
С.САРУУЛ
Цагдаагийн байгууллага ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. Энэ төрлийн дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг, зөрчил нь машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас гурав, татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас долоо, аянга цахилгаанаас 18, ил задгай үнс нурмаа асгаснаас тав, гэрийн яндангаас үсэрсэн очноос гурав, хог шатааснаас гурав, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс хоёр, галт зэвсэг хэрэглэсний улмаас 1, ил задгай гал түлснээс болж найман түймэр гарсан болох нь тогтоогджээ.
Харин Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт гарсан зургаан түймэр хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад тогтоогджээ. Сэлэнгэ аймагт есөн түймэр, Булган аймагт хоёр ой хээрийн түймэр гарч байгааг цагдаагийн байгууллага бүртгэн, эзэн холбогдогчийг илрүүлэх ажиллагаа явуулж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn