд өөрт нь бий. Энэ хуулийн 8.1.2 дахь заалтад “үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох” зорилгоор жагсаал, цуглаан зохион явуулахыг хориглож, ийм жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх, зохион байгуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл аливаа төрлийн жагсаж цугласан үйл явдал бүрийг олон нийтийн эрх ашгийг хөндсөн хэмээн шалтаглаж Зөрчлийн хуулиар айлгаж шийтгэх оролдлого газар авч байгаагийн илрэл дээрх жишээнүүд юм. Энэ нь Монгол Улсын эрх зүйн практиктч, олон улсын эрх зүйд ч нийцэхгүйг ХЭҮК мөн дүгнэчихсэн байна. “…Жагсаал, цуглааны агуулгад тогтоосон дээрх хязгаарлалт нь Монгол Улсын олон улсын гэрээний заалтаас өргөн хүрээтэй байна. Энэ заалтад иргэд тайван замаар зорилгоор жагсаал, цуглаан зохион явуулахыг хориглож, ийм жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх, зохион байгуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор хуульчилсан нь бүх төрлийн жагсаал цуглааныг, тайван замаар явагдаж байгааг ч зөрчил хэмээн хориглох нөхцлийг бүрдүүлсэн байна” хэмээн тус комиссын 2022 оны Хүний эрхийн илтгэлд тодоос тод бичиж, сануулга, зөвлөмж, анхааруулгыг ч мөн илэрхийлсэн байна.
2024 онд бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хоёр дахь чуулганаа эхлээд удаагүй байна. Энэ чуулганд өргөн баригдан хүлээгдэж байгаа хуулийн эн тэргүүнд бичигдсэн Жагсаал цуглааны тухай хуулийг батлахдаа ч шинэ парламент шинэдэхгүйгээр, өмнөх алдааг давтахгүйгээр иргэдийнхээ үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг амьдралд нийцтэй, алдаа багатай хуульчлан батлахыг сануулан энэ нийтлэлээ өндөрлөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)