Ц.БАЯР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгал-миний мэргэжил” сэдэвт сургалт, ажил мэргэжлийн уралдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар зохион байгууллаа. Улсын хэмжээнд долоон бүсэд зохион байгуулсан тус уралдааны зорилго нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалтын өмнө болсоноороо онцлог байлаа. Уралдаан нь байцаагч, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сорих, дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ санаа, санаачлагыг дэмжиж нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм байна. Баруун бүс Ховд аймагт, Хангайн бүс Орхон аймагт, Төвийн бүс Дархан-Уул аймагт, Зүүн бүс Дорнод аймагт, Говийн бүс Өмнөговь аймагт, Нийслэлийн дүүргүүдийг хоёр бүсэд хуваан тус тус зохион байгуулж асуулт, хариулт, кейс, бодлого, “Аха” тэмцээнээр байцаагч, ажилтнуудын чадварыг шалгалаа.
Гурван жил тутамд зохион байгуулдаг нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох ээлжит шалгалтад энэ жил 557 байцаагч шинээр болон эрхээ сэргээхээр оролцох аж. Манай сурвалжлах хэсэг Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын тэмцээнийг сурвалжилсан. “Нийгмийн даатгал миний мэргэжил” уралдааныг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг нээж тэдэнд амжилт хүсч хэлэхдээ “Хүний ирээдүйн амьдралын насан туршийн баталгааг гартаа атгах нийгмийн даатгалын байцаагч гэдэг хуулийн болоод эдийн засгийн тооцоолуурыг чадварлаг хийж чаддаг боловсон хүчин байх ёстой.
Нэг л тооцоог алдвал тухай үйлчлүүлэгчээ насан туршид нь хохироох аюултай. Тиймээс энэ ажил мэргэжлийн уралдаан шинэ залуу байцаагч нарт мэдлэг туршлага болдгоороо чухал ач холбогдолтой” гэсэн юм.Баянзүрх дүүргийн “Нэг зүрх”, Чингэлтэйн “Омогшил”, Налайхын “ Элч”, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “ Шүхэр” багууд тус уралдаан тэмцээнд оролцож авхаалж самбаагаа сорьсон юм. Багуудийн мэндчилгээнээс “Нэг зүрх” багийн төрийн албан хаагчийн нэг өглөөний амьдралыг харуулсан видео мэндчилгээ өвөрмөц сонирхолтой байв. Мөн монгол ахуйг харуулсан “Омогшил”, элч дулааныг мэдрүүлсэн ”Элч” багийн мэндчилгээнүүд сонирхол татаж байв. Хууль тогтоомж, бодлого, багийн ахлагч нарын даалгавар зэрэг 100 гаруй кейсэд дөрвөн багийн гишүүд хамтарч маш чадварлаг ажиллаж тооцоолуурыг сурамгай хийж байлаа. Тухайлбал, “Хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн гэр бүлийн хүнийг ажлаар хангаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны шимтгэлийг хэрхэн нөхөн төлүүлэх вэ гэсэн асуулт байв. Энэ тохиолдолд нөхөн шимтгэлийг Гаалийн байгууллагаас амьжиргааны баталгаажих төвшинтэй тэнцэх цалингийн арван хувиар төлүүлдэг хуультай аж. Энэ мэтчилэн амьдралд хэрэгтэй олон жишээг тэмцээнд оролцогчдоос асууж байв. Тэмцээний дундуур амьдралд тохиолддог олон кейсүүдээр байцаагчид жүжигчилсэн тоглолт үзүүлж өрсөлдсөн юм. Хангайн бүсээс Өвөрхангай, зүүн бүсээс Сүхбаатар, говийн аймгуудаас Өмнөговь, баруун бүсээс Увс, Улаанбаатарын I бүсээс Баянзүрх, II бүсээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид түрүүлсэн юм. Төвийн бүсээс Дархан-Уул аймгийн байцаагчид бусдыгаа тэргүүлсэн юм. Долоон бүсээс шалгарсан багууд өрсөлдөж аваргаа тодруулна.
Тэмцээний үеэр Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Г.Батболд, Баянзүрх дүүгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн хяналтын хэлтсийн байцаагч Б.Баянжаргал нартай уулзсан юм.
[caption id="attachment_48205" align="aligncenter" width="850"] Улаанбаатар хотын нэгдүгээр бүс. Баянзүрх дүүргийн “Нэг зүрх”, Чингэлтэйн “Омогшил”, Налайхын “ Элч”, Багануур дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “ Шүхэр” багууд авхаалж самбаагаа сорьсон юм.[/caption]
Г.Батболд: НИЙГМИЙН ДААТГАЛЫН БИЧИГ БАРИМТ АМЬД БАРИМТ ЮМ
- Хүний амьдрал баян учраас кейс жишээ дуусашгүй юм. Үүнийг төгс бодох, дуустал нь хариулт олох боломжгүй. Хүн байгаа цагт асуудал байна. Асуудлыг шийдэх арга замыг эрэл хийсээр байх болно. Нийгмийн даатгалын бичиг баримт бол өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг зохицуулж байдаг амьд бичиг баримт.Тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээж авсан өдрөөс хойш хуулийн дагуу 30 хоногийн дотор тогтоож өгнө. Энэ хугацааг богиносох, хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор 2017 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр тогтоох, олгох, хянах, гүйцэтгэх үйл явц бүтцийг шинэчлэх аргыг туршаад 2018 оноос мөрдсөн. Үүний үр дүнд зөвхөн тогтоох биш өөрчлөх, шилжиж ирсэн хүмүүсийн материалыг хянаж шалгах зөвөлгөө өгөх зэргээр дамжлагын бүтцийг шинэчилсэн. Ингэснээр даатгуулагч нарын хүлээдэг, бухимддаг, хүндрэлүүд багсч явцыг сайжруулсан. Байцаагчын ачаалал багасч тэгш хуваарлалтай болсон. Энэ тэмцээн залуу байцаагч нарт хамгийн өгөөжтэй байдаг.
Б.Баянжаргал: БАЙЦААГЧ ХҮН БҮХ ТАЛЫН МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ
-Нийгмийн даатгалын байцаагч хүн тухай ажил мэргэжлийн албан тушаалаар биш энэ салбартай холбоотой бүх л талын мэдлэгтэй байх ёстой. Зөвхөн тухайн хүрээний даатгуулагчтай харилцаад зогсохгүй алхам тутамд даатгуулагчидтай уулзаж байдаг. Тиймээс байцаагч өөрөө бүх мэдээллээр хангаж чадахуйц мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Бусад салбарт үлгэр дууриалал болох сайхан тэмцээн болж байна. Нийгмийн даатгал давхардах тохиолдол бий. Гэхдээ албан журмаар нийгмийн даатгал төлөгдөж буй тохиолдолд сайн дурын даатгал төлөх боломжгүй. Харин давхар ажил эрхэлж байвал олсон орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ нь тэтгэвэрт гарах үед нь цалингийн нийлбэрийн дандажаар тэтгэвэр боддогдог давуу талтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Нийгмийн даатгал-Миний мэргэжил” ажил мэргэжлийн уралдаан боллоо
2018-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин