
Ч.БЯМБАХАЖИД
Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай улсад хоол үйлдвэрлэлийн стандарт, тоног төхөөрөмжөөс эхлээд олон асуудал хөвөрсөөр.
Тэгвэл хүнсний чанар, эрүүл ахуйн талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Эрүүл хүнс-эрүүл хүн” нөлөөллийн аяныг өчигдрөөс эхлүүлжээ. Мөн Нийслэлийн бизнес инновацын газрын дэмжлэгтэйгээр “Магна өөд” НҮТББ-ын санаачлан зохион байгуулж буй “Эрүүл хүнс- Эрүүл хүн” нөлөөллийн аяныг 3-5 жилийн хугацаанд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
“Хоол үйлдвэрлэл хөгжих хэрээр эрсдэл гарсаар байна”

“Магна- Өөд” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч Б.Баярчимэг “Зөвлөх үйлчилгээний компаниараа дамжуулан хоол үйлдвэрлэл, хооллолтын талаар зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан. Тиймээс энэ аяныг санаачлан, байгууллагуудын хамтын ажиллагааг хангах хүрээнд зохион байгуулж байна. Мөн өмнө жил ШУТИС-ийн багш нартай хамтран энэ салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодруулснаар аяны маань үндэс тавигдсан. Оролцогч тал олон учраас сайн болон сайжруулах зүйл их гарах байх. Тэр болгоныг зөвөөр хүлээн авч, олон хүнтэй хамтарч санаа зорилгоо нэгтгэхийг хүсэж байна. Өнөөдрийн аяны нээлтээр төр болон ТББ-ууд хамтран нэг сэдвийн дор өөр өөрсдийн өнцгөөрөө мэдээлэл солилцдог. Үүн дээр хоол үйлдвэрлэл хурдацтай хөгжих хэрээр үүнийг дагасан эрсдэлүүд гарч байгааг салбарынхан хэлдэг. Энэ эрсдлээс хэрхэн гарах талаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхаарал хандуулж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн мэдээгээр сүүлийн 10 жилд 71 удаагийн хоол хүнсээр дамжих өвчлөл, тэр дундаа хоолны хордлогын гаралт дэгдсэн байна. Үүний гол шалтгаан нь ДЭМБ-аас гаргасан аюулгүй хоол хүнс бэлтгэх “таван түлхүүр” зарчмыг хангаж чадахгүй байгаагаас үүдэн бий болжээ.
Иймд гал тогоонд ажиллаж, хоол үйлдвэрлэлд оролцож буй ажилтнууд ажлын хувцсаа бүрэн өмсөж, үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй аж. Цаашлаад хүнсний түүхий эдээс гарч байгаа гарал үүсэл, хаяг шошгын байдлыг сайтар харах, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулж буй бүхий л газрууд стандарт, журмаа сайтар баримталж ажиллах ёстойг НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмон хэлсэн юм.

Тэрээр иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байдгаас олон эрсдэл бий болж байгаа.
Энэ аянд Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг төрийн байгууллагууд болон АПУ ХХК, Дүүрэн фүүд ХХК, Дөрвөн өлзий ХХК мөн CU сүлжээ дэлгүүр гээд хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, өөрсдийн туршлагаа хуваалцан, салбартаа тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж байна” гэв.
“Сургууль, цэцэрлэгийн гал тогоо стандартын шаардлага хангахгүй байгаагаас хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна”

Энэ үеэр Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны улсын хүрээлэнгийн захирал, ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн профессор М.Пүрэвжав “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ бол систем юм. Тийм учраас нэгдүгээрт, хүнсний хангамж зөв байх хэрэгтэй байна. Муу хүнс ирвэл хоол үйлдвэрлэл муудна гэсэн үг. Мөн өртөг нэмэгдэх гол эх үүсвэр болдог. Хоёрдугаарт, гал тогооны тоног төхөөрөмж орно. Хоол үйлдвэрлэлтийн технологийн урсгалууд, дэд бүтцүүд буюу барилга байгууламж, агааржуулалт, гэрэлтүүлэг, эрчим хүч, цэвэр бохир усны системүүд нь стандартын дагуу байх ёстой. Тэр тусмаа манай улсын сургууль, цэцэрлэгийн гал тогоо стандартын шаардлага хангадаггүй, хүчин чадал муутай байдаг. Үүнээс үүдэн хүүхдүүд эрүүл байх, эрүүл өсөх боломжгүй болоод байна. Мөн үйлдвэрлэгчид хоол үйлдвэрлэл дээр анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, малчид малдаа антибиотик тарьснаас хойш ядаж сарын дараа мах нийлүүлдэг болмоор байгаа юм. Мөн өнөөдөр хүмүүсийн илтгэл дээр дотоодын хүнсний ногоо зургаа дахин их песдицидын үлдэгдэлтэй байна гэж гарч байгаа зэрэг олон асуудал тулгарч байна. Иймд хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид аюулгүй хүнс бэлтгэж, хэрэглэдэг болох хэрэгтэй” гэв.
Тэрээр хүмүүс өдөр тутмын хоол хүнсээ зөв сонгож, боловсруулах хэрэгтэйг онцлосон юм.
“Эрүүл хүнс-Эрүүл хүн” нөлөөллийн аяны нээлтийн үеэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс эхлээд, ариутгал, тоног төхөөрөмж, хүнсээр дамжих өвчин, хүнсний хог хаягдлыг хэрхэн боловсруулах, сүлжээ дэлгүүрүүдийн хоол үйлдвэрлэл зэрэг олон сэдвийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, мэдээлэл хүргэлээ.
Тэдгээрийн төлөөлөл “Дүүрэн фүүд” компанийн тухайд 2016 оноос хойш бэлтгэсэн хоол үйлдвэрлэлийн салбарт түүчээлэн ажиллаж байна. Бэлтгэсэн хоол гэдэг нь сүлжээ дэлгүүрүүдэд зарагддаг, шууд хэрэглэж болох хүнсийг хэлдэг.

“Дүүрэн фүүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Анхбаяр “Манай компани жилийн 365 хоногт тасралтгүй өдөр, оройн ээлжээр ажилладаг. Бүтээгдэхүүнээ шөнө үйлдвэрлээд өглөө бэлэн болгож, хэрэглэгчийн гарт хүргэж байна. Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн ердөө 1-2 хоногийн хугацаатай байдаг. Манайх хоол үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмж, дотоод хяналт, хүний нөөц зэрэг дээр анхаарч ажилладаг. Мөн нийт бүтээгдэхүүнийхээ талыг GS25, CU-д нийлүүлдэг. GS25, CU-гийн хувьд үйлдвэрлэгчиддээ нэлээдгүй их анхаарал тавьж байгаа учраас өндөр хяналттай явагддаг” гэлээ.
Мөн хүнсний чиглэлээр суралцдаг оюутан, залуусын дунд зохион байгуулсан хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын шийдлийг шалгаруулах хакатоны шилдэг гурван баг арга хэмжээний үеэр өөрсдийн илтгэлээ сонирхуулж, зөвлөгөө авсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 69 (7566)